Нидерландын Засгийн газар ОХУ-ын армийн онгоц, нисдэг тэрэгнүүдийг устгах зорилгоор Украинд АНУ-д үйлдвэрлэсэн 200 “Stinger” пуужин харвагч төхөөрөмжийг хандивлаж буйгаа өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэн билээ. Энэхүү дайн эхлэхээс өмнө Украинд Литв, Латви улсаас л цөөн тооны “Stinger” нийлүүлсэн аж. Нидерландын Засгийн газраас мэдэгдэл хийсний дараа мөн ХБНГУ Украинд 500 “Stinger” пуужин харвагч төхөөрөмж илгээхээ зарласан юм. ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц энэ тухай мэдэгдэхдээ “ОХУ Украин руу довтолсон нь дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын бүхий л дэг журамд заналхийлж байна. Иймд бид Украинд “Stinger” пуужин харвагч төхөөрөмж болон танк эсэргүүцэгч зэвсгийг хамгийн боломжит богино хугацаанд хүргэх болно” гэжээ. Польш, Эстониос ч “Stinger” зэрэг зэвсэглэл ачсан цуваа Украиныг зорьсон мэдээлэл түгэх болов.
“Stinger” пуужин харвагч төхөөрөмж гэгч нь яг юу юм бол оо. Үнэхээр тийм ид шидтэй зэвсэг үү?
Тэгвэл “Stinger” пуужин харвагч төхөөрөмж нь байлдааны онгоц, нисдэг тэргүүдийг үр дүнтэй устгадаг байна. “Stinger” нь ердөө ганц хүн ажиллуулж болдог зөөврийн зенит-пуужингийн төхөөрөмж ажээ. Тус төхөөрөмж нь дайсны онгоц, нисдэг тэргийг устгах зориулалттай, хэт улаан туяа бүхий байг тодорхойлогч оноо хараатай юм байна. 1.5 метрийн урттай, 16 килограмм жинтэй дуунаас хурдан, секундэд 750 метр зай туулдаг пуужинг харвана. Тэр пуужин нь 200 метрээс таван километрийн хүрээнд буй хөдөлгөөнт аливаа байг устгадаг гэнэ. Зенит-пуужингийн цогцолборын өөрийн жин нь 5.6 килограмм учир ганц байлдагч түвэггүй үүрээд явдаг аж.
АНУ-ын “General Dynamics” компани орчуулбал “хатгуур” утгатай тус төхөөрөмжийг анх 1979 онд 260 ширхэгийг үйлдвэрлэн улсынхаа зэвсэгт хүчинд нийлүүлжээ. Тэр цагаас хойш байнга шинэчлэгдэн боловсронгуй болж ирсэн “Stinger” олон ч дайн дажинд хэрэглэгдсэн юм байна.
Хамгийн анх тус төхөөрөмж Их Британи, Аргентины хооронд 1982 онд болсон Фолклендийн дайнд үр дүнтэйгээ харуулжээ. 1982 оны тавдугаар сарын 30-нд Кент уулын төлөөх тулалдаанд Их Британийн армийн “SAS” тусгай салаа “Stinger”-ээр Аргентины нисэх хүчний “Pucara” онгоц, “Puma” нисдэг тэргийг унагасан аж. Үүнээс хойш Анголын, Афганистаны, Каргилийн (Энэтхэг, Пакистаны хил дээрх зэвсэгт мөргөлдөөн), Югославын, Чеченийн дайнд ихээр хэрэглэжээ.
Анголын иргэний дайны үед УНИТА бүлэглэлийн босогчид “Stinger”-ийг 1982 оноос эхлэн Засгийн газрын арми дахь ЗХУ, Кубын цэргийн мэргэжилтнүүдийн эсрэг хэрэглэж, “Миг-23”, “ИЛ-76” онгоцуудыг унагаж байжээ. Афганистаны дайны үед АНУ ЗХУ-ын түрэмгийллийн эсрэг боссон можахедуудад 1986 оноос эхлэн нийтдээ дөрвөн мянга орчим “Stinger” нийлүүлсэн тооцоо бий. Зөвхөн 1986 онд гэхэд тус төхөөрөмжийн ачаар ЗХУ-ын 23 байлдааны онгоц, нисдэг тэргийг унагажээ. Ийм ч учир ЗХУ-ын зэвсэгт хүчин тактикаа өөрчлөн “Ми-8” нисдэг тэргийг 6000 метрийн дээд өндөрт бус уул толгодын дунд нуугдан газраас ердөө 30-60 метрийн өндөрт нисгэхэд хүрсэн гэдэг. Можахедууд тус төхөөрөмжийн техникийн үзүүлэлтээс хавьгүй давсан хол зайнд буюу 9000 метрийн өндөрт ЗХУ-ын онгоцыг онож байж.
Пакистаны Тагнуулын төв газрын Афганистаныг хариуцсан хэлтсийн дарга Мохаммед Юсуф дурсахдаа, “Хэрэв можахедууд “Stinger”-ийг эртхэн шиг авсан бол дайнд бүр эрт ялах байлаа” гэж онцолсон нь бий. Ийм л зэвсгийн хавьгүй орчин үежиж сайжирсан хувилбарыг Европын орнууд өөр өөрсдийн боломж чинээгээрээ ОХУ-ын түрэмгийлэлд нэрвэгдсэн Украинд яаралтай нийлүүлж эхэлжээ. Ангол, Афганистанд ЗХУ-ын цэргийн онгоц, нисдэг тэргүүд “Stinger”-т өртөн унаж байсан бол өдгөө Украины тэнгэрт ОХУ-ын нисэх хүчний техник устаж эхлэх бололтой.