Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn

Амралтаараа та хаашаа аялах гэж байна. Төрсөн нутгаасаа эхлээд Монголын үзэсгэлэнт сайхан газруудаар аялахаар төлөвлөж байгаа биз ээ. Хаашаа л харна цэлийсэн хөх униар татаж, хөхөө донгодсон зун цаг хэн хүнийг хөдөө тийш даллан дуудаж байна.

Гэхдээ та хөдөө гадаа аялахдаа нэг л зүйлийг анхаараарай. Аяны ядаргаагаа тайлж энд тэнд цайлахдаа, амарч хоноглохдоо авчирсан хогоо эргээд ачаад яваарай. Таны машинд багтаад ирсэн идээ ундааны баглаа боодол буйран дээр чинь хог новш болон үлдэх нь цаашдын зам мөрт чинь бага гэлтгүй тээг саад болсоор байдаг гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж байна. Манайхан жигтэйхэн улс. Цайны дээжээ өргөн сүжиглэж байгаад явахдаа сүүний савнаас эхлээд бүхий л хогоо машинаасаа гаргаж хаячихаад давхиад явдаг. Машинаа цэвэрлэж байгаа ч байгаль дэлхийгээ бохирдуулаад, лус савдагийг нь уурлуулж орхидог. Ингээд таны цаашдын аялалд ямар нэгэн зүйл тохиолдож эхэлдэг. Дугуй хагарах, замаа олохгүй төөрөхөөс эхлээд зам хийсэн нөхөд үг хэлээ ололцохоо болих, аялалдаа сэтгэл дундуур үлдэх гээд бүтэлгүйтэл тойрч бүчдэг.

Нэг их сүйдтэй юм биш боловч жижиг сажиг ийм зүйлс нэгдээд ямартаа ч хог хаясан хүмүүсийг тав тухгүй болгож дөнгөдөг гэж байгаа. Яагаад ингэдэг гэхээр нутаг усны лус савдагийн гомдол ийн дагадаг байна.

Харин буусан суусан газраа цэмцийтэл цэвэрлээд явдаг хүмүүсийн аян зам санасан ёсоор өлзий дүүрэн байж, ажил үйлс нь бүтэмжтэй байдаг гэнэ. Мөн нутгийн уул усны эзэн савдгийн баярласан сэтгэл ийм өгөөмөр шагнал болон ирдэг. Энэ бол үхэхээс бусдыг үзсэн буурал эмээгийн яриа юм. Эмээ хэн нэгнийг айлгах гэж ийм зүйл ярьдаггүй. Орой бүр ярьдаг үлгэр домгоороо дамжуулан үр хүүхдэдээ сургадаг сургаал нь юм.

Нээрэн ч та машиндаа багтаагаад аваад ирсэн юм чинь элдэв хогоо буцаагаад ачаад яваарай. Замд ойр ойрхон таарах төвлөрсөн хогийн саванд хогоо хийчихээд явахад нэг их ажил гардаггүй юм шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Амьдрах ийм сайхан DNN.mn

Өсвөр насандаа өндөр хадан цохион дээрээс үсэрч амиа хорлохоор шийдэж байсан охин өнөөдөр олон улсын том группт зөвлөхөөр ажиллаж байна. Олон жилийн өмнө түүнд тохиолдсон түүхийг хуваалцъя.

Үеийн нөхдийнх нь гадуурхал, доог тохуутай харц, доромж үгс охины сэтгэлд бугшсаар энэ хорвоог орхиё гэсэн ахархан бодолд хөтөлсөн гэдэг. Дотроо хуримтлагдсан асуудлыг тамын тогооны зовлон шиг санаж, өөрийгөө егүүтгэхээс өөр сонголтгүй хэмээн сумын төвийнхөө ард дүнхийх уул өөд мацжээ. Хориод метрийн өндөртэй эгц хадан цохионы орой дээр гараад иртэл охины толгой эргэж, хөл нь салганав. Сумын төвийнхөө хоёр давхрын байшингаас өөр өндрийг мэдэхгүй түүний үнхэлцэг амаар нь гарах шахна. “Нэгэнт дууссан хорвоо юм чинь юундаа айдаг юм” гэж зоригоо чангалаад хөлөө урагш тавилаа. Кинон дээр гардаг шиг түүнийг хорьж, болиулах гэж араас нь хэн ч зууралдсангүй. Буцаж нэг алхаж, явган суугаад эхэр татан уйлав. Сургуулийн хашаан дотор хөөрцөглөн тоглох хүүхдүүдийн хөөр баясал, банкны үүдэнд багшралдах хүмүүсийн хөл хөдөлгөөн, дэлгүүрийн хаалга байн, байн онголзох дүр зураг гээд сумын төвийн аж амьдрал охины өмнө тодоос тод зурайна.

“Хэрвээ би байхгүй болчихвол хайртай дүүгээ сургуульд орохыг харж чадахгүй нь. Дүү маань сургуульд ороод над шиг хүүхдүүдэд шоглуулбал хэн өмөөрөх бол. Миний бие тээр доор хэвтэж байхыг ээж, аав маань харвал галзуурах байх даа. Ноднин жил саахалтын Жанлав ахын ганц хүү мотоциклтой хонинд явж байгаад онхолдоод өөд болоход ээж, аав нь яаж зовлоо доо, бурхан минь” гэхчлэн бодол охины толгойд ар араасаа хөвөрнө. Тэрбээр урт гэгч нь амьсгаа авч, өөрийгөө тайвшруулаад уулнаас бууж явахдаа ирээдүйн амьдралаа сайхнаар төсөөлж, гэгээн мөрөөдлөө дотроо зуржээ. Хэрэв тухайн үед охин хадан хавцлаас үсэрсэн бол өнөөдрийн энэ амжилтын эзэн болж чадахгүй. Түрхэн зуурын сэтгэл гутрал, шаналлаас болж хорвоог орхих нь дэндүү хайран. Одоо амталж байгаа аз жаргал, амьдралын өнгийг мэдрэхгүй гэхээр үнэхээр харамсмаар.

Охины хэлэх дуртай үг бол “амьдрах ийм сайхан”. Цаг хугацаа бүхнийг эдгээдэг. Түүний сэтгэлийн шарх нь одоо аньсан. Асуудлыг даван туулах гарц шийдэл олон. Амьдрал баян, амьдрах үнэхээр сайхан.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Төгс төрх рүү тэмүүлэх нь зэрэмдэглэлийг хүсч байгаа хэрэг DNN.mn

Шинжлэх ухааны хөгжлийн нөлөөгөөр өнөөдөр зах дээр “ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас их зүйлгүй болчихсон үе. Мөнгө л байвал юуг л бол юуг бий болгох өнөөдрийн энэ үсрэнгүй нийгэмд төгс төгөлдөр рүү тэмүүлэх нь “өөрийгөө зэрэмдэглэж” байгаа хэрэг болж хувирлаа. Тэнд ч нэг хүүхэн хөх, өгзөг хийлгэж, энд ч нэг хүүхэн хамраа өндөрсгөж, уруул шахуулж, давхраа оёулж, нүдээ сэтлүүлж байна.

Бүр төрөхөөс дөрвөлжин төрсөн нүүрний хэлбэрээ “V-line” болгоно гээд мах, ясаа өөлүүлж байна. Бэлхүүс өргөн харагдаад байна гээд хавиргаа хүртэл хадуулж сууна. Гоо сайхны эмнэлэг газар авч, хагалгаа хийлгэхээр хүүхнүүд эрийтэл оочерлож байна.

Сайхан байх гоё л доо. Төгс байх бүр сайхан. Гэхдээ хүүхнүүд минь эцсийн эцэст төрөхөөс заяасан “өөтэй” энэ бие чинь хамгийн сайхан шүү дээ. Тарган байна уу, пагдгар байна уу, дөрвөлжин байна уу, өгзөггүй байна уу яадаг юм бэ. Ингээд л төрчихсөн биеэ гоочлох эрх бусдад битгий олго.

