“You’re my hearth, you are my soul” гэх алдартай дууг мэдэхгүй хүн 1980-аад оны залуус дунд үгүй биз ээ. Энэхүү дууг амилуулж, хэдэн арван жилийн турш сонсогчдын чихэнд уяж чадсан алдарт хамтлаг бол мэдээж “Modern talking”. Хөнгөн стиль, цоглог хэмнэлтэй диско дуунуудаараа нэгэн үе хөгшин хөвөөгүй дэлхий дахиныг байлдан дагуулж байсан тус хамтлаг 1984 онд байгуулагджээ.
Германы хөгжмийн магнат Дитер Болены байгуулсан энэ хамтлаг Европ, түүн дотроо тухайн үеийн ЗХУ-д залуусын жинхэнэ шүтээн болж, хөшөөг нь босгох хүртэл яригдаж байсан гэдэг. Цэрэг зэвсгийн хүчээр германчууд ЗХУ-ыг эзэлж чадаагүй ч поп урлагийн гайхамшгаар байлдан дагуулж чадсан гэж хэлж болно.
Хөгжмийн зохиолч, нэрт продюсер Дитер Болен дуучин Томас Андерс нар 1980-аад оны эхэн үед “Hansa” дуу бичлэгийн студиэр дамжуулан танилцаж хожмоо насан туршийн найзууд болцгоожээ. 1982 онд Дитер Болен тухайн үед хит болсон F.R.David-ийн “Pick up the phone” дууг герман хэлэнд хөрвүүлж бичээд дуулах дуучин хайж байж. Энэ үед нь “Hansa” студиэс түүнд залуу дуучин Томас Андерсийг санал болгожээ. Зүс царайгаараа ч тун ойролцоо залуусын хүсэл сонирхол ч нэгэн зүгт байсан бөгөөд гайхалтай нэгдэж чадсан байна. Тэд хамтлаг болон нэгдэж анхны дуугаа хүргэсэн даруйд бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэж, шүтэн бишрэгчдээр хүрээлүүлэхээр болсон юм.
Царайлаг залуу дуучид 1983-1984 оны үед хамтдаа таван сингл герман хэл дээр гаргасан. Тэр дундаас “Wovon Trдumst du Denn” нэртэй сингл нь гарсан даруйдаа Германы хит парадын тэргүүн эгнээнд жагсч байв. Гэвч Дитер Болен англи хэл дээр дуу зохиох нь олон улсад нэрд гарах зөв зам болохыг аажмаар ойлгосон байна. Тэрбээр 1984 оны наймдугаар сарын нар ээсэн зуны дэлгэр өдөр Дитер Болен Канарын арлуудад амарч байхдаа алдарт хит “You’re my heart,you’re my soul” дууныхаа санааг олж бичжээ. Улмаар аравдугаар сард уг дуугаа Томас Андерстай хамтран бичүүлсэн байна. Хамтлагийн гоцлол дуучин Томас Андерс хамгийн анхны гэж хэлж болох энэ дууны үеэр өөрийгөө гаргахгүй байхыг хүссэн гэдэг. Учир нь түүний англи хэлний аялга тийм ч сайнгүй байсан хэрэг л дээ. Ингээд Германы богино долгионы радиогоор 1984 оны арванхоёрдугаар сард анх эгшиглэсэн байдаг. Харин 1985 оны нэгдүгээр сарын 17-нд анх телевизээр цацагдсан байна. Телевизээр цацагдсан даруйдаа хуурай өвсөнд асаасан түймэр мэт бүх Европоор түгэн тархаж хэдхэн сарын дотор олон орны хит жагсаалтыг тэргүүлжээ. Үүнээсээ урам зориг авсан Томас ч хэлнийхээ аялгыг сайжруулах дасгал хурдан хугацаанд хийснээр студийн бичлэгт дахин орж хоёр дахиа дуулсан нь өдгөө бидний сонсож буй хувилбар юм. Энэхүү сингл нь найман сая илүү хувь зарагдсан бөгөөд зургаан долоо хоногийн турш Германы болон бусад 35 орны чатуудад тэргүүлсэн байна.
Үүний дараа “You Can Win If You Want” дуугаа бичүүлжээ. Энэхүү дуу мөн л гарсан даруйдаа хит болж дахин тэргүүн байр эзэлсэн байна. Яг энэхэн үед тэдний анхны цомог гарсан бөгөөд асар их амжилт дагуулсан юм. Ер нь “Modern talking” хамтлагийг маш богинохон хугацаанд маш тодоор бадамлан ассан гэрэлт зултай зүйрлэж болно. Хамтлаг байгуулагдаж, анхны дуугаа бичүүлсэн мөчөөс л тэд жинхэнэ од болон гэрэлтэж, гаргасан дуу бүхэн нь хит болдог байлаа.
