Categories
мэдээ нийгэм

Бямба гаригт автобуснууд мөнгөний хайрцаггүй үйлчилгээнд гарна

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, зөвхөн картаар зорчуулах болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, ирэх бямба гаригийн өглөө гэхэд бүх автобус бэлэн мөнгөний хайрцаггүй үйлчилгээнд гарах юм байна.

Иймд иргэд өөрт хамгийн ойрхон автобусны буудлын “U money” карт борлуулах цэгээс картаа худалдан авч цэнэглүүлэх ёстой юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 449 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд 31-ээр нэмж 480 болгохоор ажиллаж байгаа аж. Мөн Нийслэлийн Тээврийн газраас хороодтой хамтран амьжиргааны түвшин доогуур иргэдэд 20 мянган карт үнэгүй тараахаар болсон билээ. Түүнчлэн, Сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25 мянга, хүүхэд найман мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой болох аж. Тус картыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн “хэрэглэгчийн төв” болон “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Дүнжингарав, Драгон, Мишээл салбаруудаас худалдан авах аж. Харин нийслэлд түр ирж байгаа орон нутгийн иргэд тухайн орон нутгийн чиглэлд явдаг авто вокзалуудад байрлах “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр худалдаж авч, өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлээд карт худалдан авсан цэгтээ буцаан өгч, 3600 төгрөгөө авах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *