Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

“BMW” группийн цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт ихээхэн өсчээ DNN.mn

BMW” группийн цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт ихээхэн өсжээ

Германы “BMW” групп энэ оны эхний есөн сарын хугацаанд “BMW”, “MINI” брэндийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй 128 мянга гаруй тээврийн хэрэгсэл худалдаалсан нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт болсон талаараа даваа гарагт мэдэгджээ.

Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй загваруудын борлуулалт “огцом өслөө” гэж “BMW” группийн удирдах зөвлөлийн гишүүн Питер Нота мэдээлээд, компани “цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэлгэрүүлэх шилжилтийн үйл явцыг үргэлжлүүлсээр байгааг онцолсон байна.

2025 оны эцэс гэхэд тус автомашин үйлдвэрлэгч хоёр сар гаруй бүрэн цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалахаар зорьж байна.

Германд шинэ цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авахад 9000 хүртэлх еврогийн /8730 ам.доллар/ урамшуулал олгох шийдвэр 2022 оны эцэс хүртэл хэрэгжих юм. Германы Засгийн газар 2030 он гэхэд орон даяар зорчих бүрэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийн тоог 15 саяд хүргэх зорилт дэвшүүлсэн байна.

“BMW”, “MINI”, “Rolls-Royce” брэндийн энэ оны эхний есөн сарын нийт борлуулалтын хувьд өмнөх оны мөн үеийнхээс 9.5 хувиар буурч, 1.75 сая орчимд хүрсэн байна. Үүнд 2022 оны эхний хагаст нийлүүлэлтийн сүлжээнд саатал тасалдал учирч, Украин-Оросын зөрчлийн улмаас нийлүүлэлт буурсан нь нөлөөлжээ.

Гэхдээ “BMW”-гийн гуравдугаар улирлын борлуулалт өмнөх оны мөн үеийнхтэй дүйцэж өссөн болохыг тайлан харуулсан байна. Тухайн улиралд “BMW”, “MINI”-гийн борлуулалт Европт 11.1 хувиар буурсан бол АНУ-д 3.8 хувиар, БНХАУ-д 5.7 хувиар тус тус өсжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Аливааг зөвхөн эрчүүд манлайлах ёсгүй DNN.mn

Орчин цагийн хүн хоорондын харилцаанд эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хүн гэх ганц логикоор асуудалд ханддаг болсон талаарх судалгаа дэлхий нийтэд шуугьж байна. Зарим оронд энэ судалгааг үндэслээд төрийн бүтэцдээ өөрчлөлт оруулаад эхэлжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл манайхаар бол жендерийн эрх тэгш байдал аж.

Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь өндөр хөгжиж буй улс орнуудын төрийн бүтэц, нийгмийн хандлагаар тухайн улсын хөгжиж, урагшилж байгааг нь тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, нийгэм нь эрх тэгш байх зарчмыг хэт шүтдэг, хүйсийн гадуурхлыг тэвчдэггүй үзэл бодолтой, аливаа ажил мэргэжил, үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тавь, тавин хувийн оролцоог хангадаг төрийн бодлоготой орон өндөр хөгжсөн гэсэн үг. Нөгөөтэйгүүр жендерийн мэдрэмжгүй, аливаад зөвхөн эрчүүд манлайлах ёстой гэсэн хандлагатай улс орны хөгжил удаашралтай, гаргаж буй төрийн шийдвэр бодлого нь эргэж буцсан, хэтэрхий нэг талыг барьсан, хатуу байдаг нь дээрх судалгаагаар батлагджээ. Манайд улс орны хөгжил, бодлогыг тодорхойлох төрийн дээд байгууллагуудын буюу гишүүд, сайд, төрийн өндөр албан тушаалтнуудын үнэмлэхүй олонхыг эрчүүд бүрдүүлж байна. Тиймээс дэлхий нийтийн зөв хандлага, хөгжлийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүйсийн эрх тэгш байдлыг бодитой хангах цаг нь иржээ гэдгийг жендер, хүний эрхийн байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай аж. Ер нь аливаа зүйлийг эрчүүд дангаараа манлайлах ёстой гэсэн хандлагаасаа салах хэрэгтэйг энэхүү судалгаа харуулж буй юм.

Асуудалд бодитоор хандаж, төрийн зөв бодлого, шийдвэрийг гаргуулахын тулд хүйсийн эрх тэгш байдлыг төрийн бүх шатанд хангаж ажилласнаар улс орны хөгжил, хууль дээдлэх, хүний эрхийг баталгаажуулахад эрс ахиц гардаг болохыг дээрх судалгаа нотлон харуулав.

Энэ утгаараа УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлж, хүйсийн эрх тэгш байдлыг арилгасан цагт л Монгол Улсын бодит үсрэнгүй хөгжлийн тухай болоод зөв төрийн бодлогыг ярих болж таарч байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал ярилцлага

Үнэндээ Бадарч маань амь гуйгаагүй юмаа DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… 2009 оны үед Халх голын ялалтын 70 жилийг тэмдэглэж байхад манай сонины сэтгүүлч домогт 22 дугаар морьт хорооны комиссар Ерэнтэйн Цэдэн-Иштэй хөөрөлдсөнийг дахин хүргэж байна.


Одоогоос таван жилийн өмнө Халх голын ялалтын 70 жилийг тэмдэглэж байхад “Өдрийн сонин”-д сэтгүүлч П.Хашчулуун домогт 22 дугаар морьт хорооны комиссар Ерэнтэйн Цэдэн-Иштэй хөөрөлдсөнөө нийтлүүлж байжээ. Тэгвэл ирэх наймдугаар сард Халх голын ялалтын 75 жилийн ой тохиох тул ярилцлагыг дахин нийтэллээ.
Сэтгүүлч “Халхголын байлдааны тэргүүн шугамд тулалдсан ч дайны төгсгөлийн өдрүүдэд Дотоод яамныханд баривчлагдсан домогт 22 дугаар морьт хорооны комиссар Ерэнтэйн Цэдэн-Иш гуай саяхан болтол сэрүүн тунгалаг байлаа. Нас барахын нь өмнөхөн түүнээс энэ ярилцлагыг аваад хуурцгийг нь ширээнийхээ нүдэнд хадгалсан байснаа өнөөдөр сийрүүлж сууна. Эдүгээ Чойбалсан хотын төвийн 16 дугаар байранд энх тунх амьдарч буй комиссарын гэргий Б.Цэрэндулам гуай, мөн хүү Ц.Ганбат нар нь энэхүү ярилцлагыг авахад хамт байсан билээ. Ингээд Халхголын дайн гэж чухам юу болсон, 22 дугаар морьт хороо хэрхэн байлдсан, өнөө яригдаад байдаг Мана уулын төлөө тэд хэрхэн тулалдсан, бас хэлмэгдсэн талаарх өвгөн комиссарын сүүлийн яриаг хүргэе. Ярилцлагын эхэнд “Үхэхээсээ өмнө үнэнийг хэлье, өвгөн ах нь” хэмээн хэлж байсан юм” хэмээгээд ярилцлагаа сийрүүлсэн байна.


– Танаас “Хэрхэн хэлмэгдсэн бэ” гэж асуудаг хүн олон байх. Би ч бас тэгж асуумаар байна Яагаад гэвэл таны амьдралын чухал намтар юм даа.

– Муухай л юм болж өнгөрсөн дөө, хүүхэд минь. Би дүүрчээ харин ар гэр, үр хүүхдэд минь үеийн үед нөлөөлсөн. Санаж сэрэх маань урьдын адилгүй байна. Гэхдээ худлаа ярьж болохгүйгээ өвгөн би мэднэ ээ.

