Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ойгоос түүсэн жимсийг бүлээн усаар угааж хэрэглээрэй DNN.mn

Гүзээлгэнэ гэх мэт бутлаг модтой жимсийг түүхийгээр нь аваад л амруугаа хийдэг нийтлэг үзэгдэл бидэнд бий. Ойгоос түүсэн жимсээ шилэнд хийгээд замын хажууд зарж зогсох хүмүүс ч жил бүрийн өдийд түгээмэл харагддаг. Үүнд хорхойсч сонирхох хүмүүс ч олон.

Тэгвэл эмт ургамлын багш, доктор Б.Алтантуяагийн онцолж байгаагаар бол жимсэнд үнэгний шүлсээр дамжиж үлдсэн шимэгч хорхойн өндөг байх нь түгээмэл гэнэ. Үнэг ч жимсэнд дурлаж иддэг амьтан. Хэрэв шимэгч хорхойн өндөг жимсээр дамжиж хүний биед нэвтэрсэн бол элгийг сэглэж хаядаг талаар Б.Алтантуяа доктор анхааруулжээ. Элэгний өвчлөл, тэр дундаа хорт хавдрын тэргүүлэх шалтгаан нь түүхий жимсийг амруугаа шууд чулууддаг зуршилтай холбоотой байж болохыг тэрбээр сэрэмжлүүлжээ. Ийм эрсдэлээс сэргийлэх энгийн арга нь ойгоос түүсэн ямар ч жимсийг бүлээн усаар сайтар угааж хүнсэндээ хэрэглэх гэнэ.

Аялал зугаалгын үе үргэлжилж байгаа энэ өдрүүдэд жимс сонирхох хүн элбэг тааралддаг. Түүсэн жимсээ амруугаа шууд хийдэг энэ зуршил таны амин чухал эрхтэн элгийг богинохон хугацаанд сүйрүүлэх эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагаас ч анхааруулжээ.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятад улс сансрын станцынхаа лабораторийн модулийг хөөргөлөө DNN.mn

Хятадын сансрын станцаа амжилттай хөөргөж, Ши Жиньпин баяр хүргэжээ

Хятад улс “Вэньтянь” лабораторийн модулийг дэлхий орчмын тойрог замд байгуулж буй сансрын станц руугаа ням гарагт хөөргөлөө.

Тус улсын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас (CMSA) мэдээлснээр, лабораторийн модулийг Вэньчан сансрын буудлаас (Өмнөд Хятадын Хайнань муж) “Long March-5B Y3” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.

Уг модуль хөөргөснөөс хойш 8 минутын дараа дэлхийгээс 400 км-ийн өндөрт нам тойрог замд орж, станцтай залгагджээ.

20.5 метр урттай энэхүү модуль нь Хятад улсын урьд өмнө сансарт хөөргөсөн төхөөрөмжүүдээс хамгийн том нь бөгөөд тойрог замд байгуулж буй тус улсын станцын хоёр лабораторийн модулийн эхнийх нь юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Богино хугацаанд наранд борлосон арьсаа цайруулахыг хүсвэл нимбэг хэрэглээрэй DNN.mn

Наранд түлэгдэж борлосон арьсыг цайруулах хамгийн үр дүнтэй арга бол витамин C ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм. Гэрийн нөхцөлд арьсаа богино хугацаанд цайруулахыг хүсвэл нимбэг, тараг, жүрж, алое зэргийг ашиглан маск бэлтгэх боломжтой.

Витамин С-гээр хамгийн баялаг жимс болох нимбэг хэрэглэх нь арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга юм. Мөн нимбэгэнд агуулагдах антиоксидант нь арьсыг түргэн цайруулж, нөхөн төлжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг аж. Арьсаа цайруулахын тулд нимбэгний шүүсийг усанд найруулж уух, дангаар нь түрхэх, эвсэл бусад бүтээгдэхүүнүүдтэй холин маск тавих хэлбэрээр хэрэглэж болдог.

