Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зээл авч чадаж байвал та өөрөөрөө бахархах хэрэгтэй DNN.mn

“Саяхан л хүүхэд байсан чинь одоо зээл төлөөд явж байна” гэсэн пост саяхан фэйсбүүк хуудаснаа харагдсан. Энэ бол тухайн хүн насанд хүрснийг илтгэж байгаагаас гадна санхүүгийн хувьд тодорхой хэмжээний чадвартай, хариуцлага хүлээхүйц хувь хүн болсны илэрхийлэл. Зээлийн нөхцөлийг хангаж байна гэдэг эдийн засгийн хувьд бие даасан, итгэл даах нэгэн болсон гэсэн үг.

Банкнаас зээл авахын тулд зээл авахааргүй чадвартай, орлоготой гэдгээ нотлох хэрэгтэй болдог гэсэн хошигнол байдаг. Зээл авах ийм л хэцүү түвэгтэй, шалгуур өндөртэй. Энэ өндөр шалгуурыг даваад зээл авч чадаж байгаа бол өөрөө бахархах хэрэгтэй. Мөн өөрт нь итгэж зээл олгосон хувь хүн, санхүүгийн байгууллагад баярлах хэрэгтэй. Тэд чамд итгэж байна шүү дээ. Хүний итгэлийг олно гэдэг сайхан. Даана гэдэг бүр ч бахархалтай.

Зээлтэй хүн илүү их хөдөлмөрлөж идэвхтэй, зорилготой амьдардаг. Зээл авч түүнийгээ хугацаанд нь төлөх зорилготой амьдарна гэдэг зарим хүний хувьд утгагүй санагдаж, “Ийм ч зорилготой байх гэж дээ” гэсэн бодол төрж магадгүй. Гэвч зээл авч чадаж байна гэдэг нь өөрөө бахархах юм шүү. Бүх бизнес эрхлэгчид зээлтэй, одоо зээлгүй ч зээлээр эхэлсэн байдгийг санаарай

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

NASA сарны судалгааны шинэ үеийг эхлүүллээ DNN.mn

Propozycja budżetu NASA na 2022 rok

Америкийн сансар судлалын агентлаг (NASA)ийн сар луу хөөргөх шинэ пуужингийн туршилт эхэллээ. Space Launch System нэртэй 98 метр урт аварга пуужин нь саран дээр хүн буусан Апполо хөтөлбөрөөс 50 жилийн дараа дэлхийн дагуулыг өргөн хэмжээнд судлах Артемис төслийн үндэс суурь болж буй ажээ.

Пуужин орон нутгийн цагаар даваа гарагийн 08:33 цагт Кеннедигийн сансрын төвөөс хөөрч, Орион хэмээх туршилтын капсулыг тойрог замд оруулах юм. Хөлөг зургаан долоо хоногийн турш тойрог замд аюулгүй ажиллаж чадвал 2024 оноос сансрын нисгэгчдийг сар руу илгээх юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Чихрийн шижинг зөв хоол, хөдөлгөөн, эм тариа л “барьдаг” DNN.mn

Хүн төрөлхтний санааг чилээж буй өвчний дараалалд чихрийн шижин өндөр байр суурьтай хэвээр байна. Манайд ч тэр. Гурван хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг.

Чихрийн шижин гэдэг чимээгүй алуурчин. Арга хэмжээ аваагүйгээс хүндрэл өгч эхэлбэл хамгийн аюултай. Хамгийн түрүүнд зүрх, бөөр, нүд, захын мэдрэлийн судсыг гэмтээж аажмаар хүнийг үхэлд хүргэдэг. Тиймээс сахарыг “барьж” чадвал 90, 100 наслах тухай өөртөө итгэлтэй бодох боломжтой.

Дэлхийн анагаах ухаан хөгжөөд ч өнөөдөр сахарын бүрэн эмчилгээг нээгээгүй байна. Харин манай улсад сахарыг анагаах ид шидтэй эм, бэлдмэл, наалт, зүүлт, цай, рашаан гээд есөн төрлөөр л сурталчилсаар байгаа нь асуудал болж байна. Сахартай хүмүүс ч түүнд итгэсээр эрүүл мэнд, мөнгө төгрөг, цаг хугацаагаа алдсаар байгаа нь харамсалтай.

Тэгвэл сахарын гол эмчилгээ бол ерөөсөө зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, тохирсон эм болон инсулин тариа юм. Хамгийн гол нь сахарын маш нарийн хяналт чухал гэдгийг эмч нар, сахараа олон жил барьсаар яваа иргэд дуу нэгтэй хэлдэг. Тэд өдөрт дөрвөөс дээш удаа цусан дахь сахарын хэмжээгээ үзэж, эрүүл хүнийхтэй ижил түвшинд барих хоол хүнс болон хөдөлгөөн, эм тариагаа хэрэглэхийг зөвлөсөөр байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Бид мөн ч их завтай байна даа DNN.mn

Монголчууд бид сошиал орчинд улс төр, урлаг соёл, геополитик, нийгэм, боловсрол гээд бүхий л салбарын бүх түвшний үйл явдал, асуудлыг болохоос болохгүй хүртэл нь шүүж байна. Хамгийн наад захын жишээ нь шинэхэн аварга О.Хангай иргэдийг үнэгүй тарвасаар дайлж байгаа үйл явдал. Тарвас хүртэх гэсэн иргэдийн байр байдлыг нийтээрээ шүүх шиг боллоо. Яасан ч завтай юм бэ.

Нэг монгол хүн өлсөж үхжээ гэсэн мэдээ ойр хавьд сонсогдсонгүй. Тиймээс хийж байхаа олж ядсан иргэд тэнд оочирлож өөрийгөө зугаацуулж байгаа бичлэгийг харчихаад эгдүүцэж байгаа та ч бас их завтай байгаагийн шинж биз ээ.

Өөр нэг нь допингийн шинжилгээ. Аль хэдийнэ наадмын үзүүр, түрүү нь тодорчихсон, бай шагналаа авдгаа авчихсан болоод өнгөрсөн зүйлд нэг харцага допинг хэрэглэсэн эсэх ямар нөлөө байна. Үндэсний бөх бол угаасаа жижиг зах зээлтэй. Бараг өв соёлын бэлгэдэл болчихлоо шүү дээ. Тиймээс бөхийн шээс шинжлээд монголчууд юу олж долоох юм бэ. Нийгэм, эдийн засгийн асуудалд нөлөөлөх юм уу. Улс төр, геополитикт нөлөөлөх юм уу.

Эдийн засаг хямраад амьдрах аргагүй боллоо л гэнэ. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд зүдэрч байна л гэнэ. Тийм л хүнд байгаа юм бол бид хэрэгтэй хэрэггүй зүйл мэдээлэл дээр шогширч, цэцэрхэж суухаар хэдэн цаас олохоор хөдөлмөрлөх нь дээр биш үү.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өмнөд Солонгос сарыг эзэмших олон улсын өрсөлдөөнд нэгдэв DNN.mn

Энэ сарын 5-нд АНУ-ын Флорида мужийн Канавералаас “SpaceX” компанийн “Falcon 9” тээгч пуужин Өмнөд Солонгосын “Данури” хэмээх сарны тойрог замд ажиллах сансрын хөлөг онгоцыг сансарт амжилттай хөөргөсөн билээ. Ингэснээр тус улс сар руу сансрын хөлөг илгээсэн дэлхийн долоо дахь орон болсон юм.

