Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Экологийн цагдаагийн алба гэж байна уу || DNN.mn

Хавар ирж буйг илэрхийлэх авиа их бий. Хүүхэд багачуудын дуу цангинаад, өглөөгүүр гадаа бор шувуу шогшгонох нь тод сонсогдоод чихэнд чимэгтэй гэж жигтэйхэн. Хот тойрсон хэдэн зуслангуудад цас ханзарч урин дулаан эхлэхтэй зэрэгцээд алх, хөрөөний давтамж, дараалалтай нүдэлтүүд эхэлнэ.

Урин дулаан цаг эхэлж буйг илтгэх шинэ цагийн авиа гээд хайлах гэхээр арай л хэцүү. Учир нь ийм л үед нөгөө цөөхөн ногоон бүсээс чинь өвөл унагаад цасанд булчихсан гуалингаа зөөж эхлэх юм. Сүүлийн жилүүдэд хулгайлж огтолж авсан модоо ил задгай зөөхөө больж шууд л ой дотор нь, хаяа хязгаарт нь тулгаж байгаад дүнзэн байшингуудыг босгодог болчихлоо. Ойн тухай хуульд ногоон бүсээс зуу ч билүү метрийн зайд байшин барилга барихыг хориглоно гээд хуульчлаад байсан чинь замхраад алга болчихсон юм уу.

Энэ зөрчлүүдийг зогсоон таслах зорилгоор Экологийн цагдаагийн алба гээчийг байгуулаад байсан, ажиллаж байгаа юу. Хотын дарга тоосгон гараж, хашаа хайстай байлдаж ногоон бүс байгуулна гээд байдаг атлаа байгалиас бэлэглэсэн амьд ногоон бүсийг чинь сүйтгээд байгааг анзаарч байна уу. Буух эзэнтэй, буцах хаягтай байшингууд, баригдсан ба баригдаж буй өчнөөн олон хаусууд ой таллаад төмөр хашаатайгаа хаана ч очсон байж л байна.

Түмэн мод тарья гэхээс гадна ургаад өндийчихсөн хэдийгээ хайрлаж хамгаалаач.

Д.Бат-Эрдэнэ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нийтийн тээвэр дэх хандлагын ялгаа || DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт хилийн чанадад суралцдаг найзтайгаа онлайнаар холбогдлоо. Аж амьдралаас нь авахуулаад хүмүүсийн харилцаа хандлага зэргийн талаар нээлттэй хөөрөлдсөн юм. Манай хүн сурахын хажуугаар ажилладаг. Хоногийн 24 цагийн тэн хагаст нь ажиллаж, 3-4 цагт нь суралцана. Үлдсэн хугацаанд нь унтаж амардаг гэнэ. Сүүлийн гурван жил орчмын хугацаанд ийм хэмнэлээр яваад нэлээн ядарч.

Саявтар метронд явахад нь настай эмэгтэй хажууд нь ирээд зогсож. Манай хүн ядарч байсан ч “монгол зангаараа” шууд л суудлаа тавьж өгөхөөр ухасхийгээд боссон байгаа юм. Хариуд нь өнөөх эмэгтэй “Хэрэггүй ээ. Надаас илүү ажилласан чи ядарсан байх. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн хөлөө амраагаад буу” гээд мөрөн дээр нь зөөлхөн хүрч л дээ. Энэ үйлдэл нь харийн оронд ажиллаж яваа найзад маань эерэг сэтгэгдэл төрүүлж.

Манайд ийм хандлага яг эсрэгээрээ байх шиг. Нийтийн тээврээр зорчиход “Би л ахмад настай. Надад л суудал тавьж өгөх ёстой” гэх ялархсан хандлага ахмадуудаас түгээмэл харагддаг. Энэ хандлагаа илэрхийлэхдээ залуусыг үгүйсгэж, олны өмнө хүмүүжилгүйгээр нь дуудан шившиглэж хуучин нийгмийн үзэл суртал харуулна.

Нийтийн тээвэр ахмадуудын өмч биш. Дээрх жишээнээс үлгэрлэж энэ ялархсан муухай хандлагаа засах цаг болсон юм шиг. Наанадаж л түүнийгээ эелдгээр илэрхийлж байвал.

Өглөөнөөс үдэш хүртэл завсаргүй ажилласан залуус, хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж буй оюутнуудад ялархдаг хандлагаа ахмадууд өөрчлөх цаг болжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зохиолчид У.Хүрэлсүхийг магтаад эхлэх нь юуных вэ || DNN.mn

Ерөнхийлөгч саяхан зохиолчдыг хүлээн авч уулзжээ. Зохиолчдын хоёр хороог нэгтгэх тухай ярьсан байна. Ер нь У.Хүрэлсүх сүүлд хуваагдсан холбоо бүрийг нийлүүлж эв нэгдэлтэй байлгах гэж үзэж байгаа л даа. Цагаан сарын өмнөхөн бөхчүүдтэй уулзаж эвтэй найртай байхыг үүрэгдсэн. Аливаа зүйл эв түнжинтэй байх шиг чухал юм үгүй. Төрийн тэргүүн эв нэгдлийг илэрхийлэгч гэдгээрээ эрх үүрэг нь мөн. Гэхдээ Ерөнхийлөгчтэй уулзсан бүхэн түүнийг магтан мандуулж, дээд зэргээр өргөмжилж байгаа нь зарим үед хэтийдэх юм. Түүнтэй уулзсан зохиолчид нулимс унагах нь холгүй магтаж, олон нийтийн сүлжээнд ил цагаан бичиж байна.

“Цэдэнбалаас хойш анх удаа төрийн тэргүүн зохиолчдоо хүлээж авлаа” л гэнэ, “Өмнөх Ерөнхийлөгч булчин шөрмөсийг шүтэж, оюуны салбарыг хаясан, тэгвэл Хүрэлсүх Ерөнхийлөгч маань зохиолчдоо дээдэллээ” гээд бялууртал нь бичиж байна. Нийгмийг эрүүлжүүлэх, нийгэмд бугширсан зүйлийн үнэн мөнийг зоригтойгоор хэлэх үүрэгтэй зохиолчид төрийн тэргүүнээ хэл амаа олохгүй магтаж байгаа нь зөв үү. Энэ байдлаараа социализмын үе рүүгээ ухарч байх шиг санагдах юм. Хуучин нийгмийн үед зохиолчид шиг эрх дархтай, нэр төртэй хүмүүс байгаагүй. Яагаад гэвэл тэд эрх баригчдыг, нам засгийг магтан дуулагчид байсан. Главлит гэж айхтар байгууллага байлаа. Пүрэвдорж гуайн “Чингис” тэргүүтэй бүтээлүүд, Чойномын эсэргүү шүлгүүд араанд нь зуугдаж байсан. Тэгвэл өнөөгийн зохиолчид Ардын намыг, Хүрэлсүхийг магтан дуулагчид болох юм биш байгаа даа гэх хар төрж байна. Ерөнхийлөгч шинжлэх ухааны эрдэмтдийг мөн хүлээн авч уулзсан гэсэн. Эрдэмтэд Ерөнхийлөгчөө бас л магтаад байна гэсэн. Энэ чигээрээ байвал зохиолч, эрдэмтэн, урлаг соёлын зүтгэлтнүүд Хүрэлсүхийг өргөмжилсөн, Хүрэлсүх нь тэдэнд баруун солгойгүй гавьяатын тэмдэг зүүж өгсөн ийм байдал руу орох юм биш байгаа. Бүгд гавьяат, хөдөлмөрийн баатар болж мандаад байдаг. Гэвч улс орны байдал улам уруугаа эргэж эдийн засгийн хувьд элгээрээ хэвтсэн, ажил хийдэг хүнгүй, нэг хүнийг тахин шүтсэн ийм “там”-ын орон болох юм биш байгаа даа, бурхан минь

Д.Батболд

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гамшгийн дуут дохио дуугарахад юу хийх ёстой вэ? || DNN.mn

Өнөөдөр 16 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна. Энэ үеэр иргэд юу хийх ёстой байдаг вэ.

Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох ёстой. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална.

Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой. Орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй. Ийм энгийн зүйлсийг гүйцэлдүүлэхэд болно.

Харин үнэтэй цайтай эд юмсаа авах гэж огтхон ч оролдох хэрэггүй, газар хөдөлсөн тохиолдолд та бичиг баримт, шүдэнз, шүгэл зэрэг яаралтай үед хэрэглэх зүйлээ хийж бэлтгэсэн үүргэвчээ авч гарахад л хангалттай.

Хамгийн чухал нь эд хөрөнгө биш таны амь үнэтэй учир дуут дохио дуугарахад “Нээрэн гамшиг болвол яах билээ” гэж нэг удаа ч болов эргэцүүлж, дээрх бяцхан зөвлөгөөг тунгааж, дарааллыг нь тогтоох гэж хичээгээрэй. Ядаж ажил, гэрийнхээ ойролцоох аюулгүй зай, талбайгаа мэдээд авахыг бодно уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ингэтэл хулхидах ч гэж дээ || DNN.mn

Хэдэн жилийн өмнө бичил хорооллын хойд талын байрны урд байшин барихаар нүх ухаад эхлэв ээ. Оршин суугчид нь эсэргүүцээд бөөн юм болов. Гэтэл тухайн барилгын эзэн бололтой нэг эрхэм гарч ирээд “Хүүе ээ, энд архинаас гаргах төв барих гэж байгаа юм аа. Хүмүүст хэрэгтэй шүү дээ. Эргэн тойронд маань архинд орсон хүмүүс зөндөө байна” гэж уяртал донгодоод хүмүүсийн эсэргүүцлийг нам дарсан юм. Бас болоогүй ээ, барилгынхаа эргэн тойронд “Архинаас гаргах төвийн байр” гэсэн том бичиг нэмж хадлаа. Өнөөдөр тэнд дөрвөн давхар хүнсний дэлгүүр ажиллаж байна. Юун архинаас гаргах төв бэ. Харин архи зардаг болсон.

120 мянгатын шар байрнуудын дунд хэдэн жилийн өмнө бас л нүх ухаад эхэлсэн. Мэдээж, оршин суугчид эсэргүүцээд жагсав. Хорооноос хүмүүс ирж “Наана чинь хороо болон эмнэлэг, цагдаа байрлах жижигхэн хоёр давхар байр барих юм. Та нарт төрийн үйлчилгээ ойртож байна. Байшин сүүдэрлэж нар халхлахгүй” гээд ухуулав. Үнэхээр тэнд хорооны хоёр давхар шар байшин барьсан л даа. Гэхдээ дэргэд нь 12 давхар орон сууцны байр зэрэгцээд сүндэрлэн боссон юм.

Хотын төвд сүндэрлэх Шангириллагийн байрыг барихад анх мөн л худлаа ярьсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн өргөтгөл энэ тэр гэж бурсан. Дуурийн театрын урд талын өндөр шилэн барилгыг бариулахгүй гэж эсэргүүцэхэд мөн л молгидож дөнгөсөн. Төв талбайн урд хачин гоё, орчин үеийн усан оргилуур барина гээд машинаар усаа зөөж ажилладаг нэг юм хийсэн.

Эдгээр бол зүгээр л жишээ. Эрх баригчид байнга л худлаа ярьж, анх ярьснаасаа эсрэгээрээ ажилладаг. Ингэж хулхидуулсаар байгаад хаширчихсан иргэд нь Хүүхдийн паркийн хашааг аваад эхлэхээр есөн шидээр нь хардаж сууна. “Барилга барихгүй, цэцэрлэгт хүрээлэн болгоно” гэж дарга нар нь ам тангаргаа өгөөд байхад итгэхгүй. Төдийгөөс өдий хүртэл хулхидуулсаар ирсэн хүмүүс итгэхгүй байх нь аргагүй. Харин барим тавим цэцэрлэгт хүрээлэн нүдэн дээр нь босвол л нэг юм итгэж тайвшрах байх даа.

Ард түмнээ ингэтэл хулхидах ч гэж дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Болоогүй зүйлд санаа зовох нь аваагүй зээлийн хүүг төлөхтөй адил || DNN.mn

Энэ бол еврей зүйр үг юм гэсэн. Их олж хэлсэн, хоржоонтой үг санагдаад байдаг юм. Нээрэн л бид болоогүй зүйлд үгүй мөн их санаа зовдог доо. Тэгчихвэл яах юм бэ гээд л. Үгүй наадах чинь яг тэгэх гэж байна, тэгж л таараа гэцгээн үйл явдал болоогүй байхад л урьдчилаад санаа зовоод байдаг. Хүүхдээ тэгчих вий, ингэчих вий гээд санаа зовдоггүй хүн бий билүү.

Тэгвэл ингэх нь аваагүй зээлийнхээ хүүг төлж байгаа хэрэг гэнэ. Танаас аваагүй зээлийн чинь хүү гээд банк мөнгө нэхээд байвал ямар санагдах вэ. Ямар ч утгагүй тэнэг санагдахгүй гэж үү. Та банкийг галзуу юм уу солиотой юм уу, гэж гайхан бүүр доромжилсон хэргээр шүүх цагдаадаа тулна. Ингэхээр үүнээс хойш болоогүй зүйлд санаагаа зовоохоо больё оо л гэх гээд байна. Бидний санаа зоволт зовинол бол дандаа ирээдүй цаг дээр болж байдаг гэж япончууд сургадаг.Та бодоод үзээрэй. Болоогүй, ирээгүй юманд санаа зовж сэтгэл санаагаа үймүүлэх ямар хэрэг байна. Орост дайн болж байна, бид одоо яана аа гээд байгаа хүмүүст хэлэхэд, та аваагүй зэлийн хүүг төлөх үү гэж асуумаар санагдах аж. Ирээдүйгээ ухаалгаар, шинжлэх ухааны үндэстэйгээр тооцон түүнээс гарах уршиг, ач холбогдлыг тогтоон түүнд бэлтгэх бол үүнээс шал өөр үйл хэрэг юм. Бид болоогүй юманд санаа зовсноороо яг одоо цаг дээрээ амьдарч чадахгүй байна.

Бид сүүлийн гучин жил яг ингэж оволзож амьдарлаа. Үр дүнг нь та бид харж байна. Ямар ч чадваргүй улсыг бий болгожээ. Өөрсдөө юу ч хийж чаддаггүй улсууд биднийг доромжлоод, дээрэлхээд байгааг ч ойлгохгүй ийм мунхаг ард түмэн бий болсон байна. Бид хойч үеэ хэрсүү, ухаантай ард түмэн болгож хүмүүжүүлж чадахгүй байна. Тэгэхлээр хэдүүлээ одоо тогтож, эргэн тойрон болон бид юу болж байна, хэн болж байна, хэн биднээр яалгах гээд байна, аль нь үнэн, аль нь худал юм гэдгийг эргэцүүлэн боддог болъё. Худал юмыг энэ худал шүү гэдгийг тогтооё. Үнэн юмыг энэ үнэн байна шүү гэж тогтъё.

Энэ бүгдийг эрдэмтэн сэхээтнүүд ард түмэндээ хэлдэг болъё. Хэлэхдээ аль нэг улс төрийн хүчин, эрх баригчдыг долдойлон дагалгүй яг үнэн мөнийг хэлэх хэрэгтэй. Хэлэхдээ судалгаатай институдүүдийн гаргасан зүйлсийг ярьж мөрддөг байя.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эрчүүдээ улам их хайрлая || DNN.mn

“Эр хүмүүсийг та нар хааяа ч гэсэн хайрла, эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл” хэмээн яруу найрагч М.Билэгсайхан нэгэнтээ шүлэглэсэн байдаг. Уг шүлгийн мөрөөс эрчүүд ямар их хайраар дутагддагийг харж болно.

Эрчүүдийг хааяа нэг хайрлах биш, өдөр бүр хайраар тэтгэх хэрэгтэйг тэдэнтэй холбоотой судалгааны дүн харуулсаар байна. Өнөөдөр архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолт, сэтгэл гутрал, гэмт хэрэгт өртөх байдлаараа эрчүүд эмэгтэйчүүдээс хэдэн арван хувиар хол давжээ. Бага насандаа хайраар дутагдаж, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн эрчүүд нас биед хүрсний дараа нийгэмд хүчирхийлэгчийн дүрийг бүтээх нь элбэг байна.

Харин хайраар тэтгэгдэж, урмаар услагдсан эрчүүд илүү бие даасан, шийдвэр гаргах чадвартай, өөртөө итгэлтэй, бусдыг энэрэх хайрлах сэтгэлтэй байх нь элбэг. Цаашлаад эрчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалт бүхэл бүтэн 10 жилийн зөрүүтэй байгаа нь анхаарал татаж байна. Тэд эрүүл мэнддээ анхаарч жил бүр эрүүл мэндийн үзлэгт орох нь бүү хэл өвдөөд, өвчлөл нь хүндэрч, эцсийн шатандаа орсон хойноо эмнэлэг бараадаж байгаа нь яах аргагүй эмзэглэл төрүүлж байна. Эрчүүд өвдөх, уйлах эрхгүй мэт аашилж, тэднээс үргэлж чанга хатууг шаардахаа больцгооё. Тэдэнд уйлах,өвдөх эрхийг нь үлдээе. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг дээ. Эрчүүдийгээ өчигдрөөс илүү өнөөдөр, өнөөдрөөс ч илүү маргааш улам их хайрлая. Хариуг нь бид нийтээрээ, нийгмээрээ хүртэх л болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Маргаашийн нарыг үзэхгүй байх магадлалтай нөхөртөө бичсэн захидал || DNN.mn

“… Би яагаад чамтай хамт байсан цаг үеэ харамлаж амьдарч чадаагүй юм бэ. Дэлгүүр тэнэж, үс, хумсаа янзлуулна гээд өнгөрөөж байсан тэр их хугацаанаасаа ядаж өчүүхнийг нь ч гэлээ эргүүлж авчраад хайрт чинийхээ тэвэрт үлдээх боломж байдаг бол бүгдийг зориулах юмсан. Хүү чинь аав хэзээ ирэх вэ гэх бүрт сэтгэл үйрч, ухаан бодол газрын гав руу унах юм.

Энэ дайн чөтгөр лүүгээ тонилоосой. Чамайг өчигдөр утсаар ярихад олигтой юм хэлж чадсангүй. Одоо утас чинь холбогдохгүй байна. Бодохгүй гэж хичнээн хичээсэн ч зөвхөн муу муухай бодол л эргэлдээд… Чи минь наддаа эргээд ир. Загасандаа яв, найз нартайгаа хэдэн өдөр явсан ч би уурлахгүй. Ер нь миний бухимдаад байдаг асан зүйлс ямар ахар мухар эд байсан юм бэ. Хань минь амьд л бол хамаагүй бидэндээ эргээд ир. Үхэн үхтлээ бусдаас харамлаж амьдарна гэдгээ амалъя.”

Лида гэдэг бүсгүйн нөхөртөө бичсэн ийм захидал нийтийн сүлжээнд байхыг харлаа. Тэр бүсгүй орос, украин, башкир, мордов гээд аль нь байж магадгүй. Бидний үед хэзээ ч ирэхгүй гэж бодож байсан гамшигт дайны хар сүүдрийн өчүүхэн хэлтэрхий нь энэ захидал. Ийм л үед Их яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ” гэдэг үгсийг санахуй.



Д.Бат-Эрдэнэ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Архи зовлонгийн шалтгаан биш || DNN.mn

Монголын төр бараг анх удаа эрчүүдийнхээ асуудалд санаа зовинож, Ерөнхийлөгчийнхөө ивээл дор үндэсний чуулган зохион байгууллаа. Чуулганаар яригдсан асуудлуудаас хамгийн анхаарал татсан нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Ерөнхийлөгчийн санаачилга байв. Эрүүл гэдэг нь хоёр утгыг илэрхийлж байна. Нэгдүгээрт, архи уухгүй эрүүл саруул ухаантай амьдрах, хоёрдугаарт, архи уугаагүй учраас бие нь эрүүл саруул байх ойлголт юм.

Ерөнхийлөгч “Бурханы сургаалд нэг сайхан үг байдаг. “Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол” гэж. Тэгвэл бидний зовлонгийн нэг том шалтгаан бол архидан согтуурах, архинд донтох явдал юм. Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг” гэлээ. Ийм санал санаачилга гаргаж, үндэсний хэмжээнд хөдөлгөөн өрнүүлэх гэж байгаа нь сайн. Гэхдээ архитай хэрхэн тэмцэх вэ. Өнгөрсөн хугацаанд архины татварыг нэмж, зарим өдрүүдэд зарахыг хориглож, Ерөнхийлөгч маань архи биш, сүү өргөж тэмцсэн. Өөрөөр хэлбэл, бид архитай өөртэй нь л тэмцсээр, бүх бурууг архи руу чихсээр ирсэн. Харин одоо иргэдийнхээ сэтгэл зүйтэй тэмцэж, архи уухгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Зовлонгийн шалтгаан бол архи биш. Харин түүнийг уухад хүргэж буй зүйл нь зовлонгийн шалтгаан юм. Тиймээс зовлонгийн шалтгааныг архинаас биш, архийг ууж буй хүний сэтгэл дотроос хайх хэрэгтэй. Тэр шалтгааныг олсон цагт архины хэрэглээ аяндаа буурна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Баруун гарын дүрмээ баримталж хэвшицгээе || DNN.mn

Ногоон гэрэл асч, замын хоёр талаас явган зорчигчид яаран сандран зөрөлдөв. Их сургуулийн өмнөх энэ гарц хөл хөдөлгөөн ихтэйг хэлэх үү, зам ачаалалтай үед гэрлэн дохио анивчих мэт солигдоно. Утсаа ширтэх залуус олны хөлийг дагаад ум хумгүй урагшлахдаа хоорондоо мөргөлдөж, барьцалдахаас наагуур юм болж, ам амандаа үглээд гэрлэн дохиотой уралдан гүйлдэх нь тэр. Монголчууд бид үнэндээ дүрэмгүй амьдраад сурчихсан улс гэдэг нь энэ мэт энгийн хэдхэн үйлдлээс шууд харагдана. Дуртай газраа тарлаж амьдардаг нүүдэлчин сэтгэхүй нь гудамжинд зөрөхөд, шатаар алхахад, хаалгаар орж гарахдаа ч мөргөлдөж, шүргэлцэх байдлаар илэрнэ. Бухимдал, стрессийн шалтгаан болсон энэ асуудлын шийдэл уг нь тун амархан. Хүн бүр баруун гарын дүрмээ баримталдаг болчихвол зовлонгүй. Зөв гарынхаа чигийг дагаад л явбал чихцэлдээн үүсээд байхгүй шүү дээ. Шатаар өгсөхдөө ханаа дагаад, уруудахдаа шатны бариулыг барина. Гарцаар гарахдаа хүмүүстэй зүүн талаараа зөрөлдөнө гээд ой санамжиндаа кодолчих хэрэгтэй. Ингэж хэвшээд сурчихвал хэн хэндээ амар. Ядаж л таксины жолоочид зам заахдаа хүртэл “Одоо ийшээ эргэнэ” гээд муйхарлаад байхгүйгээр “Баруун, зүүн тийшээ”-гээ хэмээн хэлдэг болчихно.

Нийт хүн амын талаас илүү нь амьдарч байгаа Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцогч иргэн бүр их хотын наад захын дүрэмд суралцмаар байна. Ирээдүйн соёлтой иргэдээ бэлдэхийн тулд өөрсдөө үлгэрлэцгээе.