Танай 22 дугаар морьт хороог мэдэхгүй хүн цөөн юм. Хорооныхоо тухай эхлээд ярих уу?
– Ардын армийн наймдугаар морьт дивизийн харьяа 22 дугаар морьт хороо юм. Хороон дарга нь Бадарч, комиссар нь би байлаа. Одоо манай хороог домогт 22 дугаар морьт хороо гэж түүхэнд тэмдэглэх болж дээ. Халхголд домог болохоор тулалдсан хороо доо. Гэхдээ би бусдаасаа илүү сайн, гарамгай байлдсан гэж магтах талаас нь хэлж байгаа юм биш шүү. 29 удаагийн байлдаанд орсон. Тагнуулд яваад хэсэг бүлэг дайсантай тулгарсан гэдэг ч юмуу, жижиг сажиг мөргөлдөөн болж алалцаж буудалцсанаа оруулаагүй юм шүү дээ. Том хүчтэй ширүүхэн үзэлцсэнээ хэлж байгаа юм. Жижиг байлдааныг тооцолгүйгээр 29 удаа байлдсан гэдэг нь түүхэнд бичигдсэн. 1981 онд Намын Төв Хорооны дэргэдэх түүхийн институт, БХЯ –ны Эрдэм шинжилгээний институтын гаргасан “Ахмад дайчдын дурдатгал” гэдэг номон дотор бичээстэй байгаа. Ер нь манай хорооны хэрхэн тулалдсаныг Халхголын байлдаанаас хойш ном, сонин, сэтгүүлд 40 орчим удаа бичсэн шүү. Өнгөрсөн 60 жилд их л хэл ам удсан хороо доо. Хэл ам удсанаасаа болж “Домогт” нэр авчихсан юмуу даа.

– Танай хорооныхноос яг хэдэн хүн хэлмэгдсэн юм бэ?
– Хорооны даргыг, комиссарыг, мөн их бууны батарейн дарга, дээр нь гурван сургагч гэхээр чинь зургаан хүн юмуу. Эхлээд баригдсан нь энэ хэд л дээ. Нөмрөгийн тулалдааны талбар дээрээс шууд л баривчилж авчирсан. Биднийг хэлмэгдүүлэхтэй хамтатган хорооны маань дайчдыг тэр чигээр нь хэлмэгдүүлсэн нь муухай. Бидний удирдлагын дор байлдсан гэж хэлмэгдүүлсэн байхгүй юу. Тэр бүү хэл манай дээд газар болох наймдугаар дивизийн маань нэр ус бас доройтсон. Дивизийн харьяанд байсан хороодын хэрхэн тулалдсан талаар тэр бүрий юм гарахгүй болоод дарагдчихсан юм.

– Тэгээд хэзээнээс эхэлж та нарын тухай үнэнийг дэлгэж эхлэв?
– Цэргийн түүхийн институтын түүхийн ажилтан Ганболд 1996 онд наймдугаар дивизийн тухай томоохон ном бичсэн. Хэзээ хойно 57 жилийн дараа ном гаргалаа шүү дээ. Түүхийн явцад тодорсоор гаргахаас өөр аргагүй болсон байх.

– Хэр үнэнийг бичиж вэ?
– Тэр хүүд баярлах ёстой. Харамсалтай нь жинхэнэ баярлах учиртай дивиз, хорооныхноос минь бараг хүн үлдсэнгүй.

– Хороон дарга, их бууны батарейн дарга, мөн таныг эх орноосоо урвасан хэмээн буудан алах ял оноосон байдаг. Баривчлагдсан, хоригдсон, бас буудуулах дээрээ тулсан тэр бүх үйл явдлыг та эргэж нэг дурсаач?

– Нөмрөгийн тулалдаанд манай 22 –р морьт хороо наймдугаар дивизийн даргын тушаалаар орсон. Тэгэхэд Нөмрөгийн Мана ууланд дайсны хоёр дивиз хүч байсан юм байна лээ. Тэр үед япон гол хүчээрээ Номун ханы чиглэлээр байлдаж байсан. Бид баруун урдаас нь буюу Хамар даваанаас тэдэнтэй тулалдаж байсан. Мана уул чинь манайхаас баруун урагш. Орос, Монголын армийн ар талд байгаа газар. Гэтэл манай ар талаас цохих бэлтгэл хүчээ япончууд Мана ууланд хуралдуулчихсан байж. Тэр үед Халхголын фронтын штабын дарга нь дэслэгч генерал Богданов гэж хүн байсан юм. Тэр Богдановын үйл ажиллагаа сул байсан юм уу, ямар нэг байдлаар алдаа мадаг гарч тэрхүү Мана ууланд байгаа тийм том хүчийг үнэлэлгүйгээр дөрвөн сар гаруй өөд уруугүй байлдсан манай хороог тийш нь тавьсан юм байна лээ. Манай хороо үнэхээр ядарч сульдсан байсан. Олон ч цэргээ алдсан байсан. Гэтэл өөр явуулах хүч байсаар байтал үхтлээ тулалдсан манай хороог тавина гэдэг бол ямар ч улсын байлдааны дүрмэнд байхгүй зүйл болсон л доо.

– Хорооныхоо хэцүү байгаа байдлыг дээд командлалдаа ойлгуулах боломж танд байгаагүй юм уу?

– Байлдааны цагийн хууль гэж байна шүү дээ, хүү минь. Дээрээс тушаал өгсөн л бол сумны өөдөөс явж таарна.

– Нөмрөгт, Мана ууланд тэгээд юу угтав?
– Нөмрөгт бид есдүгээр сарын 9 -ний шөнө очоод 10 –ны өглөөний 10 цагаас эхлээд үдийн 1.20 цаг хүртэл гурван цагийн ширүүн байлдаан хийсэн. Бид өглөө нь амжиж байраа эзэлсэн юм. Дайсан ч нар гарангуут шаргуу дайрч эхэлсэн. Сумангуудын мэдээлснээр бол Японы талаас лавтай мянга орчим цэрэг үрэгдлээ гэж мэдээлсэн. Тэгэхэд манай хороон дарга Бадарч “Мянга ч юу юм бэ, дайсны цэргийн үрэгдсэн тоог 600 хүнээр ав. Ялж л байвал олон цөөн нь хамаагүй” гэж хэлсэн юм. Жаахан амсхийгээд дахиад тулалдаан эхэлсэн. Бид хориглочихсон окопон дотроос байлдаж байлаа. Япончууд бүр ил цагаан, Мана уулын энгэрээс, газрын дээрээс дайрсан болохоор бараг таньдаг хүнээ танихаар тийм хэмжээнд хүрч ирж байгаа байхгүй юу. Тийм улс чинь үхэхгүй яахав. Тэр үеийн Оросын максим пулъмётоор бид зэвсэглэсэн байсан. Минутад 500-600 сум гаргадаг буу шүү дээ. Япон мөн хүнд пулъмёттой. Тэр нь яадаг вэ гэхээр 600 метрээс цааш явахгүй. Манайх бол мянга, мянга 500 метрт алж л байна шүү дээ. Бадарч дарга тэр байлдаанд өөрийнхөө хэрэглэдэг арга буюу галлахыг хүлээлгэж дайсныг ойртуулаад байсан. Гурван зуун метрт орлоо гэнгүүт надад хэлээрэй, би тушаалаа өгнө гэж хэлээд буугаа гозолзуулаад явсан. Тэгсээр байтал зарим газраараа манай галын цэг дээр дайсан нэвтрээд ороод ирсэн. Ингээд галлах пуужин хөөрсөн бүх хүчээрээ зэрэг галласан. Тэгэхэд урдаас хэвтэж босоод ирж явсан дайснууд чинь нам буугаад хүнд цохилтод орно биз дээ. Тэгэнгүүт япончууд Мана уулын энгэрийг харанхуй болтол хөшгин утаа тавиад ухарчихсан. Ингээд утаа арилаад гучаад минут болсны дараа хартал япончууд байдаггүй. Мана уулын энгэрт хүүр ирийгээд л байдаг. Амьд хөдөлж байгаа хүн байхгүй. Япончууд ийм арга хэрэглэж манай галаас сугарсан юм. Тэгээд буун дуу зогссон. Тэр үед Бадарч дарга юу гэж байсан гэхээр “Дайсан манайхаас мундахгүй цохилт авлаа. Энэндээ хорсож өнөө шөнө юмуу, эсвэл маргааш танкаар, онгоцоор дэмжүүлэн дайралт хийх нь гарцаагүй. Тийм болохоор манай хороо энэ байранд байж болохгүй. Зайлна. Зайлахдаа өдөр зайлж болохгүй, цаадуул чинь харна. Харанхуй болгоод зайлъя” гэсэн. Ингээд шөнө нь бид зайлахдаа урагшаа дайсан руугаа нэг км ойртоод тэндээсээ баруун тал руугаа эргэж нэгэн том уулыг эзэлж авсан. Танк ирэх нь гарцаагүй хэмээн үзэж хориглосон. Энэ төлөвлөгөөгөө Бадарч дарга бид хоёр бүх дарга офицеруудад тэр шөнө танилцуулсан юм. Гэтэл шөнийн 23.00 цагийн үед Мана уулын баруун мөрөн дээгүүр олон гэрэл гарч ирсэн. Бид танк нь дайралтад орлоо гэж ойлгосон. Тэр бүү хэл Бадарч бид хоёр хоорондоо “Манай их бууны галаас зэвүүцэж их таруу гарч ирж байна” гэж ярилцсан. Ингээд цэрэг бүрт байгаа нэг нэг гранатыг нийлүүлэн гурваар нь, таваар нь бөөгнүүлж цэргүүдийнхээ хөлийн жийргийг ашиглан баглаж бэлтгэсэн. Ингээд танкин доогуур шидэхэд дэлбэрэх нь гарцаагүй юм. Мөн хуяг нэвтлэх сумаар цэргүүдээ хангасан. Гэтэл тэр шөнө дайсны танк ч дайрсангүй. Ингээд л энэ шөнийн газар солилтоор дөрвөн их буугаа намагт хийчихгүй юу. Тэр шөнөдөө бүтэн суман цэрэг гаргаж ухаад буугаа авч чадсангүй. Маргааш нь 11 –ний өглөө боллоо. Шөнийн тэр олон гэрэл юу байсан гэхээр цэргүүдийнхээ хүүрийг ачаад шөнөдөө буцсан нь тэр байж. Ингэсээр 13 –ны өдөр боллоо.

– Энэ тулалдааны талбараас та нар баригдсан байдаг бил үү?

-Тэгсэн юмаа, манай морьд баруун тийшээ нэг их хустай ганганд нууцлагдаж байсан юм. Тэгтэл морь барьж байсан цэргүүдээс нэг нь давхиж ирлээ. “Энд суудлын тэрэгтэй хэсэг дарга нар ирээд байна. Хороон дарга, их бууны батарейн дарга, комиссар гурвыг гурван сургагчтай дуудаж байна” гэлээ. Бүр нэр бичиж өгөөд явуулсан цаасыг өнөөх цэрэг чинь үзүүлж байна. Ингээд бид зургаан хүн өнөө хориглож байсан өндөр уулан дээрээсээ буугаад бэлд очсон. Суудлын тэрэгнүүд харагдаж байна. Нэг “М” машин байна. Бас нэг “Газ Пикап” –тай. Биднийг тосоод газрын өөд арваад хүн ирж явна. Тулаад ирсэн Дотоод Яамны нэг дэд хурандаа байна. Цэргийн ёсоор эхлээд хороон дарга, тэгээд би, миний ард батарейн дарга … гээд шил шилээ хараад ёслоод мэндэллээ. Бадарч дарга өнөөх дэд хурандаатай чинь ёслоод гар бариад эргэтэл Бадарч дарга руу хоёр цэрэг шурхийж ирээд нэг нь хоёр гарыг нь ингээд /гараа нугалж үзүүлэв/, нөгөөдөх нь олсоороо хүлээд авлаа. Би гайхасхийгээд өнөөх хурандаатай чинь гар бариад эргэтэл миний гарыг бас барьж аваад хүллээ. Ингээд бүгдийг маань хүлж газрын уруу тууж машин дээрээ авчраад пикап машины тэвшин дээр гаргах гэсэн хоёр гар нь хүлээтэй хүн чинь гарч чаддаггүй юм байна лээ. Тэгтэл биднийг өргөөд араас түлхчихсэн чинь харуулдаж ойчихоо дөхсөн. Ийм байдлаар л муугаа үзэж эхэлсэн дээ.

– Та нар чинь баривчлагдах нь гэдгээ мэдээгүй явсан юм уу?

– Юу гэж тэгж бодох юм. Уулан дахь хориглолтоосоо доошоо бууж тэдэн рүү очихоор явж байх замд манай сургагч Васин гэж орос нөхөр надад “За бид япончуудыг ялсан, мянга гаруй дайсан хөнөөсөн. Дивизийн дарга нар маань ирчихсэн биднийг шагнах гэж байгаа байх” гэж хэлээд миний мөрөн дээр алгадаж инээлдсэн шиг очсон байхгүй юу.

– Ингээд та нарт ямар хэрэг тулгав?

– Дөрвөн их буу дайсанд өгсөн. Дөрвөн сар байлдахдаа дөрвөн их буугаа хамгаалаад ялаад явсан туршлагатай улсууд. Гэтэл эцсийн мөчид эдгээр буунаасаа салсан нь та нар эх орноосоо урваж, Монголын армийн хүчин чадлыг сулруулсан хэрэг гэж. Ийм хэргээр л эхлээд баривчилж Баянбүрд гэдэг газар хээрийн байдлаар байрласан цэргийн хэргийг хамаардаг “Дорнод тусгай хэлтэс” гэдэгт авчирсан юмаа.

Удаан байцаасан уу?

– Тэр газарт 10 хоног байцаагдаад хээрийн шүүхээр тулган таслуулсан. Хэн маань ч хэргээ хүлээгээгүй дээ. Зодууллаа, ухаан алдлаа. Винтовоор зодуулсан шарх одоо миний толгойд байна. /тонгойж дагзан дахь хуучны гялайж үлдсэн сорвины ор харуулав.сурв/ Байцаагдах гэр рүү явсангүй гээд тууж явсан цэрэг жадалсан жадны сорви энэ байна /тохой руугаа хуруугаараа заав.сурв/ Гэхдээ дайтаж байлдаж явахдаа авсан сумны шарх сорвины дэргэд юу ч биш л дээ.

– Тэрхүү Дотоод яамны тусгай тасаг гэж ямар байр байдалтай газар байсан юм бэ. Хамгийн хэцүү эрүү шүүлт нь юу байв?

– Таван ханатай арваад гэр, дөрвөн ханатай нэг гэртэй. Байлдааны байдлаар түр байрласан тийм газар байсан. Яргалахын тухайд хамгийн хэцүү нь багахан шиг түмпэнд шар аргал үнгэлж овоолоод, тэрэндээ гал асааж утаа баагиулаад, хоригдож байгаа гэрт минь тавьж, гэрийн маань хаалгыг хааж, өрхийг нь битүүлээд, хаяаг нь манаад хорьчихно. Үнэхээр хэцүү байсан. Ухаан дэн дун болж, амьсгаа боогдоод, үхэж байна уу даа гэхийн алдад орж ирээд утаагаа гаргаад “За муу эсэргүү япон чи үгээ хэлэх үү, үгүй юу” гээд зодож эхэлнэ. Феодалын үеийн есөн эрүү ямар байсныг мэдэхгүй, миний үзсэн эрүү шүүлт лав ийм байсан юм. Мөн ч их зодуулж нүдүүлсэн дээ. Би тийм хэрэг хийсэн гээд хэлчих үггүй хүн чинь үнэхээр хэцүү юм байна лээ. Өөрийн хувь заяандаа л гомдохоос биш, өөр яах ч аргагүй байсан.

– Та гуравт тэгээд тэр дор нь буудах ял өгсөн юм уу?

– Тэгж үйлийг маань үзэж байгаад цэргийн хээрийн шүүхээр бид гурвууланд минь буудах ял сонсгосон доо.

– Тийм ял сонсох мөч гэдэг амаргүй биз?

– Навс унаж байгаа юм. Амьдаараа үхдэг юм билээ. Буудан алах ял сонсгоод дээрээс хариу хүлээсэн юмуу, яасан юм дахин сар хэртэй хорьсон. Есдүгээр сарын 13 –нд баригдаж хоригдсон улс чинь аравдугаар сар гараад хүйтэн орчихож байгаа юм. Байлдааны талбар дээрээс өмсөж ирсэн шинельтэйгээ, нойтон газарт газар ухаад окопон шоронд хорьсон болохоор хүйтэн гэдэг нь жигтэйхэн байсан.

– Та гурвыг хамт хорьж байсан уу?

– Хамтад нь хорьсон. Бадарч дарга, манай их бууны батарейн дарга чинь Дамдинжав гэж хүн байсан юм шүү дээ. Тэгээд би.

-Та гуравт амь гуйх боломж олгосон ч Бадарч дарга чинь амь гуйгаагүй учраас буудуулсан гэдэг. Энэ үнэн үү?

– За би үнэнийг хэлж өгье өө, хүү минь. Үнэндээ Бадарч маань амь гуйгаагүй юмаа. Буудах ял сонссоноос хойш долоо хоноод байтал “Амь гуйж болно” гээд бид гуравт тус бүрт нэг нэг цаас, харандаа өгсөн юм. Би амь гуйж бичсэн. Дамдинжав бас бичсэн. Харин Бадарч болохоор “Би бичихгүй. Би буудуулахаар, бас амиа гуйхаар хэрэг хийгээгүй” гэж. Тэр бүү хэл Бадарч “Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй” гэж хэлсэн. Дамдинжав бид хоёрт яг ингэж хэлсэн юм шүү. Бид хоёр бүр аргаа бараад “Бид хоёр өмнөөс чинь өргөдөл бичье. Та гарын үсгээ л зурчих” гэсэн. Тэгэхээр “Наад өргөдлийг чинь бичлээ гээд амьд үлдэх ч юмуу, үгүй ч юмуу. Би зурахгүй. Дөрвөн сар япончуудын мянга мянган сумны өөдөөс явахдаа оногдоогүй юм. Одоо өөрснийхөө нэг суманд үхэх бол үхнэ биз. Ямар ч байсан би амь гуйхгүй” гээд буруу хараад хэвтчихдэг байсан. Тийм хатуу, зоригтой хүн байсан. Ингээд л Бадарч маань буудуулсан даа.

– Цэргүүдийнх нь өмнө Бадарч даргыг буудсан гэдэг. Энэ үнэн үү?

– Наадах чинь харин худлаа яриа шиг байна. Тэнд окопон шорон олон байсан юм. Нэг орой намайг нөгөө хоёроос маань тусад нь салгасан. Маргааш өглөө нь туугдаж явахдаа Дамдинжав над руу налж “Бадарч урьд шөнө ирсэнгүй. Биднийг зөөгөөд байдаг пулуу тэрэг урьд шөнө окопон шоронгуудаар их явлаа. Хүмүүс хоорондоо шивнэж яриад байсан. Нэлээдийг цааш нь харуулав бололтой. Тэр дотор Бадарч дарга явчих шиг боллоо” гэж. Би ч шөнийн тэр чимээг сонссон болохоор тэгэх шиг боллоо гэдгээ Дамдинжавт хэлсэн юм.

– Харин та хоёрыг яасан бэ?

– Амь өршөөсөн эсэх нь мэдэгдэхгүй тэнд удаан хорьсон. Хэзээ авч явж буудах юм бол доо гэж бодоод сууж байдаг байсан. Тэгтэл нэг шөнө авч давхиад Баянтүмэнд авчирч шоронд хорьсон. Өглөө нь биднийг туугаад нэг эсгий гэрт оруулсан. Тэнд нь Дотоод яамны биш харин ардын армийн дэд хурандаа цолтой ахимаг насны хүн сууж байна. Тэр хүн түмпүүчикээ уудалж байгаад нэг хавтас гаргаж уншаад “Өө, зүүн хил дээрээс шөнө ирсэн хүмүүс та хоёр уу” гэсэн. Тэгснээ “Та хоёр чинь амь хэлтэрсэн 10 жилтэй улс юм байна шүү дээ” гэлээ. Тийм үед хачин л болдог юм билээ. Тэгж амь өршөөгдсөнөө мэдэж байгаа юм. Ингээд л Дорнодын шоронгоос эхэлж засан хүмүүжигдэх ажилдаа орсон доо.

– Тантай үүнээс хойшхийг яривал мэдээж амьдралын тань бас нэгэн том түүх эхэлнэ. Тийм болохоор эхлээд хоёулаа 1939 оны үеийн үйл явдлаа дуусгая. 22 дугаар морьт хорооны дарга Бадарч гэж чухам хэн байсан юм бэ?

– Халхголын дайн болсон дөрвөн сарын туршид галын шугаманд хэдий хэрийн дайсан устгасан, ялсан бэ гэдгийг нь үнэлж тэр баатар цолыг нь өгдөг бол одоо Бадарч л авах байх даа. Шинелиэ тайлалгүй дөрвөн сар цус үзэцгээсэн улс шүү дээ, бид чинь. Байлдааны явцад бүтэн дөрвөн сар 8 дугаар дивизийн толгойн хаалтад байлдсан хүн гээд бод доо. Япончуудаас ирж буй дайралт бүхэнтэй эхлээд Бадарч л тулна биз дээ. Манай дивиз хоёр морин хороотой. 22, 23 дугаар морьт хороо гэж. Мөн нэг их бууны хороотой. Бас нэг хуягтын бригадтай. Ийм дөрвөн том айл байсан юм шүү дээ. Тэр үед 23 дугаар морьт хороо манай ард явдаг байсан. Бид нарыг толгойн хаалтад байлдаж байхад манайхыг хамгаалах замаар, ухаандаа бид дийлдээд ирвэл 23 дугаар морьт хороо орох үүрэгтэй явсан. Ийм зохион байгуулалттай байлдаж байсан байхгүй юу. 23 дугаар хороо бол голдуу манай ард явж байгаад л Халхголын байлдааныг дуусгасан юм. Гэхдээ жижиг сажиг юмтай таарсан, ялсан юм тэр хооронд бий байх. Түүнийг би үгүйсгэхгүй. Зүгээр манай хороотой зэрэгцүүлж дүгнэвэл гэж яриад байна л даа.

– Уучлаарай, Цэдэн-Иш гуай. Монгол Улсын баатруудын цөөнгүй нь энэхүү 23 дугаар хорооноос төрсөн биз дээ?

– Мэдэхгүй юм даа, хүү минь. Би үнэнийг л ярьж байгаа шүү. Бодвол ар өвөрт болсон жижиг сажиг юманд сүрхий зориг гаргасан юм байгаа биз дээ. Тэрнээс лав л надтай зэрэгцээд япон нухаж явсан хүмүүсээс баатар боллоо гэж дуулдаагүй.

– Танай хороонд жинхэнэ баатар болох цэргүүд байсан биз?

– Санаж байгаа дээрээ наана чинь тодорхой ганц нэг цэргээ хэлье. Буянтогтохын Амаржаргал гэж Баянхонгор аймгийн Баацагаан сумын нэг цэрэг байлаа. Энэ цэрэг бол жинхэнэ баатар. Нэг удаагийн тулалдаанд Амаржаргалын пулъмётны чигт 36 япон алуулсан байсан. Сүүлд Нөмрөгт ширүүхэн юм болоход мань Амаржаргалын сум дууссан нь мэдэгдлээ. Нэг харсан өнөөх чинь окоп ухдаг жижиг хүрзээ барьчихсан нэг японтой үзэж байгаа харагдана. Би түүнд ойрхон байсан ч өмнөхөө яая гэж байгаа амьтан чинь яах вэ дээ. Үдээс хойш 3.00 цагийн алдад гал нэг юм зогслоо. Сэхээ ороод харсан нөгөө Амаржаргал чинь хүрзээ гартаа барьчихсан хачин царайтай юм хөдлөлгүй зогсож байна. Хажууд нь хоёр япон цэргийн хүүр байна. Нэгний нь тархи бараг ил гарчихаж, өнөөхийг ч харахын эцэсгүй болгож. Тэрнээсээ болоод өөрөө балайраад, оросоор бол шоконд орох гэдэг нь болчихсон. Өөрөө хүрзээ гартаа бариад байгаагаа мэдэхгүй байсан. Хамаагүй ойртвол цохичих гээд. Тэгэхээр нь Бадарч дарга “Чи яагаад хүрзээ бариад байгаа юм. Намайг цохих нь уу? гэхээр “Өө, тийм байна ш дээ” гээд хүрзээ хаях гээд чадахгүй, би хүрз барьсан гарынх нь хурууг хүчээр тэнийлгэж байж хүрзийг нь хаяулж байсан юм. Хүний мэдрэл цочно гэдэг чинь тийм айхавтар. Тэр хүний баатрын гавьяа өнөөдөр лав байхгүй. Бас манай хорооны цэрэг Садын Самдан байна. Цэрэгт ирэхийнхээ өмнө Дотоод яаманд бүртгэлтэй, байцаагдаж байсан хүн шүү дээ. Гэтэл тэр байлдааны талбарт ямар гайхалтай байсныг хэлээд барахгүй. Бид нар нэг удаа Өндөр элс гэдэг газар дайсны бүрэн бүслэлтэд орсон юм. Хоёр өдөр бүтэн тулалдсан. 33 цэргээ алдсан. Бүслэлтээс гарах хаалгыг Самдан нээж, биднийг галаараа хамгаалаад ганцаараа үлдсэн. Бүслэлтээс гарах эцсийн мөчид харахад Самдангийн маань сум дуусаж байгаа бололтой арваад япон түүн дээр очиж байгаа харагдсан. Мань хүн босоод ноцолдож байгаа харагдсан. Тэгээд амь үрэгдсэн хүн л дээ. Энэ хүн бас баатар шүү дээ. Ийм олон эр зоригтой цэргүүд байсан юм даа, манай 22 дугаар морьт хороонд.

– Үнэхээр тийм байжээ. Халхголын байлдааны үнэн түүхээс ярьж өгсөн Танд баярлалаа.

Бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Өнгөрсөн бүтэн 70 жилд Халхголын ялалтын сүрлэг ойнууд болж, дайны үед цэргийн алба хаасан ахмадууд энгэр дүүрэн одон медалиар шагнуулж, эх орондоо хүндлүүлж, баяр хөөрт умбан бөөн бөөнөөрөө алхацгааж явахад Цэдэн-Иш гуай маань нэгийнхээ бидоныг тэвэрчихсэн сүүний очерт зогсож байдаг байсныг Дорнод аймагт олон хүн мэднэ дээ. Ийм л нэг эр хар дууль Дорнодын талд, та бидний дунд өчигдөрхөн хүртэл амьд байсныг сануулан сүүлчийнх нь яриаг хүргэлээ. Хэрэвзээ Цэдэн-Иш комиссар сэрүүн тунгалаг байгаад энэ жил Халхголын ялалтын 70 жилийн ойтой золгосон бол Улсын баатар цолыг дайнд оролцсон гавьяагаараа хүртэх сүүлчийн хүн байлаа гэдгийг цэргийн түүхийн эрдэмтэд сонин хэвлэлд бичээд эхэлчихсэн байна лээ.

Ярилцсан П.Хашчулуун

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Үсээ зөв угааж хэвшвэл нүд өөхлөхгүй DNN.mn


“Монголчуудын үс, арьс яг цаг агаар шигээ хуурай, ширүүн юм аа” гэж гадны гоо сайханчийн амнаас сонсож байв. Үнэндээ хүн бүр тийм биш л дээ. Хэдийгээр эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр үс гэмтэж, бүтэц нь өөрчлөгдөн хуурайшдаг ч арчилгаа сайн бол ийм асуудлаас бүрэн сэргийлж чадах аж.

Сүүлийн үед дэлгэрээд байгаад элдэв шалдав үсний тэжээлийн бүтээгдэхүүнүүд ч асуудлыг бүрэн шийдчихгүй. Бүгд химийн найрлагатай болохоор хэсэгтээ үсийг гялалзуулан намируулж байгаад үйлчилгээ нь гарахаар өмнөхөөсөө ч дорддог болохыг мэргэжлийн хүмүүс анхааруулах нь бий. Иймд үсээ эрүүл сайхнаар нь урт хугацаанд хадгалах хамгийн энгийн арга бол зөв угааж хэвших юм байна. Юун түрүүнд бүлээн зэлгий усаар үсээ угааж байх ёстой гэнэ. Манай орны хувьд усны хатуулаг чанар өндөр болохоор зөөлрүүлсэн ус хэрэглэж байвал илүү тохиромжтой ажээ. Ингэхдээ шампуниа хуйхандаа жигд түрхэж, сайтар хөөсрүүлэн массажилсны дараагаар усаараа зайлж байгаарай. Үсэнд шампунийн үлдэгдэл байхгүй болтол нь угаах хэрэгтэйг мэргэжлийн хүн сануулав. Хэрэв дутуу зайлвал үс зууралдаж, улмаар гэмтэж, хагтах зэрэг бүх асуудлын суурь болдог гэнэ. Угаасан үснийхээ усыг алчууранд шингээсэн маягтай шавхаарай. Ингэж зөв угаасан үсээ тасалгааны темпратурт өөрөөр нь хатаавал чийгшлээ алдахгүй, эрүүл сайхнаараа байх бүрэн боломжтой.

Хамгийн чухал нь үсээ тонгойж биш, гэдийсэн маягтай зулайнаасаа эхэлж угаах нь зөв аж. Толгойгоо тонгойж угааснаар зөвхөн үс гэмтээд зогсохгүй нүдэнд ч сөрөг нөлөөтэй байна. Нүд рүү саван, хөөс орж, өөхлөлт үүсэх нэг шалтгаан болдог юм байна шүү. Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Үсээ зөв угааж хэвшвэл олон талын ач тустай байх нь ээ.


Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Чихэр амттай сонин DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Ном сонин, сэтгүүл гэсэн биет зүйлс ой ухаанд боловсролыг илүү сайн ургуулаад байдгийн учир юу вэ. Нялхаст зурагтай сэтгүүл үзүүл, сурагчдыг ном унш, залуусыг сонин гарчиглаж хэвш, интернэт рүү онц шаардлагагүй бол хэт бүү авт, телевизийн хувьд голдуу унтраастай байсан нь дээр дээ гэсэн зөвлөгөө бол хүнээ бодсон чин сэтгэлийн үг юм. Энэнд ямарваа хуучинсаг сэтгэлгээ, ашиг сонирхол, бизнесийн далд ятгалгын аль нь ч байхгүй. Энэ ном сонин чинь эргээд ноцдог эд мөрийн баримт учир түүн дээрх уншварууд муусайн ч хариуцлага, ур авьяас, хөдөлмөр илүү шингэсэн байдаг. Нэгэнт зардал орсон бол таарч тохирсон үнэ нэхэгддэг.

Сонин нь уншигддаг, сонсогддог, гарт баригддаг, цагаар хавчихгүй, солигдож арилахгүй. Хэрэв сайн сэтгүүлч даацтай зүйл нийтлүүлсэн байвал түүнээс амт үнэр мэдрэгдэж, алдаа оноогоо танихад нэмэр тустай. Шил дэлгэцний цаанаас чихэр долоолгох гээгүй учраас уншигчийн бусад мэдрэхүйнүүд харах мэдрэхүйний хамт ажиллаад эхэлдэг. Аль болох олон мэдрэхүй дээр хүлээж авсан мэдээлэл ой санамжинд удаан хадгалагдаж үл мартагдах зүй тогтоцтой. Хүүхдийг номыг биет хэлбэрээр нь гартаа бариад унш гээд байдгийн ач холбогдол энд оршдог.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүнээ байсан нийгэм, хүрэлцээгүй нийтийн тээвэр DNN.mn

Олон нийтийн сүлжээнд өр өвтгөсөн бичлэг тавигдаж олны анхаарлыг татлаа. Энэ бол автобусанд амжиж суух гэж гүйсэн сурагчийг тухайн автобус дайрч унагачихаад зогсохгүй яваад өгч буй дүр зураг. Энэхүү үйл явдал нь өнгөрсөн тавдугаар сарын 5-нд болжээ. Хүүхдийн гар хугарч гэмтсэн ч Эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгаад зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн хэргийг хаасан байна.

Харин “Blue bus” компани жолоочийнхоо цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй аж. Мөн тус компани хүүхдийн эмчилгээний зардалд багахан хэмжээний мөнгө олгоод л байж боломгүй энэ асуудал дарагдаж. Дарагдаж ч гэж, өчигдрийг хүртэл дарсан бололтой. Хичээлдээ амжих гээд гүйж буй бяцхан амьтныг дайрч унагачихаад зогсоод тусламж ч үзүүлэхгүй зугтаад явж буй жолооч, ийм ноцтой асуудлыг таван сарын турш дарж юу ч болоогүй мэт өнгөрүүлсэн энэ байдал бол өнөөдрийн нийгмийн үнэн төрх. Энэ бичлэг Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүрэлцээ ямар байгааг ч мөн харуулж байна.

Тухайн сурагч тэр автобусанд сууж чадахгүй л бол хичээлээсээ хоцрох учраас амь өрсөн автобусны урдуур гүйж байгаа нь тэр. Хэрэв автобус нь хүрэлцээтэй, ойр ойрхон ирдэг байсан бол тэгж амь өрсөх шаардлагагүй. Улаанбаатар хотод 1400 гаруй автобус шаардлагатай ч одоогийн байдлаар 970 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа аж. Дээрээс нь 970 гаруй автобусных нь 500 гаруйнх нь ашиглалтын хугацаа дуусчихаж. Нөхцөл байдал нэг ийм л байна. Энэ удаад хүүхэд автобусанд дайруулж гараа хугалаад өнгөрч. Дараагийн удаа юу болох вэ. Заавал амиа алдаж байж асуудлыг шийдвэрлүүлэх ёстой юу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: 37-той бүсгүйн үг DNN.mn

Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүү өвчтөнийхөө тухай ярьсан нэгэн бичлэг ер санаанаас гардаггүй. Хавдрын эцсийн шатанд орсон 37-той бүсгүй эмнэлгийн орон дээрээс нөхөртөө хандаад “Би цэл залуугаараа хорвоогоос буцаж байна. Би чамд маш их гомдож байна. Нэг удаа ч болов, биеэ үзүүлээч гэж ганц удаа хэлж байгаагүй. Эцэст нь хоёр хүүхдээ нялхаар нь орхиод үхэж байна” гэсэн нулимстай үгсийн хариуд нөхөр нь юу ч дуугарч чадахгүй суусан тухай.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан.

Нэгэндээ халамжтай, биедээ арчаатай эхнэр, нөхрүүд олон бий. Гэхдээ тэр дундаас эхнэрүүд голдуу гэр бүлийнхээ эрүүл мэндийг хариуцаж, хэн өвдөнө түүний төлөө л нойр хоолоо хугасалж гүйдэг. Харин эрчүүд гэр бүлийнхээ бусад гишүүдийнхээ битгий хэл өөрийнхөө эрүүл мэндэд ч хайнга ханддаг нь олонх шүү.

Тийм ч учраас эрчүүдийн дундах өвчлөл, нас баралт нийгмийн асуудал болсоор байгаа. Ядаж л тэд өөрсдөдөө арчаатай, эрүүл мэнддээ санаа тавьдаг бол олон гэр бүл хагацал үзэхгүй дээ. 37-той бүсгүйн нөхөртөө хэлсэн сүүлийн үгс энэ л байна шүү дээ.

Хагацал ирснийг ойлгосон бүсгүй өөрийгөө удаан амьдраагүйдээ ч харамсаагүй байх. Үр хүүхэд, юу ч хийж чадаагүй бүдүүн хойрго эр нөхөр ард нь үлдэж яажшуухан амьдрах бол гэсэн зовнил ч байсан биз ээ.

Халамж гэдэг цаг наргүй ажиллаад мөнгө олж ирэхийг хэлдэггүй юм аа. “Бие чинь зүгээр үү” гэдэг хоёрхон үг ч хүний амьдралыг аварч болох байж шүү дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хоногийн хоолноосоо илүүчилсэн мөнгөөр нь тансаг ширээ засаад, баярлаж суухаасаа багш нар ичих хэрэгтэй DNN.mn

Ахмадын баярын араас Багш нарын баяр тохиож байна. Багш хүний өнөөдрийг хүртэл байгуулсан гавьяа, ирээдүйд байгуулах гавьяа, алдар зүтгэлийг юутай ч жишимгүй гэдгийг тодотгож хэлье.

Багш нарын баяр болохтой зэрэгцэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь эцэг эхийн зөвлөл. Тэдний гол үүрэг нь сурагчдын эцэг эхээс хоморголон мөнгө татах. Цаашлаад ганцхан ангийн багшийг баярлууах бус тухайн ангид хичээл ордог 20 гаруй багшийг баярлуулахаар эцэг эхчүүдээс 25 мянган төгрөг хураасан тохиолдол ч байна. Үнэндээ багш нарт эцэг эхчүүд ямар ч өргүй. Тэд ажлаа л хийж байгаа. Эдийн засаг хүнд, өрхийн орлого тааруу байгаа энэ үед олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд багш нарын баяр дарамт болж байгаа талаар хэлэх хүн ч цөөнгүй байна.