Ингээд нимбэгний маск бэлтгэх заавар хүргэе. Нэг ширхэг нимбэгийн шүүс, нэг ширхэг өндөгний цагаан, 10гр элсэн чихрийг /эсвэл органик зөгийн бал/, 100мл буцалсан усанд өнгө нь цайвар болтол сайтар хольж хутгасны дараа нүүрэнд жигд түрхэнэ.

Ингээд 30-40 минут байлгасны дараа усаар сайтар угааж арилгаад чийгшүүлэгч эсвэл тэжээлийн тос түрхээрэй.

Эцэст нь наранд удаан явсны дараа хүний бие шингэнээ хөлс болгон гадагшлуулснаар шингэний дутагдалд ордог. Энэ нь арьс харлах бас нэгэн шалтгаан болдог. Тиймд биеийн шингэнээ тэнцвэржүүлэх үүднээс шингэн зүйл уух хэрэгтэй.

Тиймээс нимбэгтэй ус ч арьсанд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй л болов уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Амьдрахуй” DNN.mn

Энэ удаа Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Үй Хуагийн бүтээл, Тагтаа Паблишингаас 2018 онд эрхлэн гаргаж, хэвлэгдсэн цагаасаа хэдэн сар жил дамнаж бестселлер болж буй ном “Амьдрахуй”-г ярьж өгье.

“Амьдрахуй” тууж бол аз жаргал, зовлон зүдгүүр хийгээд хүмүүний амьдралын оршихуй, тариачдын тосгон болон тариачин эр Фу Гүйн тухай өгүүлнэ.
Зохиолын гол утга санаа ердөө л амьдрах. Туужид “Амьдрах л аз жаргал, ядуу зүдүү ч хамаагүй” гэж өгүүлсэн байдаг.
Хүний амьдралыг өөрчлөх олон зүйлс бий. Тэдгээрээс хувьсгалт хөдөлгөөн, дайн дажин, гэнэтийн үхэл зэрэг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх чадалтай. Яг л эдгээр хүчин зүйлс Амьдрахуй туужийн гол дүр Фу Гүйн амьдралыг өөрчилж зовлон зүдгүүр, бас түүнийг давж босох итгэлийг өгдөг. Өөрөөр хэлбэл Фу Гүй хэмээх эрийн гэр бүл амьдралаар дамжуулан аав хүн, ядуу тариачин хүний уйг гашууг мэдрүүлэхтэй зэрэгцэн хятадад өрнөсөн коммунизм боловсролтой нэгнийг буруутган цаазалж, сэхээлэг давхаргыг үгүй хийж байсныг харуулжээ.
Залуу насны алдаа эндлээс болж ядуу дорд амьдрал руу гулссан Фу Гүй өөрт оногдсон хувь тавилангаас бултах, зугтах газар үгүй гэж хувь заяатайгаа эвлэрсэн нэгэн юм. Учир нь тэр хүнд хэцүү амьдралд цөхрөх үе олон байсан ч үхэх, амиа хорлох талаар бодох ч үгүй байна. Үйлийн үр нь боловсорч гүйцсэн Фү Гүй түүнийгээ хүртэх л учиртай байж.
Эцгийг нь нас барсны дараа эхийнх нь бие чилээрхэн эмч залахаар явах замдаа Фу Гүй дайны талбар руу ачигддаг. Дайны талбарт амьд үлдэх л хамгийн чухал, хэдхэн хормын дараа ч үхэж мэднэ. Амьд үлдэх үлдэхдээ хэн нэгний үхлийг тэвчиж, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Тэр дайны талбараас амьд эргэн ирсэн ч өвчинд шаналсан ядуу гэр бүл угтана. Гэвч цаашид үргэлжлүүлэн амьдрах нь, гэр бүлтэйгээ байгаа нь л хамгийн сайхан.
Туужийн эхлэл хэсэгт Фү Гүй өвгөн ганц үхрээ Фэн Шиа, Жиа Жэн, Ёу Чин, Ван Чи, Кү Гэн хэмээн их олон үхэр тууж яваа мэтээр дуудаж үзэгдэнэ. Гэвч үхэр ганц, өөрийнх нь нэр адилаар Фү Гүй гэх нэртэй ажээ. Учрыг гайхан харсан залуу хүүд өвгөн Фү Гүй:
“Би түүнийг гав ганцаараа газар хагалан зүтгэж байгаа гэдгээ мэдчихвий гэхээс айсан юм. Олон нэрээр дуудах юм бол ондоо олон үхэр, тариа хагалж буй гэж ойлгоод, урамтай гэгч нь урагш зүтгэдэг юм” гэж хариулдаг.
Энэ хэсэг инээдтэй мэт боловч өөрөө өөртөө урам өгч амьдрахаас өөр аргагүй ганцаардмал өвгөний гунигт хувь тавиланг илтгэнэ.
Туужийн төгсгөлд Фу Гүйгийн дэргэд гэр бүлийнхнээс нь хэн ч үлдээгүй. Түүний хүү 13 насандаа сургуулийнхаа захирлыг авраад өөрөө амь эрсэдсэн бол охин нь эмэгтэй хүний ёсоор үрээ төрүүлээд тэнгэрт хальсан.
Ингээд л гансарч үлдсэн Фу Гүй өвгөн хөгшин ганц үхэртээ хандаж “Өнөөдөр Ёу Чин, Ван Ши хоёр газар хагалж байгаа. Жиа Жэн, Фэн Шиа хоёр ч бас долоо найман хэсэгт талбай хагалж буй. Кү Гэн нас бага болохоор хагас талбайг хагална. Харин чи хэчнээнийг хагалахыг би хэлэхгүй. Хэллээ гэхэд лавтай чиний тоцоолсноос дутаах магад. Яриангүй чи минь өтөлжээ. Энэ олон талбайг хагалахад яах аргагүй, хүч хөдөлмөр сэтгэл шаардана шүү…” гэсэн хэсэг бий. Эл хэсэгт мөн л өөрийгөө урамшуулж, өөртэйгөө ярилцаж, өөрийгөө хөгширснийг ч мэднэ. Одоо түүнд үхэл л хамгийн ойр.
Фу Гүйн “Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй. Миний таньдаг хүмүүс нэг нэгээрээ цувран одсон ч би байж л байна” хэмээх үгээр яриагаа дуусгая.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зуун жилийн ой ба 100 жилийн хоцрогдол DNN.mn

