Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “DUNE буюу Манхан” /I дэвтэр/

Фрэнк Херберт гэдэг зохиолчийн “Манхан” хэмээх уран зөгнөлт номыг “Болор судар” хэвлэлийн газраас орчуулан гаргалаа. Уг ном жараад оны үед зохиогдсон бөгөөд “Оддын дайн” кино гарахад ихээхэн нэмэр болсон гэж ярьцгаадаг. Мөн “Манхан” нэртэй кино хоёр ч удаа хийгдсэн байна. Сая 2021 онд бүтээгдсэн “DUNE буюу Манхан” кино дуу дүрс, зураг авалт болон үйл явдлаар тасархай сайн болсон гэцгээж байгаа. Уг кино “Оскар” шагналд олон номинациар нэр дэвшчихээд байгаа билээ. Энэ бүхнийг үл үгүүлэн юуны тухай гардаг ном бэ гэдгийг товч танилцуулъя. Галлактикийн цөлийн гариг Арракист хүний насыг уртасгадаг бодис элсэн цөлөөс нь олдсон. Үүнийг зохиомлоор хийх арга үгүй учир ихэд үнэд хүрдэг аж. Галлактикийн эзэнт гүрний эзэн хаан энэ гаригийг 90 жил эзэмшиж байсан барон Харконненыг буулган гүн Атрейдест эзэмшүүлэхээр болно. Ингэснээрээ эзэн хаан эртний сурвалжтай хоёр том овгийг хооронд нь тэмцэлдүүлэн сульдуулах, нэгээр нь нэгийг дарах, болж өгвөл хоёуланг нь дарах хэтийн бодол агуулжээ. Тэр гариг нь цул элсэн цөл бөгөөд элсний хорхойнуудын бүрэн эзэмшилд байдаг гариг аж. Элсний хорхойнууд их том бөгөөд хамгийн том нь 200-гаас 400 метрт ч хүрэх удаа байдаг. Ил ус байхгүй, зөвхөн хөрсөн дороо устай, байгаль амьтны ядуухан зохицолтой гариг. Элсэн цөлд хүн амьдардаг бөгөөд тэднийг фремен хүн гэх аж. Тэдний нүд цагаан байхгүй, дан цэнхэр харагдана,бас их туранхай гозгор хүмүүс бөгөөд нөгөө бодисны нөлөөгөөр ингэж өөрчлөгджээ. Тэд дэлхийн хүмүүсийн холын садан бөгөөд дэлхийн хэлээр ярилцана.Гүн татвар эм болох Жессика болон түүнээс гарсан хүү 15 настай Полтойгоо уг гаригт очно. Гүн гэрлээгүй, яагаад гэвэл залуу охинтой бусад бүлгүүдтэй сайн харилцахын тулд тэр билээ. Гүнгийн хатнаар охиноо явуулчих ч юм бил үү гэсэн горьдлого байнга төрүүлж байхын тулд ингэж шийдсэн юм. Түүнээс татвар эм болох Жессикадаа хайртай, удам залгах хүүг нь төрүүлж өгсөн болохоор их хатнаас ч илүү хүндэтгэн үзнэ. Жессика эртний нууц бүлгэмээр хүмүүжсэн түүний идэвхтэй гишүүн. Тэр бүлгэм нь хаан төр язгууртнуудын хоорондын элдэв тэмцэл дайсагналын эсрэг ажилладаг байгууллага аж. Бүлгэм уг нь охин гаргахыг тушаасан боловч Жессика өөрийн дураар хүү төрүүлжээ. Бүлгэм охин төрүүлж бароны хүүг түүнтэй суулган эртний сайн удамт хоёр гэр бүлийг эвлэрүүлэхийг төлөвлөж байсан нь ийнхүү бүтэлгүйтсэн. Гэвч уг бүлгэмийн домог болгон зөгнөн ярилцдаг эрэгтэй удирдагч мөн байж магадгүй гэсэн горьдлого ээжид нь байдаг. Манханы ард түмэн ийм удирдагч одоо мөдхөн төрж биднийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлнө гэж мөрөөдөн ярилцана.Тэд энэ хүнийг Мауд Даби хэмээн нэрлэх авай. Гүнгийнхэн шинэ гаригт дөнгөж сууршин элсний бодис олборлож эхэлнэ. Нутгийн ард олонд өөрсдийгөө энэрэнгүй гэсэн сурталчилгаа хийлгэнэ. Ард олны дэмжлэг авах гэж тэр юм. Энэ гаригт ирж урт наслуулдаг бодисын уурхайг эрхшээнэ гэдэг бол бараг л эзэн хааны дараахь хүн болж байгаатай адил юм. Яагаад гэвэл тэр бодис маш үнэтэй. Түүний ердөө чимххэн хэмжээгээр л эзэнт гүрний нийслэлд гурван өрөө байр авч хүрнэ. Гэвч нэг шөнө гаригт нууцаар нэвтэрсэн бароны дайралт цахилгаан мэт болж өнгөрөн гүнг алж, эхнэр охин хоёрыг нь цөлд аваачин хаяхаар болно. Дайралт хийхдээ гүнтэний эмчийг өөрсдөө элсүүлэн авсан байдаг бөгөөд тэр эмч нь бароныг мэдээ алдуулан унтуулна. Унтуулахдаа түүний аманд хортой хиймэл шүд суулгана. Түүгээр бароныг алахыг захина. Эмч нь хүү, эхнэр хоёрыг унтуулан дайсных нь гарт өгнө. Сэрэхэд аль хэзээний дайсныхаа хөлөгт явах бөгөөд хүү ээжийнхээ амны таглааг авахуулахын тулд дуу хоолойгоор захирах арга хэрэглэн харуулуудад тушаал өгнө. Эхлээд харуул үл тоох ч нэг харуулыг ховсдож дөнгөнө. Тэр хатагтайн амны хаалтыг авчихдаг. Бараг биелсэн шулам гэж хэлж болохоор эрдэм мэдлэг, илбэ шидтэй хатагтай тэднийг шууд дуу хоолойгоор ховсдох аргаараа тушаан амиа аварч чадна. Эхний бүлэг товчхондоо энэ, дараагийн бүлэг нь хэвлэгдэн гарахаар та бүхэнд юу болох тухай бичиж өгнө.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хаврын үнэр || DNN.mn

