Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр ид хаваа гайхуулан барилдах бөхчүүдийн үндсэн бэлтгэл ерөнхийдөө ханажээ. Нутаг нутгийн бөхийн гал зургадугаар сарын эхээр бэлтгэлдээ гарсан. Сарын хугацаанд өндөржүүлсэн байдалд бэлтгэл хийсэн байна. Холын болон ойрын зайн кросс гүйлт, хүчний бэлтгэл гээд өглөөний 06 цагаас нар жаргатал бэлтгэл хийнэ. Харин өнөөдрөөс биеэ нөөж эхлээд буй аж. Наадам дөхсөн энэ үед мэхээ давтахаас гадна учраагаа хэрхэн давах вэ гэдгийг дотроо бясалгаж байдаг. Торгон ир оруулах бэлтгэлийн үе эхэллээ ч гэж хэлж болно. Өнгөрсөн амралтын өдөр наадмын өмнөх сорилго барилдаан боллоо. Төв болон Сэлэнгэ аймгийн бөхчүүд Төр хурахын аманд бэлтгэлээ хийж буй сурагтай. Сэлэнгийнхэн өнгөрсөн наадмын түрүү, улсын аварга Г.Эрхэмбаярыгаа өнөө жил гайгүй сайн барилдана гээд захыг нь мушгиж байгаа нь тодорхой. Аварга ч олон түмний итгэлийг алдахгүйн тулд бэлтгэлийг тултал хийж байгаа гэсэн. “Таван хан” дэвжээнийхээ бөхчүүдийн дунд болсон сорилго барилдаанд өнгөтэй байна гэж нутгийнхан нь ярьж байна лээ. Тэдэнтэй зэрэгцэн бэлтгэл хийж буй Төв аймгийнхан аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Г.Ганжад нарыгаа өнөө жил улсын цолонд хүрнэ гэж найдаж буй гэнэ. Заалны барилдаанд дээгүүр сайн барилддаг хоёр бөхийн бэлтгэл ч сайн байгаа. Бас улсын харцага Ө.Даваабаатар байна. Бэртэл нь бүрэн эдгэрсэн.
Тусдаа өндөржүүлсэн бэлтгэл хийж байгаа гэх сураг сонсогдоод байгаа. Начин цолоо баталж өсөх идэр чимэг нэмсэн Ж.Отгонбаярыг цолоо ахиулах болов уу гэж харж суугаа нь мэдээж. Аль нутгийн бөх хүчтэй байгааг сурвалжлахаар “Сүүж”, “Дуган хад” амралтын газраар орлоо. “Дуган хад” амралтын газарт Монгол Улсын гарди И.Доржсамбуугаар ахлуулсан Булганы бөхчүүд бэлтгэлээ базааж байна. Олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр, улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Э.Энхбат тэргүүтэй 32 бөх сорилго барилдаанд зодоглосон юм.
Уг барилдаанд улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, харцага Н.Түвшинбаяр үзүүрлэсэн. Шөвгийн дөрөвт өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу нар үлдлээ.
