Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе

Дэрсэн шүүрээр гудамжаа шүүрдэхээ одоо больцгооё оо DNN.mn

Улаанбаатар хотын гудамжуудыг цэвэрлэх гэж багагүй ажил болдог. Бараг тэр чигээрээ гар ажиллагаатай буюу урт иштэй дэрсэн шүүрээр тохижилт үйлчилгээний ажилчид гудамж талбайг шүүрддэг. Яахав, олон хүнийг ажилтай байлгаж байгаа, тэр хэрээр амьжиргаанд нь хэрэгтэй л гэх байх. Гэтэл Улаанбаатар хот өдөр ирэх тусам тэлж томорч байна. Одоо уг нь алийн болгон дэрсэн шүүрээр шүүрдэх вэ. Саяхан олон нийтийн сүлжээгээр элдвээрээ хэлүүлээд байсан шороо шүүрддэг машинаас л ахиухан хэдийг оруулаад ирмээр байгаа юм. Тэгээд одоо ажиллаж байгаа ажилчдаа сургаад, ээлжээр тэр машинаараа цэвэрлэгээ хийдэг болчихвол хаа хаанаа мөн ч хэрэгцээтэй баймаар. Шүүрээр шүүрдэхийн хамгийн хэцүү нь нэгэнтээ байнга хамар ам руу орчих гээд байдаг тоосон дээр нэмээд шүүрээр боссон шороо нэрмээд үнэхээр асуудал болж байна аа. Хаана шороо шүүрдэж байна, ойр хавиар нь хүн байтугай мал явахын эцэсгүй шороо тоос бужигнана. Тэгээд бас нэг утгагүй нь шүүрдэж овоолсон шороогоо нэг газарт бөөгнүүлж байгаад өөр нэг газарт зөөж хаяна. Эсвэл ойр байх шороотой талбай руу хүрздээд хаячихаж байгаа харагддаг. Тэгж тоос шороо босгон байж шүүрдсэний ямар ч хэрэг байхгүй ээ гэсэн үг. Илт хог хаягдал ихтэй шороог бол тэгсгээд хогны машинд ачих боловч тээвэрлэх машин нь ирэх гэсээр байтал бараг тал нь буцаад салхинд хийсчих юм.

За тэгээд буцаад шүүрдэнэ, шороо босно, ам хамар руу чихнэ. Нэг иймэрхүү байхаа одоо ерөөсөө цэгцлэхгүй бол болохгүй санагдаад байна аа. Бүхэл бүтэн улсын нийслэл байж алийн болгон ингэж байхав дээ. Тэр түгжрэлд зарцуулах хэдэн зуун тэрбумаасаа тун жаахныг аваад хот тохижуулах үйлчилгээний газраа нэг сайн өөд нь татаад авмаар байна. 200 ширхэг тийм тоос сорогч машин байхад л нийслэл цэмбийгээд ирэхээр байгаа юм. Саяны цаснаар зүтгүүлээд байдаг машины мөн зориулалт нь цас цэвэрлэх биш, замын шороог соруулах үүрэгтэй эд л дээ. Уг нь гудамж талбай нь цэвэрхэн байгаад байвал аяндаа хогоо ил задгай хаяхаа болиод төлөвшөөд ирнэ. Харин хогийн саваа ахиухан болгох ажил гарах биз. Хэдий болтол, хэр удаан ирээдүйд бид дэрсэн шүүрээр шороо шүүрдэж, шороогоо агаарт бужигнуулж, тэрүүгээр нь иргэд бид амьсгалж явах вэ. Багахаан сэтгэл гаргачихад л шийдэгдэх асуудал л даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ургамлан хүмүүс DNN.mn

Хэн нэгэн өөрийг нь хайрлахгүй, халамжлахгүй, тоохгүй бол гундчихдаг, шальчийчихдаг, хүмүүсээс үргэлж хайр, анхаарал шаардаж, бусдаас үргэлж авч байдаг “шимэгчид” их болчихож. Аз жаргалгүй, гунигтай, уйтгартай байгаагийнх нь буруутан дандаа л дэргэдэх нь, ахан дүүс, эргэн тойрныхон, найзууд нь болчихдог. Нөхөр нь утсаа авахгүй, чатаа харахгүй бол сэтгэл санаа нь навс унаад л орчлонгийн хамгийн азгүй хүн болоод хувирчихна. Эсвэл ганц халамжтай үг хэлээд үнсчихвэл хөл нь газарт хүрэхгүй баярлаад дэгдчихдэг. Ийм хүмүүсийг “Ургамлан хүн” гэж тодорхойлдог.

