Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зун цаг ч ирлээ дээ, монголчууд минь

Монголчууд дөрвөн улирлын ард түмэн. Хүссэн хүсээгүй бид улирлаа дагасан ааш аягтай. Өвөл өнтэй жил бол хот хөдөөгүй налайна. Энэ улирал монгол хүний хувьд жинхэнэ төвлөрдөг улирал. Өвлийн идэш уушаа хийчихсэн, гэр орноо дулаалчихсан, элдэв зүйлд сатааралгүй, өмнөх ажилдаа, уран бүтээлдээ төвлөрч ажил хэрэгч, бүтээлч болдог. Хавар харин хачин болцгоодог нь мөн л улирлынх. Гадаа хуурайшаад, шороо тоос босоод, өдөр уртсаад, сэтгэл тавгүйрхээд монгол хүмүүсийн сэтгэл донсолгоотой болдог. “Хаврын хүмүүс” гэсэн нэр томьёо гарсан нь эндээс эхтэй. Шар хадны өвчтөний тоо эрс ихэснэ, талбайн жагсаал цуглаан олширно, хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакциар эргэлдэж элдэв зүйлийг ярих хүмүүсийн тоо олон болдог гэхчлэн ширүүснэ дээ. Харин намар бол яг үнэндээ налайдаг улирал биш шүү дээ. Язагнадаг, бужигнадаг ажил хэрэгч улирал байхгүй юу. Эдийн засгийн цусны эргэлт огцом ихэсдэг улирал. Хүмүүс ажил төрлөө хийх асар өндөр эрч хүчтэй орж ирдэг улирал. Энэ улирал нь өвлийн хүйтэн, хаврын хахирыг давах оршил улирал болой. Энэ бүгдээс хамгийн онцгой нь зун. Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 3. Зун цаг ч ингээд нэг юм ирлээ дээ, монгол түмэн минь. Монголын ард түмний стресс, нервээс салдаг ганц улирал. Зун л монгол нутаг, монгол хүмүүсийн нуруу тэнийдэг. Сэтгэл нь хөнгөрч, сайхан бодлууд толгойд эргэлдэж, хотын унаган хүүхдэд ч хөдөө нутаг бодогддог нь хөх толботуудын цусанд байдаг мөн чанар билээ. Монгол оронд нүүр тэнэгэр, жаргалтай хүмүүсийн царайг энэ улиралд л дүүрэн харна даа.

П.ХАШЧУЛУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдүүддээ худлаа хэлж байхаа больё

Хүүхэд гэдэг гэнэн итгэмтгий улс. Таныг хичнээн худлаа ярьсан ч шууд үнэмшдэг, тийм л цагаахан амьтад. Үлгэрийн баатруудтай хүүхэлдэйн кино үзээд  үнэн голоосоо киноныхоо дүрд нь хувирчихсан суудгийг нь та, бид  мэднэ. 

Эцэг эхчүүд өдөр тутмынхаа ажилд түүртээд хүүхдүүддээ алхам тутамд худлаа ярьдаг. Наад захын жишээ гэхэд “Цэцэрлэгээс нь хамгийн түрүүнд авна” гэчихээд сүүл мушгидаг аав, ээжүүд олон. 

Худалч аав, ээжийн балгаар бяцхан хүү хорвоог орхисон гашуун түүх бий. Хөвгүүд болгон хүн аалз, бэтмэний  дүрд  хувирч, энд тэнд нисч дүүлэхийг мөрөөддөг. Нэгэн залуу хос бяцхан хүүгийнхээ энэ хүслийг биелүүлж үлгэрийн баатрын хувцас авч өгчээ. Жаал хүү “нисдэг” хувцсаа өмсч, ээж, ааваасаа “Энэ хувцсыг өмсөхөөр нисдэг тийм ээ” гэж асууж. Тэгтэл тэд нь элдэв янзын юм бодолгүй “Тиймээ” гээд хариулчихсан аж. Гэтэл аав, ээжийнхээ үгэнд  итгэсэн гэнэн хүү тагтан дээрээсээ үсэрч, хорвоог орхисон харамсалтай явдал тохиолдож байв. 

Хүүхдүүдийн хувьд эцэг эх нь энэ хорвоогийн танин мэдэхүй байдаг. Юм л болбол “Яагаад” гэдэг асуулт тавьдаг бяцхан сониучдаас битгий цааргалж байгаарай. Худалч аав ээждээ хууртдаг хүүхдүүд том болоод бас л тэдэн шигээ болно. Тиймээс үр хүүхдүүддээ худлаа хэлж байхаа больё. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зөв бичихэд чинь зориулж зөвлөхөд…

Интернэтээр их багагүй хавтгайдаа бичдэг болжээ. Сэтгүүлчтэй арцалдан нийтэд хандан “нээт”-ээр үгээ ч хэлж байх шиг.
Мэргэжлийн үүднээс энэ удаа гурван зүйлийг сануулж байна. Хүмүүс амьдран буй нийгэмдээ санаа зовж, болж бүтэхгүй юмсыг гаргаж тавьцгаадаг. “Ийм болчихож. Одоо яах вэ? Та минь ээ…???” гээд л эхэлдэг. Уран зохиол л бичээгүй юм бол амьдралын бүх л проблемд  гарах гарц олддог. Түүнийг одоо юм уу дараа нь түмэн олондоо заавал хэлж өгөх нь бичигчийн үнд­сэн үүрэг юм. Гарах гарцаа мэдэх­гүй юм уу буруу зам заамаар бол тухайн сэдвийг орхи. Чадахгүй хэвтэж битгий илүү үглэж бусдад садаа бол.
-Байгаль нийгмийн даваг­дашгүй хүчин зүйлийн тухай сэдвийг орхиорой. Дэлхийтэй өөр гариг мөргөлдөх, гал ус, газар хөдлөлтийн аюул бий болох магадлалд түгшин олныг айлгаж яах гээв. Тийм юм боллоо гэхэд яаж ч чадахгүйгээс хойш “сүх далай­тал амар” амгалан явцгааж байг л дээ.
-Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог бол бичгийн хувьд утга нь зөв байхгүй бол хожим уршиг тарьж мэдэх. Ялангуяа цаасан дээр үлдэх үг үсэг аягүй бол мянга наслах ч магадлалтай. Хөшөөний анхдагч нь сонин сэтгүүл юм шүү дээ. Улсын начин Б.Заяамандах гэхийг сүржигнээд “Улсын начин Бямбадоржийн Заяамандах” гэх төдийд л утга хадуурч бөөн маргаан үүснэ биз.
Хэрэв та сонирхвол иймэрхүү зөвлөгөө зөндөө. Сониныхон бид өглөө болгон энэ сэдвээр хуралддаг юм.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хичээл зүтгэл л бэлэг болж ирнэ

Хэдэн жилийн өмнө хоёр хүүхдийнх нь нэг нөгөөгөө галаас аврахад ээж нь ухаантай,  зоригтой хүүгээрээ бахархахаас илүүтэй “Их эзэн л бидэнд тусаллаа” гэж  ярьсан байж билээ. Хүү нь зориг гаргаж дүүгээ авраагүй бол их эзэн хүүг галд шатахаас аварчих байсан гэж үү. Мөн бурхны шашин шүтдэг зарим нь ламаар ном уншуулаад л бүх нүгэл арилчихдаг мэтээр төсөөлдөг. Саяхан Гандангийн хажуугаар өнгөрч явтал  тэнд ном уншуулах гэж яваа оюутнууд хашаан дахь тагтаанаас нь олон байх юм. Шалгалтандаа гайгүй дүн авчих санаатай ном уншуулж яваа гэнэ. Хичээлээ л сайн уншвал болоо биз дээ. Бурхны ном хичнээн уншуулаад хичээлээ мэдэхгүй бол таагүй л дүн авна.  Шашин номонд ч авах гээхийн ухаанаар  хандаасай.  

   Аль ч шашинд энэрэнгүй сайхан сургаал ном их байдаг.  Будда сайтар нягтлан судалсны үндсэн дээр сургааль номоо дагахыг сургасан. Түүнээс биш арван хар нүглийг хийчихээд нэг удаа ном уншуулаад л нүглээсээ ангижирчихдаггүй  байх. Тэгээд ч  хийсэн нүглийг тарни мааниар цайруулахгүй. Бүгдийг бурханд бүү даатга. Зөв явах замыг чинь өөр өөрсдийн сургаалиар шашинд заасан ч аль мууг  үйлдээд түүнийгээ бурханд даатгаад  буян хийлээ гэж нэрлэх нь яавч зүйд нийцэхгүй. Таны хичээл зүтгэл л  хариу болж ирэхээс хоосон залбирал танд юу ч бэлэглэхгүй. 

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Урам хайрлах хэмжээ

Бусдад дандаа  урмын үг хайрлаж яв гэх. Тэр үнэн. Ухаантай балай хэн боловч урам сонсохыг битүүхэндээ хүсч явдаг. Шагналд дургүй гэх авч медаль өгөхөд өөдөөс гараа сарвайж л байгаа биз дээ.
Яг нарийндаа бол туршла­гатай сурган хүмүүжүүлэгчид хүмүүсийн энэ өчүүхэн сул тал дээр тоглолт хийдэг байдаг л арга хэлбэр шүү дээ. Тухайлбал олон жил шоронгоор явчихсан этгээдэд “Ямар сайхан мэндчилдэг юм. Маш амттай хоол хийжээ…” гэхчилэн жирийн амьдралд дасгах гэж хөөргөөд байхаар бүр егзөр хулгайч нь хүртэл уярч хайлдаг.
Урмын үгсийг маанийн чавганц нар шиг харааж ч чадахаа байтлаа хошуугаа дэвсэцгээн наль наль хийцгээвэл бүр утгагүй юм болдог. Хэзээ мөдгүй гэрлэх гэж буй том хүүхэн эрхийн тэнэгтэж, төрхөмдөө ганц удаа хог шүүрдэж, оёж шидсэнийхээ төлөө урам нэхэж урвайж байна, цаана чинь. Юуны чинь урам. Иймхэн юмыг хүн болгон хариу тус нэхэлгүйгээр хийгээд хэвшчихсэн байх ёстой хэмээн тас загнавал зохилтой.
Тэгэхлээр “Чи сайн” гэх үнэлэлтийг эзэлсэн эрэмбэ зиндаанд нь  тохируулж хэлдэг байхгүй юу. Дээхнэ манай Цэнддоог дадлагын оюутан “Таны фельетон бүр элэг авчихлаа. Та шог зохиол бичээч.Аягүй бол чадна даа” гэж “урам хайрлаж” билээ. Түүнд нь хэр урамшаа бол.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гэнэн хонгорууд минь хэзээ хэрсүүжих бол?

Заримдаа ч өөрсдийгөө бодохоор өрөвдмөөр санагдах юм. Монголчууд бид арай ч дээ гэмээр гэнэн итгэмтгий хүмүүс. Аливаад ултай суурьтай, буурьтай хандана гэж байхгүй. Зүгээр л хөнгөн хөвсгөрхөн сэтгэлээр хөөрч дэвэрч явах нь бий.  Түүнийг нь нотлох зүйлс захаасаа аваад л үй түм. Улс орон оршин тогтнохын амин судас нь болсон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэхэд өнөөдөр алга. Гангийн үйлдвэр, за тэгээд бензин шатахуун нефть, цахилгаан станц гэж олон жил амаа цангатал ярилаа. Гэвч бүтээсэн юм алга л байна.  
Ер нь бид чинь энэхэн амьдралаа тэнгэрээр нисч нисч цаг нь ирэхээр нам газарддаг шувуу шиг өнгөрүүлээд байна уу даа. Нэг л их “жиргэсэн” хүмүүс.  Одоо бол ухаажвал ухаажихаар цаг юмсан. Шилжилтийн үе гэж дээр дооргүй баахан ярьцгаасан. Тэр нь эрхбиш дуусаа байлгүй.
Шилжилтийн насандаа яваа охид хөвгүүд шигээ гэнэн тэнэг зангаа орхиж, бага  ч болов  хэрсүү суух цаг болсоон. Ингэхэд монголчууд бидний гэнэн хонгорыг илтгэсэн хэд хэдэн үйлдэл байдаг. “Хэрвээ шидтэн ирээд гурван зүйлийг биелүүлж өгье гэвэл та юу хүсэх вэ” гэх утга бүхий асуултыг хэн нэгнээсээ дандаа асууна. Сэтгүүлч нөхөд маань бол байнга асууна. Ийм л сэтгэлгээгээр бидний амьдрал явдаг. Болж бүтэхгүй зүйлийг нь нэг л өдөр дээд тэнгэрээс ид шидийн хүн ирээд цогцлоогоод өгөх юм шиг хэнэггүйхэн аж төрдөг. Яг үнэндээ байдал тэс өөр. Хүн төрөлхтний оршихуй ерөөсөө бодит зүйл дээр тулгуурладаг. Амьдралаа та өөрөө л босгоно. Өөр хэн ч биш.

Н.Гантулга

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нэг биш олон цонхны үйлчилгээ хэрэгтэй байна

Яг өнөөдрийн байдлаар нийслэлчүүд автомашиныхаа татварыг төлөхөөр ёстой л оволзож байна. Зургадугаар сарын 1-нээс хойш татвараа төлөлгүйгээр хөдөлгөөнд оролцвол торгуулж, цагдуулаад байдал улам хүндэрдэг учраас тэр. 

Ойрын жишээнээс харахад авто машин эзэмшигчийн гэрчилгээ солиулсны 1200 төгрөгийг төлөхийн тулд банкны үүдийг дөрвөн цаг сахиж, дугаарласан тохиолдол байна. Үүнийг бага хэрэг гэж үзвэл татварын 50-60 мянган төгрөгийг төлөх гэж байгаа хүмүүс хагас өдөр, бүтэн өдөр дугаарлах нь энүүхэнд болжээ. Учир нь авто машинтай холбоотой бүхий л татварыг нэг банк авч, татварын тамгыг нэг цонхны үйлчилгээгээр дардаг нь ийм байдалд хүргэж байна. Монголын дарга түшмэдүүд хүний төлөө иргэдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлээр шийдвэр гаргадаггүй нэг банк нэг байгууллагын талд шийдвэр гаргадаг нь ийм байдалд хүргэж байна. Нэг банкаар хураагдаж байгаа мөнгө бүх банкаар яагаад хураагдаж болохгүй гэж. Иргэддээ түргэн шуурхай үйлчлэхийн тулд нэг бус олон цонхны үйлчилгээг яагаад нэвтрүүлж болохгүй гэж. Эцсийн дүнд нэг цонх гэдэг нь нэг л цонхоор үйлчилж байгаагийн нэр биз дээ. 

Бидний хөгжилтэй гэж ярьдаг харийн оронд хүнээ, иргэнээ нэгдүгээрт тавьдаг юм билээ. Хүнээ нэгдүгээрт тавихдаа замын түгжрэл, авто зогсоол гээд хамар дорх бүх бэрхшээлийг нь шийдэж өгдөг. Харин манайд хоёр алхаад нэг, нэг алхаад хоёр бэрхшээлтэй нүүр тулдаг. Эцэстээ иргэд нийгмийн энэ мэт харилцаанд орохоос залхах шинжтэй болжээ.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголоороо бахархах момент

Өмнөд Монголд өөртэйгээ адил монгол хэлтнүүдтэйгээ хамт хооллоод сууж байлаа. Гадаадад гадаадаар бус ярилцах нь жинхэнэ бах тав ажгуу. Англид төрсөн азтангууд сурч боловсрох олон шаардлагаас чөлөөлөгддөгтэй эгээ л адил. Энэ орчлонгийн хаа нэгтээ өчүүхэн муу Монголоороо бахархах орон зай байгаа нь их юм. Уг нь манай садан төрөл хаа сайгүй ч хажуу дахь буриадууд гэхэд л Оросоос айж өөрсдийгөө монгол гэхээс эсвэл ичнэ.
Ар Монгол өгүүлрүүн: “Бидний борог амьдрал янз бүр л явна. Их гүрэн бараадсан тань ямар ч буруу алга. Манайхан өөрсдийгөө яая гэж байж, өдий болтол орон сууцтай ч болж чадахгүй  хэвтэж “Улс эх орон, тусгаар тогтнолын төлөө” гэж   орилох дуртайг нь яана. Ам бүл бага, бусдад нөлөөлчихөөр хөгжиж чадахгүй бидэн шигт нь энэ эрх чөлөө, ардчилал гээч лайг сэтгэлдээ тээж явах ямар хэрэг байна гэж бодогдох л юм. Цалин өндөр, эрүүл саруул л байвал өөр санаа зовох зүйлгүй та нар юутай  аз жаргалтай амьдарна вэ?”
Өвөр Монгол хариулруун:-“Эй журамт андаа яалаа гэж дээ. Битгий л тэгж үзээрэй. Тусгаар тогтносон бүрэн эрхт та нарыгаа бид чинь үндэс угсаа гал голомт минь гэж голоо зогоож явдаг юм шүү дээ. Монголд юу л болно, шинээр дуу зохиогдлоо гэхэд энд даяараа даган баясацгаана. Дундад улсад дэлхийн бүх хөгжил дэвшил бий тул барууны орны явдал сонин гайхам лав биш шүү.”
Ачир дээр харуулруун: Гарвал нэгтэндээ туг болчихоор манлайлалгүй. Төрөлх хэлээрээ тэгш зөв бялхам хэлж бичих чадамжтан нэн ховор. Өмнөх тогтолцооноосоо өнөө хэр салаагүй пиг дүүрэн хоёр нүүртнүүд хамаг бахархлыг халхлан хаана.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бүрэн зэвсэгтэй ХХI зууны хүн

Түүхийн номон дээр эртний зэвсэглэсэн рыцарь цэргийн зургийг баримтжуулан үзүүлдэг. Одооны хүмүүсийн санаатай санамсаргүй үлдээсэн ул мөр ирээдүйд сонин л байх байх даа.

ХХI зуун ба 2000 гаран оноос хойшхи үеийн ажил хэрэгч байрын эрэгтэй эмэгтэй хүмүүс өглөө гэрээс гарахдаа биендээ овоо их новш агсдаг болсон байна шүү. Юун түрүүн далбагар том гар утас ба түүний дагалдах хэрэгслүүдээ хармайлахаа үл мартана. Хүүхэд хөгшингүй хол ойрын харааны аль нэг нь больсон тул нүдэн дотроо юм уу гаднаа зүүдэг шилээ тэмтэрцгээнэ. Мөн усанд хийгээд хонуулсан хиймэл шүднүүд байна. Охид хүүхнүүдийн нүүрний  будаг шунхны хувьд тэрэнгүйгээр хаалгаараа ч цухуйхгүй. Их багын хэмжээ, чанар нь өөр өөр болохоос цөмөөрөө “кошлаак” дүүрэн юм чихэж авна даа. Тэгээд халууны адуу ялаархах аятай цаг мөч тутам үс гэзэгтэйгээ ноцолдон мөнхийн толгой хаялаастай. Өөр юу мартчихав. 

Жолооны ба ажлын үнэмлэх, банкны, дэлгүүрийн хөнгөлөлтийн, оюутны тэтгэлгийн, автобусанд үнэгүй суудаг картууд үзэг дэвтэр хутга бахинаас илүү байнга хэрэг болно. Уруул, чих, хуруу, бугуй, хүзүү тус бүрт заавал байх ёстой гангараа, түүнийг өдөр тутам сольж тохируулах хуваарь гэж бий. Бөгж ээмэг, цагны аль нэгийг нь мартаад олны дунд орчихвол турсикгүй яваа мэт эвгүй оргино. За тэгээд нас ялимгүй өгсөх тусам даралтны, чихрийн шижингийн, тархи толгойны өвчин намдаах эмнүүдээ базаах хэрэг гарна. Цаашилбал тамхичид, интернэтийн үнэнч гишүүд гээд явбал хэрэгсэл улам нэмэгдэнэ.

Өнөөдөр хэнбугай ч нийгмээс хамааралгүйгээр хээрийн чоно шиг дүүлж чадахаа больсныг дээрх “зэвсэг”-нүүд илтгэнэ. Ийнхүү бүрэн зэвсэглэж байж нэгэн өдрийн ажил амьдрал өрнөж байна даа. 

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нууц гэж байхаа больжээ

Барьж байгаа утаснаас эхлээд энэ дэлхий дээрх юм бүхэн ухаалаг болж байна. Мэдээж амьдарч буй нийгэм, эдэлж хэрэглэж байгаа эд юмс хүртэл  ухаалаг болоод байвал  сайхан. Гэвч сайны хажуугаар саар байдаг хүний хорвоо хойно. Ямар нэгэн дутагдал ямагт дагадаг жамтай аж. Яагаад гэвэл нийгэм, эд юмс ухаажих тусам нууц юм гэж байхаа больдог юм уу даа.
Саяхан нэг бүсгүй ярьж байна. Фейсбүүкийнхээ хаягийг хичнээн өөрчлөвч хартай найз залуу нь хэзээд хакердаад олчихдог гэнэ. Шальтай хардахаар зүйл байхгүй ч харааж, зүхээд амар заяаг нь үзүүлдэггүй болсон байна. Гэх мэтчилэн интернэт ертөнцтэй холбоотой хачирхалтай зүйлүүд энэ нийгэмд дүүрэн байна. Ер нь тэгээд бусдын фейсбүүк, твиттер, мессенжерт нэвтэрдэг нууц код гэдэг чинь цагдаа, хүчнийхэнд битгий хэл энгийн иргэдэд юу ч биш болсон цаг бололтой.  Нөхөртэй нь учир ургуулсан эмэгтэйн фейсбүүкийн нууц кодыг хакердаж, бусадтай юу бичилцсэнийг нь олж аваад твиттерээр тарааж, нүүрийг нь ч “шарж” байх шиг. Эхнэртэйгээ муудалцвал тэр даруй интернэтэд хэрүүлээ  бичээд тавьчихаж ч байх шиг.  Ингээд бодохоор энэ ертөнцөд нууц гэж зүйл байхаа больжээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