Хаврын үнэр гэхээр нэг их гоё чийг, бороо, нахиалж буй моддын үнэр санагдаж байна уу.

Эсвэл шороо ч юм уу. Үнэндээ Улаанбаатарын хаврын үнэр энэ бүхнээс хол зөрнө. Хаврын урь орж, хөлдүү бүхэн гэсэхээр Улаанбаатараас өмхий самхай үнэртдэг. Хашаа, байшингийн өнцөг булан бүрээс гэссэн ялгадсын үнэр ханхалдаг.

Хотын төвдөө хүртэл шүү. Эрчүүд нь давсагаа чинэрэхэд 00 хайхаас илүүтэй, булан тохой барааддаг энэ үзэгдэл хэзээ алга болох юм бүү мэд. Өнөө Зөрчлийн хууль энэ тэр нь олны нүдэн дээр буруу хараад бие засч байгаа эрчүүдэд үйлчилдэггүй. Улаанбаатарт нийтийн ариун цэврийн газар ховор, үйлчилгээний байгууллагууд нь ариун цэврийн өрөөгөө тас цоожилдогтой ч холбоотой.

Өнөөдөр ханиад томуу дэлгэрч эмнэлгүүд хүүхэд багтаах зайгүй ачаалалтай байна. Өнөө л ор олдохгүй хүүхдээ тэвэрсэн эх эмнэлгийн коридорт хэвтэж, хөл толгойгүй хөлхөж байна.

Энэ их ханиадны үүсэл шалтгаан магадгүй “Улаанбаатарын үнэр”-ээс үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Өөр ямар ч өвчний үүсгүүр болж бидний хамар амаар орж биед сууж байгааг таашгүй юм.

Тиймээс энэ үнэрийг дарж ариутгах ажлыг хотын захиргаанаас дариухан эхэлмээр санагддаг. Байшингийн булан тохой бүрийг ариутгаж, угаамаар байна. Тухайн хашаа, байшинг хариуцдаг хувь хүн, албан байгууллагууд, СӨХ нь энэ ажлыг хялбархаан хийчихнэ. Хот харин хяналтаа тавихад л болох юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Эцэг, эхийн хурал” биш, “Асран хамгаалагчдын уулзалт” гэж хэвшье || DNN.mn

Саявтархан Боловсролын ерөнхий газраас нэгэн дэмжүүштэй санаачилга гаргажээ. “Эцэг, эхийн хурал” гэхээ больж “Асран хамгаалагчдын уулзалт” гэж ярьж, хэвшье гэж уриалсан байна. Үүнийг нийтээрээ дэмжье. Бодит жишээ бий шүү.

“Миний аав адуучин” дууг дуулахад нэг ангийн 40 хүүхдийн тал нь мэлмэртэл уйлж байсан гэдэг. Аав нь бурхан болсон, салаад явсан, аавгүй өссөн хүүхдүүдэд “Амин хайртай миний аав, адууныхаа бэлчээрт дуулдаг хүн байсан…” гэсэн мөртүүд хүнд туссан нь мэдээж. Хүүхдүүд болсон хойно нэг нь уйлахаар дагаж ч уйлсан байх.

Дуунд ингэж эмзэглэж байхад “Маргааш эцэг, эхийн хуралтай. Аав, ээжээ ирүүлээрэй” гэж ангийн багш нь зарлахад аавгүй, ээжгүй хүүхдэд энэ өгүүлбэр зүрхийг нь зүсэх шиг болдог байх. Үүнийг харин харьяа газар нь анхаарч “Аав, ээжийгээ зураарай, зохион бичлэг бичээрэй” гэх нь бяцхан зүрхийг шархлуулах учир багш нар “Хамгийн хайртай хүмүүсээ зураарай” гэвэл илүү оновчтой, энэрэнгүй сонсогдоно гэсэн нь хүний эрхийн мэдрэмжтэйгээс гадна хүмүүнлэг, энэрэнгүй нийгэмд биднийг амьдарч буйг сануулж байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Мэлмэртэл уйлаад мэлмий минь сохорчихгүй л байлгүй дээ, ээж минь…” || DNN.mn

Хүмүүнлэгийн их сургуулийн багш Д.Дагиймаа нэгэн түүхийг үе үеийн оюутнууддаа, ихэд хичээнгүйлэн ярьдаг. Ярьсаар ч байгаа. Багш хүн гэдэг мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварт зааж сургахаас гадна тухайн шавиа амьдралын их далайд зүг чигтэй, ёс зүйтэй, хүн шиг хүн байхыг зөвлөж, үлгэрлэж байдаг. Тэр утгаараа багшийн ярьсан сургамжит түүх өдгөө ч бидний амьдралд хэрэг болсоор буй.

Нэгэн хараагүй охин ээждээ ихэд хорсож “Мэлмэртэл уйлаад мэлмий минь сохорчихгүй л байлгүй дээ, ээж минь. Та надаас тэр гайтай утсыг булааж аваад, өгөхгүй л байхгүй дээ. Утас үзээгүй гэж уурлаж, уйллаа гээд нүд минь сохорчихгүй шүү дээ, ээж ээ” хэмээн хорсолтойгоор орилсон гэдэг.

Энэ охин одоо дөнгөж 18-тай. Хүүхэд байхдаа юу хүссэн болгоноо уйлж байгаад авчихдаг муу занд эцэг, эх нь сургажээ. Тэр зангаасаа болоод өдгөө хараагүй болсон байна. Амьдрал дээр иймэрхүү тохиолдол цөөнгүй. Сүүлийн үед ухаалаг утсыг ой хүрээгүй хүүхдээс эхлээд орчноо мэдрэхгүй болтлоо оролдох хөгшчүүл ч байна.

Нас биед хүрсэн хүмүүс ч яахав гэхэд бяцхан балчир хүүхдүүддээ утас, сэрээ, халбага, хайч, хутга, шүдэнз гэх мэт эд зүйлээр битгий тоглуулаач ээ, эцэг эхчүүд ээ. Тэр дундаа эмээ, өвөө нар ач, зээгээ буруу эрхлүүлж тоглуулснаасаа болоод бие, эрүүл мэндээрээ бяцхан хүүхдүүд тань энэ мэт хохирсоор байгааг анхаарна уу. Өнөөдөр миний хүүхэд уйлаад байна, за яахав өгчихье гэсэн хандлага чинь ирээдүйд таныг зэмлэх, яллах, үзэн ядах сэтгэлийн үндсийг тавьж өгч байна гэдгийг ухаараарай. Өнөөдөр утас өгөөгүй гээд хүүхэд тань уйлж л байг. Ирээдүйд эрүүл саруул өссөндөө танд баярлана. Өнөөдөр хүүхдэдээ утас өгөөд уйлуулахгүй байж болох ч ирээдүйд таны хүүхэд харааны, эсвэл оюун санааны бэрхшээлтэй болчихоод дээрх үгийг хорсолтой нь аргагүй хэлэх вий.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Стивен Хокин: Сэтгэлгээ нь хүлээсгүй ухаантан” || DNN.mn

Хүн хэмээгч ухаалаг амьтан зуун хувь биш ч гэлээ дэлхийг эрхшээгээд олон зууныг үджээ. Үеийн үед байлдан дагуулагч, гүн ухаантнууд, төр нийгмийн зүтгэлтэн гээд сорууд төрөн гарч байсан. Өнөөгийн шинжлэх ухаан цаг цагт төрөн гарч байсан суу билэгт их эрдэмтэн мэргэдийн хязгааргүй их хүсэл, уйгагүй оролдлого, хичээл зүтгэлийн хүчээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нь маргашгүй үнэн. Өнгөрөн одсон цаг хугацаан дунд Галелей, Исаак Ньютон, Альберт Эйнштэйн зэрэг сор хөвгүүд төрөн гарч, өнөөгийн агуу том онолууд, суут нээлтүүдийг хийж байсан юм. Тэдгээр оргилуудын үргэлжлэл бол энэ цаг үед алдар суугаа тунхаглан, өөрийн хэзээ ч үл нуран унах хөшөө дурсгалаа босгосон их эрдэмтэн Стивен Хокин билээ. Шинжлэх ухааныг шүтэн бишрэгчийн хувьд түүнтэй нэгэн цаг үед амьдарч байснаараа хувьдаа бахархдаг. Хэдийгээр одоо бидний дунд байхгүй ч гэлээ түүний ном бүтээлүүд, онолууд нь үнэ цэнээ хэзээ ч үл алдах шижир алттай зүйрлэгдэх ажгуу.

Уншигч та бүхэнд суут ухаантан, сансар судлаач, онолын физикч Стивен Вильям Хокины тухай АНУ-ын зохиолч Китти Фергюсоны туурвисан “Стивен Хокин: Сэтгэлгээ нь хүлээсгүй ухаантан” номын талаар товчхон өгүүлэх гэж байна. Энэ номыг 2015 онд орчуулагч О.Бүрэнжаргалын орчуулгаар “Болор судар” хэвлэлийн газар эрхлэн гаргажээ. Энэ бүтээл нь Хокины хүүхэд ахуй цагаас эхлээд бүх л цаг үеийнх нь тухай дэлгэрэнгүй, элдэв хачиргүй өгүүлснээс гадна тайлбар үнэлэлт дүгнэлт сэлтийг өгсөн үнэхээр шилдэг гэж хэлж болох ном юм.

Хокин 1942 оны тэргүүн сарын 8-нд Оксфордод мэндэлсэн бөгөөд дайны гал ид дүрэлзэж байсан цаг үе. Түүний эцэг эх нь хүүхдүүдийнхээ боловсролд асар их анхаардаг төдийгүй шинжлэх ухааны судалгааг хэрхэн хийдэг болон астрономын үндсийг заадаг байсан гээд суурь мэдлэгийг сайн тавьж өгсөн нь хожмоо их эрдэмтэн төрөн гарах үндсийг нь тавьсан биз ээ. Тэдний гэр бүлийг цэмцгэр сэхээтнүүд, бас нэлээн этгээд гажиг хүмүүс гэж тухайн үедээ тооцдог байсан нь сонирхолтой. Магадгүй байнга л ном хичээл ярьж байдаг, музей их үздэг байсан болохоор тэгсэн байх л даа. Дэлхийн дайны дараахь Англи улсад ингээд байж байдаг гэр бүл ховор ч байсан байх. Хожим буюу 1980 онд баргийн эрдэмтний хүрээд байдаггүй хүндэт алдар болох Лукасын математикч профессор хэмээн өргөмжлөгдсөн энэ суутан хүүхэд ахуй цагтаа бусдаасаа гоц гойд ялгараад байх зүйлгүй энгийн нэгэн байсан юм. Арайхийж бичиг үсэг сурсан, бичгийн хэв гэж авах юмгүй. Ямар нэгэн механизмын бүтцийг танин мэдэх хүсэлдээ автан задалдаг авч буцаад эвлүүлж чаддаггүй байсан нь түүнийг суут эрдэмтэн болно гэж таамаглах аргагүй байсан бололтой. Сонирхолтой нь түүнийг 12 настай байхад ангийн хоёр хөвгүүн Хокиныг “Байдаг л хүн болно”, “Гоц ухаантан болно” гэж мөрийцсөн авч лавтайяа энэ номыг бичиж байхад ялагч нь мөрийгөө нэхээгүй байсан гэх. Ямартаа Хокин өнөөгийн цаг үеийн шинжлэх ухааны тод од болон гялалзсан билээ. Харин тэрээр өөрийнхөө тухай “Би хүүхдээрээ хоцорсон. Одоог хүртэл “яагаад”, “ямар учраас” гэх асуултыг өөртөө тавьдаг. Заримдаа асуултынхаа хариуг олдог” хэмээсэн нь бий. Хокины чөлөөт сэтгэлгээ, хичээлдээ огтхон ч түүртдэггүй, бие даасан байдал зэрэг нь Оксфордын хэм хэмжээнд яв цав таарч байсан. Стивен Хокин “Орчлон ертөнц анх хаанаас бий болов”, “Эхлэл гэж байгаа бол төгсгөл гэж байх уу. Төгсгөл гэж байгаа бол хэзээ болох вэ”, “Цаг хугацаа зөвхөн нэг чигийн урсгалтай юу, Ухарч болох уу”, “Бидний төсөөлдгөөс өөр орон зайн хэмжээс байх уу”, “Орчлон ертөнцөд хэмжээ хязгаар бий юү” гэх мэт асуудлуудыг хөндсөн байдаг. Хар нүх болон хувирч байгаа одод хаачдаг, хар нүхнүүд байхгүй болчихвол юу болох вэ гээд бүх асуултууд бүх насаараа физик нухсан хүнийг ч гэсэн халгамаар болгодог. Ер нь Хокины онолыг ойлгохын тулд бүхний утгыг тайлах гэж хичээх хэрэггүй. Харин учир холбогдлыг нь л ойлгочиход сонирхолтой байх болно гэж. Хокины онол, нээлтийн тухай бүр нягталж үзэхийг хүсвэл нийтэд зориулан гаргасан “Цаг хугацааны товч түүх: Их тэсрэлтээс хар нүх хүртэл”, “Хар нүх ба шинэ ертөнц” гэх номуудыг нь уншиж болно. Хокины судалгааны үр дүнд хар нүх квантын эффектийн дагуу цацраг гаргадгийг нотолсон бөгөөд үүнийг “Хокины цацраг” гэж нэрлэдэг билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нийтийн тээвэртээ зам тавьж өгье || DNN.mn

Автобусны жолооч нар аархал ихтэй. Урдуур дайрна, шүргэнэ, мөргөнө, уурлана, аархана. Ингэсээр байгаад нэг л мэдэхэд автобустай зам булаалдаж, болж л өгвөл өмнө нь орчих гэдэг болчихсон нь нууц биш ээ, манай жолооч нар.

Гэхдээ одоо больё. Замын түгжрэлээ шийдэж чадахгүй байгаа нийслэл хотдоо жолооч нар эвтэй байцгаая. Ядаж л нийтийн тээвэртээ зам тавьж өгч хэвшицгээе. Нэгдүгээр эгнээг нь чөлөөлж өгье. Нэг автобусанд 10 хүн суух, эсвэл тэр 10 хүн тус бүрдээ автомашинаар хөдөлгөөнд оролцох хоёрын зааг ялгааг бид сайн мэднэ. Тийм учраас жолоочийг биш юм аа гэхэд замын хөдөлгөөнд ачаалал нэмэхгүйгээр нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдээ хүндэлье.

Ерөөс зам тавьж өгөх соёл манайд мянга дахь асуудал болчихсон гэдэг шүү. “Та-би-та” гэдэг дүрэм хөгжингүй орнуудын зам дээр үйлчилдэг. Манайд “Би-би-би”-гийн дүрэм үйлчилдэг. Замын хөдөлгөөний соёл гэдэг зүйл түгжрэлд багагүй нөлөөтэй гэдэг судалгаа ч байдаг юм билээ.

Тиймээс өнөөдрөөс нийтийн тээвэртээ зам тавьж өгч эхэлье. Автобусны жолооч аархуугаар урдуур чинь дайраг, хоёр хором тэсчих. Жолооч биш юм аа гэхэд автобусанд зорчиж яваа зорчигчид танд баярлана. Маргаашнаас бусдадаа зам тавьж хэвшье. Ядаж л нэг хэсэг маань ажил, сургуульдаа амжиж байвал нэг төрлийн буян байх шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хадгаламж өлсөхөөс биш хуримтлуулахаас эхэлнэ || DNN.mn

Нэг айлын хүүхдүүд өөр өөр араншинтай байдаг нь хачирхалтай. Нэг нь айлын өгсөн чихэр, шоколадыг газар дээр нь зад татчихдаг бол, нөгөө нь үргэлж цааш нь хийнэ. Тэр ч бүү хэл сургуулийнхаа үдийн цайнд өгсөн боорцогныхоо талыг цүнхлээд ирэх ч үе тохиолдоно.

Эхэндээ шоолж инээж байсан бол сүүлдээ гайхширдаг болов. Хэн, хэзээ өгсөн нь мартагдсан амттанг гэнэтхэн халааснаасаа гаргаж ирээд тэр хавиар нэг хэрэг мандуулна. Ийм хачирхалтай юуг ч хурааж хуримтлуулдаг, талыг нь заавал далд хийдэг охиныгоо эхэндээ гайхдаг байсан ч, эцэст нь түүнийг хуримтлуулагч иргэн гэдгийг ойлгосон юм. Гурван арваныг элээж байгаа бидний хүүхэд насанд бутархай мөнгө одоогийнхоос үнэ цэнэтэй байж. Гэтэл надаас авахуулаад усны мөнгөний хариултаар тавын гаа, аравын чихэр авч идэхээ бодохоос түүнийг хурааж хуримтлуулах талаар төсөөлөл тун муутай байж.

Гэтэл өнөөх гайхал чинь энд тэнд хэн ч тоохгүй орхисон 10,20,50,100-тын дэвсгэртээс авахуулаад бүх л мөнгөн дэвсгэртийг эмхэлж цааш хийхээс гадна, төрсөн өдрийн бэлэг, Цагаан сарын бэлгийн мөнгөө хуримтлуулсаар манай гэрийн хамгийн баян хүн болоод хувирчих нь тэр. Түүний энэ байдал эргэн тойрныхонд ч нөлөөлөв. Том болохоороо хуримтлуулсан мөнгөөрөө “Дэлгүүрчин охин” болно хэмээн гурван настай дүү нь ярьж байгаа бол өөрөө “Гадаадад сургуульд сурна” хэмээн томорч байх. Энэ жишгээр жилдээ нэг удаа өөрийн биеэр боодол боодол 10,20,50,100-тын дэвсгэртээ банкинд тушааж, хуримтлалаа арвижуулдаг болов. Хамгийн сүүлд 267.170 төгрөг банкинд тушааж, дэвтэрээ бичилт хийлгэсэн охиноос томчууд бидэнд сурах зүйл олон байгаа нь анзаарагдав.

Ийнхүү орчин үеийн хүүхдүүд багаасаа л мөнгийг хурааж хуримтлуулах, түүнийгээ хэрхэн зарцуулах талаар өндөр мэдлэгтэй болж байгаа нь авууштай. Хадгаламж өлсөхөөс биш, хуримтлуулахаас эхэлдэг аж.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Би зөвхөн бөхчүүдээс л жудаг хайна

С.Мөнхбат аварга “Та нар яагаад бөхчүүдээс жудаг нэхээд байгаа юм бэ” гэж хэлэхийг сонслоо. Өнөө цагт барилдаж буй цолтой бөхчүүд дотроо чухам овоо жудагтай нь гэлцдэг залуугийн амнаас ийм үг унахаар нь гайхлаа. Би бээр зөвхөн бөхчүүдээс л жудаг хайна. Яагаад гээч. Хүн гэдэг махбод нь заавал нэг зүйлийг шүтэж, жишиж түүн рүүгээ тэмүүлж, өөрийгөө тийм хэмжээнд хүргэх юмсан гэж мөрөөдөж амьдардаг золиг юм. Залуучууд, эрчүүд шинэ зуунд өнгө мөнгө, эрх мэдэл, эд хогшлыг илүү их бишрэх болжээ. Түүнээ дагаад нөгөө монгол эрийн гүндүүгүй зан, үг цөөтэй, даруулгатай, ухаан цэгцтэй, хүлээцтэй байх гээд чанарууд хөсөр хаягдсаар. Ийм шинж чанарыг агуулж явсан, цаашдаа хадгалаад явах болов уу хэмээн горьдол тээх хүмүүс нь энэ цөөхөн хэдэн бөхчүүд маань юм шүү дээ. Халдвартын эмч нарыг хар даа. Хэдэн арван жилийн түүхэндээ тарваган тахлын үед л чимээ нь сонсогдохоос бусад үед нь аниргүйхэн амьдарч байсан тэд сүүлийн хоёр жил түмэн олныхоо өмнө хүлээсэн үүргээ чимээгүйхэн нэр төртэй биелүүлээд сөхөрч унатлаа ажиллаж байгаа биз дээ. Үүнтэй адил нийгмийн өмнө та нарын хүлээсэн бичигдээгүй хууль бий.

Монгол заншил, өв уламжлал, зан араншингийн соёлыг тээж яваа та бүхэн эрх мэдэл, эд мөнгөнд шунаж, хууль зөрчөөд эхлэхээр нөгөө харж баясаж явдаг ард түмэн чинь яах юм бэ. Жудаг гээч нь жирийн үг биш. Энэ бол ховор олдох хариу нэхдэггүй том хариуцлага.

