Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүнээрээ л байя

Улс төрд орохоосоо өмнө давгүй бизнес эрхлээд бусадтай эвтэйхэн харьцдаг байсан нэгний тухай  танил минь хуучилсан юм. Ахмад хүмүүс түүнийг сайн хүү гэж магтаж, үеийнхэн нь сайн залуу хэмээн итгэдэг байж. Яагаад өнгөрсөн цаг дээр яриад байна гэхээр тэр УИХ-д нэр дэвшээд танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Улс төрд ороод тэр ингэтлээ өөрчлөгдөв үү. Танилын маань мэдэх тэр нэгэн залуу гэлтгүй бидний анзаарахад ч тийм хүмүүс олон болж.  Хүнийг танья гэвэл эрх мэдэл, эд хөрөнгө өгөөд үз гэж нэг үг бий. Оргүй үг биш бололтой.

Олон залуус улс төр лүү хошуурах болсон энэ цагт хүнийг танихгүй болгодог, эсвэл өөрөө өөрийгөө танихаа байчихдаг тэр зүйл рүү тэгтлээ тэмүүлэх хэрэг байна уу гэж асуумаар. Заавал улс төр гэлтгүй ээ, өмнө нь энгийн сайхан залуу байснаа арай дөнгүүрхэн алба хашаад, амьдрал нь өмнөхөөсөө дээрдээд ирэхээр өөрийгөө ч танихаа байчихдаг хүмүүс олон болж. Хүн хүнээрээ байх л сайхан. Эхийн хэвлийгээс  хүний жам ёсоор төрж, хүнд ирдэг зовлон жаргал хэнийг ч тойрдоггүй. Нэг л амьдрах хорвоо. Яаж  ч амьдралаа гэсэн хүнээрээ л байцгаая. Албан тушаал, мөнгөтэй байлаа гээд  мөнхийн шидийг олох биш дээ. Өөрийгөө ч танихгүй хүмүүс дэндүү олширвол өргөн хорвоог яаж туулах билээ. 

Д.МӨНГӨНДАЛАЙ  

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сэтгэлийн нүдтэй хүн л амин нүдийг олж харна

Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Амаржаргалыг олны танил болгосон дуу бол яах аргагүй “Амин нүдэн”. 

“Давхраат алаг нүд чинь хө 

Далдын гунигийг үргээнээ

  Аз заяасан алаг нүдэн

  Амьдрал хайрласан амин нүдээ” гэсэн үгтэй сайхан дууг өнөөдөр мэдэхгүй хүн байхгүй биз. Амараа гавьяат энэ дууг хүний сэтгэл зүрхэнд шингэтэл дуулсан нь урлагийн шид увидас гэж тайлбарлаж болох ч хамгийн гол нь чин сэтгэлээсээ дуулсанд гол утга учир нь байгаа юм. Тэр төрөлхийн харааны бэрхшээлтэй ч сэтгэлдээ хайртай хүнийхээ нүдийг төсөөлж, аз жаргалын гэгээг олж харснаар түмний дуртай нэг сайхан дууг амилуулж. Монголчууд “Ухаан сохор бол нүд сохор” гэдэг. Харин сэтгэлдээ мэлмийтэй хүн хөгжлийн бэрхшээлтэй ч амьдралын гэрэл гэгээгээр орчлон хорвоог гийгүүлж тольддог аж. Тиймээс л амин нүдийг амилуулж, аялгуу дууны шидээр амжилтын шатаар өгсдөг байнам. Хэрвээ “Амин нүд” дууг сэтгэлгүй хүн дуулсан бол хүн олны сэтгэл зүрхэнд ч хоногшиж амжилгүй амьгүй хөндий хүйтэн үгсийн цуглуулга төдий л байх байсан нь лавтай. Аливаа ажил үйлд сэтгэл зүрхээ зориулбал амжилт ойрхон байдгийн жирийн жишээ л энэ буюу.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Халаасны хулгайчид хөтлөлцөж явсан хосуудыг салгадаг уу

Хотын гудамжаар  хөтлөлцөн алхах хосууд гэмт хэргийн золиос болж байгаа талаар танил цагдаа  хэлэв.  Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт “Найз охинтойгоо хамт явж байгаад цүнхнээс нь хамаг эд зүйлсийг нь хулгайд алдчихлаа” гэх залуусын цуваа тасрахгүй ирдэг болжээ. Зуны улиралд хотын гудамж эл хуль, нийтийн тээврийн  автобус, захуудад хүн цөөн явдаг учир халаасны хулгайн гэмт хэрэг цөөн гардаг гэнэ. Харин хотын гудамжаар хөтлөлцөн алхаж яваа хосууд эд зүйлсээ хулгайд ихээр алддаг байна. Хосууд хамт алхаж явахдаа цүнх, халаасандаа байгаа эд зүйлстээ анхаарал тавих нь сулардаг гэнэ. Тэр тусмаа  эрэгтэйчүүд найз бүсгүйтэйгээ хөтлөлцөөд нөгөө гартаа цүнхийг нь барьж явахдаа халаасны хулгайчид эд зүйлсийг нь алдчихдаг байна. Эрчүүд хамт яваа бүсгүй рүүгээ хамаг анхаарлаа хандуулна уу гэхээс гартаа барьж яваа цүнх рүү нь огт хардаггүй байна. Үүнийг халаасны хулгайч нар овжин ашиглаж, цүнхэнд нь  байсан хамаг “юм”-ыг хулгайлчихдаг байна. Нийслэлийн цагдаагийн газрын  Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан найз бүсгүйнхээ цүнхнээс эд зүйлсийг нь хулгайд алдчихлаа гэх хэргийг илрүүлдэг гэнэ. Тэгээд эд зүйлсээ хулгайд алдсан хохирогчийн утас руу залгаж хэлэхээр ихэнх нь  “Тэр хэргээс чинь болоод найз бүсгүйдээ хаягдчихсан. Одоо надад хамаагүй болсон” гэж хариулдаг байна. 

Э.ХҮРЭЛБААТАР     

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цэцэрлэггүй хүүхдүүдийг сургуульд бэлтгэх “дамжаа”

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл энэ сарын 25-29-нд хийгдэх тов гарсан. Тэртэй тэргүй хүүхэд олон, цэцэрлэгийн барилга дутагдалтай нь хэнд ч илэрхий. Тиймээс бүртгэлийн  ажил “дайн” болно доо. Нийслэлийн боловсролын газрынхан үүнээс сэрэмжлээд бүртгэл зөвхөн ажлын цагаар болно гэдгийг онцолж буй. Гэсэн ч эцэг эхчүүд цэцэрлэгийн гадна хонож өнжихөөс  урьдчилан  сэргийлэх нь юу л бол. Улсын цэцэрлэгүүдийн хэт ачаалал хувийн цэцэрлэг эрж хайгчдын тоог өргөжүүлсэн.  Баянзүрх дүүрэг дэх  хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр гэхэд л  250-350 мянган төгрөг байна лээ. Их сургуульд оюутан сургахын дайтай энэ төлбөрийг даах эцэг эх төдий л олонгүй болов уу. Улсаас цэцэрлэгийн нэг хүүхдэд олгодог хувьсах зардал гэж бий. Үүгээрээ хувийн цэцэрлэгийн зардлын хагас хугасыг даавал нэлээд олон хүүхэд цэцэрлэгийн босго давах вий. Үгүй бол ядаж сургуульд бэлтгэх учиртай цэцэрлэггүй үлдсэн таван настануудаа “дамжаанд” хамруулах боломж бүрдүүлэх хэрэгтэй байна даа. Үгүй бол олон эцэг эхийн хувьд хувийн ч хувьсгалын ч цэцэрлэгт харьяалалгүй хүүхдээ хэрхэн сургуульд бэлтгэхээ ч мэдэхээ байлаа.  

Б.ЯНЖМАА   

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Шууд асуучих нь амар байдаг юм

Тэр намайг тэгээд ойлгочих болов уу, энэ намайг ингээд хэлчих болов уу гэсэн айдас. Тэр намайг тэгсэн байна, энэ намайг ингэж хэлсэн байна хэмээн дамын үгэнд итгэж уурссан хүмүүс. Хүний санаагүйг санаж өөрийгөө зовоох этгээдүүдээр үнэндээ Монгол дүүрч дээ. Ажил хамтдаа хөөцөлдөж яваа анд маань хуралтай байгаад утсаа аваагүй над руу “Ажил бүтэмжгүй болох нь гээд зайгаа авч байна уу” хэмээн мессэж бичих жишээтэй. Утсаар ярьсан найз маань шууд л “Улс орныг самарч яваа төр засаг бол…” хэмээн яриагаа эхлэх. “Төвшин сайхан мэндэлчихэж болдоггүй юм уу, яасан сүрхий улс төрждөг болоо вэ” хэмээн чангахан хэлээтэхвэл “Чиний хажууд хэн байгаа болоод чанга дуугараад байна” хэмээн өөр шигээ сэтгэх. Өмнөх Засгийн үед өндөр алба хашиж явсан нөхрийн маань бухимдал өнөөдрийг хүртэл гараагүй яваа юм байна л даа. Ингэж л бодож сэтгэдэг болчихсон, бухимдаж хийрхсэн хүмүүс болж дээ, миний үеийнхний зарим нь. Ер нь тэгээд өөрийн чинь талаар худал үгийг хэн нэгэн ярьсан дуулдвал, ярьсан гэх тэр хүн рүү нь шууд залгаад л “Чи намайг тэгж ярьсан юм уу, хө” гээд асуучих нь надад амар байдаг юм. Ярьсан хүн бол андашгүй. Яриагүй хүн ч мэдэгддэг. Ингэж шууд асуучихаж чаддаг хүний хувьд хэлэхэд иймэрхүү дамын үгийн дийлэнх нь хий хоосон, бидний хооронд яс хаясан үгс байдаг юм даа. 

П.ХАШЧУЛУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бадарчин явсан газар балагтай

Дотоод, гадаадын үүргэвчтэй аялал гэгч тусдаа төрөл байдаг уу. Урин цаг эхэлмэгц явган нүцгэн, унадаг дугуйтай, тэрэг түрсэн, лам хувцас өмссөн хүмүүс эзгүй хээр анхаарал татахуйц олширсоор байна. Тэднээс цөөнгүй нь хөдөө тэнэж яваад юмаа алдсан,  эрүүл мэндээрээ хохирсон хэрэг ч гардаг бололтой. Ер нь их төвөг учруулах юм. Орон нутгийн засаг захиргаан дээр давхиж орох, элдвийн юм шалгаах, гуйх, айл гэрт уриагүй байхад ороод ирэх зэрэг ичгүүр сонжуургүй аашилцгаадаг.

Дээхнэ гадаадынхан нь Монголыг, хотынхон нь хөдөөг шоолж баахан зугаацацгаасан. Урьд шарын шашны дампуурлын үед бадарчин гээд ийм балай юмнууд авгай хүүхэн эзгүйчлэн эргүүлж,  хүмүүсийг элдвээр чадаж луйварддаг байсан тухай өчнөөн домог үлгэр байдаг. 

Аялал жуулчлалын салбараас улсын болон хувийн байгууллагууд багагүй орлого олох боломж орон бүрт бий. Энэ орлогын үүдийг дотоод гадаадын үүргэвч үүрсэн золбингууд хааж үнэгүйдүүлж орхидог. Манай хөдөөнийхөн ч гэсэн орой үдшийн цагаар нохой шуугиулан, таяг тулсан хэдэн настай, эр эм нь үл мэдэгдэх шар толгойтой чөтгөр шиг юмнууд худлаа инээгээд ирвэл хэмх балбаад хөөгөөд явуулчихаж бай. Ер нь тэдний ард тоймтой улс орон албан ёсны байгууллага гэж байдаг ч үгүй байх. Янз бүрийн этгээд хачин санаачилга уриалга гарган хандив тусламж нэхэж ч байх шиг. Эднээр рекламдуулдаг байсан цаг одоо өнгөрсөн. Мөн эд биднийг хичнээн доромжиллоо гээд хэн үгийг нь  тоож сонсох юм.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Замын цагдаа нар үйлчлүүлэгчдээ загнахаа болиоч!

Замын цагдаагийн эргүүлийн машинаас чанга яригчаар загнаж байна аа. “Хөөе, чи хөдлөөд өгөөч…тэд дугаар аа” гээд л захирангуй дуугаар хашгирав. Заримдаа үүнээс ч бүдүүлгээр захиран тушааж байгаатай нийслэлчүүд нэг бус удаа таардаг.  Ихэнх замд бөглөрөл ихтэй, зам чөлөөлөх шаардлага тулгарсан, бачим асуудал ихтэй зэрэг зовлон байж болно л доо. Гэхдээ чанга яригчаар нэг бус нэг хэсэг хүнд хүрдэг учраас  олон хүнд хүрч байгаа мэдээлэл гээд тодорхойлчиход буруудахгүй. Тийм учраас замын цагдаагийн  уур цухал тэртэй тэргүй асуудалтай нийслэлийн замын стрессийг нэмж орхино. Зүй нь  ….. дугаарын жолооч та (чи биш шүү)  тийшээ ийшээ эргэнэ үү гээд  хүсэх, зөвлөх  маягтай ярьж болно оо доо. Замын цагдаа гэхээр хэн нэгнийг загнаж зандрах эрх авсан этгээд биш шүү дээ. Замын хөдөлгөөнийг зохицуулж буй үйлчилгээний ажилтнууд. Тийм учраас үйлчлүүлэгчидтэйгээ зөв, зохистой харьцах учиртай. Социализмын үеэс явж ирсэн загнаж зандарсан байдалтай харьцдаг хандлага амь бөхтэй юм аа. Социализмын үед үйлчлүүлэгч гэж байсангүй. Хөдөлмөрчид л гэж байсан. Хөдөлмөрчдийг  цагдаа нар төрийн нэрийн өмнөөс загнаж, зандарч “хүмүүжүүлж” болдог байсан байх л даа. Харин одоо бол огт өөр нийгэм. Цагдаа төрийн мөнгөөр биш, загнаж зандраад байгаа татвар төлөгчдийнхөө мөнгөөр цалинждаг хүмүүс. Харилцаа, хандлагаа өөрчлөөч.

Б.ЯНЖМАА  

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ярианаасаа биш “Яав”-наас болгоомжил

Үзэл сурталдсан нийгмийн үед чухалчлан анхааруулдаг “Дааганаасаа биш даравгараасаа болж унана шүү” гэх онч хэлц одоо ач холбогдолгүй болжээ. Үгээ хэлэх төдийгүй жагсах цуглах, тэмцэх эрх чөлөө бүгд нээлттэй. Хэн юу ч ярьсан яах ч үгүй, жиргэсэн ч жишим ч үгүй болоод байгаа цаг үе.

Харин үүний оронд хэтээсээ явган явах дургүй монголчууд унаж зайдалдаг унаандаа анхаарахгүй бол болохоо байжээ. Ялангуяа орон нутагт энэ “Яав” гэх бичил мотоциклийг техникийн наад захын мэдлэггүй жаахан хүүхэд охид, настай авгай нар хэн дуртай нь унан чавхдацгаана. Эзгүй хээр яаваараа хөтөл өөд орилуулсаар гараад ирэхэд өмнөөс нь бас нэг “яавчин” амьд амьтан уначихсан аятай шуугин гарч ирээд хоорондоо зөрж амжилгүй тас мөргөлдөж орхих юм. Сумын төв дээрх гудамж хашааны булан болгон “гүйдэл”-тэй болж байгаа бололтой. Аль нэг нь болгоомжтой байгаад ч нэмэргүй. Тооромзгүй, гэрэлгүй, араа соёондоо ордоггүй есөн шидийн унаа уначихаад хээвнэг эргэж хараад ярих, согтуу гуйвлан хаазлах бол наад захын үзэгдэл. Энэ муу жижигхэн дугуй байтугай эдэлж чадаагүй бол эмнэг хангал адуу ч амь нас авч оддогийг яагаад мартчихав. Агуу Чингэс хаан хүртэл морины “аваар”-аар өөд болсон тухай бичсэн байдаг биз дээ. Тэгэхлээр давын өмнө анхааруулсан үгтэй бичиг самбар, нөлөөтэй бөөрөнхий толь зэргийг энд тэндгүй тавьж өгөн, цаашдаа энэ талын хууль журмыг чангална биз ээ.

Ж.ГАНГАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Аягүй гоё” гэдэг аятай таатай ч юм биш дээ

 “Улаанбаатар” сувгаар дууны уралдаант нэвтрүүлгийг үзэгчид нэлээд сонирхох юм. Олны талархлыг хүлээж буй “UNIVERSE BEST SONGS” нэвтрүүлгийн шүүгчээр урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, гавьяат дуучин Т.Ариунаа, Буриадын гавьяат дуучин Б.Амархүү нар ажилладаг. Оролцогчдод тэд дуулах урлаг, дээд доод өнгө, биеэ авч явах байдал, тайзны соёл гээд дуулаачийн мэргэжлийн онцлогтой холбоо бүхий санал зөвлөгөө чамгүй сайхан өгөх юм. Анзаараад байхад дуучин Амархүүгийн амнаас “Аягүй гоё дуу байна, аягүй сайхан байна ш дээ, аягүй янзтай дууллаа” гэх мэт үг их хөврөх юм. Б.Амархүү дуучны “аягүй дуу, аягүй гоё дууллаа” гээд байгааг монголоор чухам юу гэж ойлгох вэ. Аливаа дуу ая эгшиггүй бол өрөөсөн жигүүртэй шувуунаас өөрцгүй гэдэг. Аягүй мөртлөө сайхан дуу энэ орчлонд огтхон ч байж болшгүй мэт. Аягүй сайхан байна ч гэж юу байхав гэх мэтээр олныг эргэцүүлж болмоор. Монгол хүн ардын сайхан хэлээ ингэтлээ гутааж доромжилж яасан ч болохгүй. Тэр дундаа олны танил од хүн. Аягүй сайхан, аягүй гоё гэдэг гоо сайхны таашаал энэ орчлонд ерөөс байхгүй. Аягүй гэдэг үг сонсошгүй хахир чихарган, үзэшгүй балиар муухай, үнэрлэшгүй сэжгийн өмхий гэсэн утгыг агуулдаг. Харин монгол хүн аятай сайхан аяс зөөлөн амгалан таатайг хэзээ ч “аягүй” хэмээн илэрхийлдэггүй билээ. 

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нэрэнд учир бий

Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл нийслэлд өрнөж буй авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан билээ. Энэ үеэрээ “Бэрх зараа” гээд үйл ажиллагаа шигээ бэрх нэртэй газар байна шүү. Танайх харин “Тод газар” гэдэг сайхан нэртэй юм” хэмээн замын ажил хийж буй нэгэн компанийн төлөөлөлд хандан хэлж байв. Энэ яриа тухайн үед хошигнол болоод өнгөрсөн ч тэрхүү компанийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг дарга санал, бодлоо төвөггүйхэн илэрхийлчихсэн явдал байлаа. Үнэхээр ч аливаа компани, аж ахуйн нэгжийн нэр, хаяг гэдэг тухайн байгууллагыг хэн нэгэнд олон таван үггүйгээр шуудхан хэлчихэж байгаа хэрэг шүү дээ. 

Бодоод үзье л дээ, “Орж гарч бай л даа хө” гэсэн хаягтай дэлгүүрт ороход нэг л дотно мэдрэмж төрөх. Нийслэлийн 16 дугаар сургуулийн ойролцоо, энгийн л нэг жижигхэн подвальд байх тэр дэлгүүрт олон янзын барааны сонголт байхгүй ч хэрэг гарвал дахин дахин ормоор санагддаг юм.

Гэтэл бас “Хам хум” нэртэй хоолны газар байна аа. Энэ хаягийг уншсан хэн ч шууд орохгүй нь мэдээж. Яагаад ч юм элдэв янзын ногоо, өвс ургамал бас бус юу ч юм бүгдийг нь хутгаад, хам хум хийчихсэн хоол өгөх юм шиг бодогдоно. Аль эсвэл сэтгэл гаргалгүй яаран сандран хийсэн ч юм шиг.

Харин үүний оронд “Сэгсгэр цуйван, зантгар бууз” гэсэн хаягтай цайны газар байвал ямар санагдах вэ. Халдвартын эмнэлгийн ойролцоо байх уг цайны газрын хаягийг нь уншаад л бараг цадчихаар шүү.

Т.ГЭРЭЛМАА