Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бүтээгч багана DNN.mn

“Бүтээгч багана” гэж нэрлэгдсэн энэхүү зүйл нь үнэндээ дэлхийгээс 6500 гэрлийн жилийн зайд орших Могойн одны ордны устөрөгчийн хий, сансар огторгуйн тоос бүхий хүйтэн, өтгөн үүлс юм. Энэ үүлний зургийг урд нь Хаббл зэрэг хүчирхэг дуран 1995, 2014 онд хоёр удааавч байсан.Харин энэ удаа сансрын “Жеймс Уэбб” дуран авай бидэнд гайхалтай тодорхой зураг илгээсэн байна.Энэхүү “Баганууд” нь одон орон судлаачид “Messier 16” (M16) буюу “Бүргэдийн мананцар” гэж нэрлэдэг зүйлийн төвд байдаг. Энэ бол шинээр одод үүсч буйбүс юм.

Г.АМАРСАНАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хурал хийгээд хөгждөг бол Монгол хол тасрах байлаа DNN.mn

Манай улс шиг үргэлж салбар салбараараа, эсвэл бүр нийтийг хамарсан хурал чуулган хийдэг улс орон ховорхон байх. Манай ард түмэн хэлэхээс илүү хийх нь чухал гэж ярьдаг ч хэлсээр л, хуралдсаар л. Эсрэгээрээ хийж байгаа зүйлс хомс. Бөөн зардал гаргаж хийсэн хурлаараа хэлэлцсэн асуудлаа ажил хэрэг болгодоггүй. Гэсэн хэдий ч ахин дахин хуралдсаар л байдаг. Тухайлбал, өчигдөр Монголын албаны нохойн анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Хүнийхээ асуудлыг яриад хуралддаг ч шийдэж чаддаггүй байсан бол одоо бүр албаны нохдод зориулсан анхдугаар чуулган зохион байгууллаа. Анхдугаар гэхийг бодоход энэ чуулган бусад чуулганы адил цааш үргэлжлэн зохион байгуулагдах нь.

Ер нь манай улс хэзээнээс ингэж их хурал хийдэг болчихов оо. 2003 онд л лав ийм байж. Тухайн үед манай улсад АНУ-аас сууж байсан Элчин сайд Жон Дингер “Монгол шиг ингэж их хурал, семинар хийдэг улсыг би хаана ч үзээгүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байж. Түүний энэхүү ярилцлага бүхий сонингийн зураг саяхан цахим орчинд олны анхаарлыг татаад өнгөрлөө. Үүнээс харвал манай улс хурал, семинар их хийдгээрээ олон улсад гайхагдаад 20 жил болж байгаа юм байна. Хуралддаг, хэлэлцдэгээрээ бол Монгол Улсын хөгжил хол тасрах байлаа. Гэвч улс ч хөгжсөнгүй, хурлын тоо ч цөөрсөнгүй. Хурал, семинар, чуулга уулзалтад зарцуулах мөнгөний тоо л өссөөр байна. Хурал бүрийн ард татвар төлөгчдийн мөнгө их, бага хэмжээгээр урсаж буй. Хурал нэрийн дор төсвийн мөнгийг хий дэмий урсгасаар байдгаа хэзээ болих вэ. Хуралдаж бус хийж бүтээж үзүүлэхсэн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Санаа ижил нэгэнтэйгээ хөөрөлдөх нь тавлаг агаад тансаг DNN.mn

Ажил, амьдралын шаардлагаар заримдаа, хааяа нэг, өдөр бүр ч байж магадгүй яриа таарахгүй, бодол зөрүүтэй, санааг нь яаж ийгээд хүлээж авах гэхээр тархинд үл наалдах хөөрөлдөөн бүхий хүнтэй таарч л байсан биз дээ. Босоод явчихмаар. Тэр хөөрөгдөгч дангаараа ярьдаг, зөвхөн өөрийнхөө зорилго, сонирхлоор өрөөлийг сонсохгүй бурдаг нэгэн байвал за бүр ч дуусаа.

Тийм үед тэр нэгэнтэй дахиж яриа өрнүүлэх хэрэггүй юм байна гэдэг ухагдахуун үлдээд л хоцордог байх.

Харин үзэл бодол ижил, өрөөлийг сонсоод өөрийнхөө санааг зөв ойлгуулах гэж хичээдэг, ярьж буй сэдэв нь танд ч, түүнд ч бас таашаалтай байх ахуйд тэр хөөрөлдөөн тансаг агаад тавлаг.

Нас нэлээн зөрүүтэй хоёр яруу найрагч дундаа ганц юм тавьчихаад ярилцаж байхыг харсан юм. Хавь ойр байгаа хүмүүс, орчлон тэдэнд дэндүү багадаж, онгод юу нь дэлгэрсэн тэр хоёр бие биеэ хөөргөөд хорвоо зөвхөн яруу найргийн хөгөнд гэгээрч амьдардаг гэх шахуу яриа өрнүүлэн байхыг хараад ийм л үед хөөрөлдөөн утга учиртай буюу гэх бодол бууж билээ. Үүнтэй адил гал гарч утаа маналзсан тэмцээн үзээд дараа нь өөртэйгөө адил нэгэнтэй тэр тулааны талаар ярилцаад маргалдаад суухад хугацаа хэрхэн өнгөрснийг үл анзаарахуйц жирэлзсэн байх. Тавлаг шүү.

Д.Бат-Эрдэнэ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Х.Нямбаатараас өөр хүүхдүүд хүлээн авч уулзсан Хууль зүйн сайд байхгүй DNN.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хувьд нөлөөллийн маш сайн ажлыг сая хийлээ. Хэд хоногийн өмнө 48 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын зодооны асуудлыг “Өдрийн сонин” сурвалжлан мэдээлж шуугиан болсон. Үүнийг Х.Нямбаатар холуур өнгөрөөсөнгүй. Тэдгээр хүүхдүүдийг, эцэг эхчүүдийнх нь хамт, багш нарын төлөөлөлтэй нь хүлээн авч уулзсан нь болдог л нэг уулзалт байсангүй. Монголын Хууль зүйн сайдуудаас анх удаа хүүхдүүдийг биечлэн хүлээн авч “Юу хийж болохгүй“ талаас нь хэлж зөвлөсөн үйл явдал болов.

Хамгийн чухал нь тэдгээр хүүхдүүдийн хувьд амьдралдаа анх удаа уулзсан хамгийн том дарга нь байх. Энэ бол Хууль зүйн сайдын хувьд онцгой нөлөөлөл. Мөн тэдэнд алдааг нь биечлэн хэлж өгсөн анхны сайд байх. Тэгэхээр “Зөв байгаарай, сайн иргэд болоорой” гэсэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын үг хүүхэд бүрийн сэтгэлд насан туршид нь хадгалагдана. Ер нь бол тэгдэг юм. Энэ л сайн. Жишээ нь, миний хувьд амьдралдаа анх удаа хамгийн том даргатай уулзсан, үгийг нь сонссон түүх бол 1996 оны сонгуулиар С.Зоригтой хамт Дорнод руу онгоцоор ниссэн бороотой өдөр юм. Түүний сурталчилгааны хэдэн хуудсыг тас тэвэрчихсэн, хөдөөний хүүхэд, суудал зэрэгцэн бээвийж явсансан. Тэрээр “За Алтангэрэлийн дүү минь, наадуулаа хариуцаж явах нь. Онгоцны буудал дээр биднийг тосно оо” гэж хэлэнгээ хойд талд суусан намхан шар ах руу хандаж “Дэмбэрэлтэй ярилцав уу, би харж амжихгүй нь, өөрсдөө мэдээд шийд…” гэж түс тас хэлсэн үг санаанд тод үлджээ. Дэмбэрэл гэдэг нь тухайн үеийн Зах зээлийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл /УИХ-ын гишүүн асан Самбуугийн Дэмбэрэл/. Намхан шар ах нь УБХ-ын гишүүн асан, Женко группийн анхны захирал Д.Баярцэнгэл ах байсан юм билээ. “Өөрсдөө мэдээд шийд” гэсэн үг одоо томчуудын амнаас гарахаа больсон байх өө. “Өөрөөсөө өөр хүнд итгэж болохгүй” гэдэг цаг үе ирчихсэн болохоор. Ингэж л хүүхэд байхад анх удаа уулзсан том даргын үг сэтгэлд дурайтал үлддэг юм даа.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэтхэг шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилтыг амжилттай явуулснаа мэдэгдлээ DNN.mn

Энэтхэг улс шумбагч онгоцноос тив хоорондны баллистик пуужин харваж туршина  – updown.mn

Энэтхэг улс өөрийн зохион бүтээсэн анхны цөмийн хөдөлгүүртэй “INS Arihant” шумбагч хөлөг онгоцоос баллистик пуужин харвах туршилтыг амжилттай явуулж, батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.

Энэхүү баллистик пуужин харвах туршилтаар хөлгийн багийн ур чадвар болон тус улсын цөмийн зэвсгийн цохилтоос урьдчилсан сэргийлэх чадавхийг нэмэгдүүлсэн гэж яамнаас хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Бенгалын буланд хийсэн туршилтаар зэвсгийн системийн ажиллагаа болон технологийн бүх үзүүлэлтүүд батлагдсан гэв. Энэтхэг улс нь Хятад, Франц, ОХУ, Их Британи, АНУ-ын зэрэгцээ баллистик пуужингаар зэвсэглэсэн цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцтой зургаа дахь орон болж байна гэж орон нутгийн “Times of India” сонин мэдээлжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Санжей Гуптагийн “Дэлхийн дайн Ковид” DNN.mn

Энэ ном “ковид-19” цар тахлын сургамж ба дараагийн цар тахалд хэрхэн бэлтгэх вэ гэсэн давхар цагаан гарчигтай юм. Номыг зохиогч нь СНН сувгийн анагаах ухааны тэргүүлэх сурвалжлагч анагаах ухааны доктор хүн гэнэ.Тэрбээр тархины мэс засалч бөгөөд цар тахлын эсрэг хийж байгаа тэмцлийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа сурвалжлагч аж. Зоорины давхраа студи болгон засаж оргил цаг бүрт тахлын мэдээ мэдээллийг өдөр алгасахгүй хүргэж байжээ.Түүний зөвлөгөөнүүд олон америк хүнд амьдралд итгэх итгэл төрүүлж, тахлыг даван туулах урам зориг өгсөн гэнэ.