Туранхай бол сайхан хүүхэн, “V-line” нүүртэй байвал дэлхийн төгс төрх, 90х60х90 биеийн харьцаа дэлхийн төгс галбир гэсэн мэдээ сэлт, зураг хөрөг чинь зүгээр л таны тархийг угааж, мөнгө болоод цагийг тань үрэн таран хийх гэсэн бизнесүүдийн явуулга шүү дээ. Бусдыг баяжуулахын тулд хөдөлмөрөө үнэлж цагаа зарж болох ч биеэ зэрэмдэглүүлж сайхан болно гэдэг бол бас арай л муйхарлал шүү.

Categories
булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Д.Долгорсүрэн заан, Д.Жанчивдорж, Л.Цэвээн начин нартай наадмын хууч дэлгэлээ DNN.mn

Бөхийн бэлтгэл жигдэрч, түүхт их ойн наадам хоног хоногоор ойртож буй энэ өдрүүдэд монгол бөхийн өлгий нутаг Тэсийн голын хүчтэнүүдийн нэг, Монгол Улсын начин Лхайсүрэнгийн Цэвээнийд өнжлөө. Увсын Тэсийн Цэвээн гэдэг бол улс даяар нэр нь гарсан,эдүгээгээс 25 жилийн өмнө буюу 1987 онд төрийн их наадамд цол хүртсэн ч дал шүргэм насандаа арал чац дүүрэн, идэр залуугийн жавхаагаар зодоглож яваа хүчтэн юм. “Миний үеийнхнээс өнөөдөр төрт ёсныхоо наадамд зодоглож бөхийн ногоон дэвжээнийхээ ариун салхийг амсах хүн ховор болжээ. Бараг байхгүй болсон байна. Ах нь энэ жил 66 хүрч байна. Энэ хоёр гуя шуугдчихгүй, гайгүй л байгаад байх юм. Тэгэхээр зодоглох санаа байна.Ардын хувьсгалынхаа 100, 101 жилийн энэ их ойд зодоглож мянган бөхийн тоосонд орно гэдэг чинь хувь заяа байхгүй юу” гэж Цэвээн начин хэлнэ билээ. Магадгүй мань хүн ховор давчихаад гурвын даваанд начингуудаа манлайлаад ам авах гээд зогсож байхыг үгүй гэх газаргүй. “Хэрвээ намайг хоёр давчихвал халхын бөхчүүдээс лав амлах бөх байхгүй” гэж яриан завсраа хэлсэн юм.

Тийм ээ, Увсын цэнхэр хязгаар домогт Тэсийн голын энэ хүчтэн өөрийнх хэлснээр Төв халхын бөхчүүдтэй илүүтэй нөхөрлөж иржээ. Тэр дундаас Долгорсүрэн зааныг, Булганы Жамцын Бор харцагыг, Дундговийн Улаанхүү, Өмнөговийн Багахүү гээд зартай начингуудыг дотны нөхдөө гэдэг. Шулуун шударга зантай, хэлэх үгээ хэнд ч хэлчихдэг, ямар сайндаа бөхийн холбооны хурлын үеэр Баянаа аварга, Бат-Эрдэнэ аваргуудад “Та хоёр бол монгол төрийн наадамд 10, 11 удаа түрүүлсэн цагийг эзэлсэн их аваргууд. Гэхдээ алдар цол, нэр хүндээрээ далайлгаж бөхийн холбоог хэн хэн чинь авч болохгүй. Залуу сайхан хүмүүс нь удирдаг, та бүхэн үлгэр болж явах ёстой” хэмээн улаан нүүрэн дээр нь хэлж байсан удаатай. Бөхийн жудаг ёсыг чанд сахидаг, нөхөрлөдөг түшигтэй, бусдад аль болохоор туслахыг боддог, зөөлөн сэтгэлтэйд нь болдог уу бөхийн хүрээнийхэн түүнд ам сайтай байдаг. “Манай Цэвээн бөхийн хувьд ч, хүнийхээ хувьд нуруутай. Ер нь чөмөгтэй л эр хүн дээ” гэж хэлэх нь бий.

Наадам хаяанд ирсэн энэ үед ахмад начинтай уулзаж бөхийн хууч дэлгэн гэрт нь өнжих тухайгаа дуулгахад тэрээр ихэд уриалгахан хүлээж аваад “За тэгье. Хэдүүлээ хотын байранд халууцаж суухгүй шүү. Улиастайн тийшээ ахынхаа хоёр давхар сууцанд оч. Би Долгорсүрэн заанаа дуудна аа” гэдэг юм. Догоо заан ч Цэвээнийхээ тушаалыг үг дуугүй хүлээж авлаа. Мөн Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Дуламсүрэнгийн Жанчивдорж начин Цэвээн “даргын” тушаалаар ирлээ. Ингэж Монгол Улсын манлай заантай, хоёр хүчит начинтай наадмын бөхийн хууч дэлгэж өнжсөн минь энэ. Эхлээд цолны эрэмбэ ёсоор, гавьяат тээвэрчин монгол төрийнхөө наадамд 12 удаа шөвгөрсөн, ард олонд арслангийн энтэй хүчтэн гэгддэг Донровын Долгорсүрэн зааны яриагаар бидний хууч эхэлсэн. Заан маань улсын наадамд анх зодоглосон хийгээд алдарт хоёр Мөнх тэргүүтэй бөхчүүдийг ойроос харсан дурсамжаа ийн сөхсөн юм. “Х.Баянмөнх, Ж.Мөнхбат гээд дархан аваргуудын барааг 1966 онд үерийн жилийн наадмаар анх харсан юм. Тэр жил би шинэ цэрэг наадамд зодоглох санаатай зодог шуудгаа бүслээд зогсож байлаа. Наадмын өглөө тамирчид талбайн урдуур жагслаа. Баянаа аварга ногоон цэмбэн дээлтэй, Мөөеө болохоор ногоон минчүү дээлтэй алхаж явсан нь сүр жавхлантай харагдаж билээ. Мөөеө тэгэхэд төрийн наадамд гурав дараалж түрүүлчихээд байсан үе. Хүзүү нь эргэхгүй айхтар санагдаж билээ. Архангайн Далайн Жамц арслан гээд мөн ч сүртэй бөхчүүдийг бүгдийг нь нэг дор харж сүрдэж бахдаж байлаа. Нэгийн даваанд Хөвсгөлийн Гүрбадам заантай таараад давчихлаа, хоёрын даваанд Баянхонгорын Наваан начинг мөн давлаа. Ингээд гурвын даваанд намайг Бээжин аварга амласан. Улсын наадамд гар нь сайртай шинэ цэрэг анх зодоглоод хоёр улсын цолтныг өвдөглүүлэн уран барилдаант Бээжин аваргын аманд очно гэдэг бас л сайхан.Одоо ингээд бодоход бөх барилдана гэдэг асар их тэмцэл. Их унаж байж их даваа ирдэг жамтай. Наадмын дэвжээнд хоёр Мөнх аваргатай би нэг нэг л барилдсан хүн шүү дээ. Энэ хоёр ид үедээ намайг амлаагүй юм, миний сайных биш байх л даа. Харин далан найман онд Баянаа, далан есөн онд Мөөеө нэг амласан. Бусдаар бол амлаагүй. Сайхан ч нөхөрлөсөн. Мөөеө маань цагийн жамаар бурхны орондоо очлоо. Баянаатайгаа сүүлд хоёр удаа уулзсан. Саяхан уулзахад 100 жилийн их ойдоо цолоо дуудуулна гэж хэлж байна лээ. Ардын хувьсгалын 40 жилээс хойш бүх их ойд нь зодоглосон домогт аварга 100 жилийн их ойд цолоо дуудуулна гэдэг ёстой манлайн баясгалан юм” гэв.

Долгорсүрэн заанаас 1996 оны наадмыг онцолж асуулаа. Бүр тодруулбал, хүү Сумъяабазар нь тэр үед ид гарч ирж байсан Цэрэнпунцаг заан(тухайн үеийн цол)-аар тунаж долоо даваад аавдаа очиж үнсүүлдэг тэр агшныг асуулаа. “Тэр бол онцгой сайхан наадам. Цэрэнпунцаг түрүүлэх бөхийн тоонд нэр нь байлаа. Хүүгийнхээ барилдааныг би харж чаддаггүй. Эрдэнэ-Очир арслантай хоёулаа зэрэгцээд суучихсан. Би доошоо хараад Эрдэнэ-Очир гуайгаас яадаг болоо гэж асууна. Өнөөх маань эргэлзэх зүйлгүйгээр “хуснаа хусна” гэхээс өөр юм хэлэхгүй. Би бол дотроо ёстой тогтож ядаж байгаа юм чинь. Тэгтэл Сумъяа хутгаж дайраад дороо хийчихэж байгаа нь нүдний буланд харагдлаа, би ч огло харайгаад босоод ирсэн. Ахыгаа зааны болзол хангасан энэ үед Дагвадорж хүүхдийн барилдаанд түрүүлдэг юм. Туг тойрох гэснээ ахыгаа хүлээгээд туг тойрсон нь нэгэн дурсамжийг сэтгэлд төрүүлж билээ. Далан нэгэн онд 50 жилийн ойгоор Баянаа аварга Булганы Лхагвасүрэн заанаар долоо давчихаад Хайдавыгаа хүлээсэн юм. Хайдав тэгэхэд Сосорбарам арслангаар долоо давж арслан цолны болзол хангасан. Яг тэр санаанд ороод Сумъяаг гүйж ирээд үнссэн. Харин Дагвадорж ирээгүй, дараа нь асуухад, хүүхдийн барилдаанд түрүүлчихээд очоод байхдаа яахав гэж хэлээд инээдэм болж билээ” гэсэн бол 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор хүүгээ түрүүлэхэд Догоо заан гэртээ ганцаараа сууж бөх үзсэн гэдэг. Хөгшинтэйгөө ч дуугарахгүй атийсан юм л суугаад байж. Хамгийн гол даваа нь мэдээж Өсөхөө аваргатай тунаж барилдсан есийн даваа. Бат-Эрдэнэ аваргыг хүүг нь амлаад тунаанаас гаргачих болуу гэж дотроо горьдсоноо бас нуугаагүй. Улсад дөрвөн удаа үзүүрлэсэн хүүгээ түрүүлэхийг нь хүлээж суусан тэрээр Өсөхөө аваргаар ес давахад нь ухасхийн босч өмнөө байсан ваартай айргийг цацаж асгаад цэнгэлдэх рүү чавхадсан гэдэг. “Их Монгол Улсын 700 жилийн ойд алдарт Лувсанжамбаа аварга түрүүлсэн юм билээ, 800 жилд нь Сумъяабазар түрүүлсэн” гэж хэлэхэд бахтай л дуулдаж байлаа.

Долгорсүрэн зааны дараа Цэвээн начинтай төрийн наадамд зодоглосон тухайд нь ярилцлаа. “Улсын аварга О.Балжинням, улсын заан С.Сүхбаатар бид нэг гэрт амьдардаг байлаа. Миний бие 073 дугаар ангийн тусгай салааны дарга. Балжинням хоёрдугаар шигшээ багийн тамирчин. С.Сүхбаатар “Хүч” спорт хорооны тамирчин. Гэрийнхээ гадаа хайрга асгаад л хоорондоо барилдана. Заримдаа улсын заан Ж.Ганболд, улсын начин Д.Төрмөнх гээд бөхчүүд манай хашаанд ирж барилдана. Бэсрэг наадам шиг л юм болно. Би ч тухайн үед бөхөд сонирхолгүй байсан. Тэр хэдтэйгээ ноцолдож яваад л заалны барилдаануудад хааяа гардаг болсон. Бид гурав гол төлөв л нэгийн даваанд уначихна. Сүхбаатар маань хааяа нэг даваад 10 төгрөгийн бай авна. Байныхаа мөнгөөр хүнсээ цуглуулна. Ингэж л бөхийн ертөнцөд хөл тавьж байлаа. Нэг гэрээс улсын аварга, заан, начин төрсөн түүх ийм дээ” гэв. Мөн инээдэм болгож бас нэг дурсамж хэлсэн. “Баянаа аварга, Цэрэнтогтох аварга, Хадаа аварга, Мөнгөн арслан энэ хэдийн аманд би олон гарсан. Цэвээн гарлаа, Цэвээн уналаа л гэнэ. Сүүлдээ ичдэг болоод ирж байгаа юм. Ер нь бэлтгэлээ тууштай хийж сайн барилдахгүй бол болохгүй нь гэж бодсон. Тэр жилийн армийн аваргаар их сайн барилдсан. Ч.Гочоосүрэн заан, А.Баатархүү начин гээд сайн бөхчүүдийг дараалан орхиж түрүүлээд цэргийн арслан цол хүртсэн. Миний улсад анх зодоглосон нь 1976 он. Гэхдээ эхний хоёр жил гавьтай барилдаагүй. Харин 1978 онд Угтаалын сангийн аж ахуйд болсон “Атарчин залуучуудын анхдугаар наадам”-д Архангайн муухай Ганбаа начингаар нэг, Хөвсгөлийн Далайцэрэнгийн Лхагва-Очир начингаар хоёр, алдарт Сэрээтэрийн Цэрэн аваргаар гурав даваад дөрвийн даваанд Хадаа аваргад унаж байсан” хэмээв. Цэвээн начин ийнхүү домогт хоёр Мөнх, Цэрэнтогтох, Хадбаатар гээд хүчит аваргуудын торгон сэнжигнээс атгалцаж явсан нэгэн. Монгол бөхийн 32 шинжийг хадгалсан Цэрэн аваргыг хаяж байсан гэхээр бас л амаргүй эр гэдэг нь мэдрэгдэнэ.

1987 он түүний хувьд гойд сайхан жил байсан гэдэг. Нэгийн даваанд Архангайн Хүрэлбаатар начинг “Алдар”-ын цэрэг байхад нь давжээ. Хоёрын даваанд орос нөхөртэй таарсан байгаа юм. Спортын Баясгалан багш чөлөөтийн бэлтгэл хийлгэж байсан Оросын тамирчныг улсын наадамд барилдуулсан нь нэг даваад хоёрын даваанд Цэвээнтэй таарсан нь тэр. Яг гарахын өмнө Баянаа аварга ирээд “За чи хөлдөө алдвал тэгээд л дуусаа шүү” гэж анхааруулжээ. Аваргын хэлснийг бодоод хөлдөө алдчихгүй хичээн нөгөө оросын элэг бүснээс нь барьж аваад зайлаад таттал усанд сэлж байгаа юм шиг шургаад уначихсан гэнэ. Ингээд гурвын даваанд Булганы Равдангийн Лхагвасүрэн начинг, дөрөвт Сүхбаатарын Жанцангийн Чулуун начин, тавд Дэндэвийн Амгаа зааныг давж улсын начин цолны босго алхсан байна. “Та Амгаа зааныг хүчээрээ давсан юм байгаа биз дээ” гэж цаашлуулахад, юу ярьж байга юм бид хоёр чинь их удаан барилдсан. Харин сүүлд нэг сонинд Амгаа ярилцлага өгөхдөө “Миний ээжийг Цэвээн гэдэг байсан юм. Ээж минь тэр үед бурхан болоод удаагүй байсан. Тэр жилийн наадамд би тавын даваанд Цэвээнийг амлаад барилдаж чадаагүй, ижий бодогдоод гэж ярьсан байсан. Барилдаж чадаагүй гэдэг худлаа. Амгаа зааныг зайлаад давхар ачсан чинь миний ард гараад ирдэг юм. Тэгэхээр нь хутгаж давхар давхар тахимдаад суулгачихсан. Олон угсраа мэх хийсэн дээ” гэж начин болсон даваагаа хэлж байна. Зургаагийн даваанд Баянаа аварга нутгийн дүү гээд хүртчихсэн гэдэг. Аварга намайг амлалгүй үлдээсэн бол би цаашаа үзэх байсан гэж итгэл дүүрэн хэлж байна.

Цэвээн начингийн талаар Догоо заан, Жанчивдорж начин хоёр тодотгож хэлсэн. Долгорсүрэн заан “Цэвээн маань цэргийн дэслэгч цолтой мөн ч сайхан залуу байлаа. Бусгах мэхийг Цэвээн шиг төгс төгөлдөр гүйцэтгэдэг бөхийг би мэдэхгүй юм. Одоо хэр нь Цэвээн шиг солгой талдаа бусгадаг бөх харагдахгүй л байна. Бид 30 гаруй жил нөхөрлөж байна. Анх танилцаж нөхөрлөхөд ямар залуу байсан, яг тэр зангаараа л өнөөг хүрч байна. Хүн чинь алдар цол аваад, нэр төртэй болоод ирэхээрээ зан хувирдаг. Манай Цэвээн тийм биш. Хүнд муу санадаггүй цагаан цайлган хүн. Бөхчүүд 40 нас даваад ирэхээр бөхийн дэвжээнээс холддог. Цэвээн 50 гаруй насандаа өөрийнхөө хүүхэд шиг залуучуудтай эн тэнцүүхэн хүч үздэг байлаа. Удахгүй болох их баяр наадмаараа зодоглоно гээд л биеэ шараад сууж байна. Залуу бөхчүүдэд үлгэр дуурайл болсон сайхан бөх юм шүү дээ” гээд элгэмсгээр дүү начныхаа дал мөрийг алгадаж байна. Д.Жанчивдорж “Аав нь Бандгайн хар гэж Тэс нутагтаа зартай, бяр тэнхээтэй бөх байжээ. Цэвээн начин бөхийн спортод хожуу орж ирсэн. Бид нар барилдаж байхад цэргийн дарга бөх үзээд л явдаг байлаа. Харин хожуу орж ирсэн шигээ саяхныг хүртэл заалны барилдаанд зодоглож байгаа бөх. Ид үедээ бусгах мэхийг мөн ч гоё хийнэ. Тэр үеийнхнээс Цэвээнд бусгуулж унаагүй хүн бараг байхгүй байх. Анзаараад байх нь ээ, улсын начин гавьяат Д.Баатаржав, Төмөрийн Артаг начин гээд Тэсийн бөхчүүд сүрхий айхтар бусгадаг. Газар нутгийн онцлогтой холбоотой болов уу” гэв. Жанчивдорж начны хувьд 1985 оны наадамд С.Хүрэлбаатар заанаар улсын цолны босго алхаж байсан, Бат-Эрдэнэ аваргатай нэг жилийн онжав начингууд.

Заан, начингуудын яриа хөөрөөн дундуур “Та чинь тавь эргэм насандаа заалны барилдаанд шуугиулдаг байсан. Нэг удаа А.Сүхбат аваргыг тэвдүүлж байсныг санах байна” гэж Цэвээн начингаасаа асуутал, сүрхий инээд алдаад “Сүхбат намайг гурван ч удаа амласан юм” гэлээ. Яагаад амлаад байсан учрыг ингэж хэллээ. Тэр жилийн бөхийн өргөөний нээлтийн барилдаанд Цэвээн начин Төв аймгийн харьяат одоогийн заан Б.Батмөнх, Д.Амгаланбаатар, Р.Гансүх, мөн аймгийн арслан Дамба нарыг дараалан хаяад тавын даваанд Сүхбат аваргад амлуулаад унажээ. Үндсэндээ тэр барилдаанд Төв аймгийн таван бөхтэй дараалж барилдсан байна. Цэвээн начинд унасан Батмөнх, Амгаланбаатар, Дамба нар маргааш нь бэлтгэл хийхээр Анагаахын сургуулийн зааланд Пүрэвийн Дагвасүрэн арслан дээр очтол Дагвасүрэн гуай “Хөгшин өвгөн дийлэхгүй хүмүүсийг би бэлдэж яадаг юм” гээд хөөгөөд явуулчихсан гэдэг. Үүнээс болж Сүхбат аварга олон дахин амласан байх гэж хэлсэн. Тэр жил Гантогтох гарьд Чулуун начинг амлахад Баянаа аварга “Ахмад хүн амлан гар зөөллөж байхаар наад залуусаасаа шилээд барилд л даа. Чи амлаж болдог бол намайг амлах нь ээ” хэмээн ихэд уурласан гэдэг. Ид барилдаж байгаа бөхчүүдийг нас ахиж, харьж яваа ахмадуудыг амлан гар зөөлөн давахад хуучны бөхчүүд дургүй байжээ. Бас л бөхийн жудагтай холбоотой асуудал.

Бөхийн жудаг гэснээс Цэвээн начин Увс аймгийн Тэс сум өөрийнх нь баг бригадаас төрсөн Ц.Мөнхбаяр гэж залууд сэтгэл дундуур байгаагаа хэлсэн. Ц.Мөнхбаярыг улсын начин болоход нь тэрээр “Нэг голоос намайг залгаж улсын цолтон төрлөө” хэмээн баярлаад цолны найраа Тэс суманд хийхэд найранд уригдаж таарна гээд хэлэх үг өгөх бэлгээ бэлдэж байтал уриагүй гэдэг. Үүнд ихэд гомджээ. “Мөнхбаяр бол шүүхийн шийдвэрийн бөх. Эрхээ хасуулсан хүмүүстэй ажилласаар байгаад тархи нь ажиллахаа байчихдаг юм болов уу даа” гэж үгэн дунд айхтар үг хавчуулж хэлсэн. Мөн “Увс нуур” дэвжээний гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбууг нэг ч удаа Увсынхаа галд гар гэж хэлээгүйд нь жаахан гомддог юм билээ. Цэрэнсамбуугийн авга ах Дажаа гэж хүнийг Цэвээн начин гурван жил асарч бурхан болоход нь албаны ЗИЛ-130-аараа нутаглуулж байлаа. Тэр сайхан хүний гал голомт буюу халуун тулга нь, мөн нөмөрдөг дах нь надад байна. Тэгэхэд Цэрэнсамбуу хаана байсан юм бол гэж айхтар ам асуусан. Начингийн гэрээс улсын аварга, хөдөлмөрийн баатрын замналаа эхлүүлсэн Балжинням нь мөн л бөхийн галдаа урьдаггүй, өгөх юмыг нь өгье гээд байхад огтоос хайхардаггүйд нь нөхрийн хувьд сэтгэл дундуур явдгаа хэлж л байсан. “Манай Цэвээн шулуун шударга зантай, ил цагаан үгтэй” гэж нөхөд нь хэлээд байдгийн учир ийм, начнаас өөр бөх бол энэ бүхнийг ил цагаан хэлэхгүй л болов уу.

Бидний хууч өнөө жилийн түүхт их ойн наадмын бөхийн өнгө рүү шилжлээ. Долгорсүрэн заан “Энэ жилийн наадмын өнгө тодорхойлох цөөхөн бөх л байна. Наадмаар хэнийг хэнтэй барилдуулахыг аваргууд л шийддэг дээ. Н.Батсуурь аварга эрэмбээрээ дээгүүр даваанд гарч ирнэ байх. Ховдын О.Хангайгийн ээлж ер нь энэ жил ирсэн болов уу гэж бодож байна. Мэдээж зургаа, долоогийн даваанаас тунаж эхэлнэ. Тунасан барилдаануудаа зөв хийгээд дээшээ гараад ирвэл чигээрээ түрүүлнэ. Архангайн Зоригтбаатар гэж яггүй хүн байна, тэр сайн барилдана, өнөө цагаан сарын түрүү бөх маань бас байж байна. Манай нутгийн Бямба-Отгон гэж залуу сүрхий л дуулдаад байгаа, түүнийгээ бас харна даа” гэсэн бол Цэвээн начин “Наадмын өнгийг Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аваргууд тодорхойлох байх. Ялангуяа Батсуурийн бэлтгэл их сайн байна лээ. Зургаагийн даваанаас цааш зүүний манлайг аваад барилдах биз. Батсуурь бол наадмаар амласан бөхдөө унадаггүй онцлотой бөх. Наанадаж их шөвөгт очно байх. Улсын цол баттай хүртэх залуучууд байна. Завханы М.Лхагвагэрэл байна, Архангайн Э.Мөнхжаргал байна, Булганы Б.Түмэндэмбэрэл байна, мөн Төв аймгийн хурц арслан Э.Ууганбаяр гэж тун бяртай залуу байна, энэ хэд л шуугиан тарина даа гэв. Жанчивдорж начин Батсуурийг дархан аварга болчих байх гэж хүлээж суугаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр Ховдын Пүрэвсайхан заан, Бат-Өлзий, Хангай харцагууд, Сэлэнгийн Б.Орхонбаяр начин нарыг дээгүүр барилдана гэж таамаглаж буйгаа, Б.Болдбаатар, Х.Оргилболд, Д.Тогтохжаргал гээд нутгийнхаа залуусыг начин болчих болов уу гэж харж байгаагаа дуулгасан юм.

Ийнхүү “Увс Тувагийн мафийн толгойлогч” гэж зарим нэгнийх нь цаашлуулан хэлдэг Лхайсүрэнгийн Цэвээн начингийнд гэргий Б.Цэвэлмаа болон хүүхдүүдийнх нь бэлдсэн хоол ундыг хүртэж Долгорсүрэн заан, Жанчивдорж начин нартай бүтэн өдрийн туршид бөхийн хууч дэлгэж өнжлөө. “Манай Тулгаа чинь бөхийн тэнгэр нь надаас хамаагүй илүү юм шүү” гэж бөхийн ертөнцөд ижилсэн ханьсаж явсан Тулгаагаа Цэвээн нь хэлээд ялангуяа Увс аймгийн Давст сумын ойд Мөнгөн арсланг тосгуулж хавсрах уран гоё мэхээр давж түрүүлэхэд Мөнгөн арслан “Давстын минь ард түмэн намайг уучлаарай. Ойн барилдаандаа би түрүүлж та бүхнээ баярлуулж чадсангүй. Миний ард түмэн араажаваа чангалаад цагаан сар, наадмын барилдаанаа чагнаж байгаарай” гэж хэлээд шуудхан онгоцонд суусан, мөн Тулгаатайгаа Завхан сумын 1000 тэмээний баярт түрүү үзүүр булаалдаж байсан гээд олон гоё дурсамжийг хуваалцсан юм.

Н.Гантулга

О.Дашням

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Нарны тосоо тогтмол хэрэглээрэй DNN.mn

Нарны тосыг тогтмол хэрэглэх шаардлагатай гэдгийг зарим хүн мэддэггүй. Мэдсэн ч хэрэглээг нь тогтмол болгодоггүй. Эсвэл зөвхөн охид, бүсгүйчүүдийн хэрэглээ мэтээр андуурах тохиолдол бий. Тэгвэл юун түрүүн нарны тос бүх нас,хүйснийхний тогтмол хэрэглээ байх ёстой гэдгийг хэлье.

Арьсны хавдар үүсгэдэг нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэсэн хоёр төрөл байдаг. Энэхүү хэт ягаан туяа нь дэлхийн цаг агаар, янз бүрийн бохирдлоос болж хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөх нь улам нэмэгдсээр байна. UVA (урт туяа) нь цаг агаар, улирлаас үл хамааран нарнаас байнга ялгарч байдаг туяа. UVA туяа нь шилний цаанаас ч нэвтэлж, хор учруулах чадвартай байдгийг эрдэмтэд нотолсон байна. Эдгээр туяаны нөлөө тэр дороо гардаггүй бөгөөд арьсанд гүн нэвтэрч нарийн үрчлээ үүсэх, аажим аажмаар арьсны хөгшрөлт явагдахад нөлөөлдөг байна. Түүнчлэн арьсанд сэвх, толбо үүсэх олон шалтгааны нэг гол шалтгаан энэхүү туяанаас болдог аж.

Эцэст нь нарны тосон дээр байрлах SPF-ийн тэмдэглэгээ ямар учиртай талаарх зөвөлгөөг хүргэе.Нарны тосон дээр байдаг SPF гэдэг нь Sun Protection Fac­tor буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм. SPF15, SPF20, SPF30, SPF40, SPF50 – зэрэг арын тоонууд нь тухайн тос нарнаас арьсыг хэдэн цаг хамгаалахыг зааж өгдөг. SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртсдаг юм шүү. Нарны тосоо тогтмол хэрэглэж арьсаа хамгаалаарай.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Израилчууд барилгын ханыг нэвт харах технологи бүтээжээ DNN.mn

Израилын батлан хамгаалах технологийн компани барилгын ханыг нэвт харах боломжтой төхөөрөмж зохион бүтээжээ.

Camero-Tech компани шинээр зохион бүтээсэн Xaver 1000 төхөөрөмжөө Францын нийслэл Парист саяхан болж өнгөрсөн Eurosatury 2022 батлан хамгаалах салбарын үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан юм байна.

Уг бүтээгдэхүүнээ тус компани цэрэг арми, хууль хүчний байгууллагууд, тагнуулын албадад зайлшгүй шаардлагатай багаж хэрэгсэл гэж тайлбарлажээ.

Xaver 1000 нь хиймэл оюуны алгоритмын тусламжтайгаар хананы цаана байгаа амьд биетийн байрлал, зай, хэлбэр хэмжээ зэргийг тодорхой харуулдаг юм байна.

Хананы цаана байгаа хүн сууж, зогсож, хэвтэж байгаа болон хэр удаан хугацаанд хөдөлгөөнгүй байгааг хүртэл тодорхойлдог гэнэ.

Бас хүний биеийн тодорхой хэсгийг хүртэл таних чадвартай ажээ.

10.1 инчийн дэлгэц ашиглан хуруугаар удирдах боломжтой уг төхөөрөмжийг ажиллуулж сурахад маш амархан гэж Camero-Tech компани мэдээлж байна.

Төхөөрөмж нь ихэнх төрлийн барилгын материалаар босгосон ханыг нэвтлэх чадвартай ажээ.

Эх сурвалж: Business Insider

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Монголын говьд “марсын судалгааны бааз” барих ажлыг эхлүүлнэ DNN.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Марс Нийгэмлэгийн Ерөнхийлөгч доктор Роберт Зубринийг хүлээн авч уулзлаа. Олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулахаар ажиллаж буй “Mars V” төслийнхний урилгаар Марс Нийгэмлэгийн Ерөнхийлөгч доктор Роберт Зубрин Монгол улсад айлчилсан билээ.

Доктор Роберт Зубриныг Монголд айлчилж буй энэ үед нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Монголын говийн орчин нөхцөл яг Марс гараг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх бөгөөд ингэснээр сансар огторгуйд аялах аялал зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрт нээлттэй болох боломжтой юм. Энэ нь манай улсын аялал жуулчлалын хөгжилд ч үнэтэй хувь нэмэр оруулах бөгөөд энэхүү байгалийн ховор зохилдлогоо зөвхөн Монголын говьд байгаа гэдгийг төслийн залуус онцолж байв.

