Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүүхдэдээ ухаалаг биш утас хэрэглүүлье

Шинэ Монгол, Мон Турк зэрэг сургуулиуд сурагчдаа ухаалаг утас барихыг хориглочихож. Мон Турк бол бүр анхнаасаа ийм утас барихыг зөвшөөрдөггүй байжээ. Шинэ Монгол харин саяхнаас хэрэгжүүлсэн аж. Гэхдээ ахлах ангийнхныг ухаалаг утас барихыг одоогоор хориогүй юм билээ.

Хамгийн гол нь ухаалаг гар утаснаас татгалзсаны үр дүн гарчээ. Хүүхдүүд хичээлдээ анхаарах, завсарлагааны цагийг үр бүтээлтэй өнгөрөөх нь эрс ихэссэн байна. Зарим эцэг эх хүүхдээ ухаалаг гар утаснаасаа салахгүй болохоор сайн дураараа ухаалаг биш, одоогийн хүүхдүүдийн хэлдгээр хоцрогдсон гар утас бариулах гээд нөгөөдүүл нь “Бусдаасаа ичээд байна” гэж эсэргүүцдэг гэнэ. Бүгдээрээ адилхан болчихвол хэн нь хэнээсээ ичих билээ.

Нэгэнт гар утас бидний амьдралтай салшгүй холбоотой, өдөр тутмын хэрэглээ болчихсон болохоор түүнийг нийтээрээ хэрэглэхээ байчихна гэж байхгүй биз. Ядаж л хүүхэдтэйгээ холбоо барихад дэвшилтэт энэ холбоо тун чухал. Ухаалаг гар утас эрүүл мэндэд илүү хортой нь аль хэдийнээ нотлогдчихсон. Тэгэхээр хүүхдээ хичээлдээ анхаардаг болоход, хулгайч нарын урт гараас хол байлгахад, насанд хүрэгсдийн аялдаг сошиал ертөнцөөр хяналтгүй аялах, гар утсандаа тоглоом татаж тоглохоос эхлээд эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй энэ дэвшилтэт технологиос хамгаалъя. Сургуулиудын удирдлага, эцэг эхчүүдэд нэг зүйл уриалмаар байна. Дээрх сургуулиуд шиг ухаалаг утас хэрэглэхийг хориглочих. Сурагчдад эцэг эхтэйгээ ярихаас өөрөөр гар утас бараг хэрэг болдоггүй. Тиймээс ухаалаг утаснаас татгалзаж, ухаалаг бишийг нь хэрэглэхэд тийм хэцүү биш. Ердөө л сургуулийн дотоод журмаар зохицуулчих.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эрчүүд хайртай бүсгүйгээ хэт их хайрлахын хэрээр дургүйг нь хүргэдэг гэсэн

Аргадаж ханилдаг эхнэр, айж унадаг морь шиг хэрэггүй юм байхгүй гэж амьдрал таньсан хүмүүс ярьдаг. Гэхдээ энд эхнэр хүүхдийн асуудал ярих гэсэнгүй. Зүгээр л жишээлж байгаа хэрэг. Ухаандаа ажлын талбар дээр, хамтран ажиллаж байгаа хүмүүсийн дунд тийм нэг арга эв нь олддоггүй, өөрийнхөөрөө муйхарласан, ер ганцаараа ажиллаж амьдарч байгаа мэт ааш авир гаргадаг хүмүүс байдаг. Таны зан араншин бол таны хувь тавилан юм гэдгийг огт мэдэрдэггүй хүмүүс. Таны хэр амьдарч байгаа чинь таны зан араншингаас үүдэлтэй гэдгийг ойлгох ёстой. Тэдэнд л зориулсан үг юм. Амьдрал дээр ч тэр эхнэрээ үргэлж аргадсан, ар өвөрт нь гүйж, яахав ийхэв, хайраа ханиа, энхрийнхэн минь… юу юу ч гэнэ вээ, ертөнцөд олдошгүй амьтныг олоод авсан юм шиг эхнэрийнхээ өмнө бөхөлзөх нь эр хүний үнэ цэнээ алдаж буй хэрэг. “Эрчүүд хайртай бүсгүйгээ хэт их хайрлахын хэрээр тэдний дургүйг нь хүргэж байдаг” гэсэн суутны үг бий.Яг энэ агаар лугаа адилаар Монголд аливаа байгууллагын удирдлагын зүгээс сайн ажилтнаа хэт туйлшран магтахын хэрээр нөгөөдөхөөс нь “Надаас өөр хүн энд алга” гэсэн биеэ тоосон шинж чанар илэрдэг. Аливаад халихгүй, жижгэрэхгүй байх сайхан. Амьдралаас олсон бүхэндээ сэтгэл хангалуун байж, даруухнаар дээшээ өгсөж дэвжиж байгаа хүмүүс олон байна шүү дээ.

П.ХАШЧУЛУУН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сандалгүй оффис

Голландын уран барилгачид саяхан оффисын нэг өвөрмөц загвар танилцуулжээ. Тэдний танилцуулсан оффис ямар ч суудалгүй.“Суух хангалттай” төслийн хүрээнд хийсэн гэж гадны хэвлэлүүд мэдээлж байна. Ихэнх цагаа оффисын ширээний ард хөдөлгөөн багатай өнгөрүүлдэг хүмүүс өчнөөн өвчинд нэрвэгдэх эрсдэлтэйг анагаах ухаан аль хэдийнэ тогтоочихсон. Наад зах нь компьютерийн ард удаан сууснаас болдог хуурай нүдний синдром гэж өвчин байна. Оффисын синдром гэх нь ч бий.Нүд чинь улайж, хуурайшиж, элс орсон юм шиг торж хорсоод байвал “оффис”-ын синдром туссан гэсэн үг. Хүндэрвэл мэс засал хийлгэхээс аргагүйд хүргэдэг айхавтар өвчин гэж эмч нар сэрэмжлүүлдэг. Компьютерийн араас босох дургүй хорин хүн тутмын нэг нь ийм өвчтэй гэсэн статистик хүртэл гарчихаж. За тэгээд гэнэтийн үхэлд хүргэх эрсдэл дагуулдаг судсанд бүлэн үүсэх өвчин,шамбарам, судас бүдүүрэх гээд сууж ажилладаг хүмүүст илэрдэг өчнөөн өвчнийг жагсааж болж байна. Бүр хачин сонин өвчин хүртэл байна. Неофобия буюу шинэчлэл, шинэ зүйлээс айх өвчин гэхэдоффист суудаг нөхдөд л ажиглагддаг гэнэ. Парурезис гэж өвчин байдгийг хүртэл эрдэмтэд тогтоожээ. Энгийнээр тайлбарлавал хүмүүсийн дэргэд бие засахаас айх айдас. Гэрээсээ өөр газар бие засч чадахгүй болдог энэ өвчин сууж ажилладаг нөхдийг л зовоодог гэж байгаа. Суудалгүй оффис гэхээр зарим хүмүүст сонин санагдаж магадгүй л дээ. Мэдээж хэн ч өдөржин зогсч ажиллахгүй нь тодорхой.Байнга сууж ажиллавалсая дурдсан шиг өвчнүүдэд нэрвэгдэх эрсдэлтэйгсануулах гэжГолландын уран барилгачид оффисын ийм өвөрмөц загварыг сонирхуулсан хэрэг. Товчхондоо ядаж цайныхаа цагаар багахан хөдөлгөөн хийгээрэй л гэсэн санаа юм даа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Амьдралдаа үлгэрлэх Н.Цэвэгням философи

Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Н.Цэвэгням өдгөө 40 гаруй настай. Тэрбээр сумод 20 жил мятаршгүй зүтгэсний үр дүнд 38 настайдаа дээд зиндааны барилдаанд анх удаа түрүүлсэн. Ер нь Кёкүтэнхо Н.Цэвэгням тухайн башёдаа тавин хувийн амжилтаа бууруулалгүй, алтан дунджийг барьж ирсэн. Халихгүй, жижгэрэхгүй нэр хүндтэй, сайхан л амьдарч байна. Үүнийг ”Амьдралдаа үлгэрлэж болох Н.Цэвэгням философи” гээд байгаа юм.

Сумогийн ертөнцөд дээд цол Ёкозуна хүртсэн л бол цолоо хадгалах шаардлага гардаг. Муу барилдвал сумогийн холбооны шахалтад орж, үзэгчид дургүйцлээ илэрхийлж эхэлдэг. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж цагтаа яаж мандаж байлаа. Дээд амжилтыг тогтоогоод сумогийн холбооны шахалтаар шахуу зодог тайлж нутагтаа ирсэн. Одоо Монголын төр хувьчилсан циркээ түүнээс буцааж авах ухааны юм ярьж байна. Энэ хэрээр түүнийг үнэлэх үнэлэмж буурсан гэсэн үг. Түүнтэй харьцуулахад Кёкүтэнхо Н.Цэвэгням тавин хувийн амжилтаа баталчихаад л өндөр цалин аваад, сайхан л амьдарч байгаа. Голыг нь олоод сэтгэл ханамжтай амьдрах энэ Н.Цэвэгнямынфилософийг хүмүүс амьдралдаа хэрэгжүүлмээр санагддаг. Гоц авьяастай л биш бол ердийн хүнд хэрэгтэй философи. Күнз “Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм” гэж сургасан байдаг. Алтан дундаж байна гэдэг нөгөө талаараа өөрийгөө хянаж ухаантай амьдарна гэсэн үг ч байж болох.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сэрүүлэг

Тагтан дээрх хэрэгтэй, хэрэггүй зүйлсээ ялгаж байтал охин минь сэрүүлэгтэй цаг олов. Хэрэггүй болоод удсан цаг. Орны минь дэргэдэх тавиур дээрарван жилийн өмнө байж байсан юм. Түүнээс хойш хэзээ ч юм гэрт байлгах шаардлагагүй эд зүйлс дотор орчихоод яваад л байж.

Аавынхаа гэрт байхдаа тэр цагийг би яг охин шигээ олж байв. Ээж маань “Эмээ чинь айл гэр болоход өгч байсан юм. Та нарыг төрүүлснээс хойш сэрүүлэгтэй цагны хэрэг надад гарч байсангүй” гэж хариулж байв. Яагаад гэхэд “Та нарын уйлах дуу хангалттай сэрүүлэг болж байсан болохоор дахин надад сэрүүлэгний хэрэг гарч байгаагүй юм” гэж билээ. Тухайн үед содон сонсогдсон ч ухаж ойлгоогүй л явж. Гэхдээ тэр цаг гоё гялалзсан шар өнгөтэй, бүсгүй хүний уран гоё галбиртай байсан болохоор авч хадгалах хүсэл төрсөн юм. Хожим нөхөр маань цаг засварын хүн дээр очиж янзлуулсан байв. Охиныг төртөл залуухан гэр бүл болсон бидний өдөр хоногийг хэмжих, ажилдаа хоцорохгүй явах нэг шалтаг нь тэр сэрүүлэгтэй цаг байв. Түүнээс хойш яасныг бүү мэд. Ямартай ч хэрэггүй эд зүйлс дунд орчихсон явжээ.

Магадгүй ээжийн минь хэлсэн үг үнэн биз. Би охинтой болсноос хойш надад ээжийн минь адил сэрүүлэгний хэрэг гарч байгаагүй байх. Охиноо тэр цагийг гаргаж ирэхэд л энэ тухай санаж, тэр үгний үнэ цэнийг ухаарав. Энэ хорвоогийн эх хүн бүрт сэрүүлэг шаардлагагүй байдаг биз. Учир нь үргэлж дэргэд нь сэрэмж шаарддаг үртэй учраас тэр байх гэж бодогдном.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Гаа идсэний араас газтай ундаа уух нь аюултай

Хүний нийгэм хөгжихийн хэрээр хоол хүнсэнд хүртэл томоохон өөрчлөлт явагдаж байна. Хүнсний хэрэглээ эрүүл, экологийн гэдгээс хальж химийн хольц, найрлагатай болоод удаж байгаа. Энэ нөхцөлд хүмүүс мэдээд авахад илүүдэхгүй олон зүйл байдаг ажээ. Тэр ч бүү хэл байнга сэрэмжилж байх шаардлагатай тохиолдлууд ч байдаг. Тухайлбал, гаа идсэний дараа залгаад газтай ундаа уух нь хүний амь насанд ч хохирол учруулах хэмжээний уршиг дагуулдаг аж. Гаа хийгээд газтай ундаанд орсон химийн бодисууд нэгдэхэд исэлт үүсдэг гэнэ. Хүний ходоодонд энэ урвал явагдахад уусан ундаа нь хөөрч, сагаад улаан хоолой руу түрж улмаар уушгийг нь дүүргэнэ. Хэрэв ийм байдалд хүрвэл амьд үлдэх найдвар тун бага болдог байна.

Ялангуяа бага насны хүүхэдтэй гэр бүл хүүхдүүдийнхээ хүнсний хэрэглээг байнга хянаж байхгүй бол экологийн бус хүнс улам л аюултай болжээ. Гадны оронд энэ тухай эмч, мэргэжилтнүүд байнга сэрэмжлүүлэг гаргадаг бөгөөд өлөн үедээ газтай ундаа уухыг хатуу хориглодог байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хямарсан учраас цахилгааны хөнгөлөлт үзүүлэхгүй, нүүрсээ түлээрэй

Ямар ч хямрал болсон хөдөлгөж, өөрчилж болдоггүй зүйлс гэж байдаг. Гэвч үзэл баримтлал, үнэт зүйл нь тодорхойгүй манайхны хувьд хамгийн түрүүнд л тэр зүйлдээ гар хүрчих гээд байдаг гэмтэй.

Бид Улаанбаатарын утаанд мөн ч их мөнгө урс­гасан даа. Утаат хот болгох шалтгаан болсон нүүрс­ний хэрэглээг багасгах нь хамгийн чухал асуудал байх. Сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг айл өрхийг дэмжиж, дор хаяж дулааны асуудлаа шийдэхийн тулд цахилгааны эх үүсвэрийг ашигладаг гэр бүлд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх ёстой. Гэвч хямралын сургаар энэ чиглэлд танал­таа хийгээд эхэлсэн нь харам­салтай. Өмнөх жилүү­дэд цахилгаанаар халаалтаа шийд­дэг айлуудад үзүүлдэг байсан хөнгөлөлт энэ оны эхнээс алга болжээ. Засгийн газраас эрчим хүчнийхэнд өгдөг байсан төсөв алга болсон учраас энэ хөнгөлөлтийг зогсоожээ. Тэгэхээр нүүрснээс татгалзаж, цахил­гаанаар дулаанаа шийдэж байсан айлууд буцаад л нүүрсэндээ орохоос яах ч билээ дээ. Бас эрчим хүчнийхний хэрэглэгчдэд хүргэж байгаа бас нэг мэдээлэл бол тэд цахилгааны үйлчилгээ үзүүлдэг хүрээгээ улам бүр хумисаар байгаа ажээ. Хуучин айл өрхүүд цахилгаан утасны гэмтэл, монтажны асуудал байвал цахилгаанаа төлдөг баруун, зүүн төвийн цахилгаан түгээх газартаа мэдэгдээд, цахилгааны төлбөр дээрээ нэмэлт төлбөрийг нь төлөөд засуулчихдаг байлаа. Харин сүүлийн үед энэ байгууллага тоолуур, холболтын төв дээрээ гарсан асуудлыг л хариуцна. Бусдыг нь бид хийхгүй гэдэг болжээ. Гэвч цахилгааны ажил бол хүссэн болгон хийчихдэг ч ажил биш шүү дээ. “Танайхан хийхгүй гэвэл иргэд хэнд хандах вэ. Зуун айлын мэргэжилтэй мэргэжилгүй нь мэдэгдэхгүй сайн дурынханд хандах уу” гэхэд “Тэгж л таарна даа” гэж хариулах болсон байна лээ. Хямралын сургаар болж бүтээд байсан нь болохоо байж асуудлыг шийддэг, ажил хийдэг хүмүүс ч байхгүй болж эхэлжээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Мартын наймныгаа “хулгайлуулчихлаа”