Зохиолч номондоо анх тахал дэгдсэн мэдээлэл авсан болон эх үүсвэр нь тодорхойгүй хатгаа Ухань хотод дэгдсэн талаар яриа гарахад тэрбээр огт тоогоогүй тухайгаа өгүүлжээ. Гэвч энэ өвчин хүнээс хүнд халдаж эхэлсэн, дээрээс нь Хятадын Засгын газрын бүрхэг мэдээ зэрэг нь түгшүүрийн харангыг улам дэлдсээр байлаа. Гэвч энэ бүгд ийм хурдан өрнөж цаг үе ингэж өөрчлөгдөнө гэдгийг мэдээгүй. Ердөө хэдхэн сарын дараа жигтэйхэн хурдан халдварладаг энэ вирус дэлхий даяар тархаж олон сая хүн халдварлан, уг тахлыг туссан хүн амьдралынхаа сүүлчийн мөчийг хайртай дотны хүмүүсээсээ тусгаарлагдан ганцаардсаар үхнэ гэж мэдээгүй гэж бичсэн байна. Засгийн газрууд тахлын өөдөөс барих юу ч байгаагүй бөгөөд ямар ч зохион байгуулалт авч чадалгүй паниканд орцгоожээ. Өвчлөл, үхэл хөгжингүй баян тарган орнуудад өндөр байсан бөгөөд үхлийн тоо нь ядуу буурай орнуудаас хавьгүй илүү гарч байсан нь тэдгээр засгийн газруудыг аргаа барахад хүргэжээ. Вирус бол амьд биш бөгөөд яг л ургамал шиг өсч үржиж байдаг эд гэнэ. Таатай нөхцөл бий болмогц бүр таагүй нөхцөлд ч хамаагүй өөрийгөө өөрчлөн өсч үржих нь л тэдний зорилго аж. Үржихийн тулд хүнээс хүнд дамждаг болж өөрчлөгдөх бол вируст том зүйл биш. Өөрчлөгдөхийг нь мутаци гэж нэрлээд байгаа аж. Эхний үед вирус маш догшин байсан ч энэ нь вируст сайн зүйл биш бөгөөд яагаад гэвэл өөрийн амьдрах орчноо сөнөөгөөд байвал цаашид яахан үргэлжлэн өсч үржих билээ. Ингээд вирусийн өөрийн тээгчээ үхүүлдэггүй мутаци нь өсч үржиж эхэлжээ. Энэ нь бидэнд үхэл их байснаа сүүлдээ арай гайгүй, үхэл цөөрч байгаагаар мэдэгдэж байдаг. Вирусийг дарах ганц арга бол вакцин өөр юу ч биш шүү гэж энэ хүн хэлж байна. Вакцины эрсдэл 1000000-д нэг байдаг аж Тэгвэл гэртэй сууж байтал онгоц унаж ирээд дарж алах эрсдэл 250000-д нэг байна. Вакцинаас болж ингэж байна, тэгж байна гэдэг яриаг сонсвол та хаанаас энэ мэдээллийг авсан бэ гэж асуу гэж байна. Албан ёсоор хаана ч ийм хариу байхгүй гэж байна. Эрдэм шинжилгээний байгууллагаас ийм хариу одоо хүртэл гараагүй гэнэ. Дандаа дам бас худал мэдээ л байдаг аж. Энэ ковидын вирус их ухаалаг бүр хэтэрхий гэмээр ухаалаг байгаа нь сэжигтэй гэж эрдэмтэд үздэг байна. Уг нь аль далаад онд ковидын вирусийг Хятадын агуйгаас олоод судалж байжээ. Тэр үед судалж байсан вирусийн суурь шугам нь яг одооны ковидтой маш адилхан аж. Дотор бол ковидын вирус масктай ч хол ч, ойр ч адилхан аюултай аж. Дархлаа сайжруулагч бодис гэж энэ дэлхий дээр байдаггүй, сайн хоол стрессгүй байх, сайн нойр, дасгал хөдөлгөөн л дархлааг дэмждэг. Хөдөл, унтаж амар хорт хавдраас урдьчилан сэргийлэх үзлэгт ор, дархлаагаа дэмж. Энэ тахал байн байн дэгдэж болзошгүй, тиймээс вакцины давтан тун байн байн хийдэг болж магадгүй. Эмнэлэг одоо энэ тахлыг эмчилж сурсан тул эмчийн заавар зөвлөгөөг ягштал бариад явахад асуудалгүй болсон аж. Нянтай хамт амьдарч сурах хэрэгтэй. Нянтай хамтарч амьдарснаар дархлаа улам хүчирхэг болно. Тэд тэмцэж таньж сурна. Яагаад хөгжингүй орнууд илүү үхэлтэй байсан бэ гэвэл хэт цэвэр цэмцгэр байдал дархлааг сулруулж тэмцэх чадваргүй болгосон гэсэн таамаг байдаг аж. Ковид эдгэсний дараа 1-6 сарын дотор нас барах эрсдэл тусаагүй хүнээс 60 хувиар өндөр байгаа. Энэ нь архаг өвчин болж магадгүйг харуулж байна гэжээ.Гэвч шинжлэх ухаан хэзээд ялдаг, бид ялж гарна хэмээн бичжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ийм нэг хэрэгтэй үйлчилгээ нээгээч DNN.mn

Айл бүрт цоо шинээрээ, эсвэл ганц нэг удаа л хэрэглэсэн шинэ шахуу зүйлүүд бишгүй их байдаг. Төрөл бүрийн гутал хувцаснаас гадна үнэтэй гоёл чимэглэл, номын цуглуулга, дурангийн хөл, аппарат, гар утас, байгалийн фото альбомууд гээд тоймгүй их юм байдаг. Эдгээрийг хаях хэцүү, сонирхдог хүнийг нь олж бэлэглэх ч явдал суудал ихтэй.

Басчиг чамгүй үнэ өртөг шингэсэн, тэгээд шинээрээ байгаа болохоор гэртээ хадгалаад байдаг. Ийм бараа бүтээгдэхүүнийг дуудлага худалдаагаар зарж борлуулдаг агентууд бий болоосой. Жишээ нь, Японы ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг агентуудын зарим нь захиалга өгсөн үйлчлүүлэгчийнхээ гэрт өөрсдөө ирээд зарах зүйлийг нь боож баглаад авч явдаг. Тэдний бүх зүйл нь ойнлайнаар ил тод зарлагдана. Дуудлага худалдаанд төдөн хүн оролцсон, тэдэн төгрөгөөр зарагдсан. Үйлчилгээний хөлс нь ийм болсон, танд ийм мөнгө оногдох нь гээд тов тодорхой.

Эсвэл та дуудлага худалдаагаар зарах зүйлээ агентуудад өөрөө боож баглаад хүргэж өгч болно. Энэ тохиолдолд шимтгэл нь арай хямд гэх мэтээр үйлчилгээ нь өөр өөр байдаг. Ийм нэг хэрэгтэй үйлчилгээг манайд нээгээд тогтмол ажиллуулаад эхэлбэл хаана хаана тустай юм. Зарим нь дэлгүүрээс үнэтэй авах зүйлээ хавьгүй хямд төсөр худалдан авах бол зарим нь өөрт байгаа илүү бараагаа зарж, санаа амарна. Интернэт, ойнлайн үйлчилгээ эрэлттэй болсон энэ цагт хийхэд боломжийн л ажил санагдах юм.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Япончууд сансарт хөөргөсөн пуужиндаа “өөрийгөө устгах” заавар өгчээ DNN.mn

Япон шинэ зөөгч пуужин танилцуулжээ

Өнөөдөр сансарт хөөргөсөн нисгэгчгүй пуужин нь цааш аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болж, газарт унах аюул үүссэн тул “өөрийгөө устгах” заавар өгсөн тухай Японы сансар судлалын байгууллага JAXA мэдээлжээ.

Гурван үе шаттай хөөрдөг Epsilon нэртэй энэ пуужин дэлхийн тойрог замд хэд хэдэн хиймэл дагуул байрлуулах зорилготой байсан юм.

“Пуужин нислэгээ хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсноор газарт унах аюул үүслээ. Тиймээс бид болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс өөрийгөө устгах дохиог пуужин руу илгээсэн” гэж JAXA-гийн албаны хүн мэдээлжээ.

Япон улсын пуужин амжилтгүй хөөрсөн явдал хамгийн сүүлд 2003 онд тохиож байсныг NHK болон бусад хэвлэлүүд мэдээлж байна.

JAXA хатуу түлштэй Epsilon пуужинг 2013 оноос хойш ашиглаж эхэлжээ. Epsilon-ий өмнөх “M-5” загварын пуужин хэтэрхий өндөр зардалтай болсон тул 2006 онд ашиглалтаас гаргаж байсан юм.

Эх сурвалж: AFP

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Бөөстэй гэж анги хэсүүлснээр миний амьдралыг тэр чигт нь балласан” DNN.mn

Эгэл жирийн хүмүүсийн хэлсэн үг сэтгэлд хадаатай явах нь бий. Тэр жил Завханы нэгэн суманд жирийн малчин эмэгтэйтэй уулзаж байлаа. Номонд хайртай, хоймрынхоо авдрын хажууд цаасан хайрцагтай ном хураачихсан айл байсан сан. “Одоогийн хүмүүс хуучны нийгэм мөн сайхан байжээ гэх юм. Мэдээж сайхан нь байлгүй яахав. Харин миний хувьд ёстой нэг ёрын нийгэм байсан гэж хэлэх байна. Би чинь хичээл номдоо сурлагатай, холын мөрөөдөлтэй, юм юманд тэмүүлсэн идэвхтэй хүүхэд байлаа.

Аав ээжээсээ хол байрны хүүхдээс бөөс гарсан юм биз дээ. Багш нар маань бөөстэй хүүхэд гээд анги хэсүүлдэг юм. Сургууль даяараа шившиг боллоо. Ангийнхныхаа, эргэн тойрны хүүхдүүдийн нүүр харна гэхээс халуу оргиод. Аргагүйн эрхэнд дунд ангиасаа сургуулиасаа гарсан. Ингээд л миний амьдрал ганц бөөснөөс болж орвонгоороо эргэсэн дээ” гэв.

Эл эмэгтэй шиг хичнээн хүн сэтгэл санаа, хувь заяагаараа хохирсон бол гэж бодогддог. Хүний бүсгүй үрийг, алган дээр нь бөөсийг нь бариулаад анги хэсүүлж, “бөөстэй хүүхэд” хэмээн бүгдэд зарлаж явсан гэхээр үнэндээ харгис нийгэм. “Хүний эрхийг дээдэлсэн энэ нийгэмд төрөх минь яалаа гэж бодох үе бий. Тэгсэн бол ингээд уулын мухар сахиж суухгүй байх байсан” гэж гол харламаар хэлсэн. Тухайн үед мал дээр гарчихаад намайг бөөстэй нь анги хэсүүлсэн багш нараа үзэн яддаг байлаа. Дараа нь юмны наад цаадахыг ойлгохтойгоо болоод хүний эрх, нэр төр, ариун гэгээн бүхнийг булшилсан нийгмийг үзэн яддаг болсон гэв.

“Монголчууд бид чинь тэгтлээ яр янхандаа идэгдсэн ард түмэн байгаагүй. Оросууд л бодлогоор хийсэн, биднийг зах замбараагүй, муу муухай гэж дэлхийд харуулах гэж яр тэмбүүг зориудаар тараасан” хэмээн Д.Дашпүрэв докторын хэлснийг дээрх эмэгтэйн “бөөс”-тэй уялдуулан бодлоо.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Дэлхийг сансрын аюулаас аврах туршилт амжилттай болсныг NASA зарлалаа DNN.mn

La NASA partage sa vision (fascinante) du voyage spatial de demain

АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA хүн төрөлхтний түүхэнд анхных нь болох астероидын мөргөлтөөс дэлхийг хамгаалах туршилт амжилттай болсныг өчигдөр зарлажээ.

Есдүгээр сарын 26-ны өдөр тус байгууллагын DART (Double Asteroid Redirection Test) хөлөг Диморфос астероидыг мөргөж, хөдөлгөөний чиглэлийг нь өөрчлөх туршилтыг гүйцэтгэсэн юм.

Дэлхийгээс 11 сая километрийн зайтай оршдог Диморфос нь хос астероидын системийн нэг хэсэг бөгөөд өөрөөсөө том Дидимос астероидыг тойрон эргэж байдаг.

Мөргөлтийн үр дүнд Диморфос өмнөхөөсөө жижиг тойрог замд шилжиж, Дидимос астероидыг илүү хурдтай тойрон эргэлддэг болсныг NASA мэдээлжээ.

“DART хөлөг Диморфосын Дидимосыг нэг бүтэн тойрох хугацааг 11 цаг 55 минутаас 11 цаг 23 минут болгож богиносголоо” гэж NASA-гийн захирал Билл Нелсон мэдэгдсэн байна.

Энэ 32 минут нь NASA-гийн тооцоолж байсан 10 минутаас хол давсан үр дүн болжээ.

“NASA энэ гарагийн хамгаалагч болох боломжтойг бид дэлхий дахинд харуулж чадлаа” гэж Нелсон хэлсэн байна.

Диморфос, Дидимосын хослол нь нарыг 2.1 жил тутамд нэг бүтэн тойрдог, дэлхийд шууд аюул учруулаагүй биетүүд юм.

Гэхдээ дэлхийг сансрын биет мөргөхөөс хамгаалах “кинетик нөлөө”-ний туршилтыг гүйцэтгэхэд төгс зохицох астероидууд ажээ.

160 метр өргөн буюу Египетийн аварга пирамидын хэмжээтэй, өндөг хэлбэртэй Диморфос астероидыг энгийн хөргөгчийн хэмжээтэй DART хөлөг цагт 23,500 км-ийн хурдаар мөргөж, хөдөлгөөнд нь өөрчлөлт оруулж чадсан юм.

Тухайн үед мөргөлтийг дэлхийгээс болон сансрын гүнээс телескопуудаар ажиглаж байсан ч туршилтын үр дүнг тооцоолж гаргахад хоёр долоо хоног орчим хугацаа зарцуулжээ.

Нарны системд олон тэрбум астероид, солир зэрэг биетүүд тэнүүчилж байдаг. Гэхдээ ойрын зуун жилийн хугацаанд тэдний аль нь ч дэлхийд аюул учруулахгүй гэж судлаачид үздэг байна.

Гэвч алс хэтдээ ийм аюул учрах магадлал өндөр хэвээр байгаа. Хамгийн сүүлд 66 сая жилийн өмнө 9.6 км өргөнтэй астероид дэлхийтэй мөргөлдөхөд үлэг гүрвэлийн ертөнц, тухайн үед байсан бүх амьтны төрөл зүйлийн 75 хувьтай хамт сүйрсэн гэж үздэг.

Диморфосын хэмжээтэй астероид дэлхийтэй мөргөлдвөл зөвхөн бүс нутгийн хүрээний гамшиг үүсгэх юм байна.

Сансрын биетэд “кинетик нөлөө” үзүүлэх нь дэлхийг хамгаалах олон аргуудын зөвхөн нэг нь боловч одоогийн технологийн хөгжлийн түвшинд хүн төрөлхтний хийж чадах цорын ганц арга юм.

Өөр нэг ирээдүйтэй арга нь астероидыг дэлхийгээс хангалттай алс байхад нь цөмийн бөмбөгөөр устгах буюу чиглэлийг нь өөрчлөх юм байна.

Эх сурвалж: AFP