Аймгийн арслангууд ч өнгөтэй байсан. А.Отгонбаатар, А.Сүмбээ, Б.Бат-Эрдэнэ, Д.Амарсайхан, Д.Амаржаргал, Д.Тамир, Б.Хашбат нарын аймгийн арслангууд хүчтэй байна гэж улсын цолтнууд нь үнэлж байгаа ажээ. Булганы “Булган хангайн хүчтэнүүд” галын ерөнхий дасгалжуулагчаар улсын заан М.Өсөхбаяр ажиллаж байгаа бол улсын гарьд И.Доржсамбуу, улсын арслан Д.Азжаргал нарын бөхчүүд заавар зөвлөгөө өгөн бэлтгэлээ хийж байна. Олимпийн аварга Н.Түвшинбаярын тухайд өнөө жил дахин зодоглоно. Сорилго барилдааны үеэр Булганы нутгийн зөвлөлийнхөн ирчихэж. УИХ-ын гишүүн асан Б.Өвгөнхүү, Шинжлэх ухааны академийн Технологийн инкубатор төвийн захирал Ч.Батсүх, “UFC” группийн ерөнхий захирал О.Амартүвшин, “Ар монгол” группийн ерөнхийлөгч Т.Батжаргал нарын хүмүүс нутгийн бөхчүүдээ дэмжихээр иржээ. Энэ галд 50 гаруй бөх бэлтгэл хийж байгаа гэсэн. Аймгийн цолтой зарим бөхчүүд сум, орон нутгийнхаа наадамд зодоглохоор буцсан гэнэ. Булганы наадам долдугаар сарын 10, 11-нд болно. Улсын наадамд хүч үзэх 30 гаруй бөх энэ сарын 8, 9 хүртэл бэлтгэл хийгээд хот руу буцахаар төлөвлөжээ.
“Сүүж” амралтын газарт Завхан, Хөвсгөл, Ховд, Дундговийн гал гарсан байна. Улсын гарьд Б.Гончигдамбаар ахлуулсан Завханы бөхчүүд бусдыгаа бодвол хамгийн эрт бэлтгэлдээ гарсан. Өнгөрсөн жил үзүүрлэсэн гарьдыгаа Завханыхан өнөө жилийн түрүү бөх болно гэж харж суугаа нь лавтай. Б.Гончигдамбын бэлтгэл ч сайн байгаа гэж нутгийн олон нь ярьж байна лээ. Харин Хөвсгөлөөс улсын харцага Ц.Содномдорж дээгүүр барилдах болов уу. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Бөхийн өргөөнд болсон “Ард даатгал”-ын 20 жилийн ойд зориулсан наадмын сорилго барилдаанд түрүүлж өнгөтэй байгаагаа харуулсан. Цагаан сарын барилдаанд улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшсөн гэх шалтгаанаар барилдах эрхээ дөрвөн сар хасуулсан ч гэлээ сүүлд болсон хоёр ч
томоохон барилдаанд үзүүрлэж, түрүүлсэн. Үүнээс харцагын бэлтгэл ямархуу байгааг харж болохоор. Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосон уг барилдаанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн юм. “Сүүж”-д бэлтгэлд гарсан бас нэг гал бол Ховдынхон. Цагаан сарын барилдаанд шуугиулаад байсан аймгийн арслан О.Хангай бэлтгэл дээрээ ч мөн гялалзаж байна. Зориг орчихсон, нүдэнд нь улсын цол л харагдаж байгаа биз. Түүнтэй хамт улсын цол руу зүтгэх бөх бол аймгийн арслан Бадамгарав. Тэрээр томоохон барилдаануудад улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбатыг хаяж л байлаа. Ер нь томчуудыг даваад үзчихсэн бөх. Тэгэхээр даваа ахих тусам “аваргууд”-аас бэргэхгүй зүтгэх биз. Мөн улсын начин Б.Пүрэвсайхан байна. Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Ч.Санжаадамба нарыг давж байсан. Түүнийг олон хүн харцага, заан, гарьд цолонд хүрч барилдана гэж харж байгаа юм.
UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин сорилго барилдааныг нээсэн юм
Бөхчүүдийн үндсэн бэлтгэл дуусах тийшээ хандаж буй болохоор хүчний бэлтгэлээ багасгаж байгаа. Тиймээс өглөө зургаагаас найман цагийн хооронд хүчний бэлтгэл хийгээд хоолондоо ордог гэсэн. Ингээд унтана. Үдээс хойш гүйх, эсвэл мэхний бэлтгэлээ хийгээд амрах хуваарьтай бэлтгэлийн өдрүүд эхэлжээ. Ерөнхийдөө наадам дөхсөн сүүлийн арав хоногт сэтгэл зүйн бэлтгэлээ хийдэг юм байна.
С.АЛТАНЦЭЦЭГ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН