Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сансраас эрчим хүч авах туршилт хийжээ DNN.mn

Европын сансарын агентлагийн (ESA) мэргэжилтнүүд нарны эрчим хүчийг шууд сансраас авах технологийн туршилт хийжээ. Уг технологийг Германы Мюнхен хотын “Airbus X-Works” хэмээх инновацийн төвд туршсан байна. Энэ нь богино долгионы туяаны тусламжтайгаар нарны эрчим хүчийг 36 метрийн зайтай хоёр цэгийн хооронд дамжуулжсан гэсэн үг юм. Тэд авсан эрчим хүчээрээ хотын жижиг макетыг гэрэлтүүлж, цугласан хүмүүсийг дайлах алкоголгүй шар айргийг хөргөжээ.

Ирээдүйд энэхүү эрчим хүчийг аж үйлдвэрт ашиглах боломжтой болох аж. Нарны гэрлийг цуглуулан эрчим хүчний системд дамжуулах хиймэл дагуулууд цуглуулсан гэрлээ богино долгион болгож хувирган газрын хүлээн авагч станцуудад дамжуулах юм байна. Хиймэл дагуулууд нь атомын цахилгаан станцын гаргадаг шиг эрчим хүч гаргахын тулд хэдэн км-ын урт байх гэнэ.



Г.АМАРСАНАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дархлаагаа хэрхэн дэмжих вэ? DNN.mn

Хүйтний ам наашилсан эдгээр өдрүүдэд хүүхэд багачууд төдийгүй насанд хүрсэн иргэд ч ханиад хүрэх асуудал ихээр гарч байна. Эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй хүүхдийн тасагт ор олдохгүй байгаа тухай хүмүүс цахим орчинд мэдээлж байна.

Тиймээс хүмүүст дархлаагаа хэрхэн дэмжих талаарх бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

  • Стрессээс сэргийлж, сэтгэл зүйн дархлаагаа дэмжих,
  • Шингэн зүйл уух (хоногт 2000мл, цагт 150-200мл буцалсан бүлээн ус, шингэн хярам цай уух)
  • Амин дэмээр баялаг хоол тогтмол цагт идэх (шим тэжээлийн зохистой байдалд анхаарч, хөнгөн амархан шингэх мах, гурил будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, өдөрт дор хаяж 2-3 удаа халуун хоол идэх)
  • Тамхи хэрэглэхгүй байх
  • Тогтмол дасгал хийх (долоо хоногт гурван удаа, тасралтгүй 30 минут, дасгал хийх)
  • Сайн унтаж амрах (шөнөдөө багадаа зургаан цаг унтаж амарч байх)

Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биен дэх ашигтай бактерийн тоо өндөр байх тусам биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах гэх мэт үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг байна. Ашигтай бактерийн тоо толгойг олшруулдаг хоол нь эслэг бүтээгдэхүүн. Тухайлбал, тараг, айраг, хоормогоос эслэг авч болно. Та эдгээр аргуудыг тогтмол хэрэгжүүлснээр дархлаагаа дэмжиж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ элдэв өвчнөөс сэргийлэх болно.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Финландад архины донтолтын эсрэг бугуйвч бүтээжээ DNN.mn

Финландын Аалто их сургуулийн эрдэмтэд архины донтолтын эсрэг “Hento Touch” бугуйвч бүтээжээ.

“Ruetir” хэвлэлд мэдээлснээр, “Hento Touch” бугуйвчийг зүүснээр арьсанд зөөлөн хүрч, илж байгаа мэдрэмж авдаг ба ингэснээр дофамин, окситоцин гэх даавар ялгардаг байна. Эдгээр даавар нь хүний стрессийн түвшнийг бууруулдаг байна. Аалто их сургуулийн эрдэмтэд стресс нь архинд донтуулах гол шалтгааны нэг гэж үзэж байна. Эл бүтээл нь хүнийг орлох бус тархины тодорхой хэсгийг механик аргаар идэвхжүүлэх зорилготой. “Hento Touch” бугуйвч удахгүй худалдаан гарах гэнэ.

Эрдэмтэд “Hento Touch” бугуйвчийг зөвхөн архины төдийгүй тоглоомын донтолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжийг давхар судалж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Б.Болор-Эрдэнийн хандлага… DNN.mn

Хүн бодсон бодол бүхнээ гадагш ярьдаг бол амьтны ад болоод дуусна. Бодож болно, ярьж болохгүй. Тийм л юм сая болох шиг боллоо. Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ залуу улстөрч. Гадаадад боловсрол эзэмшсэн, төлөвшил нь гадна ертөнцөд явагдсан шинэ үеийн төлөөлөл. Тийм болохоор Монголтойгоо их зөрчилддөг бололтой. Өмнөх үйлдлүүд, үг ярианаас нь анзаарагддаг. Ийм шинэ үеийнхнийхээ үзэл бодлыг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хүндэтгэлтэй, хүлээцтэйгээр юу хэлчих вэ гэж эхлээд бодож тунгааж байх цаг үе. Дэлхийн шинэ үеийнхнийг бид магадгүй өнөөдрийн Обуна буюу Б.Болор-Эрдэнээр төлөөлүүлэн харж байж болно.

Обуна хэлсэн үгэндээ мушгиулан шидүүлж байна. Улс төрийн орчин өөрөө ийм. Түүний олон улсын хурал дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь сонсвол өмнөх үеэ доромжилсон утга санаа байхгүй юм билээ. Харин хэн нэгэн этгээд улс төрийн зорилгоор ашиглая гэвэл хангалттай. Ашиглаж ч чадлаа. Нийгэм рүү зорилготой шидсэн, сэвэх хэсэг нь бэлэн байсан. Цаанаа ямар зорилготойг мэдэхгүй нийгмийн сэтгэл зүй зүхэхэд бэлэн байж байдаг. Тэгээд зүхэцгээсэн. Маш товчхондоо энэ. Энэ бүгдийг мэддэг сэтгүүлчийн зүгээс Б.Болор-Эрдэнийн үзэл бодлыг дэмжиж, дайрч доромжлогсдоос түүнийг өмгөөлөн маргааш нь нийтлэл бичсэн. Гарчиг нь “Сингапурын ерөнхийлөгч асан Ли Куан Ю “Сэтгэлгээ хөгжилд саад боллоо” гэхэд магтдаг, Б.Болор-Эрдэнийг болохоор зүхдэг нь ямар учиртай юм бэ” гэж бичсэн сэтгүүлч рүү маань Б.Болор-Эрдэнийн зүгээс маргааш нь ирсэн хариу бол “Миний хэлсэн үгийг орчуулаад тавьчих чадвартай ганц сэтгүүлч Монголд байхгүй, та нартай юу ярихав дээ” гэсэн хариулт. Энэ бол түүний хандлага…

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР. “Шинэ жилдэх” гэж буй хамт олныг битгий шүүмжлээрэй! DNN.mn

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айсуй. Он гарахад ердөө 52 хоног л үлдэж. Энэ тоо 30 руу багасаад ирэхээр энд тэнд байгууллагуудын шинэ жил өдөр шөнийг алгасалгүй болдог уламжлал тогтоод удаж байна.

Ерөөсөө гэр бүлийн гишүүн бүр энэ мэтээр ямар нэгэн салбарын шинэ жилд орж л таарна. Тиймээс эртнээс ажил төрлөө зохицуулах, гэр бүлийн гишүүн тус бүрийн үүргийг ёолкдох өдөртэйгөө уялдуулж, төлөвлөгөө гаргаж ажиллахыг өрхийн тэргүүн үүрэг болгож, гүйцэтгэх засаглал буюу ээж төсвийг нь баталж өгнө байх. Гэр бүл дэх шинэ жилийн хуваарь нэг иймэрхүү. Энэ мэт хамт олон, албан газрын шинэ жил хэдийнэ эхэлчихсэн байна, цаагуур чинь. Энэхүү үзэгдэл нь нийгэмд өдөр ирэх тусам улам тод, улам илэрхий болж ирэхээр зарим хүмүүст ядаргаатай санагдаж эхэлнэ. Улмаар өөрөө түрүүлж “Шинэ жилдчихсэн” мөртлөө бусдын үйлдэл төвөгтэй санагдаж, сошиалаар элдэв бусаар нь харааж, ерөөж шүүмжилнэ. Интернэт, сошиал, цахим сүлжээг ганц ашиглаж сурсан монголчуудын зан шүү дээ.

За тэр ч яах вэ, энэхүү шүүмжлэл олшроод ирэхээр нийгмийн нэг гаж үзэгдэл, буруу хандлага мэтээр ойлгож эхэлнэ, нөгөө шинэ жилийг чинь. Улмаар шашинтай холбоно, манайх, танайх гэж ялгана, архи дарс боллоо, шинэ жилээс л болж улс орон сүйрлээ гэдэг рүүгээ ч орно. Зарим нэг нь бусдаасаа дутчих гээд, зоригтой шүүмжилчихье гэхээр бас нэг муу нэрээ бодосхийнгээ хөнгөхөн хорлочих аястай “Ер нь бид цагаан сараа л сайхан хийчихэд л болно” гэх маягийн шүүмжлэл постлоод сэтгэл нь амарна. Иймэрхүү шүүмжлэл сошиалаар төд удалгүй л үзэгдэж эхэлнэ, та минь, харж л байгаарай. Тиймээс эртнээс хэдүүлээ хэрсүү байя гэдэг шиг шүүмжлэл, их галын өөдөөс эсэргүүцэх хамгаалалтуудаа авч эхэлсэн нь дээр. Болж өгвөл төрийн албаныхны шинэ жилийг хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын шинэ жилийн дараа зохион байгуулах журам гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол эхлээд төр нь ёолкодчихвол нөгөөх айхавтар шүүмжлэл чинь ёолкдоогүй байгаа хувийн хэвшлийнхнийг баллаж орхино. Тиймээс юм бүхэндээ зөв чиг шугамаа барьж, доороо суурьтай, дотроо бодолтой явахгүй бол болохгүй шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Асуудал байгаа бол өнөөдөр надтай ярилц, тэгвэл би маргааш чиний оршуулган дээр уйлахгүй DNN.mn

Тулааны урлагийн алдартай нэгэн тамирчин чухал тэмцээнийх нь өмнө дотны найз нь амиа хорлосон уйтай мэдээг сонсчээ. Тамирчин залуу тэмцээндээ ороод ялалт байгуулсныхаа дараа найздаа болон үзэгчдэд хандан ийн хэлсэн гэдэг. “Чамд асуудал байгаа бол өнөөдөр ирээд надтай ярилцах байсан юм. Тэгсэн бол маргааш би чиний оршуулган дээр уйлахгүй байлаа” гэсэн агуулгатай үгс.

Манай улсад 10.000 хүн тутамд амиа хорлолт эмэгтэйчүүдийн дунд зургаа байдаг бол эрчүүдийнх 30.6 байдаг гэсэн судалгаа бий. Монгол эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд SOS зарлах хэмжээнд хүрсэн бодит тоо ерөөсөө энэ. Алдартай тамирчны хэлснээр амиа хорлох хэмжээнд хүрэх эрчүүдийн сэтгэл гутралыг давах гол арга бол асуудлаа хэн нэгэнтэй ярилц гэсэн санаа юм. Сэтгэл зүйчид ч ингэж тайлбарладаг, зөвлөдөг. Хүн бүрд асуудал бий. Эмэгтэйчүүд хэн нэгэнтэй хуваалцаж, асуудлаа шийдвэрлэн сэтгэлээ тайтгаруулж чаддаг бол эрчүүд хуримтлуулсаар байдаг. Энэ л хамгийн аюултай. Эцсийн шийдэл амиа хорлолт гэж өөртөө итгүүлдэг.

Тиймээс эр хүн та маргааш дотны хүмүүсээ оршуулгандаа “урихгүйн” тулд өнөөдөр хэн нэгэнтэй асуудлаа заавал хуваалцаарай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Өглөөний ундыг хүүхдэдээ заавал уулгаарай DNN.mn

Өсвөр насны хүүхдүүдийн дунд цөсний өвчлөл түгээмэл байгаа талаар оройн мэдээгээр ярьж байхыг нэг биш удаа сонслоо. Тэр дундаа хүүхдийн цөс өтгөрөх, чулуужих тохиолдол дэлгэрээд байгааг онцолж байх юм.

Тэгвэл анагаах ухааны доктор А.Оюунгэрэл эмч үүнд ач холбогдолтой зөвлөгөө ярьсныг энд онцолъё. Хүүхдийг өглөө сэрсэн даруйд нь бүлээн ус уулгах хэрэгтэй гэнэ. Ингэснээр хүүхдийн дотор эрхтэн сэрдэг байна. Хамгийн чухал нь сэрсэн ходоодыг хоосон ажиллуулж болдоггүй юм байна. Өглөө унд уугаагүй хүүхдийн анхаарал төвлөрөлт сул, хичээлээ ойлгодоггүйн хажуугаар эрч хүчгүй байдгийг судалгаагаар тогтоожээ. Иймээс хүүхдэд ус уулгасны дараа сүү, каш, цагаан будаа, бор гурил, зутан зэрэг хүнс хэрэглүүлэх хэрэгтэй аж. Ингэснээр олон төрлийн өвчнөөс сэргийлдэг талаар А.Оюунгэрэл эмч зөвлөсөн байна.

Тодруулбал, өглөө унд уухгүй хоосон ходоодтой гарснаар цөсний хүүдийд шингэн удаан хуримтлагдаж, цөсний өтгөрөлт явагддаг гэнэ. Энэ нь цаашлаад цөсний чулуу үүсэх, цөсний хүүдийд үрэвсэл бий болгодгийг хүүхдийн эмч нар анхааруулжээ. Өглөөдөө хүүхдийнхээ алгын чинээ ходоодны талыг нь л илчлэг хүнсээр дүүргээд явуулахад ходоод, цөсний эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ. Өглөө хүүхдэдээ цай уулгахын хажуугаар өөрөө ч унд уугаад босох нь эрүүл мэндэд тань тустай. Цайны ширээний ар дахь яриа ч дулаахан, эерэг байдаг шүү дээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Маргааш сар бүтэн хиртэнэ DNN.mn

Нар, дэлхий, сар гурав нэг шугамд зэрэгцэн сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орох үзэгдлийг сарны бүтэн хиртэлт хэмээн нэрлэдэг билээ. Сар бүтэн хиртэх нь тийм ч ховор үзэгдэл биш бөгөөд маргааш /2022.11.08/ 2022 оны сарны хоёр дахь бүтэн хиртэлт болох гэнэ.

Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаач Б.Нямсүрэнгээс тодруулахад “Сар бүтэн хиртэлт болно. Гэхдээ Монголд төдийлөн сайн ажиглагдахгүй. Улаанбаатар хотод тэнгэр цэлмэг байвал оройн 19:00 цагийг орчимд зурвасхан ажиглагдана. Сарны хиртэлт жилд хоёроос дөрвөн удаа болдог. Монголд тод ажиглагддаг сарны хиртэлт ч олон байдаг” гэв.

Энэ удаа дэлхийн бөмбөрцөг сарыг нарны гэрлээс бүрэн халхлах тул хэсэг хугацаанд хүрэн улаан өнгөтэй харагдах аж. Сарны бүтэн хиртэлтийг Төв ба Зүүн, Зүүн Өмнөд Ази, Шинэ Зеланд, Умард Америк тивээс харах боломжтой юм байна. Сарны бүтэн хиртэх хугацаа нь нэг цаг 24 минут ажээ.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Дрон устгагч VAMPIRE систем DNN.mn

Хүйтний улирал эхэлсэнтэй зэрэгцэн Орос улс Украины эрчим хүчний гол хангамжуудыг Иранд үйлдвэрлэсэн зэвсгээр онилж устгаад байгаа нь олон улсын анхаарлыг татаад байна. Украиныг цахилгаан эрчим хүчгүй болгохын тулд Оросын тал сүүлийн дөрвөн долоо хоногийн турш пуужин, зэвсгийн цохилтоор хослуулан цохилт өгсөөр байгаа юм. Үүний эсрэг АНУ- ын Батлан хамгаалах яам ирэх онд Украин руу Vehicle- Agnostic Modular Palletized ISR Rocket Equipment буюу VAMPIRE (Вампир)-ыг илгээх болсноо мэдэгдлээ. Пентагон энэ талаар мягмар гаригт мэдээлэхдээ “Украин руу VAM­PIRE илгээхээр төлөвлөсөн. Уг системийн гэрээ ойрын хэдэн сард эцэслэгдэнэ. Агаарын довтолгооноос хамгаалах асуудал нэн тэргүүний зорилт болоод байна” гэсэн бол “L3Harris” компанийн хувьд “2023 оны дундуур Украин руу системээ хүргэнэ” гэж мэдэгджээ.

VAMPIRE буюу дроны эсрэг систем гэж юу вэ?

“L3 Harris” компани нисгэгчгүй нисэх онгоцны системийг багтаасан газар болон агаарын объектод цохилт өгөх зорилготой лазераар удирддаг сум ашигладаг Vehicle-Agnostic Modular Palletized ISR Rocket Equipment буюу VAMPIRE системийг үйлдвэрлэдэг. VAMPIRE бол газрын бай руу довтолж, нам дор нисдэг онгоц, ялангуяа нисгэгчгүй онгоцыг устгах зориулалттай зэвсэг юм. Өөрөөр хэлбэл,

дроныг тэнгэрээс харвах зорилгоор жижиг пуужин ашигладаг зэвсэг гэсэн үг. Хоёр хүний бүрэлдэхүүний баг иж бүрэн зэвсгийн системийг пикап машин, эсвэл ачааны машины тэвшин дээр хоёр цагийн дотор л суурилуулах боломжтой юм байна. Дрон хянах “мэдрэгч бөмбөлөг” болон байг тэглэх лазерын тэмдэглэгээтэй төхөөрөмжүүдээс бүрдэнэ. L3Harris вэб сайтад бичсэнээр VAMPIRE нь 70мм-ийн нарийвчилсан хядах зэвсгийн систем II (APKWS II) лазераар удирддаг пуужин, эсвэл бусад лазераар удирддаг сумыг хөөргөх зөөврийн иж бүрдэл юм байна.

VAMPIRE нь APKWS II гэх мэт 70 мм-ийн лазераар удирддаг пуужинд зориулсан дөрвөн дугуй хөөргөгч, хэт улаан туяаны модульчлагдсан мэдрэгч бүхий бөмбөлөг, лазер тэмдэглэгчтэй. Лазераар удирддаг пуужингуудын нэг бүр нь 27.500 долларын үнэтэй гэнэ.

“L3Harris” компанийн мэдээлснээр VAMPIRE-ийг эцсийн хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн өөр өөр мэдрэгчээр тохируулах боломжтойч Украинд хүргэх VAMPIRE-ийн тусгай тохиргоог одоогоор нууцалж

байгаа аж. VAMPIRE-ийг аль болох өртөг багатай бүтээж байгаа бөгөөд зөөж, угсрахад хялбар байхаар бодолцжээ. Ямар ч техник хэрэгсэл дээр угсрахад гажихгүй, энгийн байдал, их хэмжээний сумны нөөц,нэлээд дэвшилтэт нарийвчлалын чадавх зэргээс шалтгаалан Украины нөхцөлд яв цав таарна гэжээ.

VAMPIRE-ийн онцлог талууд

-Хямд өртөгтэй

-Ажиллуулахад хялбар

-Тэвштэй ачааны машин эсвэл ямарч тээврийн хэрэгсэлд суурилуулж болно. Суурилалтуудыг хоёрхон хүн хоёр цагийн дотор энгийн багажаар хийх бөгөөд удирдлагыг нэг хүн л

ажиллуулна.

-24 вольтын генератороор ажиллана.

-WESCAM MX-10™-RSTA бие даасан тогтворжуулсан, нарийвчилсан мэдрэгч нь дроныг хянах өндөр хяналтын системтэй

– APKWS болон бусад лазераар удирддаг сумаар тоноглогдсон.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Фредерик Бастиагын “Хууль” DNN.mn

Алтан тариа компанийн эзэн П.Цэнгүүний ивээн тэтгэж хэвлүүлсэн олон номны нэг нь энэхүү Фредерик Бастиагийн “Хууль” хэмээх ном юм. Фредерик Бастиа бол 1801 онд францад мэндэлсэн суут хүмүүн. Тэрээр Адам Смитийн чөлөөт эдийн засгийн онолыг сэтгүүл зүйн аргаар тайлбарлан түгээж байснаараа алдартай нэгэн болжээ.1845 онд францын хувьсгал гарч социалистууд ихэд амжилт олж байгаад Бастиа зэвүүцэж байсан гэнэ. Тэр социалистуудыг протекционалистуудтай адилтган үзэж түүний шинэ хэлбэр хэмээн тооцож байжээ.Социализмын онол нь өнгөн дээрээ хүмүүсийн сайн сайхны төлөө мэт боловч задлан шинжлээд нарийвчлан үзвэл хүн, түүний мөн чанар, эрх чөлөөний эсрэг хандсан гэдгийг Бастиа тэртээх 150 жилийн өмнө хүн төрөлхтөнд анхааруулжээ. Энэ зохиол Маркс, Энгельс нарын “Коммунист намын тунхаг”-тай бараг л зэрэг бичигдсэн аж.

Бастиа хүнийг бурхны бүтээлийнх нь хувьд байгаагаар нь хүлээж авахыг уриалаад харин хүний төлөө гэж өөрсдийгөө зарладаг социалистууд хүнийг өөрийг нь түүхий эдийн хэмжээнд үнэлэн, засварлан сайжруулах үүргийг өөрсдөдөө оногдуулж буйг илрүүлжээ. Хүний нийгэм төгс төгөлдөр бус, иймээс нийгмийн баялаг хуваарилалт бүр ч шударга бус болдог, энэ нь хөгжил дэвшлийг хойш чангаагч гол хүчин зүйл юм гэдэг социалист үзэл XIX зуунд бараг итгэл үнэмшил болсон. Чухам үүн дээр үндэслэж марксизм үүсч, байгаа бүхнийг эвдэн сүйтгээд цоо шинээр гэрэлт ертөнцийг дахин байгуулах сургаал номлол бий болжээ. Эхлээд өнгөц сонсоход энэ гоё “хүмүүнлэг” онол лавшрах тусмаа харгис шинжийг олж зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн зарчимд тулгуурлах болов.

Чухам хүн төрөлхтний сайн сайхны тулд ямар их сүйтгэл, үхэл хагацал нүүрлүүлснийг социализмаар замнасан бид бүхэн өвгөд дээдсийнхээ амь насаар төлж байж мэдсэн байдаг. Нийгэм өөрөө хөгждөггүй, түүнийг зөв чиглүүлж өгөх хэрэгтэй гэсэн үзэлдээ нэвчсэн хүн хэт олширч чухам чиглүүлж өгөх гэсэн тэдний хэт махрал зүтгэл олон сая хүний амь амьдрал хувь заяаг сүйрүүлсэн юм. Номын оршил хэсэгт бидний үзэл бодол хэт зүүний өнцгөөс тайлбарласан сонгодог бүтээл дунд хүмүүжсэн. Эдийн засаг бол тусгай мэргэжил гэхээсээ ертөнцийг харах гэгээрэл хүн хоорондын харилцааг таних түлхүүр, өөрөө өөрийгөө тэжээж авч явах урлаг. Үүний тухай хэт зүүний гажуу бодолтойгоор амьдарч чадахгүй. Тэгэхлээр 150 жилийн өмнө тэрлэсэн Бастиагийн сургаал ач холбогдлоо алдаагүй гэж нэрт нийтлэлч Баабар бичжээ. Номыг Н.Баярбаатар орчуулжээ. Та бүхэн энэ номыг уншиж үзвэл их зүгээр. Уг ном “Хууль” гэсэн сэдвийг тойрон өөрийн үзэл бодлыг бичжээ. “Амьдрал бол бурхны бэлэг”, “Хууль гэж юу вэ”, “Шударга ба мөнхийн засаглал”, “Хуулийн бүрэн завхрал”, “Өмч ба тонуул”, “Завхарсан хууль нь сөргөлдөөн үүсгэдэг”, “Боолчлол ба гаалийн татвар нь тонуул мөн”, “Социализм бол хуульчлагдсан тонуул мөн”, “Социалист зохиолчдын нөлөөлөл”, “Социалистууд хүн төрөлхтнийг үл тоомсорлодог” гэх зэрэг олон бүлгүүдтэй. Би сонирхуулах үүднээс “Социалистууд хүн төрөлхтнийг үл тоомсорлодог” бүлгээс эш татъя. Социалистууд хууль тогтоогчид буюу нийгмийн элит хэсэг сайн сайханд тэмүүлж байдаг. Ард түмэн үргэлж залхуурах, хойшоо суух цаг нөгцөөх зэргээр сүйрэлрүү хазайж байдаг. Хүн төрөлхтөн буюу олонх харанхуй бурангуй руу тэмүүлж байхад хууль тогтоогчид буянт үйлс эрхэмлэхээр төржээ. Байдал нэгэнт ийм хойно тэд хүн төрөлхтний бус өөрсдийн үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн тулд арга буюу хүч хэрэглэхээс өөр зам байхгүй нь лавтай.Хүмүүн нь амьдрал зохион байгуулалт, ёс суртахуун хөгжил дэвшлээ төрийн эрх мэдлээс хүлээн авдаг ихээхэн хүлцэнгүй матери болохыг тодорхойлсон санаа бодлыг олж харна.

Хүн төрөлхтөн доройтон уруудаж байхад нөгөө хууль тогтоогчид буюу элит хэсэг ер бусын авралын гараа сунгаж байгаа гэх нь доромжлол юм гэжээ.