Тасалгааны ургамал арчилгаа, тордлогоо ихтэй. Ус чийг нэхнэ, нарны гэрэл шаардана, тоосоо арчуулах гэнэ, шавжаа устгуулах гэнэ. Тэгэхгүй бол ургахгүй, дэлбээлэхгүй. Үхчих гээд эмзэг.

Яг ийм ургамал шиг бусдаас хамааралтай сэтгэхүй, сэтгэл зүйтэй хүмүүсийг ургамлан хүмүүс гэж үзнэ л дээ. Ургамлан хүмүүс үргэлж бусдаас хараат бөгөөд өөртөө итгэлгүй, сул дорой. Тэд өөрөө өөрийгөө сэргээх, босгох талаар ямар ч идэвхи санаачилга гаргахгүй бөгөөд дэргэдэх нь, найзууд, аав ээж нь цаг үргэлж анхаарч, урмын үгсээрээ “услах” ёстой. Гэтэл хүн бол оюун ухаантай, уураг тархитай, сэтгэл зүрхтэй. Ургамлаас тэс өөр шүү дээ.

Орчин цагт хүн байх, ургамал байх нь тэр хүний л сонголт. Гэхдээ эргэн тойрныхондоо ийм “ургамал”-ууд төвөгтэй, дарамттай. Ургамал шиг байхгүйн тулд, хүн шиг байхын төлөө хүчтэй сэтгэл зүйтэй, өөрөө өөрийгөө удирдаж, өөртөө эзэн байх ёстой л доо. Тусгаар тогтносон улс шиг дотоод, гадаад хүчийг хослуулсан бие хүн болно гэдэг маш том амжилт, ухаан юм даа

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ​Дэлхийд унасан эр DNN.mn


Волтер Тевисийн зохиол “Дэлхийд унасан эр” номыг сонирхуулъя. Энэ зохиолч нөгөө алдарт “Бэрсийн гамбит”-ыг зохиосон юм. Өнгөрсөн зууны 40-60-аад онуудын үеийг “шинжлэх ухаанч уран зохиолын үе” гэдэг. Энэ үеийн зохиолуудын нэг томоохон төлөөлөл болох “Дэлхийд унасан эр” номыг МонСудар хэвлэлийн газраас эрхлэн хэвлэжээ. Хүн төрөлхтөн бид энэ орчлонд ганцаараа юу олуулаа юу, хэрэв өөр оюун ухаант амьтан буюу хүн байдаг бол ямар байх вэ гэх зэрэг түмэн асуулт бидэнд байдаг. Яг ийм асуултад хариу болгох үүднээс энэ номыг бичээ биз ээ. Ньютон гэж өөрийгөө нэрлэсэн энэ эр Антеа хэмээх гаригаас ганц хүний хөлгөөр манай дэлхийд иржээ.Тэр 197 см өндөртэй, цав цагаан үстэй, туранхай шингэн цагаан царайтай үс сахал байхгүй ч цэв цэнхэр нүдтэй, жижиг амтай, ер нь л маш царайлаг эр хүний шинжтэй харагдана. Хиймэл хумс хөлийн дөрвөн хуруу зэргийг нь эс тооцвол бараг л хүнээс гадна талаасаа ялгарч харагдахгүй. Гаригт нь оюун ухаант төрөлтөн гурав байсан бөгөөд тэд хоорондоо цөмийн бөмбөгөөр дайтан гаригаа сүйтгэсэн аж. Гаригт бараг амьдрал байхгүй болж эрчим хүч дуусаж сүүлийнхээ нөөцийг барж байгаа. Антеа гаригаас хүнтэй төстэй Ньютоны төрлөөс ердөө 300 гаруйхан л газрын гүнд тэсч үлджээ.

Тэдний эрчим хүч хүнс хэмжээтэй үлдсэн бөгөөд тэдгээрийг дуусахаар мөхөх нь илт юм. Антеа гаригийнхан дэлхийг эртнээс мэддэг байжээ. Тэд эрт үеийн түүхэнд дэлхий дээр олонтой ирж байсан бөгөөд шинжлэх ухааны ололтуудаасаа хуваалцдаг байв. Сахиусан тэнгэрийн тухай элдэв домог бол бараг л энэ гаригийнхны тухай шахам гэхэд хилсдэхгүй. Сүүлдээ дэлхий радиотай зурагттай, болж долгион нь цацагддаг болсоноос хойш бүүр ч илүү сонирхон судалдаг болсон байна. Ньютоны төрөлтнүүд сүүлчийн боломжоо шавхан байж агуулахуудын нэгэнд цөмийн сүйрэлд өртөлгүй үлдсэн одод хоорондын жижиг хөлгийг засварлан дэлхий рүү хөөргөжээ. Илүү том хөлөг хийх ч засварлах ч боломж байхгүй учраас тэр жижиг хөлгөөр Ньютоныг дэлхий рүү явуулсан нь тэр. Түүнийг олон жил бэлджээ. Дэлхийн хүний хэл, ёс заншил хувцаслалт зэргийг маш сайн судалж сургав. Ньютон дэлхийд очоод тэнд амьдарч өөрийн гаригийн шинжлэх ухааны гайхамшигт ололтоор маш хурдан баяжиж тэргүүлэх тэрбумтан болох бөгөөд үлдсэн хүмүүсээ авах сансрын хөлөг барих ёстой байлаа. Хэдийгээр Ньютон маш түргэн баяжиж сансрын хөлөг барьж эхэлдэг ч америкийн тагнуулын байгууллагад баригдан мөрдөгдөж байгаад тэндээсээ холбооны мөрдөх товчоонд шилжинэ. Дэлхий түүнийг бууснаас нь хойш ажиглаж байсан аж. Тэндээсээ суллагдах болж зураг авахуулна. Гэхдээ ХМТ нүдний торлогны зураг авч хадгалдаг аж. Энэ нь гадаад байдлаас илүү найдвартай гэнэ. Ньютон хэдийгээр би дэлхийн хүн биш наад рентген чинь миний нүдэнд хортой гэж хэлсэн ч үл тоон зураг авдаг.

Ингээд тэр сохордог, бас оюун ухаан нь ч хуучнаа гүйцэхгүй болдог бөгөөд бүх ажил нь зогсдог. Гарахад нь сурвалжлагчид шавахад тэрбээр зурагтаар өөрийн гаригт хандан Миний ажил бүтэлгүйтлээ, тэгээд ч эднийг тэр их мэдлэгийн уурхайд оруулмааргүй байна. Бид өөрийн дэлхийгээ сүйрүүлж чадаж байхад энэ сармагчингууд тэр дор нь энэ сайхан дэлхийг устгачих байх” гэж мэдэгдэнэ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хайрлам сайн эрчүүд DNN.mn

Хамгийн түрүүнд аавыгаа боддог. Мотоциклийнх нь араар сундлаад үсээ хийсгэн давхидаг байсан балчир нас. Намайг тэмцээнд оруулах гээд шороо шуурсан аймгийн төвөөр хөтлөөд алхаж байсан. Хамаг төлбөр мөнгийг нь, амьжиргааных нь хэдэн төгрөгтэй халааслуулаад их сургуульд үдсэн аав минь. Миний бүхий л том хайр, хамаг хүндлэл аавд минь зориулагддаг. Одоо ч зүрхэндээ хайрласаар, хүндэлсээр.

Ах нар, хань нөхөр минь байна. Хэзээд миний талд бат зогсох нөмөр нөөлөг юм, тэд. Ангийн хөвгүүд, ажлын хамт олон, амьдралын замд танилцаж нөхөрлөсөн гээд ярих юм бол хүндэлж бахархаж, суралцаж, найзалж нөхөрлөж яваа олон эрчүүд байна.

2022 оны ХЭҮК-ийн тайлангаас эрчүүдтэй холбоотой жишээ уншаад хачин их гуниглав. Тайланд ахмад настны ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн талаар ноцтой баримтууд бичигджээ. Хэрэв өвгөн хүн ямар нэгэн хүчирхийлэлд өртвөл авах газар олддоггүй, хуулиараа тийм гэнэ. Хүүхдүүд нь тэтгэврийг нь авчихаад хаячихдаг, утсыг нь блоклочихоод ярихгүй байх нь энүүхэнд. Бүр хамтдаа байхгүй гээд нийтийн байр хөлсөөд аваачаад суулгачихдаг нь ч байна. Мэдээж, нийтээрээ тийм биш ч ийм амьдрал туулж яваа өвгөчүүд байна аа.

Бүгд мэддэг өөр нэг онцгүй баримт бол эрчүүд эмэгтэйчүүдээсээ 10 гаруй насаар богино амьдардаг. Үр хүүхэд нь өсч, амьдрал ахуй нь нэг л сайхан болоод ирэхийн хэрд өөрсдөө өвдөөд, бусдыгаа өнчрүүлээд яваад өгдөг.

Цагтаа энэ өвгөчүүд чинь хүн бүрийн хараа булаасан жавхаатай сайхан залуус байсан юм. Гялалзтал ажиллаж, хайрлаж дурлаж, үр хүүхдээ өсгөж, энэ Монголдоо жаргалтай сайхан амьдарч явсан юм. Цагийн цагт идэр залуугаараа байх мэт аагтай омогтой ч байгаа биз. Ямар чиг л байсан, яаж ч амьдарч байсан, энэ Монголын минь эзэн болсон эрчүүд насны бөгсөнд ийм гундуухан явах учиргүйсэн.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хойд нутгийн хавар DNN.mn

Өдөржин улаан шороон дунд талбай боловсруулсан тракторчин үдэш харуй бүрий болохуйд мотороо унтраан амс хийв ээ. Нүргэлсэн их дуу тасарч нам гүм болохуйд моторын тос шүүгч жингэнэн дуугарсаар өргөгч элдэв тоног төхөөрөмж нь таг чаг хийхээс өөр чимээ үгүй болон чих амарна. Чийг ханхлан боловсруулсан талбай том хээлтэй хар үнээ нэлхийтэл хэвтэх шиг алсран бараантаж тэртээ талын замаар албин цагаан гэрэл тэнүүчилнэ. Хэн нэг нь хаанаас ч юм ирж байгаа биз ээ. Өдөржин ажилласан тариаланч эр халаасан усаар нүүр гар, толгой цээжээ цэмбийтэл угаан, эвхээд тавьчихсан хувцсаа солин өмсөж талбайн захад барьсан гэрт тухаллаа. Гэрийн эзэгтэй түүнд цай аягалан, хөрчихнө хэмээн зузаан хувцасанд бандайтал боон тавьсан халуун хоолоо задлав. Хуршмал үнэртэй үхрийн хугархай хавирга, чанасан төмстөй шөл гарган таваглалаа. Хоёул дув дуугуй сууцгаан хооллох аж. Өлссөн нөхрийнх нь хоолоо шор хийтэл сорох, огтолсон махаа амтархан тамшаалахаас өөр чимээ үгүй. Доод голын бургасанд нойрмог ангир хааяа нэг нургилан дуугарна. Харин саяны боловсруулсан талбай дээр хур шувуудын үдшийн бүжиг эхлэж, зогсоо зайгүй тор тор тор хийн хоолойгоо татан шаагилдаж эхэллээ. Нарны зайн цав цагаан гэрэл онгорхой үүдээр зурваслан тусаж түрүүнээс хойш л эзнээ эргүүлдэн тоглох гэж өдөж байсан банхар шүлсээ савируулан харуулдан хэвтэнэ. Эзний гар цочмог хөдлөх тоолонд банхрын толгой мөн дагаж цочин, хэзээ ясаа шидэх юм бол гэж цөхрөлтгүй харуулдах аж. Өдөржин их дуу чимээнд явсан нөхрөө чих амраг хэмээн юү ч үл дуугаран гал зуух хавьцаа бөртөлзөх эхнэр нь босож тал шанага нэрмэл шар тостой халааж аягалан өглөө. Нөхөр дув дуугуй доошоо тонгойн бүлээсгэсэн архи шимэн тахир гаансандаа тамхи нэрэн татаж утаан хөшиг дунд сууна. Хойд нутгийн хавар тариалалтын цаг тулжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: ​Хэн чамайг уурлуулна, тэр чамайг удирдана DNN.mn


Энэ үгний үнэ цэнийг өнөөдөр ойлгох цаг болжээ. Ухаантай хүний хэлсэн алдартай үг л дээ. Өнөөдөр хүмүүсийн амьдрал хүндэрч байна. Нийгмийн амьдралаа дагаад монголчуудын бухимдал улам нэмэгдэж байна. Уур уцаартай, өөрийгөө барьж хянахгүй хүмүүс олон болжээ.