“Данури” хөлөг онгоц дөрвөн сар гаруй задгай сансраар аялан энэ оны сүүлээр сарны тойрог замд хүрч 100 км-ийн зайнаас манай гаригийн цорын ганц дагуулыг хамгийн багадаа нэг жилийн турш судлах юм байна. Энэхүү аппаратад суурилуулсан NASA-гийн өндөр мэдрэмжтэй “Shadow­Cam” камераар сарны үргэлж сүүдэрт байдаг туйлууд дахь тогоонуудад хэдий хэмжээний мөс буйг тогтооно гэдэгт олон улсын эрдэмтэд найдаж байгаа ажээ. “Данури” түүнчлэн сарны тойрог замд утасгүй интернэтийн сүлжээ үүсгэх зорилготой. Тэрхүү сүлжээг ашиглан олон улсын сансрын станцууд интернэтэд саадгүй холбогдох боломжтой болох юм. Сүлжээг туршихдаа дэлхийд алдартай Өмнөд Солонгосын “BTS” хамтлагийн “Dynamite” хит дууг цацахаар төлөвлөжээ. АНУ, ОХУ, Хятад, Япон, Европын холбоо зэрэг нь ойрын 15-20 жилд саран дээр судалгаа хийх төдийгүй ашигт малтмал олборлох байнгын бүтэц барих бэлтгэл ажлаа улам идэвхжүүлж байна. Тэгвэл энэхүү өрсөлдөөнд нэгдэн орж буй шинэхэн оролцогч Өмнөд Солонгос нь 2030 оны орчимд саран дээр судалгааны станцаа буулгах төлөвлөгөөтэй ажээ.

“Данури” олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний судалгааны ажлуудыг гүйцэтгэхээс гадна тус улсын саран дээр байрлуулах станцыг буух боломжтой талбайг эрэлхийлэхийн сацуу геологийн судалгаа хийх гэнэ. Учир нь саран дээр төмөр, хөнгөн цагаан, титан гээд аж үйлдвэрт чухал хэрэгцээтэй маш олон төрлийн ашигт малтмал их хэмжээгээр агуулагддаг нь эхнээсээ тогтоогдоод буй. Cарны хөрсний гадаргуугийн давхарга реголитэд дэлхийд ховор гелий-3 изотоп агуулагддаг байна. Үүнийг термо буюу дулаан цөмийн реакторын түлш гэж үздэг юм. Хүн төрөлхтнийг тэр чигт нь нэг жилийн турш эрчим хүчээр хангахад ердөө 30 тонн гелий-3 хангалттай гэсэн тооцоо ч гарчээ. Үүнээс гадна гелий-3-ыг ашиглахад удаан задардаг цацраг идэвхт хаягдал гардаггүй юм байна.


Сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүдээс дурдъя.

Австралид хиймэл зүрх зохион бүтээжээ

Австралид сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан “BiVACOR TAH” хэмээх хиймэл зүрх зохион бүтээжээ. Харьцангуй жижиг хэмжээтэй энэхүү хиймэл зүрхийг хүүхдүүд, эмэгтэйчүүдэд ч суулгах боломжтой аж. 10 жил ажилладаг “BiVACOR TAH”-ийг эдэлгээний хугацаа нь дуусангуут солих боломжтой гэнэ. Энэхүү аппаратыг спортоор хичээллэдэг залуу хүний ачаалыг ч даах хүчин чадалтай юм байна.

Эрдэмтэд одоо хиймэл зүрхийг утсаар холбогдоогүй автономит ажиллагаатай болгохоор ажиллаж байгаа ажээ.

Шавхагдашгүй ногоон эрчим хүч үйлдвэрлэхэд нэг алхмаар ойртов

Наран дээр устөрөгчийн атомууд хоорондоо мөргөлдөн гелийг бий болгож маш их эрчим хүч ялгаруулдаг үйл явцыг цөмийн синтез гэдэг. Тэгвэл энэ үйл явцыг дэлхийд хийж чадвал шавхагдашгүй ногоон эрчим хүч үйлдвэрлэх боломж нээгдэх ажээ. Үүнд шаардлагатай цөмийн синтезийн реактор бүтээхэд хэт богино долгион ба асар их хүчин чадалтай соронз хэрэгтэй юм байна.

Тэгвэл “Commonwealth Fusion Systems” компани АНУ-ын Массачусетсийн технологийн их сургуультай хамтран “SPARC” хэмээх супер соронзыг зохион бүтээжээ. “SPARC” нь 20Тл хүчтэй соронзон орон зай үүсгэдэг ба энэ нь 10 гаруй хүнд ачааны машиныг агаарт түвэггүй өргөхөд хангалттай аж. Ингэснээр цөмийн синтез хийхэд нэг том алхмаар ойртлоо гэж эрдэмтэд үзсэн байна.

“Neuralink” телепатийг амьдралд нэвтрүүлж эхэллээ

Өнгөрсөн оны эхээр “Neu­ralink” компанийнхан Пейжер нэртэй сармагчны тархинд 1024 хэт нимгэн электрод суулгаж компьютертэй холбосон билээ. Тэгээд Пейжерээр энгийн хялбар видео тоглоом тоглуулдаг

байв. Энэ хугацаанд тус компанийн эрдэмтэд сармагчны хийхээр зэхэж буй зүйлийг мэдэх алгоритмыг тогтоожээ. Үүний дараа сармагчин видео тоглоомыг телепатийн аргаар шууд оюунаараа удирдан тоглох болсон аж.

Улмаар тус компанийн гараа хөдөлгөх боломжгүй саажилттай хүмүүст оюунаараа удирдан компьютер, гар утас ашиглах боломж олгох туршилтууд эхнээсээ амжилттай болж эхэлжээ. “Neuralink” компанийн дараагийн зорилт нь хүмүүсийг хиймэл оюун ухаанд холбох явдал юм байна.

Хүн төрөлхтөн удахгүй мета огторгуйд нэвтэрнэ

Бүхэлдээ программ хангамж дээр суурилсан мета огторгуй гээчийг цогцлоох үйл явц сүүлийн жилүүдэд улам эрчимжжээ. Мета огторгуйд та одоогийн ердийн интернэтэд шиг ажиллаж, зугаацаж, хувийн амьдралаа зохион байгуулж болох ба ингэхдээ бусадтай интерактив харилцаанд илүүтэй татагдан оролцож, виртуал бодит байдалд тэр чигтээ нэвтрэн орох ажээ.

Мета огторгуй зэрэгцээ бодит байдал, эсвэл бидний амьдардаг бодит байдалд нэмэлт хавсаргын аль нь болох талаар одоогоор тодорхой мэдээлэл алга. Юутай ч мета огторгуйд хүн бүр оршин тогтнож бодит амьдрал дээр хийдэг бүхий л үйлдлүүдээ хийх боломжтой болох гэнэ. Ийм огторгуйг бүтээхийн төлөө “Google”, “Apple”, “Epic Games”, гээд IT технологиор тэргүүлэгч олон компани өрсөлдөж байгаа бөгөөд үр дүн нь ойрын хэдэн жилд гарах төлөвтэй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Арван хүүхэд тутмын нэг нь жингийн илүүдэлтэй DNN.mn

Английн баруун Сасикс мужийн шүүхээс нэг айлын хэт таргалалттай өсвөр насны хоёр хүүхдийг гэр бүлээс нь салгаж асрамжийн газар өгөх шийдвэр гаргасан нь ердөө түрүү жил болсон явдал. Нийгмийн ажилтнууд эцэг эхэд нь зөвлөгөө өгөөд хүчрээгүй учраас ийм шийдэлд хүрч. Таван жилийн хугацаанд Их Британид 74 хүүхэд ийм шалтгаанаар асрах газрын хаалга татжээ.