Амралтын өдрөөр амарсан шиг амарч, ажлын өдрөөр ажилласан шиг ажилладаг болоход бодох юм байна. Мартын наймнаар гэхэд л зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал яригдахгүй. Эхнэрээ баярлуулах гэсэн эрчүүдийн нөр их хичээл зүтгэлийн өдөрт тооцогдоно. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд жишээ нь Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гуравдугаар сарын 8-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөрт багтаажээ. Нийтээр тэмдэглэх баярын өдөр гэдэг нь улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр байхаар заасан. Гэтэл энэ өдөр нь ням гаригт таарчихлаа. Нийтээр тэмдэглэх баярын өдөр амралтын өдөр таарахаар хэрхэх талаар манай хуульд зохицуулсангүй. Тийм учраас бүх нийтээр амрах учиртай олон тэмдэглэлт өдрүүдээ бид “амталж” чадсангүй. Бидний хулгайлагдсан баярын өдрүүдийг хэрхэн сэргээх вэ. Зарим оронд амралтын өдөр таарсан баярын өдрийг дараагийн ажлын өдрүүдэд шилжүүлэх замаар зохицуулдаг. Баярын өдрүүдийн сэтгэл зүйгтэд тооцдог. Манайд ч бас тэмдэглэлт өдрүүдээ амралтын өдрүүдээр халхавчлан өнгөрүүлмээргүй л байгаа юм даа.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хэрэггүй зүйлд цаг хугацаа хайран

Эрдэм мэдлэг, сурсан юм гэдэг хүнд хэрэг болох нь дамжиггүй. Гэхдээ бас хэрэггүй зүйлд их цаг хугацаа зориулсан хүмүүсч байдаг.

“Төмөр замын сургууль төгсөөд мэргэжлээрээ нэг ч жил ажиллаж байгаагүй. Надад хэрэг ч болоогүй. Сонирхол байгаагүй. Аав, ээжийнхээ санааг амраах гэж бусдын жишгийг дагаад сургуульд орсон. Харин айлын хана өрөмдөж, хөшиг, гэрлийн бүрхүүлийг нь тогтоох ажил хийгээд дажгүй л амьдарч байна” гэсэн нэг хүний үг санаанд оров.Зарим хүн амьдралдаа хэрэг болохгүй, өөрөө сонирхоогүй сургуульдзүгээр л диплом авахын тулдсуралцах нь бий. Эцэг эх нь чүр хүүхдээ бусдаас дор байлгахгүй гэж дээд сургуульд заавал суралц гэж шахаж шаарддаг. Хэд хэдэн дээд сургууль дүүргээд мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүмүүс танилуудаас чинь байгаа л биз дээ.Хайран цаг хугацаа. Өөрийнхөө сонирхож байгаа, чадах зүйлдээ зориулсан бол хичнээн ихийг амжуулах байсан бол.

Нэгэн жишээ. Будда нэгэн удаа голын эргээр явж байтал нэгэн бясалгагчтүүнд сурсан эрдмээ гайхуулах гэж усан дээгүүр явж үзүүлж гэнэ. Дахин дахин анхаарлыг нь татах гэж нааш цааш, нэг эргээс нөгөө эрэг рүү явж үзүүлээд л байж. Будда өнөөх хүнээс “Та үүнийгсурах гэж хэдий хэрийн цаг хугацаа зориулсан бэ”асуухад нөгөө хүн “Гучин жил зориуллаа” гэжээ. Будда “Багахан мөнгө төлөөд л завиар нөгөө эрэгт гарчих зүйлд амьдралынхаа ямар их цаг хугацааг зарцуулаа вэ” гэсэн аж.

Сургууль дүүргээгүй ч Монголдолон жил гуталчин хийгээд түнтийтэл баяжсан хятад эрбайдгийг зарим хүн мэдэх л байх.

Үүгээрээ сурахыг эсэргүүцээгүй. Харинөөрийн сонирхдог,хийж чадах зүйлдээ цаг хугацааг харамгүй зориулбал амжилт илүү ирнэ.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сэтгэлээсээ…

Ямар ч ажлыг сэтгэлээсээ хийх сайхан. Сэтгэл шингэсэн их ажлын дараа ядрал, цөхрөл биш, илүү ихийг бүтээх эрч хүч ундраад байх шиг санагддаг. Чин сэтгэлийн хандлага ямар гоё мэдрэмж өгдөг гээ. Сэтгэлээсээ хэн нэгэнд сайныг хүсэх, сэтгэлээсээ дуулах, сэтгэлээсээ талархахын сайхныг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Ямартай ч инээмсэглэл түгээн амьдраад л баймаар хүсэл төрдөг. Сэтгэл гэрэлтсэн түүх унших бас сайхан. Өнгөрсөн зууны эхээр далайд сүйдэж, 1500 гаруй хүний амийг авч одсон “Титаник” хөлгийн хөгжимчдийн түүх санаанаас гардаггүй юм. Хийлчдийн ахлагч нь Их Британийн хийлч Уоллес Хартли, нөгөө хоёр хийлч нь Белги, Францынх гэдгийг хүн төрөлхтөн мэднэ. Тэд хөлөг онгоц живэхээс өмнөх аймшиг дүүрэн үед сэтгэл сэргээм хөгжилтэй, сайхан аялгуу эгшиглүүлж байсан гэдэг. Бүр сүйрэн сүйртэл нь шүү. Аварга хөлгийн сүйрлээс амьд гарсан хүмүүс хожим энэ талаар дурссан нь бий. Олон зорчигч “Өмнө нь сонсч байгаагүй гайхалтай аяз” гэж дуу нийлүүлсэн байдаг. Хийлчдийн тоглож байсан сайхан аялгуу онгоцны зорчигчдыг сандралдан үймэлдэж эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлсэн гэж Титаникийн түүхэнд зүгээр ч нэг онцлоогүй. “Титаник”-ийн зорчигчдыг аврагч нэг эрхэм бүр сүүлд “Тэд хөлөг онгоц живэн живтэл хөгжимдсөөр л байснаараа гавьяатай. Тэд мөнхийн баатраар өргөмжлүүлэх эрхтэй” гэж дуу алдсан байдаг. Хөлөг онгоцонд зорчигчдод хөгжмийн сайхныг мэдрүүлэх үүрэгтэй гэдгээ сэтгэлээсээ мэдэрч, сэтгэлээсээ хөгжимдөж, сэтгэлээсээ оршиж чадсан учраас Уоллес Хартлигийн ахалсан хөгжимчид хүн төрөлхтний түүхэнд үлдэж чадсан юм.

Ц.БААСАНСҮРЭН