Роберт Зубрин “Монголын говьд Марс гараг руу нисэх хүмүүсийг бэлтгэх сургуулилтын бааз, сансрын судалгааны чөлөөт бүс байгуулах болсон шалтгаан нь Дэлхийд -42 хэм хүрдэг хамгийн хүйтэн говь зөвхөн Монголд байдаг. Энэ нь Марс гаргийн нөхцөл байдалтай ижил гэдгийг олон улсын эрдэмтэд баталсан” хэмээгээд ирэх жил буцаж ирэхдээ “марсын судалгааны бааз” барих нүсэр ажлыг эхлүүлэхээр шийдээд байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр технологийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж, цаашлаад Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж харж байна. Монгол Улсын Засгийн газраас бүх боломжоор дэмжиж туслах болно” хэмээгээд “Мars V” багийнханд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хиагтаас Гулз хүртэл аялсан минь” DNN.mn

Монгол уншигчдад “Санниковын газар”, “Дэлхийн гүн рүү аялсан нь” зэрэг уран зөгнөлт зохиолоороо хэзээний танил болсон зохиолч, эрдэмтэн судлаач В.А.Обручевын зуу гаруй жилийн өмнө “Хиагтаас Гулз хүртэл аялсан минь” аяллын тэмдэглэлийг “Эрдэм гэгээрэл” паблишингаас монгол хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгоод тун удаагүй байна. Монгол, Хятад, Түвдийн баруун хязгаарт судалгаа хийснээрээ алдаршсан угсаатан судлаач Г.Н.Потанины аяллын багт багтаж 1892-1894 онд Төв Ази, Хятадын нутгаар аялсан В.А.Обручевын энэ тэмдэглэлд тухайн үеийн Монгол, Өвөр Монгол, Хөхнуур, Цайдам, Хойд Хятадын ахуй байдал, ард түмний зан заншил, байгаль орчны тухай тун сонирхолтойгоор өгүүлжээ. Нийт 17 бүлэгтэй, тавь гаруй зурагтай энэ тэмдэглэл анх 1940 онд хэвлэгдэн гарч байж.

Геологичийн хувьд ажиглалт судалгаа хийж 13 000 км газрыг туулан, Төв Азид суурьшсан олон үндэстэн ястантай танилцаж, элсэн цөл, тал хээр, баянбүрд, бэлчээр нуга, тэгш өндөрлөг, өндөр, нам уулын бүс, Монголын дов толгодоос Наньшаний мөнх цаст мөсөн оргилуудыг нүдээрээ ажигласан Обручев Монгол нутгаас гэхэд говийн чулуулгийн насыг дорвитойхон баримжаалж болох хирсний чулуужмал яс олсон нь маш сонирхолтой нээлт болсон байдаг. Ингэснээр говь нутгийн нас залуу чулуулаг нь угтаа урьд өмнө үзэж байсанчлан далай тэнгисийн тунадас биш, харин эх газрын чулуулаг бөгөөд гуравдагчийн үед говь нутаг далай тэнгис биш, хуурай газар байсныг баталсан байна.

Мөн эрт цагийн Эзэн хотын тууриас холгүйхэн явж өнгөрснөө Обручев “Торгуудуудын өгүүлснээр Хөндлөн голын цаана цагтаа түүгээр урсаж байсан Эзэн голоор тэтгэгдэж асан том хотын балгас буй аж. Би археологи судалдаггүй, аялж явахдаа хот тосгоны олон балгасаар дайрч өнгөрсөн болохоор торгуудуудын хэлснийг төдий л анхаарч үзсэнгүй. Хожмоо аялагч Козлов тэр хотын балгасыг олж очоод түүхэн үнэ цэнэтэй хөшөө баримал, ханын зураг, гар бичмэл, зоос, бөс даавуу зэргийг илрүүлсэн юм. Тэр нь XIII зуунд сүндэрлэж асан, Италийн аялагч Марко Пологийн Эзэн хот хэмээн дүрсэлсэн Хар хотын туурь байсан сан. Балгас Эзэн голын салаанаас 20 верст орчмын зайд усгүй цөлд байрлана. Учир иймээс би эрдэм шинжилгээний өндөр ач холбогдолтой эд өлөг тэнд байгааг олж мэдсэн ч аяллын баг, тоног төхөөрөмж маань (хөгшин лам, өвчтэй Цоктоев бид гурав) малтлага хийх ямар ч боломжгүй байлаа” гэж тэмдэглэн үлдээжээ.

Эрдэмтэн, зохиолч аялагч Обручев ная гаруй наслахдаа 3800 гаруй бүтээл бичиж, энэ насаа эрдэм мэдлэг, шинжлэх ухааны төлөө бүрэн зориулжээ. Владимир хүү багаасаа байгалийн ухаанд сонирхолтой, тиймдээ ч “үхмэл” гэж үзсэн грек, латин хэл сурахыг ерөөс хүссэнгүй, их сургуулийн физик-математикийн факультетэд элсэхийг хүссэн ч эцэг нь хүндээр өвдөж, зорьсон сургуульдаа орохын тулд бүтэн жил бэлтгэх боломжгүй болсон тул аргагүйн эрхэнд Уул уурхайн дээд сургуульд элсжээ. Хоёрдугаар курстээ дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдсан ч мэргэжилдээ дур сонирхолгүй болохоо улам бүр мэдэрсэн Обручев мөр холбож шүлэг бичихэд илүүтэй татагдах болсон гэдэг. Гэвч уран зохиолд бүрмөсөн урвахын даваан дээр хувь заяа нь эргэж, Иван Васильевич Мушкетов хэмээх ачит багштайгаа учирснаар тухайн үедээ хоёрдогч гэгдэж байсан геологийн ухаанд эргэлт буцалтгүй сэтгэл татагдсан байдаг.

1888 онд Обручев Эрхүүгийн уул уурхайн захиргааны геологичийн албанд томилогдож, Витима, Олекма голын алтны ордуудыг судалж байтал Оросын Газарзүйн нийгэмлэгээс Хятад, Түвдийн өмнөд нутгаар аялах Г.Н.Потанины аяллын багт багтан геологийн судалгаа хийх санал тавьжээ.

Ингээд 1892 онд Хиагтаас алсын аянд мордсон Обручев хоёр жилийн дараа 1894 оны арван сард Гулзад хүрэхдээ өөрийнх нь тооцоолсноор 13 625 км зам туулсны 12 705 км-т геологийн зураг авалт хийжээ. Цагтаа Хиагтаас замд гарсан мужийн даруухан геологич өгүүлэл, тэмдэглэл нь олон сонин сэтгүүлд нийтлэгддэг нэртэй эрдэмтэн судлаач болсоор эргэж ирээд Парисын ШУА-ийн П.А.Чихачёвын нэрэмжит мөнгөн шагнал, Н.М.Пржевальскийн нэрэмжит шагнал, түүнчлэн Оросын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал Константины одонгоор шагнагдсан байна. “Хиагтаас Гулз хүртэл аялсан минь” хэмээх энэ ном 45 жилийн дараа олны хүртээл болсон түүхтэй. Энэхүү бүтээл монгол судлалын тунчиг сонирхолтой номын нэг гарцаагүй мөн ажээ.

Categories
булангууд их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл танайд-өнжье туслах-ангилал

ТАНАЙД ӨНЖЬЕ: Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун 0151 дүгээр ангийнхан DNN.mn

“Танайд өнжье” булангийн энэ удаагийн дугаарт хурандаа Г.Ган-Эрдэнэ захирагчтай Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0151 дүгээр ангийнхан уригдлаа. Харуул цэргээс зөвшөөрөл аван анги руу нэвтэртэл цэлгэр, цэмцгэр хашааны голд гурван давхар ногоон байшин угтсан юм. Ангийн хаалганы зүүн гар талд төрийн сүлдний доор алтан шаргал өнгөтэй буу үүрч, дуран гартаа атган сөхөрч суусан байлдагч, нохойн хөшөө. Хоёр талаар нь Монгол Улсын баатар хилчдийн зураг, нэрийг байрлуулжээ. Хаалганы баруун гар талд ногоон байгууламж, модон гүүртэй бяцхан цэвэрхэн цэцэрлэг бүхий орчин хараа булаана.

Биднийг ангийн хаалгаар ормогц ангийн захирагч хурандаа Г.Ган-Эрдэнэ, Соён гэгээрүүлэх албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа М.Өлзийхишиг, Социологи, сэтгэл зүйн бэлтгэлийн ахлах офицер ахмад Т.Мөнхбаяр нар угтан авлаа.

Тус анги 1937 онд Дотоод явдлын яамны сайдын гуравдугаар сарын 9-ний өдрийн 47 тоот тушаалаар “Радистын тусгай салаа” нэртэйгээр байгуулагджээ. 1939 онд Хязгаарын ба Дотоодын Цэргийн хэрэг эрхлэх “Холбооны сургууль”, 1947-1996 онд “Тусгай батальон”, “Холбооны анги”, 1996 оноос “Холбооны хороо” болон өргөжиж 2011 онд Хил хамгаалах албаны Сургалт, бэлтгэлийн цогцолборыг шилжүүлэн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг шинээр байгуулж, хилийн отряд, ангиудад мэргэжилтэн бэлтгэх, давтан сургалт явуулах, Улсын хил хамгаалалт, Хил хамгаалах байгууллагын удирдлагын холбоо хангалтыг зохион байгуулах болжээ.

Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Одсүрэн “Хил хамгаалах байгууллагын бэлэн байдлын үүргийг хэрэгжүүлэх, холбоочин засварын мэргэжилтэн бэлтгэх, төвийн бүсийн анги салбарын алба хаагчдын англи хэлний анхан шатны сургалт, хил хамгаалах байгууллагын сургалт цугларалтын үеийн хангалтыг зохион байгуулах гэсэн үндсэн үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онд хил хамгаалах байгууллагаас “Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун” хэмээх зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд манай анги “Зөв бодол, эерэг хандлагаар үндсэн үүргээ чадварлаг бүтээлчээр гүйцэтгэн, зорилтоо амжилттай хэрэгжүүлье” гэсэн уриалгатайгаар үүрэг, чиглэлийнхээ хүрээнд ажиллаж байна. Энэхүү анги нь хил хамгаалах байгууллагын холбоо мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлыг хангах зорилгоор бие бүрэлдэхүүний сургалт хичээллүүлж, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч байна” хэмээв.

Тус анги нь холбооны анги гэдгээрээ онцлогтой. Холбооны тасгийн дарга Х.Батболд “Манай анги Монгол орны өнцөг булан бүрт байгаа хилийн застав, хилийн анги отрядуудын холбооны техник хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлах, үүрэн холбооны сүлжээгүй болсон үед радио станцаар буюу тойруу байдлаар бие бүрэлдэхүүнийг холбоонд оруулж холбоотой байх нөхцөлийг бүрдүүлж ажилладаг. Хил хамгаалах байгууллагын удирдлагын холбоог зохион байгуулах үүрэг чиглэлийг хүлээдэг. Хөдөлгөөнт, суурин, кибер гэх мэт талуудаас холбоо үүсгэнэ. Өмнөх ангийн байр маань 80 гаруй жилийн түүхтэй сайхан анги байлаа, бид ангийн өөр байранд нүүж ирээд сар гаруй болж байна” гэв.

Кибер аюулгүй байдлын тасгийн автоматжуулалт нийцлэлийн ахлах инженер, ахлах дэслэгч Б.Билгүүн “Манай тасаг хил хамгаалах байгууллага, хилийн отряд анги болон өөрийн ангийн хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэрэг болон кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, халдлага илэрсэн тохиолдолд түүнд хариу арга хэмжээ үзүүлэх үүрэгтэй” хэмээв.

Бид ангийн онцлог, үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцаад “Дайчин алдрын танхим”-тай танилцлаа. Хилийн 0151 дүгээр ангийн хувьд 85 жилийн түүхтэй. Баялаг түүхийг бүтээлцсэн хилчид тэр хэрээр авьяастай, жавхаатай. “Дайчин алдрын танхим”-д байрлах амжилтын цом, баярын бичиг, үе үеийн холбооны хэрэгсэл, станц, эмчийн багаж, бэлэг дурсгалтай нэг бүрчлэн танилцвал нэг өдөрт амжихааргүй.

Энэ бүхнийг хоёр өрөө дамнуулан шилэн хоргонд байрлуулжээ. Ангийн 85 жилийн түүхээ ч үечлэн байрлуулжээ. Жишээлбэл, 1967-1983 онд ажиллаж байсан удирдлагууд, үүрэг чиглэлийг самбарт бичсэн байв. Дэд хурандаа М.Өлзийхишиг “2001 онд намайг ажилд ороход ашигладаг байсан холбооны станц техник хэрэгслүүд. Энэ станцаар хилийн отряд заставтай холбогдож мэдээллээр хангаж ажилладаг байлаа. Энэ хүн бол хурандаа Ц.Цэрэндорж манай ангийн захирагчаар 23 жил ажилласан. Ажиллах хугацаандаа холбооноос гадна цэргийн байгууллагад менежмэнт гэдэг зүйлийн үндэс, хөрсийг суулгасан хүн” хэмээн бүгдийг тайлбарлана. “Дайчин алдрын танхим”-тай танилцаад гарах үед өдрийн хоолны цаг болжээ. Бид хоолны заал руу явлаа. Ангийн байрны нэг давхарт байрлах цэлгэр зааланд цэргүүд дөрөв, дөрвөөрөө суун хооллож байв.

Хугацаат цэргийн алба хаагчид, цэргүүд гэхээрээ л урт банзан сандал дээр сууж, нэг сонголттой хоол иддэг үе ард хоцорчээ. Стандартын шаардлагад нийцсэн хүнсний компанитай гэрээ байгуулж, эрүүл ахуйн лабораторид шинжлүүлсэн бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Хил хамгаалах ерөнхий газар сонголтын хоолны системд шилжээд хоёр жил гаруй болжээ. Энэ нь цэргүүд өдөрт 5-6 нэр төрлийн хоолноос өөрсдөө сонгож зооглодог байна. Хоолны хуваарийг давхардуулахгүйгээр долоо, долоо хоногоор гаргадаг. Гаргасан хуваарийг эмнэлгийн алба, санхүүгийн алба, хангалт үйлчилгээний алба, ангийн захирагч шалгаж баталгаажуулдаг аж.

Дайчин алдрын танхимд дэд хурандаа М.Өлзийхишиг

Хангалт үйлчилгээний албаны дарга, ахмад Ө.Сарантуяа “Ар гэр, аав, ээжээсээ хол, цагийн хоолонд дөнгөж орж байгаа залууст олон сонголт бий болгож, аль болох гэрийн хоолтой ойртуулахыг зорьдог. Энэ заал бол зүгээр л цэргийн хоолны газар биш аз жаргал мэдэрдэг, кайф авах газар болгох гэж хилийн цэргийн хэмжээний бүх газар сонголтын хоолонд шилжсэн. Цэргүүд 26-27 нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Жишээлбэл, найман нэр төрлийн будаа, гурил хэрэглэдэг. Үүнд цэрэг, дайчид маань ч сэтгэл хангалуун байдаг. Манай алба цэргийн алба хаагчид, офицер ахлагч бие бүрэлдэхүүний хангалт үйлчилгээг цогцоор нь хангаж ажилладаг. Тэднийг орчин үеийн шаардлагад нийцсэн хувцас, хэрэгслээр хангах ёстой” хэмээн ярив. Тус анги 5-8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, малаа сааж туслах аж ахуй ажиллуулдаг тул өөрсдийн хүнсний ногоо, цагаан идээний хэрэгцээгээ хангадаг байна.