Англи гэх мэт хөгжингүй орнууд хүүхдийн таргалалттай тэмцэхийн тулд супермаркетуудад жаалуудын хараанаас дээш амттан өрөх шаардлага тавьж, сургууль, цэцэрлэгийн хоол хүнсэн дэх сахарын агууламжид онцгой анхаарч, сүүлдээ бүр асрамжийн газарт өгөхөөс аргагүй шийдлийг хүртэл сонгож байна. Манай улсын хувьд ч хүүхдийн таргалалт санаа зовоохоор хэмжээнд хүрчихсэн.Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2010-2018 оны хооронд өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн хувь буурсан ч илүүдэл жинтэй хүүхдийн хувь өөрчлөгдөөгүй, арван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн түгшмээр тоо дурайж байна.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй яг өдийд Боловсролын сайдын анхаарал хандуулах учиртай гол өнцөг бол энэ. Бүр тодруулж хэлбэл мань эр их, дээд сургуулиудыг хаана гэх мэт амьдралаас тасарсан популизм хийхийнхээ оронд хүүхдийн таргалалттай тэмцэх тодорхой шийдлүүд гаргачихсан сууж байх учиртай. Наад захын том асуудал гэхэд л супермаркетуудын лангуун дээрх амттанууд байна. Элдэв өнгийн амттануудыг хүүхдийн хараанаас дээш өрүүлэх санал гаргаад Засгийн газрын хуралдаандаа танилцуулчихвал ихээ хэрэгтэй шийдэл болно доо.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тэнэгээ засах хамгийн сайн арга бол сонин унших DNN.mn

Ном, сонин уншдаг хүний хандлага, харилцаа цаанаа л нэг өөр, мэдрэмжтэй, мэдлэгтэй, мэдээлэлтэй байдаг. Улстөрчдийн хамгийн их санаа зовдог зүйл нь тэнэгээ нуух. Тодруулбал, мэдлэг, мэдээлэлгүй байдлаа нуух юм. Тэнэгээ нуух нь хүний язгуур зан байдал ч гэлээ улстөрчид үүнийгээ нуух гэж ёстой нэг хөгөө чирэх юм.

Тэдний энэ зан байдлыг тодоор мэдэрдэг хүмүүс бол сэтгүүлчид. Тиймээс ч улс төрчид өөрсдийн тэнэгээ яаж нуух вэ гэдгээ сэтгүүлчдээс тодруулж, зөвлөгөө авах нь ч бий. Ордны сэтгүүлчид та нарыг хэн нь хэн бэ гэдгийг хэдийнэ мэдчихсэн байдаг. Аль гишүүн нь мэдээлэл сайтай вэ, хэн нь сул вэ гэдгийг ч мэднэ. Хэн хулгайч вэ, хэн нь хорчин бэ гэдгийг ч мэднэ. Тийм атал та бүхэн ярилцлага, мэдээлэл өгөхдөө тодорхой зүйлийг тойруулж тайлбарлах, хэт их ухаантай хүн шиг ярих, попордог байдлаа ядаж сэтгүүлчтэй уулзахдаа больчих. Улс төр, эдийн засгийн байдлыг ганц нэгхэн цээжилсэн томьёондоо оруулж ярьдгаа өөрийгөө их мэдлэгтэн гэж боддог чинь тэнэглэл.

Улс орон, үндэсний аюулгүй байдлын асуудал, гадаад дотоодын нөхцөл байдал адармаатай байна гэж шүүмжилж ярьдаг атлаа улсад нь ирсэн НҮБ-ын даргын үгийг сонсоогүй, ирсэн үгүйг нь ч мэдээгүй УИХ-ын гишүүн, эрхэм сайд нар ч байна. Энэ бол ойрын, наад захын жишээ. Өнөөгийн улстөрчид, эрхэм гишүүд, сайд, дарга нар төрийн ажлыг өөрийнхөө тэнэгээ нуухын тулд л хийдэг болсон нь нууц биш. Дахин дахин сонгогдох гэж, улам өндөр албан тушаалд очих гэж, бусдыг өнгө зүс, мөнгөөр татах гэж хийж байгаа нь ч ил болсон цаг үе. Ийм үед элдэв арга, уран цэцэн үг хэлж, ухаантай царай гаргаж тэнэглэж байхаар өдөр тутамдаа сонин сайн уншиж, улс орон, дэлхий даяар юу болж, хэн нь юу гэж хэлж байгааг ядаж мэдчих хэрэгтэй.