Д.Бат-Эрдэнэ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Муу эр дайнд хөөрнө

“Муу эр дайнд хөөрнө” гэж яасан үнэн үг вэ. Цахим орчноор дүүрэн ОХУ, Украины асуудлыг ярьж хөөрцгөөсөн улс. “Цус үзье” гэдэг шиг байлдахыг нь дэмжээд ч байгаа юм шиг. Байлдаасай гэж бодоод эхлэхийг нь хүлээгээд ч байгаа юм шиг. Монголчуудад угаас нэг муухай зан байна. Энэ бол аливаа асуудлын гоё сайхныг харахаас илүү муу, бүтэлгүйг нь олж хардаг зан. Машин, мотоциклийн уралдаан үзэж буй гадныхан “Ямар гоё уралдаан болж байна аа” гэж үздэг бол монголчууд “За одоо аль нь унаж, ямар осол аваар гарах бол” гэж хүлээдэг гэсэн хошигнол хэрнээ үнэнд ойр хөнгөн яриа бий. Үүн шиг ОХУ, Украин хоёр байлдаж л байвал сонирхолтой бололтой. Хэрэв байлдвал бидэнд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодож байгаа хүн цөөхөн аж. Одоогийн байдлаар ОХУ, Украины харилцаа хурцадсаны улмаас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2-3 хувиар нэмэгдээд байна. Хэрэв нөхцөл байдал улам муудвал үүнээс ч илүү нэмэгдэнэ л гэсэн үг.

Хэдэн сарын өмнө шатахуун нь дууссан “Приус”-ээ түрж явсан монголчууд үүнийг ойлгохгүй дайнд хөөрч, даган баясаж яваа нь харамсалтай.

Москва найтаахад Монгол ханиад хүрдэг гэдэг шиг шатахууны үнэ нэмэгдэх нь хамгийн эхний асуудал. Цаашлаад ОХУ, Украинаас импортоор авдаг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, үнэ нь нэмэгдэх магадлалтай. Тиймээс дайн бол хүсээд байх зүйл биш!

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Алив, найзууд минь тэврэлдье

Үзэг нэгтэн, фэйсбүүкийн найз маань “Өглөө цагтаа ирсэнгүй гэж цалин хасдаг, заавал ажил дээрээ байх ёстой” гэх мэт хэт уламжлалт, үүрэг хариуцлага нэхдэг байснаасаа хааяа ичээд байх юм” хэмээн нүүр номдоо бичсэн байна лээ. Үнэхээр ковидын нөхцөл байдал уламжлалт ажлын байр хэмээх ойлголтыг эвджээ. Дэлхий нийтээр цахимаар ажиллах соёлыг хүлээн зөвшөөрч, манай намууд хүртэл Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цахим ажлын байрны тухай дурдав. Ковид дуусч, амьд харилцаа цэцэглэх өдрүүд айсуй. Гэсэн ч долоо хоногийн аль нэг өдөр цахимаар ажиллах, эсвэл цахимаар ажиллах боломжтой ажлаа цахимаар хийгээд, ажлын байран дээр ажиллах шаардлагатай ажлуудаа ажил дээрээ амжуулах байдлаар уян хатан ажлын нөхцлүүд ч бий болгож болно.

Энэ бүхэн ажлын үнэлгээ өөрчлөгдөхөд хүргэж буй юм. Өглөө ажилдаа ирээд цагаа бүртгүүлж, ажлын байран дээрээ сууж байгаа хүнийг ажилласан гэж үзэх үү. Аль эсвэл ажлын үр дүнгээр нь хүнийг үнэлэх үү гэдэг асуулт зүй ёсоор ургана. Үнэндээ өдөржин ажил дээрээ суусан ч үр бүтээлгүй байж болно. Ажил дээрээ харагдаж үзэгдээ ч үгүй мөртлөө час хийсэн ажил гараас гаргасан ажилтан байж мэднэ. Ковид дууссан ч Улаанбаатарын түгжрэл ойрын мөддөө дуусахгүй. Нийслэлчүүд маань ажил дээрээ ч биш, гэртээ ч биш зам дээр, автобус, унаанд “амьдарч” мэдэхээр байна. Цахимаар ажиллан, цаг, мөнгөө хэмнэх сонголт бий.

Алив, найзууд минь тэврэлдье. Сонголт олон байх тусмаа ашигтай шүү дээ.