Аймаг, сум, сургууль, цэцэрлэгийн тэгш ой шил шилээ даран тохиож байна. Тухайн аймаг сумдын удирдлагууд тэгш ойн баяраа дэнж хотойтол дэлгэр сайхан зохион байгуулахаар хэрэндээ л хичээж байгаа бололтой. Зарим нэг нь сумынхаа брэнд хонин сүргийг харуулахын тулд хүүхдүүдийг хонь болгоод талаар нэг бэлчээсэн бол зарим нь хүчит бөхийн барилдааны эхний даваанд 10 гаруйхан настай бяцхан хүүхдүүдийг ч барилдуулж олон түмнээ цэнгүүлж байна. Энэ мэт ойрд харагдаж үзэгдээгүй сонин содон нээлтүүд цаашид их л үзэгдэх бололтой. Бэлтгэлтэй л байгаарай та нар минь. Үнэндээ Монголчууд бидний тэгш тоо шүтсэн баяр наадмын хэнээрхэл хаана очиж дуусах юм бол. Бүхэл бүтэн нэгэн зууны түүхтэй суманд нь дэлхийд байтугай монголдоо танигдсан ганц ч үйлдвэр, брэнд бүтээгдэхүүн байхгүй, ажилгүйдэл, ядуурал нүүрлэчихсэн байхад юугаар огшиж, юугаараа ондооших гэж…

Тэгш ойн жилд зориулж тэрбум төгрөгөөр бурхан багшийн хөшөө босгосон түүх Сүхбаатар аймгаар л дуусаасай билээ. Өвлийн хүйтэнд бяцхан хүүхдүүд цэцэрлэгийнхээ гадна дагжин чичирч модон жорлондоо дугаарласаар байхад 100 жилийн ойгоо тэмдэглэхээс ичих хэрэгтэй. Байнгын ажиллагаатай ганц ч халуун ус, шүдний эмнэлэг, бүтэн биеийн оношилгооны аппарат ч байхгүй эмнэлгийн байгууллага 100 байтугай 1000 жилийнхээ ойг тэмдэглээд яах юм бэ. Хот хөдөөгийн ЕБС-ийн сургалтын чанар алд дэлэм байтугай хол зөрүүтэй байхад тэгш ойд зориулсан төгсөгчдийн хандиваар ширээ, сандал, ширдэг, буйдан авч байгааг ойлгох ухаан хайрла. Бид тооноос илүү чанарт ач холбогдол өгч үзүүлэнгээр биш үр дүнгээрээ бахархдаг, уралддаг цаг болсон л баймаар сан. Техник технологи, шинжлэх ухааны эрин үед зуун жилийн ойгоо 100 жилийн хоцрогдолтой баярлаж, хөөрч өнгөрүүлмээргүй байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Байгаль дэлхий бэлгээ өгч байгаа шиг та ч гэсэн хайрлаарай DNN.mn

Зуны зугаатай цаг үргэлжилж, хүн бүр аялж зугаалж, хөгжилтэй хөөртэй өнгөрүүлж буйгаа алга ташин цахим орчинд нийтэлж байна.

“Байгаль дэлхий өнгөө байх ёстой хамгийн гоё дээрээ тавьж, мал амьтны зоо тэнийсэн сайхан зун болж байна” хэмээн танил маань цахим хуудсандаа нийтэлжээ. Зан сайтай айлд хүн болгон цугладаг замаг сайтай нууранд шувуу болгон чуулдаг гэдэг шиг байгаль хишгээ хайрлаж байгаа шиг та ч гэсэн хайрлаарай. Хаа сайгүй хогоо хаялаа, бие заслаа гэх агуулгатай нийтлэлүүд ч цахим орчинд их байна.

Эх дэлхий бидэнд алгаа тэнийлгэсэн шиг аялагч, жуулчлагч та ч гэсэн майхнаа тэнийлгээд буухад ямар байсан тэр чигээр нь орхин явж заншаарай.

Тээврийн цагдаагийн албанаас авсан мэдээллээр баяр наадмын өдрүүдэд хотоос гарсан автомашины тоо зөвхөн нэг пост дээр 63 мянга гэсэн баримт бий. Хэрвээ үүнийг хотыг тойрсон таван постдоо дундажлаад 60 мянгаар тооцон үржүүлбэл 300 мянган автомашин хотоос гарсан байх боломжтой.

Дотоодын аялал жуулчлал хөгжсөнөөр мөнгөний урсгалыг орон нутаг руу чиглүүлэх томоохон давуу талтай гэдэг.

Тэгэхээр аялж байгаа хэн бүхэн хогоо хогийн цэгт аваачиж, боломжтой бол өөрсдийн ариун цэврийг ч бодсон био 00 авч яваад бие засах боломжтойг туршлагатай аялагчид сануулж байна. Эх дэлхийгээ хайрлаад л байвал ургаад л байна. Цэвэрлээд л байвал цэцэглээд л байна шүү дээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарийн Хүрэмтийн хүн чулуу DNN.mn

Булган аймгийн Сайхан сумын төвөөс зүүн зүгт хорь гаруй км зайтай Нарийн Хүрэмт хэмээх газарт дөрвөн хүн чулуу бүхий цогцолбор дурсгал бий.

Энд түрэгийн үеийн олонх цогцолборт нийтлэг байдаг хашлага болон зэл чулуу огт үгүй, харин нэг дор таруухан байрласан замбараагүй цөөн хэдэн чулуутай, хүн чулууны хоёр нь босоо зоолттой, нөгөө хоёр нь сул хэвтэж байсныг хожим тойруулан газарт зоон хашаалсан байв. Нутгийн хүмүүсийн ярьснаар бас нэг хүн чулуу байсан нь үгүй болжээ.
Бусад хүн чулуудаас хэмжээ болон хийц дүрслэлээрээ эрс ялгарах эхний хүн чулууны тухайд тодруулбал: Уртавтар хавтгай чулуугаар босоо хүний дүрс оруулан хийж босгон зоож тавьсан бөгөөд толгойн дээд хэсэг хажуу талаасаа эмтрэн унасан байна. Өргөн дүгрэг царайтай, хацрыг нэлээд төвийлгөн гаргасан, нүдний доогуур нарийн зураас татжээ. Хоёр гараа цээжиндээ авч дэлбэн амсартай, цүлхэн бөөртэй, бөөрөнхий ёроолтой ваар барьжээ. Гарын сарвуу болон хурууг тодруулаагүй. Баруун ташаандаа дүгрэг хавтага¬тай бөгөөд бүс дээлийн энгэр заамыг тодотгон гаргаагүй цулгуй ажээ. Газраас цухуйх өндөр нь 163 см, мөрний өргөн 43 см. Бусад гурван хүн чулуу нь үүнийг тойрон байрлаж байсан бололтой бөгөөд нэг нь дээрхийн баруун өмнө газарт зоолттой, үлдэх хоёр нь сул хэвтэнэ.

Эдгээр гурвын хийц дүрслэл хэмжээ ерөнхий¬дөө адил бөгөөд чулуунд зөвхөн хүний нүүрийг дүрсэлжээ. Гурвуул хавчиг нарийхан нүүртэй, хоёр нүдийг тойруул¬сан зураасаар урт гонзгой хэлбэртэй гаргаж дундаас нь хамрын шугамыг шулуунаар үргэлж¬лүүлж самсааг нь өргөн сартгар байдалтай дүрсэл¬жээ.Амыг хонхор зураасаар, эрүүний доод талыг тал дугуй зураасаар хийсэн байна. Эдгээрийн өндөр 74-90 см, өргөн 25-28 см. НТ-ын VIII-IX зуун Уйгурын үед холбогдох бололтой хэмээн ШУА-ын Археологийн хүрээлэнгээс мэдээллээ.
Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үг бодитой байдгийг О.Хангай харууллаа DNN.mn

Үг амьтай байдаг, бодит зүйл. Тиймээс шүншиг ерөөлийг бодож ямагт сайн сайхан үг хэлж бай, хэзээд биелдэг тухай сургаал номлолд байдаг. Энэхүү сургаалыг дагаж мөрддөг, аль болох ерөөл бэлгэтэй үг хэлэхийг эрхэмлэх хүмүүс мэдээж олон. Гэхдээ манайхны дийлэнх нь үгийн хүч, үгийн ид шид, бодит чанарт тэгтлээ үнэмшдэггүй. Чин зүрхнээсээ сүсэглээд байдаггүй. Бурхан шашны, ном соёлын хүмүүсийн ажил гэж өөрөөсөө холдуулах нь бий.

Харин үг амьтай байдаг, нөлөөт толь шиг сайны тусгал өгдгийг олон хүний жишээ, амьдралын зам мөр бидэнд харуулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд төрийн наадмын түрүү бөх О.Хангай өмнө нь “Улсын аварга” хэмээн өөрийнхөө цолыг дуудуулсан явдал. Тодруулбал, өнгөрөгч жил харцага цолтнуудын халз барилдааны үеэр улсын гавьяат жүжигчин, бөх цоллооч Б.Мөнхбаатараар цолоо дуудуулсан байдаг. Тэгэхдээ “Ахаа та намайг аварга гээд дуудаад өгөөч, монгол хүн амны бэлгээр гэдэг дээ” хэмээн санаандгүй хэлчихжээ.

Засуул түүний хэлсэн ёсоор цолыг нь дуудахдаа Ардын хувьсгалын 100 жилийн их ойгоор түрүүлнэ, тэгээд аварга болох учир 101 жилийн ойн наадамд аварга цолтой зодоглож байгаагаар ерөөл бэлгийг бодож цолыг нь дууджээ. Тэгтэл Мөнхбаатар гавьяатын цангинасан хоолойгоор тал нутгийг цуурайттал дуудуулсан “Монгол Улсын аварга” хэмээх тэр үг өнөө жилийн их баяр наадамд биелэлээ олсныг бүх Монгол даяараа бахархан харлаа.

Үг гэдэг ийм ид шидтэй, хүчтэй, амьтай байдаг байна. Үнэхээр бодит байдгийг Хангай аваргын энэхүү үйлдэл монголчууд бидэнд бататгаж харууллаа. Сайн юм бүхэн сайныг дагуулдаг гэдэг энэ. Аливаа зүйлд дандаа ерөөл бодож, буян хишиг санаж, ариун цагаан зам мөртэй явахыг эрхэмлэхүйд нэг л өдөр танд шагнал нь ирнэ. Үндсэндээ сайн сайхан сэтгэлийн тань үг бодитойгоор оршиж бурхны бэлэг мэт танд ирнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Эцэг хуулиа өөрчлөх ээлжит бус чуулган хэзээ хуралдах вэ DNN.mn

Өнгөрсөн хаврын чуулганы үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал улс орон даяар хэлэлцэгдэж, бараг л ээлжит чуулган өндөрлөхөөс өмнө хуулийн төслийг боловсруулж, батлуулах шахсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үнэхээр хийх хэрэгтэй юу эсвэл цаг нь болоогүй юу гэдгийг эрх баригчид ард түмнээсээ асуусан. Ард түмний үзэж байгаагаар тодорхой, зоригтой өөрчлөлт хийхгүй л юм бол өөрчлөх шаардлага байхгүй гэсэн хандлагатай байгааг тойрогтоо ажиллаж ирсэн гишүүд хэлцгээж байсан. Тэрхүү зоригтой, томоохон өөрчлөлт гэдэг нь хоёр парламентын танхимтай болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог болох, давхар дээлийн хязгаарлалтыг арилгах зэрэг асуудлууд юм. Мөн сонгуулийн тогтолцоог холимог болгох, ингэхдээ нээлттэй пропициональ тогтолцоог сонгох зэрэг агуулгаар Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ард түмэн дэмжиж байгаа хэрэг.

Наадам, найр өндөрлөж, намрын их ажил эхэллээ. Улс төр, улс орны эдийн засгийн амьдрал халж эхэлж байна. Ардын хувьсгалын зуун жилийн ойгоо улс орон даяараа тэмдэглэн өнгөрүүллээ. Зуун жилийн түүхтэй ардын нам одоо Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтүүдийг хийж, эцэг хуулиа өөрчлөх ээлжит бус чуулганаа нэн даруй зарлах шаардлагатай байна. Наадмын өмнөх чуулганы хуралдааны үеэр гишүүд, улс төрчид ээлжит бус чуулганыг наадмын амралтын дараа хуралдуулах тухай ярьж байсан. Одоо энэ цаг үе ирж байна.

Намрын чуулганаас өмнө эцэг хуулиа өөрчилж, улс төрийн тогтолцоогоо сайжруулж, парламентын сонгогдог жишгээр улс орноо удирдахгүй бол энэ улсын эдийн засаг, дээр дооргүй улсын төсвөөсөө идэж уудаг, асуудалд дандаа жалга довын хандлагаар оролцох зэрэг нь хэрээс хэтэрлээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ӨМӨЗО-ы Улаанхадаас монгол бичигтэй хөшөө олджээ DNN.mn

ӨМӨЗО-ы Улаанхад хотод монгол бичигтэй хөшөө олджээ. Тус хөшөөг Их Юань улсын үеийн бүтээл хэмээн үзэж байгаа аж.

Хөшөөг ус дамжуулах хоолойн засвар хийх явцад олсон байна.

Судлаачдын үзэж буйгаар монгол их хаадын бунханы чулуу Хятадаас олдсон гэжээ. Улаанхад хотын Онниуд хошууны Борхотод ус дамжуулах хоолойн засвар хийх явцад олдсон их Юань улсын үеийн хөшөөнд “Дараач Жигүнтэйн явуулсан сайд үйлсийг ухуулхуй бий таш” гэж монгол бичгээр бичжээ. Тус хөшөөг Япон эрдэмтэн Тамура 1937 онд анх буулгаж аваад Mongolica сэтгүүлд нийтэлсэн ч уг хөшөө нь алдагдаад алга болсон бөгөөд ийнхүү санамсаргүй олдож буй аж.