Энэ цаг үед мэдээлэлтэй байна гэдэг ухаантай царайлахаас илүү үр өгөөжөө өгнө шүү, улстөрчид өө. Мэдээлэлтэй хүн мэдрэмжтэй, мэдлэгтэй болдог гэсэн бичигдээгүй хууль бий. Тиймээс мэдээлэлтэй байхын тулд өдөрт ядаж нэг сонин бүтэн гарчиглаад уншчих хэрэгтэй. Та нарт тийм цаг, зав элбэг бий.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой DNN.mn

Үхэлд хүргэх зүрхний эмгэгүүд дотроос хамгийн түгээмэл нь зүрхний хэм алдагдал буюу аритми. Зүрх тайван байдалд нэгэн жигд агшиж чадахгүй байхыг зүрхний хэм алдагдал гэдэг байна. Зүрх хэвийн хэмжээнээс түргэн, эсвэл удаан агшихыг эмгэг гэж тодорхойлдог.

Зүрхний хэм алдагдалд тодорхой нэг шинж тэмдэг байдаггүй. Хамгийн түгээмэл шинж нь гэвэл зүрх хэвийн зүгээр байж байснаа гэнэт амаар гарах шахам огцом, хүчтэй дэлсээд эхлэх явдал. Ийм тохиолдолд шинжилгээ хийлгэж зүрхний эмгэгтэй эсэхээ тогтоолгох нь зүйтэй.

Ямар ч хүн шатаар хурдтай алхах, гүйх зэргээр ердийнхөөс их ачаалал өгөхөд зүрх дэлсдэг. Энэ бол эрүүл дэлсэлт юм. Харин тайван байхад гэнэт дэлсээд эхэлбэл эмгэг дэлсэлт болно. Үүнээс гадна зүрхний дэлсэлт тухайн хүний насанд тохирсон байдаг. 50 настай эмэгтэй хүний зүрхний цохилт 140-150 хүрч дэлсвэл эмгэг. Харин 20 настай эмэгтэй хүний зүрх ингэж дэлсэж байвал эрүүл байж болох талтай. Түүнчлэн зүрхний цохилтын тоо цөөрөн толгой эргэж, нүд эрээлжилж, газар дайвалзаж унах гэж байгаа юм шиг болох нь бий. Энэ бол мөн л зүрхний хэм алдагдсаны шинж учраас яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Хүмүүс зүрхэн тус газар хатгахыг зүрхний өвдөлт гэж андуурдаг. Гэтэл зүрхний өвдөлт арай өөр. Өвчүүний ард чулуу дүүжилчихсэн, дарчихсан юм шиг өвддөг байна.

Зүрхний хэм алдагдлыг эмчлүүлэхгүй удаан явбал хүндэрч, тархинд цус харвах шалтгаан болдог ажээ. Харвалт өгснөөр тухайн хүн өдөр тутам хийдэг зүйлээ хийх чадваргүй болдог. Үүний сацуу зүрхний дутагдал үүснэ. Хэм алдагдсанаас болж зүрх гэнэт зогсох ч эрсдэлтэй.

Зүрхний хэм алдагдлаас сэргийлэхийн тулд хамгийн чухал нь дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй. Ер нь зүрхний хэм алдагдлаар огт өвдөхгүй байх боломжтой юм. Судалгаагаар, насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний хэм алдагдлаар өвчлөх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Тухайн өвчлөх магадлалтай хүн дасгал хөдөлгөөн сайн хийвэл тэр хэмжээгээр зүрхний хэм алдагдлын эмгэгтэй болох магадлалыг багасгаж, огт өвдөхгүй амьдарч ч болдог.

Идэвхтэй хөдөлгөөнтэй амьдралын хэм маягтай хүмүүст зүрхний хэм алдагдал бага тохиолддог, тохиолдсон ч хурдан эдгэдэг нь тогтоогджээ. Тиймээс алхах, гүйх, аэробикоор хичээллэх, усанд сэлэх, дугуй унах, йогоор хичээллэх зэрэг дасгал, хөдөлгөөн хийх нь чухал ажээ.

Categories
булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Шүр: Тухайн банкинд доллар бэлнээр байхгүй тул төгрөгөөр авах боломжтой гэсэн DNN.mn

Гадаадад ажиллаж,
амьдарч буй иргэн
Г.Шүртэй ярилцлаа.


-Та цахим хуудсандаа ээж
рүүгээ доллар шилжүүлтэл
төгрөгөөр ав гэсэн тухай
нийтэлсэн байсан. Тэр
тухайгаа дэлгэрэнгүй ярьж
болох уу?

-Би АНУ-д ажиллаж
амьдардаг. Тодорхой хугацаанд Монголд байгаа ар гэр
болох ээж рүүгээ тодорхой
хэмжээний доллар явуулдаг
юм. Гэтэл саяхнаас ээждээ
доллар шилжүүлтэл өөр хүний
данс руу шилжиж байгаа бол
төгрөгөөр олгох ёстой гэх
боллоо. Өмнө нь зүгээр л
шилжүүлээд болдог байсан.

-Ямар шалтгаантай юм
бол?

-Монголд үндэсний
мөнгөн тэмдэгтээр төлбөр
тооцоо хийх хууль гарсан
гэнэ. Түүнтэй холбоотойгоор
өөр хүний данс руу доллар
шилжүүлэхээр төгрөг болгож
авах ёстой гэсэн. Одоо ч
долларын дансаараа гүйлгээ
хийж байхад төгрөгийн данс
руу хийж байна. Уг нь миний
шилжүүлэх данс руу гүйлгээ
хийгдээд шууд доллараар
авах ёстой шүү дээ.

-Гэтэл банк дур мэдэн
төгрөгийн данс руу хийгээд
байгаа юм уу?

-Бид гүйлгээ хийхдээ
олон улсын банк хоорондох
шимтгэлүүдийг төлж байгаа.
Он гарснаас хойш валютын
гүйлгээ хийж болохгүй
болсон. Тиймээс аргагүйн
эрхэнд шилжүүлэх хүнийхээ
төгрөгийн данс руу л хийж
байна. Тиймээс тухайн өдрийн
Монголбанкны зарласан
ханшаар төгрөгт хөрвүүлэн
авах ёстой гэсэн тайлбар өгч
байна.

-Үүндээ банк ямар
тайлбар өгч байна вэ?

-Тухайн банкинд доллар
бэлнээр байхгүй тул төгрөгөөр
авах боломжтой гэсэн.

-Шилжүүлэх хүнийхээ
валютын данс руу хийе
гэхээр ямар тайлбар өгч
байна вэ?

-Төлбөр тооцоог үндэсний
мөнгөн тэмдэгтээр хийх
хуулийн хэрэгжилтийг
хангах зорилгоор холбогдох
газрын зөвшөөрөлгүй бол
валютын данснаас бусдын
валютын данс руу гүйлгээ
хийх боломжгүй байна гэсэн
тайлбар мессэжээр өгсөн.
Өөрийн данс хооронд валют
шилжүүлбэл зүгээр шилжүүлж
болж байгаа. Өөр хүний данс
руу шилжүүлэхээр төлбөр гэж
үзээд байгаа бололтой. Төгрөг
болгон доллар шилжүүлэхээр
бид илүү шимтгэл төлж хохирч
байна. Ямар хууль хэзээ
гарсан юм бэ. Ямар зөвшөөрөл
хаанаас авах ёстой юм бэ. Би
гадаадад байж хаанаас тэр
зөвшөөрлийг нь авах вэ.

-Ээж тань төгрөгөөр
аваад буцааж доллар болгоё
гэхээр тухайн өдрийн ханшаар нь худалдаж авах
уу?

-Яг тийм. Арга буюу доллараар шилжүүлж болохгүй
юм бол төгрөгөөр аваад буцаагаад доллар авъя гэтэл
төгрөг болгохдоо 1 төгрөгийг
2910.84 төгрөгөөр тооцож
өгчихөөд доллар болгохоор
3308 төгрөгөөр ав гэсэн.
Өөрийнхөө явуулсан мөнгийг
өөрөө авах гэж 10 хувь нэмж
байж авна гэсэн үг үү.
Үүнд
хэн тайлбар өгөх вэ?