Мөн ахмад Ө.Сарантуяа Хилчин эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлд ажилладаг аж. Тус холбоо нь хил тойрч ажиллаж буй бүх эмэгтэйчүүдийг удирдан чиглүүлдэг, нийгмийн асуудлыг шийдэхэд дэм болдог удирдах дээд байгууллага.

Хил хамгаалах байгууллагын хүрээнд “Нийгмийн хамгаалал- 2024” гэдэг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд түрээслэн өмчлөх хэлбэрээр зургаан өрхийг орон сууцжуулжээ. Эмэгтэйчүүдийнхээ нийгмийн асуудалд анхаарч сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн баасан гаригт бүх эмэгтэйчүүд амардаг. Гэр бүлдээ санаа зовохгүй байж ажлын бүтээмж өснө. Ар гэр жаргалтай байвал айл өрх жаргалтай, айл өрх жаргалтай байвал албан газар жаргалтай байна. Сонгинохайрхан дүүргийн 244, 288 дугаар цэцэрлэгтэй хамтарч ажиллаж энэ жилийн хувьд 12 хүүхдийг цэцэрлэгт хамруулсан гэдгийг онцолж байв.

Ингээд 13:30 цагаас өдрийн амралтын цаг эхлэв. Цэргүүд өдрийн хоолны дараа зарим нь орон дээрээ амарч, зарим нь соёл амралтын танхимд чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Тухлаг буйдан, телевиз, шилэн ширээ, теннисийн ширээ, ном, сонин сэтгүүлтэй, бор шаргал хивс дэвссэн цэлгэр өрөө бол соёл амралтын танхим. Хугацаат цэргийн алба хаагчид гитар, шатар тоглож, шагай уралдуулцгаана.

Байлдагч Б.Тэмүүлэн “Би Монгол Улсын их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан. Надад уг нь зарлан ирээгүй л дээ. Би өөрийн хүсэлтээр цэрэгт ирсэн. Цэргийн алба хаах маш таалагдаж байна. Сэтгэлийн хатуужилтай болж, өөрийгөө олох нэг арга гэж цэрэгт ирсэн. Ард байхад миний амьдрал дэг журамгүй, цагийн хуваарьгүй, замбараагүй байсан. Амралтын цагаараа телевиз үзэж ном уншдаг. Онжавуудтайгаа байхад арван жилийн ангидаа буцаад орчихсон юм шиг гоё санагдаж байна” гэв.

Байлдагч Г.Энхбат “Би Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооноос татагдаж ирсэн. Ангийн хаалгаар сүү амсаж орж ирэх мэдрэмж маш гоё байсан. Цэрэгт ирснээр өөрийн гэсэн зорилго, харилцааны чадвартай болж байгаа. Халагдаад хамгийн түрүүнд ажил хийж мөнгөтэй болж сургалтад сууна” хэмээв.

Соёл амралтын танхимтай зэрэгцэн ногоон эрээн бүтээлгээр жимбийлгэн бүтээсэн хоёр давхар ор, модон шүүгээ, цэлийсэн цонхтой цэргүүдийн өрөө байв.

Салааны дэд түрүүч Б.Тэмүүжин “Би Баянзүрх дүүргийн II хорооноос татагдан ирсэн. Цэрэгт ирснээр ажлыг өндөр бүтээмжтэй хурдан хугацаанд хэрхэн амжуулах вэ гэдгийг суралцаж байна. Их сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад цэрэгт ирсэндээ харамсдаггүй. Цэрэг бол амьдралын сургууль. Аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн нэг жил амьдралын сургуульд суралцаж байгаадаа бахархдаг” хэмээн ярилаа.

Цэргүүдийн өрөөнөөс гармагц “Англи хэлний багш нарын өрөө” гэсэн хаяг нүдэнд тусав. Хил хамгаалах байгууллагууд англи хэлний багшийн орон тоотой болоод 4-5 жилийг үджээ. Тус ангид англи хэлний анхан шатны сургалтыг зохион байгуулж байв. Зөвхөн төвийн бүс гэлтгүй хил хамгаалах байгууллага отряд ангиудаас алба хаагчид ирж суралцдаг аж.

Англи хэлний ахлах багш, ахлах дэслэгч П.Нямгэрэл “Энэ оны эхний сургалт дууссан. Нэг удаагийн сургалт гурван сар үргэлжилдэг. Албан хаагчид ажлаасаа бүрэн чөлөөлөгдөж Улаанбаатар хотод байрлаж, сургалтад хамрагддаг. Анхан шатны сургалтад 400-470 цагийн хичээл судалдаг. Миний хувьд хил хамгаалах байгууллагад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагын бодлогын дагуу алба хаагчдаа мэргэжлийн чиглэлээр гадаад улсад сургах, нөгөө талаараа манай ангийн ерөнхий чиг үүрэг нь холбооны чиглэл учир мэргэжлийн англи хэл ажлын байран дээрх бүтээлч байдалд шууд нөлөөлдөг. Мөн олон улсын боомттой ангиуд байдаг. Тэдэнд мэргэжлийн англи хэлний сургалт зохион байгуулах, албаны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн ур чадварыг дээшлүүлнэ гэсэн үг гэв. Хилийн цэргийн 0218 дугаар ангийн 341 дүгээр салбарын сүлжээний инженер ахмад Ю.Мөнхзул “Англи хэлний сургалт эхлээд гурав дахь удаагийн хичээл орж байна. Энэ сургалтаас маш олон зүйлийг сурна гэдэгт итгэлтэй байгаа. Нэг удаагийн хичээл 50 минут ордог, сургалтаа дуусгаад дараагийн шатанд сурна гэж боддог. Манайх хилийн цэргийн анги учраас шалган нэвтрүүлэх алба буюу Монгол Улсад ирж байгаа, явж байгаа бүх зорчигчидтой харьцдаг. Тиймдээ ч энэ сургалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний англи хэлний суурьтай залуус бий. Бидний ажилд англи хэлний шаардлага их гардаг” хэмээв.

Хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа М.Өлзийхишиг “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сум дахь сургалт бэлтгэлийн төвд ногоон байгууламжаа сайжруулсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа Бумбатын булагт нийт 710 модны нүх ухаж бэлтгэжээ. Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан хүн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээх ажилд гар бие оролцож, “Эко соёл сантай” хамтран ангийн байрлалд шар хуайс 300, Баянчандмань дахь Сургалт хамгаалалтыг заставт шар хуайс 200 ширхэгийг тус тус тарьж ногоон байгууламжтай анги болох зорилго тавин ажиллаж байгаа талаар ярилаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Долоон гаригийн давхцал өнөөдөр тохиолоо DNN.mn

Зургадугаар сарын турш Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир нар зүүн өмнөд тэнгэрт зүүнээс баруун тийш эгнэн, нарны тойрог замд байрласан байна.

Өнөөдөр Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Дэлхийван, Далайван гаригийн жагсаал гэх үзэгдэл харагдах хамгийн тохиромжтой буюу нар мандахаас 1 цагийн өмнө уг үзэгдэл нь тохиосон байна.Таван гаригийн давхцал нь тун ховор тохиох бөгөөд хамгийн сүүлд 2002 оны 12 сард давхцаж байсан бол дараагийн давхцал 2040 онд тохиох аж.

Мөн хүний нүдэнд харагдах нь Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гаригууд бол харагдахгүй нь Дэлхийван, Далайван гэнэ. Угтаа бол 7 гариг нэгэн зэрэг тэнгэрт үзэгдэж, гаригуудын завсар хавирган сар мандсан байх аж.

Тайлбар байхгүй.

Харин BBC Science Focus-ийн мэдээлснээр, эдгээр таван гараг хамгийн сүүлд 2004 онд нийлсэн бөгөөд 2040 он хүртэл дахин давтагдахгүй тул энэ үйл явдлыг орхигдуулж болохгүй онцолсон байна.

Тайлбар байхгүй.

М.САЙНЗАЯА