Хоногийн хоолноосоо илүүчилсэн мөнгөөр тансаг ширээ засаад, баярлаж суухаасаа багш нар ичих хэрэгтэй. Хэн нэгнийг баярлуулна гэдэг угтаа сэтгэлийн зүйл байдаг. Сэтгэлээ шингээж өгсөн бэлэг бүр сайхан. Тухайлбал, гэртээ загсаасан өрмөө чимэглэж багшдаа бэлэг барьсан хүүхдүүдийн зураг цахим орчинд тархсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байна. Энэ мэт багшдаа баярласан сэтгэлээ хүүхдүүд өөр өөрийнхөөрөө илэрхийлэх боломжийг олгомоор байна. Гэтэл багшид “Говь” брэндийн ороолт, монетон ээмэг бөгж авч өгөх талаар эцэг эхийн зөвлөл санаачилга гаргаж байгаа нь багшийг доромжилж байгаа үйлдэл. Үнэхээр мэргэжлийнхээ үнэ цэнээ ойлгодог, мэргэжлийн ёс зүйгээ өндөрт өргөдөг багш бол ийм бэлгээс татгалзах учиртай. Харамсалтай нь тийм багш хэд байгаа бол. Өндөр хөгжилтэй оронд багш хүн ажлаа хийснийхээ төлөө эцэг эхчүүдээс өндөр үнэтэй бэлэг сэлт авах нь ёс зүйн гажуудал, авлигын хэрэгт тооцогддог. Харин манайд байдаг л үзэгдэл болсон нь боловсролын салбарын доройтлын бас нэгэн шалтгаан.

Бид өөрсдөө авлигыг ингэж өөгшүүлдэг. Цаашлаад үр хүүхдүүддээ хэрхэн авлига өгөхийг ч зааж амжлаа. Үнэтэй бэлэг хүлээдэг биш, үүнээс татгалздаг дархлааг багш нар өөрсдөдөө бий болгомоор байна.

Categories
булангууд их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Цөмийн дайны хор уршгаас йод хамгаалдаг гэв үү? DNN.mn

ОХУ, Украин хооронд өрнөж байгаа дайнтай холбоотойгоор хил залгаа бүс нутгуудад йодыг их хэмжээгээр цуглуулж, хадгалах болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Хамгийн сүүлд Польш улс Украины Запорожье атомын цахилгаан станцын эргэн тойронд өрнөж буй тулаантай холбоотойгоор цацраг идэвхт бодист өртсөн тохиолдолд хэрэглэх йодын шахмалыг бүс нутгийн гал унтраах ангиуддаа тараасан гэж REU­TERS агентлаг мэдээлжээ.

Европын хамгийн том цөмийн цахилгаан станц болох Запорожьегийн талбайд цохилт өгсний улмаас зургаан реакторын ойролцоох барилга байгууламж эвдэрч, цахилгааны кабель тасарч, цөмийн гамшгийн аюул улам нэмэгдээд байгаа бол эдгээр халдлагад Орос, Украины талууд бие биенээ буруутгасаар байгаа юм. Эдгээр нөхцөл байдлаас улбаалж Польшийн Дотоод хэргийн дэд сайд Блазей Побози “Запорожье АЦС-ын ойролцоох тулааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа бид урьдчилан сэргийлэх зорилгоор йодын шахмалыг тараахаар шийдсэн.

Эдгээр нь ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд биднийг хамгаалах зорилготой ердийн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдгийг би ард иргэдээ хэлмээр байна. Гэхдээ тийм зүйл болохгүй гэж найдаж байна” гэж тайлбарласан байна. Йодыг зөвхөн Польш хадгалаагүй. Дайны эхэн үеэс ОХУ-ын дагуул орны оршин суугчид йодын нөөц бүрдүүлж эхэлснийг тухайн үед мэдээлж байв. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын сүүлчээр цэргийн дайчилгаа зарлах үеэс йод нөөцлөх ажиллагаа нэлээд эрчимжиж байгаа аж.

Энэ нь мэдээж цөмийн дайнтай холбоотой. Дайчилгаа зарлах үеэрээ ерөнхийлөгч Владимир Путин газар нутгаа хамгаалахын тулд цөмийн зэвсэг хэрэглэх боломжтойг өрнөдийнхөн болон Украинд анхааруулсан билээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үг хэлэхдээ дээрх байр суурийг дахин илэрхийлсэн юм. Украин ч энэ мэдэгдэлд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Өнөөдөр хүртэл дайны бүс дэх хоёр улсын нөхцөл байдал ээдрээтэй хэвээр байна.

Ийм нөхцөлд цөмийн дайн, түүний хор уршгаас хамгаалах йод нөөцлөх тухай асуудал манай улсад ч хамаатай. Цөмийн зэвсгийн хор уршгийн тухай энд дурдахад илүүц. Харин йод ямар ач холбогдолтой, дайнтай бүс нутгийн залгаа улс орнууд йодыг яагаад нөөцөлсөөр байгаа талаар товч тайлбарлая.

Йод бол 1811 оноос хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд 1905 оноос эрдэмтэд зарим өвчний йодын дутагдлыг судалж, хэрэглэхийг зөвлөж эхэлсэн гэдэг. Харин өнөөдөр бол йодыг халдваргүйтлийн журмаар хэрэглэхээс эхлээд өргөн хэрэглээтэй болсон. Үүний нэг нь бамбай булчирхайн эмгэг, хорт хавдрын үеийн эмчилгээ. Цөмийн дайны хор уршиг хүний бамбай булчирхайг гэмтээж, цаашлаад хорт хавдарт хүргэдэг гэж үздэг. Тиймээс йодыг энэ аюулаас сэргийлж хэрэглэдэг. Хамгийн ойрын жишээ бол Чернобылийн цөмийн станцын ослын үеэр Украинд хэрэглэж байсан гэдэг.

Дайны нөхцөл байдал ээдрээтэй, цөмийн зэвсэг хэрэглэх асуудал яригдаж байгаа энэ үед Монгол Улс ч энэ аюулаас урьдчилан сэргийлэх талаар ярихад илүүдэхгүй. Энэ тухай цөмийн физикч Л.Бямбажаргалаас мэргэжлийн хүрээнд тодруулахад “Цацраг бол бууны сум л гэсэн үг. Хүний биед орлоо гэхэд бүх эд эрхтнийг гэмтээнэ. Тийм нөхцөлд ямар нэг эм, эмчилгээ хийнэ гэдэг үр дүнгүй. Хүний биед цацрагийг хамгийн түрүүнд, эмзгээр хүлээж авдаг эрхтэн бий. Тэр бол бамбай булчирхай. Харин бамбай булчирхайг дэмждэг зүйл бол йодат кали. Гэхдээ йодат калийг цуглуулаад л цацрагийн аюулаас хамгаалчихна гэдэг өрөөсгөл ойлголт л доо. Цацраг гэдэг өөрөө бүрэн судлагдаагүй. Хоёр хүн цацрагийн ижилхэн тун авлаа гэхэд нэг нь зүгээр, нөгөө нь хавдар болох боломжтой. Хүний биеэс шалтгаална гэсэн үг.

Нөгөө талаар Орос, Украины дайнтай холбоотойгоор цөмийн зэвсэг хэрэглэлээ гэхэд манай орны хувьд өндөр тун авах магадлал тун бага. Учир нь манай улсын хүн амын талаас илүү хувь нь Монгол орны төвд, Улаанбаатартаа суурьшиж байна. Москвад пуужин хаялаа гэхэд Улаанбаатар хүртэл 6000 км. Цацрагийн нөлөөллийн бүс хамгийн ихдээ 500 км л байдаг. Бүр наана Байгал нуур орчимд хаясан ч манай захын аймаг хүртэл 1000 км шүү дээ. Тиймээс бидний хувьд айхавтар сандрах аюул биш болов уу” хэмээв.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Б.Авид: Байгалийн хийг ашиглаад устөрөгч гаргах аргыг манайд хэрэгжүүлэх боломжтой DNN.mn

Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Авидтай ярилцлаа.