-Одоо тэгэхээр зөвхөн
өөрийн данс хоорондоо
л валютаар гүйлгээ хийж
байгаа юм байна тийм үү?

-Одоо өөр хүний долларын
данс руу гүйлгээ хийх
боломжгүй. Зөвхөн төгрөгийн
дансанд гүйлгээ хийгээд
байгааг ямар учиртай гэдгийг
тодруулмаар байна. Өмнө нь
зүгээр л болж байсан. Гэнэт
яагаад шилжүүлж болохоо
байсан нь ямар учиртай юм
бэ. Тэгээд банкнаас асуухаар
аль 2009 онд батлагдсан
хууль гэх юм. Яагаад тэр үед
батлагдсан юм бол тухайн
үедээ хэрэгжиж эхлээгүй гэнэт
саяхнаас хэрэгжих болов
гээд эргэлзээтэй асуултууд
их байна. Бид энд шилжүүлж
байгаа долларт олон улсын
шимтгэлд 5-10 доллар нэмж
төлдөг. Энэ төлбөрөөс Монголбанк, арилжааны банкууд
шимтгэл, хувь авдаг гэж
ойлгож байгаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНСУ Сар луу сансрын анхны төхөөрөмжөө илгээжээ DNN.mn

БНСУ Сар луу сансрын төхөөрөмж хөөргөх өрсөлдөөнт уралдаанд нэгдсэн дэлхийн долоо дахь улс болж, дэлхийн дагуул руу тойрог замын анхны төхөөрөмжөө илгээжээ.

KPLO (Korea Pathfinder Lunar Orbiter) төхөөрөмжийг өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Флорида муж улсын Канавералын хошуунаас “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар орон нутгийн цагаар 19:07 цагт хөөргөжээ. Хөөргөснөөс 45 орчим минутын дараа төхөөрөмж 549 тонн жинтэй зөөгч пуужингаас амжилттай салсан байна.

“Энэ бол Солонгосын сансар судлалын түүхэн дэх маш чухал үйл явдал юм. Хэрэв бид сансрын аяллын технологийг хөгжүүлэхээр илүү шийдэмгий байх аваас ойрын ирээдүйд Ангараг гараг, солируудад хүрч чадна” гэж Солонгосын сансар судлалын хүрээлэнгийн дарга Ли Санг-Рюл мэдэгджээ.

“Pathfinder” нь 4.5 сарын дараа Сарны тойрог замд орох бөгөөд Сар орчмын сансрын орон зайд гүйцэтгэх даалгавраа нэгдүгээр сард эхлүүлнэ. Судалгаа нэг жил орчим үргэлжлэх боловч хугацааг нь сунгаж магадгүй байна.

Төлөвлөгөө ёсоор уг төхөөрөмж Саран дээр буух боломжтой газруудыг хайж олохоос гадна, “BTS” хамтлагийн “Dynamite” дууны дүрс бичлэгийг цацах замаар сансарт утасгүй интернэтийг турших юм.

Тойрог замын уг төхөөрөмжид НАСА-гаас өгсөн маш мэдрэмтгий “ShadowCam” камерыг суурилуулжээ. Энэ камераар Сарны туйлууд дахь тогоонуудын зургийг авах бөгөөд эрдэмтэд тогоонууд доторх мөсний хэмжээг тооцоолно гэж найдаж байгаа ажээ.

БНСУ энэ оны зургаадугаар сард дотооддоо бүтээсэн “Нури” зөөгч пуужинг сансарт амжилттай хөөргөсөн билээ. Уг зөөгч пуужингаар туршилтын хиймэл дагуулыг тойрог замд оруулсан юм. Тэгвэл БНАСАУ хиймэл дагуулаа 2012 онд тойрог замд гаргажээ.

Өмнөд Солонгосын Засгийн газар 2031 он гэхэд Сарны гадаргуу руу аппарат илгээхээр төлөвлөж байна.