Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Фредерик Бастиагын “Хууль” DNN.mn

Алтан тариа компанийн эзэн П.Цэнгүүний ивээн тэтгэж хэвлүүлсэн олон номны нэг нь энэхүү Фредерик Бастиагийн “Хууль” хэмээх ном юм. Фредерик Бастиа бол 1801 онд францад мэндэлсэн суут хүмүүн. Тэрээр Адам Смитийн чөлөөт эдийн засгийн онолыг сэтгүүл зүйн аргаар тайлбарлан түгээж байснаараа алдартай нэгэн болжээ.1845 онд францын хувьсгал гарч социалистууд ихэд амжилт олж байгаад Бастиа зэвүүцэж байсан гэнэ. Тэр социалистуудыг протекционалистуудтай адилтган үзэж түүний шинэ хэлбэр хэмээн тооцож байжээ.Социализмын онол нь өнгөн дээрээ хүмүүсийн сайн сайхны төлөө мэт боловч задлан шинжлээд нарийвчлан үзвэл хүн, түүний мөн чанар, эрх чөлөөний эсрэг хандсан гэдгийг Бастиа тэртээх 150 жилийн өмнө хүн төрөлхтөнд анхааруулжээ. Энэ зохиол Маркс, Энгельс нарын “Коммунист намын тунхаг”-тай бараг л зэрэг бичигдсэн аж.

Бастиа хүнийг бурхны бүтээлийнх нь хувьд байгаагаар нь хүлээж авахыг уриалаад харин хүний төлөө гэж өөрсдийгөө зарладаг социалистууд хүнийг өөрийг нь түүхий эдийн хэмжээнд үнэлэн, засварлан сайжруулах үүргийг өөрсдөдөө оногдуулж буйг илрүүлжээ. Хүний нийгэм төгс төгөлдөр бус, иймээс нийгмийн баялаг хуваарилалт бүр ч шударга бус болдог, энэ нь хөгжил дэвшлийг хойш чангаагч гол хүчин зүйл юм гэдэг социалист үзэл XIX зуунд бараг итгэл үнэмшил болсон. Чухам үүн дээр үндэслэж марксизм үүсч, байгаа бүхнийг эвдэн сүйтгээд цоо шинээр гэрэлт ертөнцийг дахин байгуулах сургаал номлол бий болжээ. Эхлээд өнгөц сонсоход энэ гоё “хүмүүнлэг” онол лавшрах тусмаа харгис шинжийг олж зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн зарчимд тулгуурлах болов.

Чухам хүн төрөлхтний сайн сайхны тулд ямар их сүйтгэл, үхэл хагацал нүүрлүүлснийг социализмаар замнасан бид бүхэн өвгөд дээдсийнхээ амь насаар төлж байж мэдсэн байдаг. Нийгэм өөрөө хөгждөггүй, түүнийг зөв чиглүүлж өгөх хэрэгтэй гэсэн үзэлдээ нэвчсэн хүн хэт олширч чухам чиглүүлж өгөх гэсэн тэдний хэт махрал зүтгэл олон сая хүний амь амьдрал хувь заяаг сүйрүүлсэн юм. Номын оршил хэсэгт бидний үзэл бодол хэт зүүний өнцгөөс тайлбарласан сонгодог бүтээл дунд хүмүүжсэн. Эдийн засаг бол тусгай мэргэжил гэхээсээ ертөнцийг харах гэгээрэл хүн хоорондын харилцааг таних түлхүүр, өөрөө өөрийгөө тэжээж авч явах урлаг. Үүний тухай хэт зүүний гажуу бодолтойгоор амьдарч чадахгүй. Тэгэхлээр 150 жилийн өмнө тэрлэсэн Бастиагийн сургаал ач холбогдлоо алдаагүй гэж нэрт нийтлэлч Баабар бичжээ. Номыг Н.Баярбаатар орчуулжээ. Та бүхэн энэ номыг уншиж үзвэл их зүгээр. Уг ном “Хууль” гэсэн сэдвийг тойрон өөрийн үзэл бодлыг бичжээ. “Амьдрал бол бурхны бэлэг”, “Хууль гэж юу вэ”, “Шударга ба мөнхийн засаглал”, “Хуулийн бүрэн завхрал”, “Өмч ба тонуул”, “Завхарсан хууль нь сөргөлдөөн үүсгэдэг”, “Боолчлол ба гаалийн татвар нь тонуул мөн”, “Социализм бол хуульчлагдсан тонуул мөн”, “Социалист зохиолчдын нөлөөлөл”, “Социалистууд хүн төрөлхтнийг үл тоомсорлодог” гэх зэрэг олон бүлгүүдтэй. Би сонирхуулах үүднээс “Социалистууд хүн төрөлхтнийг үл тоомсорлодог” бүлгээс эш татъя. Социалистууд хууль тогтоогчид буюу нийгмийн элит хэсэг сайн сайханд тэмүүлж байдаг. Ард түмэн үргэлж залхуурах, хойшоо суух цаг нөгцөөх зэргээр сүйрэлрүү хазайж байдаг. Хүн төрөлхтөн буюу олонх харанхуй бурангуй руу тэмүүлж байхад хууль тогтоогчид буянт үйлс эрхэмлэхээр төржээ. Байдал нэгэнт ийм хойно тэд хүн төрөлхтний бус өөрсдийн үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн тулд арга буюу хүч хэрэглэхээс өөр зам байхгүй нь лавтай.Хүмүүн нь амьдрал зохион байгуулалт, ёс суртахуун хөгжил дэвшлээ төрийн эрх мэдлээс хүлээн авдаг ихээхэн хүлцэнгүй матери болохыг тодорхойлсон санаа бодлыг олж харна.