-Япон болон Австрали улсын засгийн газартай хамтраад хүрэн нүүрснээс устөрөгч гарган түүгээрээ усан цахилгаан станц хийж байна. Хүрэн нүүрснээс устөрөгч гаргаж авах ерөнхий технологийн талаар тайлбарлаач?

-Ер нь устөрөгч хамгийн сайн өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн. Түүгээр цахилгаан гаргаж авах, мөн өөр бусад хэлбэрээр ашиглах боломжтой түүхий эд. Өнөөдөр устөрөгчөөр юу хийж байна гэвэл бордоо хийж байна. Бордоонд шаардлагатай аммиакийг гаргаж авахын тулд устөрөгч хэрэглэж байгаа. Түүнчлэн химийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэрт өргөнөөр ашиглаж байна. Устөрөгчийг гаргаж авах олон арга байдаг. Түүний нэг нь хүрэн нүүрснээс гаргаж авах арга юм. Устөрөгч гаргаж авах хамгийн гол арга нь байгалийн хийг хувиргаж гарган авдаг. Мөн хүрэн нүүрсийг хийжүүлж гаргаж авдаг. Уснаас мөн гаргаж авч болно. Тэгэхдээ энэ арга нь одоогоор эдийн засгийн хувьд ашиггүй. Өнөөгийн байдлаар дэлхий нийтэд гаргаж авч буй устөрөгчийн 80 хувийг байгалийн хийнээс гаргаж авч байгаа юм. Тодорхой түвшинд бага хувиар нүүрснээс гаргаж авдаг. Тэгэхээр байгалийн хий бол манай оронд байхгүй. Тийм учраас бид ашиглагдахгүй байгаа хүрэн нүүрсээ боловсруулж устөрөгч гаргаж авах боломжтой. Ерөнхийдөө Монголд нүүрсний төрөл бүрийн судалгаа тодорхой түвшинд маш ихээр хийгдэж ирсэн, устөрөгчтэй холбож ярихад бид нийлэг хий гаргаж авах зорилгоор судалгаа хийж ирсэн. Нийлэг хий гэдэг нь устөрөгч болон нүүрсхүчлийн дутуу ислийн холимог. Үүнийг гаргаж авахын тулд олон жил судалгаа хийж ирсэн, харин цэвэр устөрөгч гаргах тал руу явахгүй байсан. МУИС, ШУТИС, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн бол энэ чиглэлийн судалгаануудыг хийх тоног төхөөрөмж болон судлаачидтай. Тэгэхээр бид нийлэг хий гарган авч түүгээрээ шингэн түлш буюу бензин, шатахуун гаргаж авах чиглэл рүү судалгаагаа хийж байсан. Яг цэвэр устөрөгч гаргаж авахад дагаад маш их хэмжээний нүүрсхүчлийн хий буюу хүлэмжийн хий гардаг. Энэ нь дэлхийн дулаарлын гол буруутан учраас энэ асуудлыг мөн давхар шийдэх ёстой байдаг.

-Австрали улсын Викториа мужид хүрэн нүүрснээс устөрөгч гаргаад цахилгаан станцдаа нийлүүлж байна. Манайх нүүрсээ устөрөгч болгоод нийлүүлж болох уу?

-Зарчмын хувьд устөрөгч бол хамгийн өндөр илчлэгтэй хамгийн сайн түүхий эд. Шатаалтаар буцаад ус болдог, өөр хаягдал байхгүй. Устөрөгчөөр ажилладаг ямар нэгэн цахилгаан станц, машин хийх нь байгаль орчинд ээлтэй, хамгийн зөв технологи. Хамгийн гол нь устөрөгчөө эвтэйхэн гаргаж авах юм. Манай орноор хийн хоолой дамжин өнгөрнө гэж яригдаж байгаа. Тэгэхээр хийн хоолойгоор байгалийн хий дамжина. Байгалийн хийг ашиглаад устөрөгч гаргах аргыг манайд хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс устөрөгчийг гаргахдаа бид анхаарах ёстой юм. Нөгөө талдаа гаргаж авсан бүтээгдэхүүнээ ашиглах дэд бүтэцтэй байна гэдэг хамгийн чухал.

-Манай улсын хувьд дийлэнх хэрэглээгээ нүүрсний цахилгаан станцаар хангадаг, хүрэн нүүрсний арвин их нөөцтэй. Бид энэ төсөлд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Яагаад гэвэл манайх арвин их нөөцтэй. Сайн чанарын чулуун нүүрс болон коксжсон нүүрсээ экспортолж байгаа. Хүрэн нүүрсээ бол цахилгаан станцдаа шатааж байгаа, хэрэглээ нь харьцангуй бага. Ихэнх хүрэн нүүрсний нөөцөө бид ашиглаж чадахгүй байгаа. Хүрэн нүүрсийг ашиглах боломжтой чиглэл нь устөрөгч гаргаж авах. Устөрөгч гаргаад авчихвал янз бүрээр хэрэглэнэ. Устөрөгчийг гаргаж авахаар нүүрсхүчлийн хий ихээр үүснэ гэж түрүүнд дурдсан. Тиймээс нүүрсхүчлийн хийг яах вэ гэдгийг давхар бодох ёстой. Бид Киотогийн протоколд нэгдсэн орон учраас нүүрсхүчлийн хийг чөлөөтэй үйлдвэрлээд байж болохгүй. Киотогийн протоколоор нүүрсхүчлийн үйлдвэрлэлийнхээ хэмжээг бууруулж улс бүр 1990 оны түвшинд хүргэх ёстой. Тиймээс бид CO2-ыг ихэсгэхгүй байхад давхар анхаарах ёстой. Дэлхий нийтээр хурааж, хадгалдаг технологийг хөгжүүлэхэд анхаарч байна. Бид устөрөгчийг гаргахдаа ч мөн анхаарч энэхүү технологийг хөгжүүлэх нь зүйтэй.

-Таны бодлоор нүүрсхүчлийн хийг багасгахад ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Дэхийн дулаарлын гол буруутнуудын нэг бол хүлэмжийн хий гэж ярьдаг. Тэгэхээр хүлэмжийн хийг яах вэ гэдэг нь мөн том асуудал. Хүлэмжийн хийг бууруулах аргуудыг хүмүүс хайж байна. Нэгдүгээрт, түүнийг хадгалах хураах. Өөрөөр хэлбэл, нефть гаргаж аваад цооног үлддэг, тэр нефтийн цооногт хий оруулаад дарах гэх мэт төрөл бүрийн судалгаа хийж байна. Мөн их хэмжээний мод тарих юм бол нүүрсхүчлийн хийг шингээнэ. Цэвэр устөрөгч гаргаж авах гээд их хэмжээгээр нүүрсхүчлийн хийг гаргах нь дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй. Тиймээс нүүрсхүчлийн хийг ашиглах, бууруулах судалгаа хийх ёстой. Нүүрсхүчлийн хийг ашиглах чиглэлийн судалгаа бас улс орнуудад ихээр хийгдэж байгаа.

-Манай орны хувьд устөрөгчөөр ажилладаг цахилгаан станц барих боломжтой юу?

-Зарчмын хувьд боломжтой. Гэхдээ устөрөгчөөр ажилладаг цахилгаан станц цоо шинэ технологи.