Ардчилсан нийгэмд шилжээд 30-хан жил болж байгаа монголчуудын хувьд сэтгэхүйн нэг алдаа байгааг мэргэжлийн хүн бичжээ. Угаасаа хувьдаа хөрөнгө мөнгөтэй байж үзэлгүй амьдарсан 70 жил. Ийм нийгмийн сэтгэл зүй угаасаа дутуугийн комплекстэй байдаг гэж эрдэмтэд үздэг юм байна. Тэр нь юу гэхээр өөрт нь үнэн үг хэлж байгаа, хатуу үгээр ойлгуулахыг хичээж байгаа, зөв шаардлага тавьж байгаа хэнийг ч байсан “Намайг дээрэлхээд байна, дарамтлах гээд байна, доромжлоод байна” гэж хүлээж авдаг. Ийм буруу хандлага монголчуудад давамгайлжээ. Үүнийг монголчууддаа зориулж Европт төгссөн мэргэжлийн сэтгэл зүйч бичсэн байна. Дээрэлхүүлээд байна гэж бодож байгаа хүн бүхэн уурлана, стрессдэнэ, орчноо тав тухгүй болгоно. Тэр нь нийгмийн бухимдал болдог. Угтаа бол хүлээцтэй тайван байж “Миний төлөө, намайг сайжруулах гэсэн, сайн мэргэжилтэн болгох гэсэн хүний үг юм байна” гэж мэдрэх ёстой аж.

Зөвөөр хүлээн авч, зөв байх тухайд нэг л зарчмыг өөртөө суулга гэж сэтгэлзүйч бас хэлжээ. Тэр нь “Чамд тэр хүн сайнаар ханддаг бол чи ч бас сайнаар ханд” гэж. Өнөөдрийн монголчуудын нэг гэм нь өөрт нь сайнаар хандаж байгаа нэгэнд яагаад ч юм бэ, муугаар ханддаг гэж. Тэгж муухай зан гаргах нь ч амархан. Дорж зорилготойгоор Бат дээр очоод “Чамайг Баатар ингэж муухайгаар хэлж байна лээ” гээд хэлчихэд л Бат шууд “Яадаг муу новш вэ” гээд босоод ирдэг. Гэтэл өнөө Баатар нь Батдаа үргэлж сайнаар хандаж ирсэн байх жишээтэй. Ийм л буруу хандлага өнөөдрийн монголчуудын ёс суртахууныг доройтуулж, хөгийн амьтад болгож байгаа гэнэ дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Зочилж ирдэг найз нөхөдтэй байх сайхан DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………

Амралтын өдрөөр авгай хүүхдээ чирсээр, аахилж уухилан орж ирэх найз нөхөдтэй байх сайхан. Гэрийн хаалгаар орж ирээд л М.Чинболд бүтэхгүй юмаа ярилаа, “Түгжрэл най алга, Дөчөөд оны замын хөдөлгөөний дүрмээр бол дөрвөн замын уулзварт нэгэн зэрэг дөрвөн машин ирвэл жолооч нар бууж ирж уулзан сайтар тохиролцсоны үндсэн дээр цааш нэвтрэлцмой” хэмээн байдаг юм ш тээ гэж. Одоо тэгээд Боолоогийн яриагаар тэр үеийн замын дүрмийг энэ зуунд ашиглах юм уу, хаашаа юм. Бас болоогүй ээ, тэр үе ч өнгөрчээ гээд шогшроод байвал яах уу. Түүний инээд барсан энэ яриа дууслаа гэсэн шиг тэндээс Амараа дуугүй байж чадахгүй, “Эмэгтэй хүн усанд ороод гараад ирэхээрээ онцгүй, эрэгтэй хүн хөөрхөн болдог гэж жүжигчин Хүрлээ сая ярихыг би сонслоо” гэж эхнэрүү­дийн уурыг хүргэсэн юм ярьж балрав. Түүнийгээ цайруулж байгаа нь тэр юм байлгүй, одоо энэ хотын орлогч дарга Гантөмөрийг зурагтаар харсан нэг эмээ “Өнөө хэрэг төвөгт ороогдоод байсан Баавар хүү чинь овоо доо, хотын орлогч дарга болчихоо юу гэсэн байна лээ” хэмээн элэг хөшөөв. Ийм л инээд наргиа, цагаан онигоон дунд амралтын өдөр маань өрнөж байгаа юм. Сайн гэр бүлтэй, сайн ажилтай, сайн найз нөхөдтэй хүн нийгмээс бухимдал бага авдаг байхаа. Ажлын өдрүүдийн ядаргаа амралтын өдрөөр энэ мэтээр арилахад найз нөхдийн минь нөлөө ямар их байдгийг хүмүүс мэддэг болов уу. Нөхдүүд гэр рүүгээ явсан төө хойно Боолоо золигийн ярьсан замын хөдөлгөөний дүрмийг бодоод ганцаараа түс хийтэл инээж эхнэрээ гайхшруулах. Хэрэггүй юм ярьж явдаг хэдэн муусайн найзаа бодохоор сайхан шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан сэтгэл төлбөр нэхдэггүй DNN.mn

Хотхоноос төв зам руу орох гарцан дээр хоёр приус шүргэлцэн таг хаажээ. Өөр гарц орц байхгүй тул хотхоны бүх хөдөлгөөн гацав. Гацаж түгжирсэн жолооч нар дэмий л дуут дохиогоо орилуулна. Шүргэлцсэн хоёр жолооч болох бүдүүн махлаг араб сахалтай залуу, туранхайвтар боловч өндөр эр буугаад ирчихсэн хоёр тийш харан утсаар зогсоо зайгүй ярьж юуг ч юм тайлбарлах аж. Таньдаг цагдаа руугаа ч юм уу даатгалын газар луугаа ярьж байгаа буй за. Шүргэлцсэн хоёроос хэдэн машины ард дуут дохиогоо цөхрөлтгүй хангинуулж байсан түргэний тэргэнээс нэг хижээл эр буун бээцийсээр тэдэн рүү очлоо. Их л зориг гаргаж байгаа бололтой нөгөө хоёроос “Зам тавьж өгөөч, хөгшний минь бие муу байна. Ахдаа ингэж тус болооч” гэж гуйлаа. Нөгөө хоёрын сахалтай нь “Хөдөлчихвөл би хохирлоо гаргуулж авч чадахгүй болно шүү дээ ах минь, тус боллоо гээд миний хохирол барагдахгүйгээс хойш чадахгүй нь дээ” гэв. Өөртэй нь харьцсан болохоор нөгөө бүдүүн эр лүү хандан “Ах нь их баярлана шүү, ёстой мартахгүй” гэв.

Нөгөө эр “хм хоосон баярлалаагаар яах вэ, сайхан сэтгэл гаргалаа гээд хэн төлбөр төлж байлаа” гэж хэлээд ширэв татлаа. Хижээл эр “төлбөр нь хэд байдаг юм бол” гэхэд “Дор хаяж хоёр зуу болдог юм байгаа биз дээ” гэж араб сахалт зандарлаа. Хижээл эр “Ээ гончигсүм минь” гэж хэлээд дуугаа хураав. Гэтэл хажуугаар нь гарч явсан идэр насны эмэгтэй “та дансаа явуулчих” гэж нөгөө сахалт руу шууд хэлэв. Хижээл эр “охин минь би наадахыг чинь төлж чадахгүй байх аа тэтгэвэр…” гээд ээрч мууран юм хэлэх гэв. Эмэгтэй “Ах минь сайхан сэтгэлд төлбөр нэхдэггүй юм” гэж хэлээд утсаа гаргалаа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүслийн самбар DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ АРЫН НҮҮРИЙГ НИЙТЭЛЖ БАЙНА.


“Хүссэн юм хүзүүгээр татна” гэсэн үг байдаг. Үнэхээр “Мөрөөдөл биелдэг юм” гэдгийг амьдрал дээр харвал хичнээн сайхан бэ. Сүүлийн үед “Хүслийн самбар”-ын тухай ярих боллоо. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг нүдэндээ байнга харж байх санаа юм даа. “Хүслийн самбар”-аа хүн өөрөө бүтээдэг болохоор мөрөөдлөө тодорхойлох хэрэгтэй болно. Мөрөөдлөө тодорхойлсон хүнд зорилгобий болох учиртай. Зорилго бий болчихоор түүндээ хүрэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй болно. Зорилгодоо хүрэх үе шатуудаа бодитой, нарийн төлөвлөж чадвал өглөө бүр мөрөөдөлдөө нэг шатаар дөтлөнө гэсэн үг.