Хүн төрөлхтөн доройтон уруудаж байхад нөгөө хууль тогтоогчид буюу элит хэсэг ер бусын авралын гараа сунгаж байгаа гэх нь доромжлол юм гэжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Халловины баяраар мөрддөг дүрэмтэй болъё DNN.mn

АНУ-д Халловины баярын өдрөөр олон нийтийн газар, хувийн компани, дэлгүүрт маск зүүдэггүй, оройн 18-20 цагийн хооронд л баг, зүүсгэлтэй хүүхдүүд зөвхөн тэмдэглэгээ тавьсан айлуудын хаалга тогшиж “Айх уу, эсвэл чихэр өг” гэж хэлдэг. 12 наснаас дээш насны хүмүүс маск зүүж, айлуудаар явдаггүй. Бэлгийн гэмт хэрэг хийж байсан хүмүүс энэ баяраар хүүхдүүдэд чихэр өгч болохгүй, баг зүүж болдоггүй бөгөөд цагдаа нар тэднийг хянаж байдаг. Мөн лам хувраг, санваартны хувцас өмсөж болохгүй гэх зэрэг хууль, дүрэм тус улсад Халловинээр үйлчилдэг юм байна. Зөрчвөл торгуультай, бүр хорих шийтгэл ч бий.

Манайд энэ баяр шинэ тутам учир ойлголтын зөрүүнээс үүдэлтэй үл ойлголцол гарах боллоо. Эхний ээлжинд бид үр хүүхдээ элдэв халдлагаас хамгаалахын тулд зөвхөн тэмдэглэгээ тавьсан айлуудын хаалгыг тодорхой тогтоосон хугацаанд тогшдог гэдгийг сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Энэ тал дээр нэгдсэн ойлголтод хүрэх юм уу, нийтээр дагаж мөрддөг тэр чигийн дүрэмтэй болъё. Эцэг эхчүүд, томчууд л үүнд анхаарал тавьж албан ёсны мэдээллийн хэрэгсэл, сонин хэвлэлээр хэлэлцүүлэг өрнүүлж хоорондоо тохиролц. Яваандаа энэ баяр хүссэн хүсээгүй дэлгэрэх нь ойлгомжтой. Тэр цагт нь хуулиар зохицуулаад явчих байх.

Хүүхдүүдэд чихэр өгөх дур сонирхолтой айлууд нь хаалган дээрээ тэмдэглэгээ, лого, зураг наах ч юм уу, бариулнаасаа юу ч юм өлгөчихөд л хүүхдүүд тэр айлын хаалгыг тогшино шүү дээ. Ингэж таних тэмдэг тавихгүй бол цаашид хичнээн хүүхэд том хүмүүст зодуулж, загнуулж өшиглүүлэхийг мэдэмгүй.

