Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Гэгээн дурсамж сэтгэл хөглөхүйд DNN.mn

Хааяа нутгаа нэг их санаад явж хүрэх юм. Хан уул минь хөхрөн хөндөлсөж үүл уул нь үл ялгагдан тэнгэр сансарт хүйлэн цэнхэртсээр угтах нь хэвээрээ. Гэвч “Үнсээд угтах ээж минь үгүй ч” гэдэг дууны үг санагдах нь олонтой байх тул заримдаа гунигтай. Эцгийн гэрийн буйран дээр сууж тэднийхээ амьдарч явсан цагийн тухай гэгээн дурсамжид хөтлөгдөн суухуйд ямар нэг юм дутуу байгаа шиг санагдаж сэтгэл гэгэлзэх авай. Хөгшидийн гэрт орохгүй гадуур салхилж давхиад байгаа шиг санагдаад, гэмшил төрөөд ч байх шиг.

Хорхойд хоргүй хоёр хөгшин минь хөгжилтэй бөгөөд ямар цагаахан амьдарч байгаа вэ гэсэн бодол сэтгэл бүлээсгэн цаг хугацааны цагаан манан дундаас тэд маань нэг сөхөгдөж, нэг далдран харагдахуйд аньсага чийгтэм. Хөгшин болсон аав минь дээд булаг руу усанд явдаг сан. Усны тэргэнд усны бидон даруулж уяад л шанага бүсэндээ хавчуулчихсан их догь.

Өдөрт өөртөө гаргасан ажил нь тэр л дээ. Тэрнээс усгүй болчихоод үхэх хатахдаа тулчихаад усанд гүйгээд байгаа юм бол биш. Хүүхдүүд нь тойроод амьдарч байгаа, трактор тэрэгтэй, унаа малтай хэрнээ юу гэж тэр ная гарч байгаа өвгөнөөр ус зөөлгөөд байхав дээ. Эмгэн нь арай л тахил өргөх нь халаг гаргаж өгнө.

“Бамбарт амраарай, зоорины дэнж өгсөөд намайгхүлээж байгаарай. Чи даахгүй” гэх зэргээр. Өөрөө бол том хүч юм шиг байгаа юм. Өвгөн замдаа үдлээд амраад хамрын тамхи юмаа татсан шиг хүн амьтан тааралдвал хуучилсан шиг явсаар нар гудайх үед нөгөө зоорины дэнж өөд нь мацаж эхэлнэ. Холоос харахад бөөдийсөн хөгшин усаа түрээд зүтгэж байхад өөдөөс нь бас нэг бөөдийсөн юм очоод хоёул нийлэн зүтгэсээр гэртээ ирнэ. Сэтгэлийн гэгээн дурсамж дунд яагаад ч юм нөгөө хоёр минь усаа зөөгөөд л яваа юм шиг санагдаж нутаг руугаа явмаар бодогдон яаран яарсаар цэнхэр уулсынхаа зүг хүлгийн жолоо залмаар санагдана.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Утааг У.Хүрэлсүх, түгжрэлийг Л.Оюун-Эрдэнэ… DNN.mn

Нийгэмд тулгамдсан асуудлуудыг улстөрчид нэг нэгээр нь барьж аваад шийдвэрлэхэд л болохоор гэж хүмүүс ярьдаг. Үнэхээр тийм үү гэвэл тийм. Жижиг гэлтгүй асуудлуудыг барьж аваад шийдвэрлэх боломж, эрх мэдэл тэдэнд бий. Гэвч дундаа хийж орхисоор он жилүүдийг үддэг. Бүр нийтийг хамарсан томоохон асуудлуудыг л шийдэх гэж хичээдэг, зүтгэдэг, тамираа бардаг.

Уг нь асуудлыг жижгээс эхлүүлж, жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө гэж ярьдаг даа. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэж байгаа нь энэ гээд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө олон жил зарцуулсан. Энэ ажлын дундаас хувьдаа завшсан нь ч олон. Ингэж явсаар сайжруулсан түлш үйлдвэрлээд л Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Ийм түлшийг аль эрт хийж болох л байсан. Бүх түүхий эд нь байсан шүү дээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар үүнийг зорилт болгон дэвшүүлж, үр дүнд хүргэсэн. Яг үүн шиг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шийдвэрлэхээр амлаж аваад байгаа тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ.

Тэрээр “Өнгөрсөн пүрэв гаригт Ерөнхий сайдтай түгжрэлийн асуудлаар ярилцсан. Засгийн газар энэ асуудалд гол анхаарлаа хандуулна гэсэн. Ерөнхий сайд маань өөрөө ахалж ажиллана гэсэн. Энэ ажилд түгжрэл хариуцсан сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд баруун, зүүн талаас нь хүч нэмж ажиллана. У.Хүрэлсүхийн Засгийн газар утааг бууруулсан шиг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахад бүх хүчээ дайчилна. Гэхдээ гэнэт өргөс авсан юм шиг асуудлыг шийднэ гэж худлаа ярьж болохгүй. Жилд 35-40 мянган иргэн Улаанбаатар хотод шилжин ирж хотын төсвөөс авч байгаа. Цахилгаан, дулаан татах, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны барилгаас эхлээд бөөн зардал болдог. Тийм учраас Улаанбаатар хотод жилд ирж буй 35 мянган иргэнийг түр зогсоох асуудлыг УИХ дээр ярихаас өөр арга байхгүй. Бас жилд 80 мянгаар нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн тоогоо импортоор нь хязгаарлахаас өөр аргагүй” гэв. Ямартаа ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийн асуудалд хамаг анхаарлаа хандуулахаар төлөвлөж.

Categories
булангууд гадаад мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Дэлхийн хамгийн том галт уул дэлбэрчээ DNN.mn

Хамгийн том идэвхтэй галт уул дэлбэрчээ | News.MN

Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уулд тооцогддог Хавайн арлын Мауна Лоа уул сүүлийн дөч орчим жилийн хугацаанд анх удаа дэлбэрсэн тухай арлын эрх баригчид Даваа гарагт мэдээлжээ.

Галт уулын дэлбэрэлт Ням гаригийн орой эхэлж, Даваа гарагийн өглөө лаав урсаж эхэлсэн ч одоохондоо тогооноосоо халиагүй байгааг АНУ-ын Геологийн Алба мэдээлсэн байна.

Гэхдээ галт уулын дэлбэрэлт хэр удаан үргэлжлэх, хүн амын суурьшлын бүс рүү лаав урсах эсэхийг одоогоор урьдчилан хэлэх боломжгүй гэжээ.

“Бид Хавайн Иргэний Хамгаалалтын албатай байнгын холбоотой ажиллаж, нутгийн оршин суугчдад нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдээлж байна” гэж АНУ-ын Геологийн Албаны хэвлэлийн төлөөлөгч Мел Горбет сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Хэдийгээр анхааруулга зөвлөмж гаргаагүй ч галт уулын ойр орчимд амьдардаг хүмүүс өөрсдийн санаачилгаар нүүж эхэлсэн тул арлын эрх баригчид түр хоргодох байруудыг нээж эхэлжээ.

Мауна Лоа галт уул хамгийн сүүлд 1984 онд дэлбэрч байсан юм. Саяхан хэд хэдэн удаа газар хөдөлсөн нь галт уул идэвхжих нөхцөл болжээ.

Мауна Лоа уул оршдог Биг Айлэндын зарим хэсэгт унасан үнс нурмын зузаан 0.6 см хүрсэн байна.

Хавайн бүлэг арлын хамгийн өмнөд захын арал болох Биг Айлэндэд нийт таван галт уул байдаг.

Мауна Лоа нь далайн түвшнээс дээш 4,169 метр өндөрт өргөгдсөн уул юм. 2018 онд түүний зэргэлдээх харьцангуй жижиг хэмжээтэй Килауеа галт уул дэлбэрэхэд ойролцоох суурьшлын бүсийн 700 айл өрхийн орон байр сүйдэж байжээ.

Тиймээс эгц цавчим хадан цохиотой Мауна Лоагийн дэлбэрэлт удаан үргэлжилж, лаав нь тогооноосоо халивал маш хурдтай тархаж, үүнээс илүү их хохирол учруулах эрсдэлтэй юм байна.

1950 онд энэ галт уул дэлбэрэхэд лаав гурван цагийн дотор 24 км хол урсаж, далайн эрэгт хүрч байжээ.

Эх сурвалж: Associated Press

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Галт зэвсгийн шинэ эрин буюу 3D буунууд DNN.mn

Баруунд 3D-ээр хэвлэсэн галт зэвсэг хүчээ авч байна. Саяхан Их Британид 3D-гээр хэвлэсэн галт зэвсгийн эд ангиудыг хураан авчээ. Лондонгийн цагдаа нар нэгэн байшингаас их хэмжээний галт зэвсэг илрүүлж “Энд 3D галт зэвсгийн үйлдвэр ажиллаж байсан байж болзошгүй” гэж мэдэгдсэн байна. 3D галт зэвсгийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа нь шинэ аюул заналхийлэл бий болж дэлхий дахинаа хүрээ нь тэлж болзошгүй гэж анхааруулжээ.

2012 онд анх АНУ-д гар бууг 3D-гээр хэвлэж байсан. Анхны хувилбарууд нь мэдээж найдваргүй, ганц удаа л бууддаг зэрэг сул талтай байсан ч одоо бол “Хөнөөх чадвар өндөртэй, найдвартай” болсныг Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг зарласан байна.

Ингэхээр 3D гар буу нь тоглоомын төдий биш галт зэвсэг, зэр зэвсгийн ангилалд албан ёсоор орж ирсэн нь үүнээс харагдаж байна. Нөгөөтэйгүүр галт зэвсгийн шинэ эрин эхэлж байна гэж үзэх ажиглагчид байгаа юм. Галт зэвсгийн үйлдвэрлэл өндөр өртөгтэй, цөөн улс орнууд л үйлдвэрлэдэг. Гэтэл хүссэн хэн ч гэртээ буу болон эд ангиудыг нь үйлдвэрлээд эхэлж байгаа нь Их Британи төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Ковидын хөл хорионы үед дэлхийн улс орнуудын хил хаалттай байсан нь галт зэвсгийн наймааг тасалдуулснаас гэмт хэрэгтнүүд 3D-гээр галт зэвсгийг өөрсдийн хэрэгцээнд шаардлагатай хэмжээгээр хэвлэж гаргасан нь энэ төрлийн буу зэвсгийн хөгжлийг түргэтгэсэн байж болзошгүй гэж таамаглажээ.

Брайтоны их сургуулийн криминологи, төрийн бодлогын профессор Питер Сквайрс энэ төрлийн зэвсэг аюул заналхийлэх магадлал өндөр гэж тодорхойлж “Хурд нь нэмэгдсэн байна. 3D-гээр галт зэвсэг хэвлэх технологи нь дэлхий даяар тархсан. Программ хангамж дизайн, хийцлэлийн бүхий л мэдээлэл нь интернэтээр түгсэн байна. Хуванцар буу гэж үл ойшоож болохгүй. Гэмт хэргийн 20 орчим хувь нь буугаар үйлддэг” гэжээ.

Галт зэвсэг эзэмших эрхгүй, галт зэвсэг олж авах боломжгүй хүмүүс бол хэвлэсэн галт зэвсгийн I зэргийн хэрэглэгчид болжээ. Ялангуяа хэт даврагчид 3D-гээр галт зэвсэг хэвлэж хэрэгцээндээ нийлүүлж байгаа аж. Испани, Швед, Герман, Голландад ийм зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгджээ. Харин террористууд энэ төрлийн зэвсгийг төдийлөн сонирхдоггүй гэнэ. Хэт даврагч үзэлтнүүд олон нийтийн хэлэлцүүлгийнхээ үеэр 3D хэвлэмэл зэвсгийг хэрхэн үйлдвэрлэх тухай зааварчилгааг гишүүддээ нээлттэй өгчээ.

3D-гээр бүтээсэн буугаар гал нээж буй нь

Хагас автомат зэвсгийг хэрхэн хэвлэх зааварчилгааг 2020 онд интернэтэд байршуулсан багөөд 100 гаруй хуудастай гарын авлага, үйлдвэрлэлийн үйл явцын үе шат бүрийг нэг бүрчлэн тайлбарласан бичлэгтэй байжээ. Шинжээчид “Үйлдвэрлэгчээс худалдаж авсан автомат буутай адил сайн” гэж тодорхойлж “3D

галт зэвсэг ойрын арван жилд боломжийн үнэтэй болж, өөрөө хийсэн зэвсгийг илүү бат бөх, найдвартай болгож чадна” гэжээ.

3D-гээр хэвлэсэн бууны 80-90 хувь нь технологийнхоо дагуу хийгдсэн байжээ. Эд ангиудын дундах металл хэсэг нь ихэвчлэн уламжлалт аргаар хийгдсэн байдаг юм байна. Гэсэн хэдий ч ирээдүйд металлын 3D хэвлэлт сайжрахын хэрээр энэ технологийг ашиглан илүү олон буу хийх боломжтой болох аж.

Галт зэвсгийн эд анги, бүрдэл хэсэг, зарим хэрэглэгдэхүүнийг хэрхэн хэвлэх тухай зааварчилгаатай бэлэн мэдээлэл интернэтэд элбэг байна. Тодорхой хэмжээний мөнгө төлж гарын авлага худалдаж авах аж. Хэдийгээр галт зэвсэг хувилах, хэвлэх хориотой ч бууны хэрэгслүүдээ үүгээр хэвлэж авах боломжтой хэмээгээд хэвлэж гаргасан эд ангиудын бодит зургуудаа танилцуулжээ.

3D-гээр хэвлэсэн буу

“3D галт зэвсэг хэвлэхийн тулд танд хэрэгтэй зүйлс: Cre­ality Ender 3D принтерийг 190 ам.доллараар “Амазон”-оос захиал. Мөн эд ангиа хэвлэж гаргаж авдаг гол түүхий эд болох нэг дамар утсыг 22 ам.доллараар худалдаж аваарай” гэх зэргээр гарын авлагадаа дэлгэрэнгүй бичсэн байна. Creality Ender 3D принтер нь 220x220x250 мм хэмжээтэй аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Болгоомжлох хэрэггүй, 2024 оны сонгуулиар дахиад л гараад ирнэ DNN.mn

Парламентад үнэмлэхүй олонх болохын нэг давуу тал нь өөрсдийн хүслээр Үндсэн хуулиа засч, сайжруулах, өөрчлөх боломж бүрддэг. Тэр утгаараа өнөөгийн эрх баригч МАН хоёр ч Их хурлын сонгуулийн хугацаанд үнэмлэхүй олонхоор засаглаж байна. Тэд энэ хугацаанд буюу 2019 онд ҮХНӨ гэх албан тушаал, засаглалын эрх мэдлийг нааш, цааш болгосон өнгөцхөн өөрчлөлтийг хийлээ. Сүүлд буюу өнгөрсөн хаврын чуулган хаахаас өмнө ҮХНӨ-ийг дахин хийх талаар бүгд л хүчтэй ярьж, дуугарч байлаа. Улмаар 2019 онд орхигдсон өөрчлөлтүүдээ дахин хийнэ, тиймээс иргэдийнхээ саналыг сонс гэж улс даяар сүр дуулиантай гишүүдээ “хөөж” явуулсан. Ингэж шуугиан болгож, улсын төсвийг иргэдийн санал сонсох нэрийдлээр үргүй урсгасан. Ирээд хийсэн өөрчлөлт нь давхар дээлийг хязгааргүй болгосон. Үүнийг өөрчлөлт гэхгүй. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн “мэс ажилбар” л гэнэ. Засаглалын эрх мэдлийг төгөлдөржүүлье гээд байхад л улам гажуудуулсан. Нөгөө УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Парламентын дээд, доод хоёр танхимтай болох, Ерөнхийлөгчөө Их хурлаасаа томилох, Сонгуулийн тогтолцоогоо холимог буюу олон намын оролцоог хангасан байдлаар өөрчлөх, сонгодог парламентын системийг бүрдүүлэх зэрэг асуудал хийгдчихсэн үү, УИХ-ын гишүүд ээ. Давхар дээлийг хязгааргүй болгохын тулд л ҮХНӨ гэж иргэдээ хошгируулсан юм уу. Төсөв чинь 76 крантаар урсаад зарлага нь орлогоосоо хэд дахин давчихдаг учраас улсын эдийн засаг элгээрээ хэвтчихсэнийг захын оюутан хүүхэд ч хэлнэ. Үүнийг больё, тогтолцоо буруу байна гээд Үндсэн хуулиндаа сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг яриагүй бил үү. Иргэд та нараас давхар дээлийг хязгааргүй болгочихоосой л гэж хүссэн юм уу. Үгүй байлгүй.

Харин сандал суудлаа бэхэлдэг эрх зүйн өөрчлөлтүүдээ түр хойш нь тавиасай, бодит өөрчлөлтийг хийгээсэй гэдгийг улс төр гадарладаг хэрсүү түмэн дотроо бодож л суугаа. Эрх баригчдад боломж, хүч хангалттай байна. Гол нь тэд сонгууль дөхчихсөн учраас ҮХНӨ-ийг хийхээс болгоомжилж байх шиг. Болгоомжлох хэрэггүй. Бодит болон зоригтой өөрчлөлтийг хийчихвэл 2024 оны сонгуулиар та нар дахиад л гараад ирнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Луу харсан хүмүүсийн бодит яриа DNN.mn

Сонин дээр уг нь сонин хачин зүйл бичигдэх учиртай л даа Гэхдээ сонин хачин гээд баримт нотолгоогүй, сураг төдий зүйл бичих нь бас явдалтай. Хүн төрөлхтөн луу гэдэг амьтны тухай янз бүрийн таамаг дэвшүүлж, тэдгээр нь ихэвчлэн домог яриа болсоор ирсэн. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Төвөдөд үхсэн луу олдсон тухай бичлэг “YouTube”-д тавигдаж дэлхий нийтээр шуугьсан.

Магадгүй уншигч та ч уг бичлэгийг үзсэн байх. “Үхсэн луу олджээ” гээд хайхад гараад ирнэ. Луу байдаг тухай гурван баримтын нэгд уг бичлэг ордог байна. Нөгөө нь Кавказын нурууны ойролцоох малчны харсан гэгдэх амьтан. Мал нь үргэж тэнгэр харанхуйлтал шувуунаас үлэмж том биетэй урт хүзүү, сүүлтэй амьтан нисч үзэгдсэн гэдэг. Түүнийг луу байх магадлалтай гэж үздэг аж.

Тэгвэл миний бие лууны тухай яруу найрагч Долгорын Нямаагаас сонссон удаатай. Нямаа ах ярьсан нь “1940-өөд оны эхээр юм байна. Манайх эмэг эхийн дүү Цаг, түүний нөхөр мараа Дамба гэж хэлгүй хүнийхтэй нүүх замд Шанд сүүжийн ус тааралджээ.

Тэмээ услахаар Дамба ховоо усанд хаяснаа буцааж чулуудчихаад нүд нь орой дээрээ гарсаар ирж. Царай зүс гэж хачин. Ховоо усанд хаянгуут нүүр өөд нь гал цацарсан тухай хэлээд “Би их айлаа” гээд байх юм гэнэ. Ингээд ээж худаг руу очиж өнгийсөн юм байна. Тэгтэл юу харагдсан гэж бодно, базарваань хумпад.

Толгой дээрээ угалзарсан их эвэр шиг дарайсан сэрийсэн юмтай, аяга шиг том нүдтэй ногоон эрээн амьтан худгийн ёроолоос цэрлийтэл ширтэж байв гэнэ. Удаан харж чадсангүй “ээ ачит минь” гээд буцаад үсэрчээ” гэв. Дундговийн Өлзийтийн нутагт болсон явдал. “Ээж минь энэ түүхийг байн байн ярьдаг, луу байдаг юм билээ, худаг усанд ичдэг, түүнийг амьд биеэр нь би үзсэн гэж хэлдэг. Энэ ярианд би ч итгэдэг. Учир нь ээж минь хэзээ ч худлаа хэлдэггүй, шударга эрсхэн хүн байлаа” гэж хэлсэн юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ​”Ер бусын хайр” DNN.mn


…”Ногоон малгайтнууд давхиж ирэхийг хараад аав нь Жанлавын чихэнд юу ч юм шивнээд байсан. Хүүгийнхээ урваж шарвахыг мэдээд хилэгнэж, галзууруулдаг тарни уншсан байх гэж нутгийнхан ярилцдаг” хэмээн Дондов гуайн хуучилсан санаанд орж, өвчин нь хөдлөхөд гараадгүй хэд бэлэн суув. Гэвч Жанлав гуай уурлаж, галзуурсангүй, тэртээх цаг хугацаагаар аялах мэт, яаралгүй нүүх үүлсийг тооноороо ажаархан сууна.

-Хүмүүс юу ярьдгийг би мэднэ ээ. Ил шулуухан хэлж байгаа нь л чи юм… Аав маань тун ч их мэдлэгтэй гавж байсан шүү. Ногоон малгайтнууд давхин ирэхийг үзээд, надад “Би сахиусандаа урьд шөнө харсан. Үнэн байж. Ах бид хоёр чинь буудуулах юм байна. Харин чи амьд үлдэж магадгүй харагдаад байсан. Хүү минь, чи авхаалж самбаатай, сэргэлэн ухаантай. Ямар ч хамаагүй арга саам, ов мэх хэрэглээд амьд үлдэхийг л хичээ.

Ээжийгээ асарч сувил. Чадвал эмчилж эдгээ. Ээжийг чинь хүнд өвчтэй байхад яаж ганцааранг нь орхиод гурвуулаа явчих вэ дээ. Чи л үлдэх хэрэгтэй. Бас хийд маань их гал дунд харагдаад байсан. Буруу номтнууд шатаах байх. Түүнээс өрсөж хийдийнхээ ном судруудыг тайгаруу зөөж нуухыг бодоорой. Хожим хүмүүст хэрэг болно. Тэгээд сайн цаг ирэхээр хийдэд буцааж зална биз” гэж шивнэсэн юм.

-Та галзуураагүй байх нь ээ. Тэгээд тавь гаруй жилийн турш галзуу болж жүжиглэсэн хэрэг үү?

-Хүн амьтны бараанаар бурхан тахилаа нууж, зулаа чимхэж, ээжийгээ зоддог галзуу хүний дүр үзүүлэх хэцүү хэцүү…

Энэхүү сэтгэл шимшрэм гунигтай өгүүллэгийг зохиолч Лувсангийн Хүрэлбаатарын шинэхэн ном “Ер бусын хайр”-аас уншсан билээ. Номыг уншиж байхдаа аль хэдийнэ дотор нь орчихсон, зохиолын баатруудтай хамт гуньж, уйлж, уурлаж, баярлаж, бүр хамт шийдвэр гаргаад явж байв. Хэсэг хугацаанд энэ бодит ертөнцөөс тасарч, огт өөр орчинд амьдарч үзлээ. Ийм гайхам сонин ном бүтээсэн эрхэм зохиолчид баярлалаа гэж хэлье.

Номонд өгүүллэгүүдээс гадна тууж, баримтат болон ёгт өгүүллэгүүд, памфлет, эсээ багтжээ.

Шимтэй, уншууртай, байн байн барьж авмаар “Ер бусын хайр” номын эзэн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, эрдэмтэн Лувсангийн Хүрэлбаатар юм.

“Монос”-ын Хүрлээ гэж олноо алдаршсан энэ эрхэм өмнө нь “Атилла хааны хилэн хар азарга” эссээ нийтлэлийн, “Бүгдийг тэгээс” дурдатгалын, “Шаргал навчис” яруу найргийн номоо хэвлүүлсэн. Мөн “Байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа”, “Монголын уламжлалт анагаах ухаанд тулгуурлан шинэ эм бүтээх зарим асуудал” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны 21 номыг англи, орос, монгол хэлнээ хэвлүүлсэн юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хөгшрөхгүй залуугаараа байх хүслийн хязгаар DNN.mn

Том нүдтэй бол гоё гээд бүгдээрээ давхраа оёулдаг байлаа. Тод хөмсөг гоё гээд нэгэн жигдээрээ хар хөмсөг шивүүлдэг байв. За тэгээд уруулаа томруулж, хөх, бөгсөө томбогор болгох гээд нийтээрээ хүсдэг байсан, одоо ч хэвээрээ. Хүн төрөлхтөн үеийн үед үхэлгүй мөнх, хөгшрөлгүй залуугаараа байх хүслийн нэг нь яах аргагүй гоо сайхны мэс засал. Үүнийг одоо төгс төгөлдөр хийдэг болсон. Төрөлхийн мэт гоё болно. Эцэг эхээс заяасан нүүрний хэлбэр, нүд, хамар, амаа хүссэнээрээ хөөрхөн болгож байна.

Харин энэ хандлага бага багаар өөрчлөгдөж эхэлжээ. Эрүүл мэндийн заалттайгаас бусад тохиолдолд залуу үе гоо сайхны хагалгаанаас татгалзаж байна. Байгаагаараа байх, төрөлх царай зүстэйгээ явах нь моод болж эхэлж. Гэрэл зураг дээр ч ялгаагүй, янз бүрийн гоо болгодог апп-аас зайлсхийж, энгийн байгаагаараа гаргадаг камеруудын зураг илүү үнэ цэнэтэй болов. “Фэйсбүүкийнхээ зураг шиг бай л даа” гэдэг шиг хэт гоё хиймэл төрхөөс уйдаж, олон зуун жилийн төгс төгөлдрийн эрэл хайгуул энэ цагт цэг тавигдаж мэдэх нь. Мөн аав, ээж, эмээ, өвөө буюу өөрийн удам судрынхаа онцгой төрхийг засуулалгүй биеэрээ тээж явах нь залуусын нэгэн бахархал болжээ.

Хөгшрөхгүй залуугаараа байх хүслийн хязгаар нь бодит байдал гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч эхэллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цахим болон уламжлалт хэвлэл DNN.mn

Хүмүүс гар утасны галлерей, камерны хэсэгтээ хэдэн мянган зураг дарж, хадгалдаг ч түүнээсээ зорьж сонгоод угаалгаж хадгалдаг нь ховор. Файл хэлбэрээр байгаа юмс, зураг, бичлэг хугацаа өнгөрөх тусам нягтрал, чанар нь мууддаг. Тэглээ ч гар утсаа гээвэл бүх зураг, бичлэг нь тэр чигтээ алга болчихдог. Маш цөөхөн хүн л үүлэн хэлбэрээр файлаа хадгалж үлдэхээ мэддэг. Хуучинсаг сонсогдох л байх, гэхдээ хашир байх хэрэгтэй. Мэдээллийн баазаа бодит, найдвартай, уламжлалт хэлбэрээр хадгалж, архивлахгүй бол цахим хэлбэрээр байлгаад байвал 20, 30, 50 жилийн дараа яг өнөөдрийн төрх, байдлаа бодитоор харуулах зураг хөрөг, баримт юу ч үгүй л сууна гэсэн үг. Үүнтэй адил та цахим орчинд өдөр бүр мэдээллийн асар их “дайралт”, “үер”-т өртөж, элдэв мэдээ сэлтэд “бөмбөгдүүлдэг” ч тархинд тань мэдлэг болж үлдэх нь хэд байдаг билээ. Харин нүдээрээ харж, гараараа барьж ном, сониноос уншсан юм хүний тархи, оюун, сэтгэлд үлдсэн байдаг.

Хэдийгээр бид цаг үеэ дагаж, орчин үежээд, дэлхийн иргэдтэй хөл нийлүүлж яваа ч зарим зүйлээс алсарч, холдоод хожим хоосон тархи, хоосон дурсамжтай үлдэх эрсдэлтэй байх нь.

“Тээр жилийн тэдний өдөр тийм сайтад би ингэж ярьж байлаа, миний утсанд тийм тийм гоё зураг байдаг байлаа” гэж хийсвэр юм яривал хэн итгэх юм? Харин “Би ингэж сонинд гарч байлаа, миний зургийн альбомыг хар даа” гээд хайчилбар, зураг зэргээ үзүүлэхэд хичнээн үнэмшилтэй, баримттай байх вэ. Цахим болон уламжлалт хэвлэл гэж ийм том ялгаатай. Энэ бол ганцхан жишээ нь.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “UB Quiz Night”-д оролцоцгоож байя л даа DNN.mn

Долоо хоног бүрийн пүрэв гаригт “UB Quiz Night” гэдэг арга хэмжээ болдог юм л даа. Ерөнхийдөө яадаг вэ гэхээр дээд тал нь зургаан хүнтэй баг бүрдүүлж орно. Тэгээд таван хэсгээс бүрдэх 30 асуултад хариулах ёстой. Зурган, холимог, сэдэвчилсэн, логик асуулт гэх мэт. Дүрэм нь ч энгийн. Ер нь бол энэ тэмцээн анхандаа цөөхөн баг ордог байснаа одоо 60 гаран баг оролцдог томоохон арга хэмжээ болсон юм. Ерөөсөө асуулт хариултын тэмцээн гэдэг дэлхий дээр хамгийн түгээмэл тэмцээнүүдийн нэг байдаг юм билээ. Оюун ухаанаа сорих, бусдаас суралцах, найз нөхдийн хүрээллээ тэлэх гээд маш олон давуу талтай. Тэдгээр олон давуу талаас нэлээд чухал нь хувь хүн өөртөө мэдлэг хуримтлуулах, туршлага суух юм байна гэж боддог. Их л бүрэгдүү байсан хэд хэдэн хүн энэ тэмцээнд ордог болсноос хойш нийцтэй, нөхөрлөхөд аятайхан сайхан залуучууд болж хувирсныг би өөрийн биеэр мэдэх юм. “UB Quiz Night”-ийн бас нэг давуу тал нь насны хязгаар байхгүй. Хэн л бол хэн өөрийнхөө багийг бүрдүүлээд орж болно. Бүүр ганцаараа ч байж болдог. Мэдээж уг тэмцээнд оролцож нэг оройдоо цагийг аятайхан өнгөрөөхийн тулд тодорхой бооцоог тавьдаг. Эхний байруудад орсон багууд бооцоогоо авна.

Том жижиггүй цагийг аятайхан үр дүнтэй зугаатай өнгөрөөчих газар ховор талдаа, манайх шиг газарт энэ тэмцээн мөн ч нүдээ олсон зүйл гэж санагддаг юм. Зохион байгуулагч залуус ч гэсэн энэ тал дээр нэлээн хүч, сэтгэл зарцуулдаг нь анзаарагддаг. Хэдэн найзуудтайгаа “UB Quiz Night”-д орж бас ч гэж чамлахааргүй амжилт үзүүлчихсэний дараа их гоё мэдрэмж төрдөг юм билээ. Байгууллага хамт олноороо, нийлдэг найз нөхдөөрөө энэ тэмцээнд тогтмол ороод цагийг зугаатай, хөгжилтэй, бас танин мэдэж өнгөрөөхөд гэмгүй шүү дээ. Энд тэнд салбараа байгуулаад улс даяар яг нэг цагт зэрэг эхэлдэг үндэсний хэмжээний тэмцээн болоод өргөжвөл бүүр сайхан. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутагт ийм хэлбэртэй соёлын арга хэмжээ байвал тун зүгээр дээ. “UB Quiz Night”-д баг бүрдүүлж орцгоож байя л даа.