Хүслийн самбараа бүтээхдээ өөрийн мөрөөдлийг илэрхийлж чадах зурагнуудыг сэтгүүлээс, энд тэндээс хайж олох учиртай гэнэ. Таны мөрөөдлийн байшин, эсвэл машин, сурахыг хүсдэг сургууль, очихыг хүсдэг газар орон хаа нэгтэй байж л таараа. Энэ бүхнийгээ хайж олоод, “Хүслийн самбар”-аа бүтээснийхээ дараа өөртөө байнга харагдах газарт түүнийгээ байрлуулах учиртай. Хүн мөрөөдлөө нүдэндээ байнга харж байх нь далд ухамсарт нь нөлөөлдөг гэсэн үзэл санаабайдаг. Таталцлын хуулийн тухай ч яриа бий. Хүн үнэхээр хүссэн юмаа далладаг гэдэг. Тэгэхээрта бидний “Хүслийн самбар” сайн сайхан мөрөөдлөө нүдэндээ байнга харж, түүнийхээ тухай бодож, төлөвлөж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийснээ, юу хийх хэрэгтэйг маань сануулах болно. Хүн бүр л хүсэл мөрөөдөлтэй байдаг. Өдөр тутмын ажилд дарлуулж, амьдралд нухлагдсаар мөнөөх хүсэл маань мөрөөдөл төдий үлдчихвэл гунигтай. Хүслээ нүдэндээ харж, өдөр бүр түүндээ нэг шатаар дөтлөөрэй. Бид мөрөөдлөө мартахгүй бол бурхан бидэнд туслах буй за.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утсанд донтсон хүүхдүүдэд сэтгэл зүйч ингэж зөвлөж байна DNN.mn

Сурагчдын өвлийн амралт эхлээд долоо хоногийн хугацаа өнгөрчээ. Сурагчид нийт зургаан долоо хоног амарна. Энэ амралтын урт хугацаанд айл бүрт тохиолдож буй нэг асуудал байна. Энэ нь хүүхдийн цахим хэрэглээ, гар утасны дэлгэцийн донтолт.

Мэдээж гар утас удаан хугацаанд хэрэглүүлэхгүй байхын тулд ном уншуулах, хичээлийн хоцрогдлоо арилгах, цэвэр агаарт гарах, дугуйлан секцэнд хамруулах гээд олон аргууд бий боловч хүүхэд утсаа оролдсоор л байдаг. Гэртээ өөр, өөр өрөөнд гар утас руугаа гөлөрсөн хүүхдүүдийн дүр зураг танай гэрт ч байдаг болов уу. иймийн учир утасны донтолтоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөе.

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн хүүхдийн сэтгэл судлаач Б.Номин хэлэхдээ, хүүхэд гар утсанд донтож буй нь их олон шалтгаантай байдаг. Тухайлбал, ганцаардах, гэр бүлийнхэнтэйгээ ярилцахгүй байх, нойргүйдэл гэх мэт. Хүүхэд ер нь хийх зүйл нь олдохгүй болохоор гар утсаа оролдож эхэлдэг. Тиймээс хүүхдээ гар утсанд донтуулахгүйн тулд та хүүхдийнхээ шинэ хобби сонирхлыг нь олж, гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, бие биенээ ойлгоход илүү цаг зарцуулж ярилцах хэрэгтэй. Хүүхдэдээ огт гар утас хэрэглүүлэхгүй гэж хатуурхах биш, өдөрт хэрэглэх хугацааг нь зааж өгөөрэй. Мөн гэр бүлээрээ дагаж мөрддөг дүрэм тогтоох ч боломжтой. Түүнчлэн өдөр бүр дасгал хөдөлгөөн хийлгэж, тогтсон цагт унтуулбал дэлгэцийн донтолт багасна гэдгийг хэлж байна.

Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ гар утсыг нь шууд булаан авч загнаж зандраад үр дүнд хүрэхгүй аж.