Бид дэлхийн найман тэрбум шахуу хүнтэй бөөрөө нийлүүлэн оршин байгаа бол даяарчлалаас зугтаж, алив юмыг хорьж, хориглож дангаарчилж, ганцаараа гозойж үлдэнэ гэж байх ч үгүй, тэгэх ч боломжгүй. Дараа жилийн Халловинээр ч хүүхдүүд хаалга тогшиж л таарна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цахилгаан машины ирээдүй хаалганы цаана ирчихжээ DNN.mn

Хүн төрөлхтний хөгжил дэвшил өдөр хоногоор ахиж, өчигдөр шинэхэн гэгдэж байсан зүйл өнөөдөр хуучинд тооцогдох нь холгүй байна. Дэлхий ертөнц цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн ертөнцийн гол түлхүүрийн нэг нь яалт ч үгүй технологийн шинэчлэл юм. Хэдхээн жилийн өмнө фэйсбүүк, твиттер өнөөдрийнх шиг өндөрлөгт хүрнэ гэхэд итгэх хүн цөөн байсан. Ухаалаг гар утас гэдэг зүйл хэзээ ч ингэж хурднаар хүний амьдралд нэвтэрч, хүн бүрийн хэрэглээ болчихно гэж алдарт “Нокиа” ч төсөөлөөгүй. Гэлээ ч энэ бүхэн ухаант хүний амьдралын салшгүй хэсэг болж чаджээ.

Сүүлийн хэдэн жилд цахилгаан машины хөгжил нэгэнт эрчийг авлаа. Заавал цахилгаантай утсанд “дүүжлэгдэж” явдаг троллейбуснаас өөр цахилгаан машины төсөөлөлгүй шахуу байсан монголчууд өнөөдөр бүрэн цахилгаан машин хэрэглэдэг болоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Эдийн засгийн хувьд асар хэмнэлттэй, байгаль орчин ээлтэй гэгдэх бүрэн цахилгаан машинууд хотын төвөөр хэдэн арваараа явахыг бид бүхэн харж байна. Нэг цэнэгээрээ 500 км хүртэл явдаг гэх машинуудын давуу талууд үнэхээр их юм билээ. Дугаарын хязгаарлалтад орохгүй, агаар бохирдлын татвар төлөхгүй, бас тун хүчтэй гэх мэт. Нэг цэнэглээд авахад бараг долоо хоногоо даачихдаг гэж байгаа. Өөр нэг чухал давуу тал нь дуу чимээ багатай. Дотоод шаталтын хөдөлгүүргүй учраас.

Монголын эрс тэс нөхцөлд асуудалтай байх гэж олон хүн эргэлздэг. Мэдээж хэт халуун, хүйтэнд цэнэгээ хурдан алдах магадлал өндөр. Гэхдээ хот дотор бол асуудалгүй гэж цахилгаан машины хэрэглэгч ярьж байсан. Мөн хотод суурин цэнэглэх станцууд цөөн байгаа нь энэ төрлийн машин сонирхож байгаа хүмүүст нэг бэрхшээл байх л даа. Яахав удахгүй цэнэглэх байгууламжууд энд тэндгүй баригдаад эхлэх биз. Саяхан бид эрлийз хөдөлгүүртэй машинд таатай бус ханддаг байсан бол одоо хүн бүхэн шахуу унаж хэрэглэж байна. Тиймээс бүрэн цахилгаан машин бидний хэрэглээ болох нь цаг хугацааны л асуудал биз. Ирээдүйгээ хараад цэнэглэх станцуудаа байгуулж эхлэх цаг нь болсон байх шүү. Цахилгаан машины ирээдүй хаалганы цаана ирчихжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: “Түс тас” харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог DNN.mn

Налгар намрын өдрүүд энд хүрээд дуусав уу гэлтэй амралтын өдрийн цастай өглөө намуухан бөгөөд жихүүн. Нийтийн тээвэр хүлээх зорчигчид хаа нэг автобус ирэх зүгт хараа чилээхээс өөрөөр анир чимээгүй. Гэнэтхэн энэ аниргүй байдлыг гудамжны үзүүрт хэн нэгэнтээ чангаар ярингаа, уйлах эрийн дуу эвдэж орхив. “Яагаад, яагаад чи надад хайргүй юм бол энэ олон жил яагаад хүлээлгэсэн юм бэ” гэх дуу тодоос тод сонсогдов. Гомдол цөхрөл дүүрэн тэдний яриа тэгсхийгээд төгсөв.

Хашааны булангаас 40 эргэм насны эр гарч ирээд бидний нэгэн адил автобус хүлээн зогсов. Тэрээр хэнд ч азаарагдахыг хүсэхгүй байгаа нь илт. Автобусны буудал дээр зогсоо 10 орчим хүн түүнийг анзаарсан ч анзаараагүй мэт царайлав. “Бодвол хэн нэгэн согтуудаа солиорч байгаа биз” гэх бодол минь тэрхэн зуурт өөрчлөгдөв. Бүлцэн болсон нүдээ шударчихаад, багахан гунигтай хэрнээ эрс шийдэмгий царай гарган хажуугаар зөрөх идэр насны эрээс архи биш үнэртэй ус ханхална. Түүний дотор цастай биш, цасан шуурга шуурч байгаа бололтой. Амьдралд танихгүй нэгэнд урмын үг хэлмээр, юу болсон талаар нь ярилцмаар, эсвэл зүгээр л тэвэрмээр үе тохиолддог байх нь…Түүний “Яагаад, яагаад…” гэх чин сэтгэлийн асуулт сэтгэл хөндүүрлүүлж, автобусны цонхоор тамхи татан зогсох түүний төрх улам бүдгэрэв. Хайргүй хэрнээ хайртай мэт царайлдаг, хамт амьдрахгүй мөртлөө амьдрах ч юм шиг итгэл төрүүлж, хэн хэнийхээ цаг зав, сэтгэл зүрхийг үрсэн харилцааг битгий өөгшүүлээрэй. Эцэст нь хэн нэг нь сэтгэлдээ шархтай, нүдэндээ нулимстай үлдэх нь.

Өөх ч биш булчирхай ч биш харилцаанаас илүүтэй хайрлавал хайрласан шиг хайрладаг, хамт амьдрах боломжгүй бол сайн сайхныг хүсээд явуулдаг түс тас харилцаа амьдралыг амархан бөгөөд амттай болгодог доо.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дагина сахиус” DNN.mn

Үлгэрч Т.Цэрэнлхамын “Дагина сахиус” сургамжит үлгэр бяцхан уншигчдын гарт хүрч байна. Тэрээр үлгэрүүдээ цувралаар гаргаж байгаа бөгөөд эхнийх нь энэ. Зохиогч одоогоор 20 орчим үлгэртэй. Тэрээр үлгэрийн дүрүүддээ монгол нэр өгөхийг чухалчилдаг агаад “Өрөмхөн гүнж”, “Дагина сахиус”, “Ухаарал”, “Ариун үйлст хүүгийн үлгэр”, “Алимны мод”, “Хамгийн гайхамшигтай бэлэг” гэх нэрүүдээс яалт ч үгүй тэр нь мэдрэгдэж байна. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд Т.Цэрэнлхамын “Ариун үйлст хүүгийн үлгэр” нь шалгарч байсан удаатай.

Үлгэр ингэж эхэлдэг. Дээд тэнгэрийн оронд Түмэнхишиг хааны үзэсгэлэн гоо хатнаас цасан цагаан царайтай, алиман улаан хацартай төгөлдөр гоо гүнж мэндэлжээ. Түүнийг Сүйбилэг хэмээн нэрийджээ. Гүнж нэг настайдаа хэлд орж, дэлхий ертөнцийн сонин сайхан хийгээд элдэв сайн мууг ээж аавдаа ярьдаг байв. Хаан миний охин юуны учир зовлонт ертөнцийн талаар өдөр шөнөгүй ярих болов хэмээн мэргэн зөвлөхөөсөө асуувал “Гүнж өрөвч нинжин сэтгэлтэй төрсөн тул зовлонт ертөнцийн хүн ардыг зовлонгоос гэтэлгэхээр сэтгэл шулууджээ. Тун удахгүй дэлхий рүү явуулж өгөхийг танаас гуйна. Тэр үед та өөрийн зөн совингоор шийдвэрээ гаргах хэрэгтэй” хэмээн мэргэн зөвлөх айлджээ. Удсангүй Сүйбилэг гүнж ааваасаа дэлхий рүү явуулж өгөхийг гуйв гэнэ. Түмэнхишиг хаан охиноо хайрлан өрөвдөж хэцүү хатуу ертөнц рүү битгий яваач хэмээн аргаа тасартал гуйсан боловч тусыг эс олов. Ингээд Түмэнхишиг хаан “Би энэ удаад хэд ч хориглоод сэтгэлийг чинь хувиргаж чадахгүй нь ээ. Тиймээс чамайг үзэсгэлэн гоо дүрээр биш үзлийн муухай дүрээр ертөнцөд илгээнэ. Нэг нар, нэг сарны хугацаанд чамайг хэн нэгэн авахгүй бол чи тэнгэрийн ордондоо ирж дахин хэзээ ч тэр ертөнц рүү зүглэхгүй гэдгийг хатуу сануулъя” гэжээ. Сүйбилэг гүнж болзлыг зөвшөөрч явахаар болов. Хаан ядуу гуйлгачны дүрээр газарт бууж үзлийн муухай царай төрхтэй болсон нялх гүнжээ нэгэн баян айлын үүдэнд орхиод явж гэнэ. Өглөө болж нэгэн нар эхэллээ. Баяны эхнэр өглөөний зоогийг бэлтгүүлэх санаатай зарц нарын овоохой руу явахаар гараад үүдэнд байгаа үзэшгүй муухай царайтай хүүхдийг олж хараад орь дуу тавин хашгирч “Чөтгөр, чөтгөр…” хэмээн бахардан уналаа.

Орилоон шуугианаар сандарч тэвдсэн зарц нар гүйлдэн ирж хүүхдийг хараад огло үсрэн харайж хаанаас гарч ирсэн ад тийрэн бэ хэмээн айж балмагдан зэвүүцэж хэн ч ойртож чадсангүй…Үлгэр цааш хэрхэн үргэлжлэхийг та “Дагина сахиус” номоос дэлгэрүүлж уншаарай. Зохиогчтой фэйсбүүкийн “Гайхамшигт үлгэрүүд” группээр холбогдож, үлгэрээ хүргүүлж авах боломжтой юм байна.

Нэг хэсэг монгол үлгэрүүдийн утга агуулга, үйл явдал гажуудаж, ёс бус үг хэллэг ихээр гарах болсныг хүмүүс шүүмжилсэн. Тэр үед үлгэрч Т.Цэрэнлхам “Баян хоосны ялгаа, тэр дундаа баян хүнийг үзэн яддаг санаа ямар ч үлгэр, зохиол бүтээлд байж л байдаг. Тэр нь уншигч, үзэгчдэд их таалагддаг. Түүнээс гадна нийгмийн хандлага ерөөсөө баян хүнийг үзэн ядах, сэтгэлгээ хүүхэд байхаас нь суучихсан. Яагаад гэвэл тэр санаа үлгэрээр зогсохгүй зохиол бүтээлд нийтлэг болчихсон. Миний үлгэрт баян ядуу хамаагүй, хэн хөдөлмөрлөнө, тэр үр шимийг нь хүртэнэ гэсэн санаа зонхилно. Баян хүн бүр хулгайч луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн байна гэдэг санааг л өгөхийг зорьж үлгэрээ бичдэг” хэмээн ярьж байсан билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Төр одоо үүргээ биелүүлмээр байна DNN.mn

Төр засаг эрхээ маш сайн эдэлж байна. Жолооч нарын “но”-г илрүүлбэл урамшуулал олгоно гээд түмэн олонд зарлаадахлаа. Манайхан ч хурдтай юм, эхний өдөр л хэдэн мянгаараа мэдээлэл очиж байна гэнэ.

Иргэдийн зүгээс гаргаж байгаа зөрчлийн мэдээллийн олонхыг түр болон удаан зогсох хориотой газар зогссон, автобусны зогсоол тэмдэгтэй газар зогссон, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр байрлан явсан гэх зөрчлүүд эзэлжээ. Болж байна. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг цусаар бичигддэг учир дүрэм зөрчиж үл болно. Гэхдээ нэг анхаарах зүйл байна аа. Дээрх зөрчлүүд юуг хэлээд байна вэ гэвэл өнөөдөр хүртэл манайд автомашины зогсоол хүрэлцээгүй хэвээр байна. Хүрэлцээгүй ч биш, огт байхгүй гэсэн үг.

Зөрчил гаргасан машиныг мэдээлбэл 20 хувийн урамшуулал авна гэдэг арга бол жолооч нарыг дүрмээ сахиулахыг л сануулж байна гэж ойлгоод байгаа. Үүний тулд эхлээд зогсоол хүрэлцээтэй байх ёстой. Энэ бол төрийн ажил. Төр одоо үүргээ биелүүлмээр байна.

Жил бүр жолооч нараас автомашины зам ашигласны төлбөр гэж хурааж авдаг. Нийслэл рүү орж гарах товчоодоор ч энэ төлбөрийг өдөр бүр л хатуу авдаг. Манайд бол хотын төвийн босоо, хэвтээ тэнхлэгийн гол замаас бусад нь энхэл донхол. Зах тийшээгээ бол бөөн олон нүх, битүү нөхөөс. Уг нь зам ашигласны мөнгө замдаа зарцуулагдах ёстой юм. Гэвч манайд замхарчихдаг “тогтолцоотой”. Төр одоо энэ ажлаа ч хиймээр байна. Эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлж төр маань түмэн олондоо үлгэрлэмээр байна аа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Дүр эсгэж амьдрахгүй байх л сайхан DNN.mn

Дүр эсгэн сайн сайхан амьтан болох шиг амар бөгөөд амттай зүйл байдаггүй. Сайхан сэтгэлтэй, өрөвчхөн, ядарсан хүн амьтанд тусч бүүр сүүлийн ганц цамцаа тайлаад өгөхөд бэлэн гэж нийтэд итгүүлэхэд л болоод явчихна. Бас хүнд тус хүргэж чадахаар эдийн засгийн боломжтой гэдгээ үргэлж гайхуулж явахаа мэдэх хэрэгтэй. Юманд ханачихсан “амьдрахад нэг их юм хэрэггүй дээ” гэсгээд.

Ингээд явахад их явдаг даа. Үлгэр домог болон сургаалуудад ингээд яваад байхад яг тийм хүн болчихдог гэж их сургадаг. Бодвол үүндээ итгэвэл тэгдэг байх аа. Энэ итгэл сургаал нь өөртэйгөө зөрчилдвөл бүх зүйл худлаа болоод явчихдаг юм билээ.

Хэрэв та сайн хүн байх гэвэл дотоод мөн чанараа адилхан сайн хүн болгохгүй бол худал жүжиглэсэн дүр эсгэсэн амьтнаас өөр юу ч биш болдог.

Өөрөө өөртэйгөө зөрчилдөөд эхлэхээр тэр хүний амьдрал утгаа алддагийг бид ойлгодоггүй. Мөн чанар чинь ямар юм бэ гэдгээ эхлээд ойлгох нь хамгийн чухал байдаг гэж ахмадууд хэлж байхыг олонтаа сонсож байлаа. Тэгэхлээр мөн чанартайгаа адилхан амьдарвал их амар юм байна л гэсэн үг.

Ямар ч хүн дандаа муу байдаггүй, бас дандаа сайн байдаггүй юм гэнэ лээ. Үүнд ичээд нэрэлхээд байх юм байхгүй л гэсэн үг юм даа.Эрээнтэй бараантай хорвоод үүнээс өөр ч яах билээ. Эцсийн дүндээ дүр эсгэж худал жүжиглээд хэрэггүй, байдгаараа л байцгаая л гэх гээд байгаа ухаантай юм л даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Энгийн бүхэн гайхамшиг DNN.mn

Хүмүүс усан дээр алхахыг, агаарт нисэхийг гайхамшиг гэж боддог. Яг үнэндээ бол газар дэлхий дээр, хөрс шороон дээр алхахаас илүү гайхамшиг гэж байхгүй” гэж Бурхан багш айлджээ. Эв энгийн, өдөр тутмын зүйлийг Будда гайхамшиг гэж тунхаглажээ.

Үнэхээр ч энэхэн цэнхэр дэлхийд өнөөдөр бид амар тайван алхаж явна. Аавтай, ээжтэй, ах эгчтэйгээ, амраг хань, алагхан үрстэйгээ аз жаргалтай амьдарч байна. Хүүхэд балчир насандаа бид үргэлж иймээрээ, үргэлж инээж явах мэт л боддог, холын холд байгаа ямархан нэгэн аз жаргалыг мөрөөдөн мөрөөдөн өсдөг билээ. Өсөх тусам өдөр хоногоор амьдрал бидэнд хатуу хөтүүг мэдрүүлсээр, бас аз жаргалыг амсуулсаар байдаг.

Хамгийн хайртай хүмүүс маань нэг нэгээрээ алсран одовч, бас хайрлахгүй байхын аргагүй хүмүүс нэг нэгээрээ цуварч ирсээр л байдаг. Амьдарч буй энэ насандаа бид аав ээж, ах дүү, амраг садан, алаг үрс, найз нөхдийн ерөөлтэй иржээ. Эргэн тойрноо анхаараад нэг сайн хар даа, дандаа ойр дотны хайрлам сайхан хүмүүс. Муудахаа мууддаг ч миний амьдралыг утга учиртай болгож байгаа тийм л гайхамшигт хүмүүс хүрээлж байна. Цэнхэр тэнгэр, уудам тал, нар сар, байшин барилга, гэр орон, хайртай бүхэн маань бүгд надад зориулагдсан юм.

Хэн хэзээ ингэж мэдэрч чадах билээ. Хэзээ, хаанахын салхин дор ингэж тэнүүн амьсгалах билээ. Эргэж энэ дэлхий дээр төрдөг ч юм уу, төөрдөг ч юм уу бүү мэд. Хүн болж төрлөө гэхэд өнөөдрийн хайртай хүмүүсээс чинь өөр хүмүүс, өөр орчин байх ч юм уу. Эргэж төрснөө ер нь мэдээ ч үү, үгүй юү. Ийм л учраас хөхрөгч тэнгэрийн дор хөрс шороон дээр амьд яваагаа мэдэрч алхах л гайхамшиг гэж Бурхан Буддаа айлджээ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ингэний хоормогт элдэв өвчнөөс сэргийлэх бичил биетэн агуулагддаг DNN.mn

Хоормог нь шим тэжээл, эмчилгээ сувиллын чанараараа хосгүй бөгөөд альбулин, глобулин гэх бөмбөлөг уургуудаас зонхилон бүтдэг. Тиймээс исэж бүрэлдэхдээ нягт тунаж шар сүү ялгаруулдаггүй нэгэн жигд маш өвөрмөц шинжтэй бүрэлдэлт үүсгэдэг сүү юм.

Хоормог нь гүүний айрагтай харьцуулахад хавьгүй өтгөн боловч хөөсөрч шуугьсан, тагнайд ууссан, исгэлэн сайхан амттай, уруул чимчигнүүлж, хамар цоргиулдаг их хийжилттэй ундаа болдог. Ингэний сүү нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ нэмж, дархлааг сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг шидтэй. Ялангуяа дотор усан хаванг маш хялбар хөөж, зүрх, судасны үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

Хүний бие махбодын бодисын солилцоог асар ихээр эрчимжүүлж, маш хялбар шингэдэг учир түүнийг хүссэн хэмжээгээрээ буюу их хэмжээгээр ууж болдог цорын ганц ундаа юм. Зүрх, судасны үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэн цусны даралтыг буулгаж, улмаар хэвшүүлдэг эмчилгээ сувиллын ач холбогдолтой.

Ингэний хоормогийг хоол боловсруулах эрхтэн буюу элэг, цөс, ходоод, гэдэс зонхилох төрлийн өвчлөлд сувиллын болон урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэнэ. Учир нь ходоодны шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоог сайжруулдаг. Мөн жирэмсэн эхчүүдийн хаванг хөөх нэн тустай.

Хүний биед шингэхдээ хялбар, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилнө. Хамгийн гол нь хүний биеийн элдэв өвчнөөс сэргийлэх бичил биетэн агуулж байдаг онцлогтой. Эдгээр бичил биетэн нь хүний биед гаднаас орох хортой болон өвчин үүсгэх бичил биетэнтэй тэмцэж тэдгээрийг устгаж байдаг. Ялангуяа ханиад томууны улиралд орой бүр 200 гр хоормог бүлээсгэж уувал дархлаа сэргээх эмгүй эмчилгээ болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Философи, Шинжлэх ухаан, бас бус…” DNN.mn

“Гаруна” хэвлэлийн газраас сүүлийн үед сонирхол татахуйц, уншилгүй өнгөрч боломгүй хэд хэдэн ном гаргасны нэг нь “Философи, Шинжлэх ухаан, бас бус” нэртэй бүтээл. Энэхүү уншууртай сайн бүтээлийн гол онцлог нь философи болон шинжлэх ухааныг хоршуулсанд байгаа юм. Номын өмнөх үгэнд “Энэ номоороо дамжуулан таны ердийн ойлголт, ертөнцийг харах өнцгийг тань савлуулж, “Философийн гоё сайхан”-ыг жаахан ч атугай мэдрүүлэхсэн гэж хичээлээ” гэсэн нь ерөөсөө номын агуулгыг базаад хэлчихэж байна. Үнэндээ хүмүүс философи гэхээр л аймшигтай уйтгартай, уйтай, тархи толгой хүрэхгүй гэж эмээдэг. Гэтэл угтаа философи гэх ойлголт бидний өдөр тутмын амьдралд байнга тулгарч байдаг зүйл л дээ. Жишээ нь, ямар ч хүн ганц удаа ч гэсэн “энэ амьдрал гэж чухам юу юм бэ. Би яагаад ингээд байна вэ” гэх мэт наад захын бодолд автдаг. Үнэндээ энэ бол философи.

“Философи, Шинжлэх ухаан, бас бус” ном үндсэн таван бүлгээс бүрдэнэ. “Философилог ямар нэг юм”, “Тэгээд шинжлэх ухааны талаар”, “Квант механикийн талаар” гэх мэт. Бүхнийг эргэлзэн бодох хэн нэгэн оршин буй нь хэзээд үл хувирах туйлын үнэн бөгөөд би сэтгэж байгаа учраас би оршиж байна гэдгийн мөн утга нь ийм байх нь.

…“Хэрчим” гээч юмыг харж байсан уу. Тэгвэл “Харсан” гэх хүмүүсээс “Тийм үү. Тэгвэл яг одоо харуул л даа” гэж тулгавал тухайн хүн дор нь цаасан дээр зурж үзүүлэх байх. Тэгмэгц нь “Наадхаа сайн хар даа. Өргөнтэй байгаа биз дээ. Өргөнтэй бол хэрчим болохгүй ээ” гэвэл яах вэ. Гэтэл үнэн хэрэгтээ хэрчимд өргөн байх ёсгүй бөгөөд хэн ч хэзээ ч түүнийг харах бололцоогүй болж таарах нь. Үүнтэй адилаар бид хэзээ ч төгс гурвалжин, дөрвөлжин гэх мэт дүрсүүдийг ч харж чадахгүй.

Гэрэл гэдэг зүйл ингэхэд ер нь яг юу вэ. Бөөм үү, долгион уу. Энэ асуулт тэртээ Ньютоны үес л маргаан мэтгээний гол сэдвүүдийн нэг болж иржээ. Эрдэмтэд л болсон хойно өөр өөрсдийгөө зөвтгөнө. Үндсэндээ хоёр талдаа яг тэнцүү болчихоод “гэрэл=бөөм” гэдэг дээр тогтжээ. Тэгээд явсаар байгаад 200 гаруй жилийн дараа физикч Томас Юнг туршилтаар “Өө гэрэл бол долгион” гэж нотолсныхоо хариуд шинжлэх ухаанд гадуурхагдаж эхэлжээ. Гэсэн ч хойшдын олон эрдэмтдийн буянаар гэрэл бол долгион гэдэг нь батлагдаад маргалдах зай үлдсэнгүй. Гэтэл хожмоо Эйнштейн гарч ирээд мөнөөх баталгааг “самарч” орхиж. Мань хүн гэрлийн “Бөөм” гэж үзэх нь илт ойлгомжтой зүйл гэчихжээ. Интерференцийн туршилтаар гэрэл бол долгион мөн. Харин фотоэлектрикийн туршилтаар гэрэл бол бөөм. Гэтэл энэ байдлаас болоод оюутнууд багш нараа гэрлийн тухай асуултаар дарж, бүр зугаа хийдэг гоёхон сэдэв болсон аж. За тэгээд дараагийн маргаан мэтгээн үргэлжилж таарна. Энэ бүхэнд философи гэх зүйл заавал байгаад байгаа юм.

…Хиймэл оюунаар сэтгэл бүтээж болох уу. Энд нэг бодууштай зүйл гарч ирж байгаа нь “Бусдад сэтгэл байдгийг нягтлах арга гэж байхгүй” гэх өнцөг. “Үгүй дээ, тэр хүн сэтгэлтэй байлгүй дээ” гэсэн ч маш сайн робот байвал яах вэ. Тархийг нь нээгээд үзсэн ч энэ эргэлзээ улам нэмэгдэж ч болно. Эсвэл “Би сэтгэлтэй учраас бусад хүмүүс ч адилхан бүтэцтэй, бас сэтгэлтэй байж таарна” гэж болно. Хэдийгээр ийм бодол байвч “Энэ ертөнцөд би л ганцхан жинхэнэ “би” бөгөөд бусад нь хиймэл машин, эсвэл зүүд юм билүү” гэх эргэлзээ мөн байж болно. Тиймээс ирээдүй цагт ямар ч өндөр түвшний хиймэл оюун бүтээлээ гэсэн “сэтгэл” гэгч зүйл тэнд байхыг мэдэх аргагүй болж таарах нь. Хиймлээр сэтгэл бүтээж болох уу… Ийм асуулт тавих нь эцсийн дүндээ утгагүй ажээ.