“You Can Win If You Want” дууныхаа дараа нэг их удалгүй “Cheri Cheri Lady”, “Brother Louie”, “Atlantis Is Calling (S.O.S. For Love)” болон “Geronimo’s Cadillac” хитүүдээ дараалан гаргасан юм. Диско төрлөөр дуулж бүжиглэдэг Европын хамтлаг дуучдаас Английн хит жагсаалтад түрүүлж чадаагүй ч тухайн үедээ тавдугаар байрт жагсаж байсан цорын ганц дуу бол алдарт “Brother Louie” дуу юм. Тэр дундаа Их Британийн хит жагсаалтад ийн дээгүүр байр эзэлсэнд урам зориг авсан хамтлагийн ахлагч продюсер Дитер Болен ер нь Америкийн зах зээлд гарч болох юм байна гэсэн итгэл найдварыг өвөрлөжээ. Учир нь Америкийн Billboard хит жагсаалтад дээгүүр орох нь түүний жинхэнэ хүсэл мөрөөдөл байжээ.
“Modern talking” хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш гуравхан жилийн дотор зургаан цомог гаргаж, тэдгээр нь 60 сая илүү хувь борлуулагджээ. Гэвч 1986 оны сүүлээс тэд бэрхшээлтэй тулгарч эхэллээ. Учир нь Томас Андерсийн эхнэр Нора Дитер продюсерын үүрэг гүйцэтгэхийг хичээн Боленгийн уран бүтээлийн ажилд оролцож эхэлжээ. Энэ нь түүний дургүйг хүргэж байсан бөгөөд тэр хоёрын харьцаанд сэв суулгах шалтаг болсон байна. Улмаар гуравхан жилийн дараа буюу 1987 оны намар ‘”Modern Talking” тарсан юм. Томас Андерс гэр бүлийн хамт АНУ-ыг зорьж, уран бүтээлийн замаа хөөн тэндээ амьдрахаар болжээ. Хожим Томас Андерс эхнэрийнхээ тухайд “Миний хуучин эхнэр Нора их түргэн зантай хүн байсан. Тэр бүхнийг өөрийнхөөрөө хийхээр зүтгэдэг байв. Бид АНУ-д хоёр хоног зүгээр л амраад ирэхээр шийдсэн юм. Эхлээд Нью-Йоркт очсон, их таалагдлаа. Долоо хоногийн дараа Нора “Бидний амьдрах газар энэ байна. Байр авах хэрэгтэй” гэсэн юм. Түүний шийдвэрийг би өөрчилж чадаагүй” хэмээн Би-Би-Сигийн ярилцлагын үеэр дурссан байдаг.
Харин Дитер Болен өөрийн “Blue System” хамтлагийг байгуулсан юм. Хэдийгээр тэд тус тусдаа хангалттай нэрд гарсан боловч хэн нь ч “Modern Talking”-ийн амжилтыг давтаж чадаагүй юм. Гэвч хамтлагийн замнал ингээд бүр мөсөн дуусчихаагүй байлаа, 1998 оны гуравдугаар сард “You’re My Heart, You’re My Soul” дууны шинэ хувилбар дэлхийн хөгжмийн ертөнцийг дахин доргиолоо. Тус оны тавдугаар сард нэгэн телевизийн шоун дээр Томас Андерс Дитер Болен нар дахин нэгдэж байгаагаа мэдэгдсэн нь шүтэн бишрэгчдийг нь жинхэнэ галзууруулах дөхөв.
Шинэ хувилбараар гарсан “You’re My Heart, You’re My Soul” Германд хоёр зарим орны хитэд нэгдүгээр байрт орсон байна. Тэд хуучин хит дуунууд болон шинэхэн дөрвөн хит дуугаа багтаасан “Back For Good” цомгоо гаргасан нь тус хамтлагийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай буюу 26 сая хувь зарагджээ. Жилийн хугацаанд зургаан цомог гаргасны дөрөв нь платиниум цомог болсон юм. “Modern Talking” хамтлаг 2003 оны зургадугаар сарын 23-нд сүүлийн тоглолтоо төрөлх орны нийслэл Берлин хотноо хийсэн юм.
Тэд нийтдээ 13 цомог гаргасны ес нь платиниум цомог (10 саяас илүү борлуулагдсан) болсон байна. Нийт 120 сая илүү хувь дэлхий даяар борлуулсан бөгөөд 15 дуу нь дэлхийн хит парадуудад номер нэг болж байжээ. Харин попын хаан Майкл Жексоны 17 дуу дэлхийн хит парадуудад тэргүүлж байсан юм.
Социализмын үе буюу 1980-1990-ээд онуудад “Modern Talking” хамтлагийн хит диско дуунуудгүйгээр ямар нэгэн шоу цэнгээн, үдэшлэг наадам болдоггүй байв.
Гоцлол дуучин Томас Андерсийн тухайд:
Дуучин Томас Андерс нь 1963 оны гуравдугаар сарын 1-нд Германы Мюнстермайфельд хотод төржээ. Тэрбээр эцэг эхээс тавуулаа бөгөөд айлын дундах хүүхэд юм. Түүний эцгийг Петер Вайдунг, эхийг Хелга Вайдунг гэдэг. Томас Андерс хэмээн алдаршсан түүний төрөлх нэр бол Бернд Вайдунг юм.
Түүний дуу хөгжмийн авьяас хар багаас нь эхэлсэн бөгөөд гурван настай байхдаа л цэцэрлэгийнхээ од байжээ. Тэрбээр “Би хэлд орсон цагаасаа л дуулдаг байсан байх” хэмээн ярьжээ. Харин зургаан настай байхдаа анхны тоглолтоо хийж, хүүхдийн концерт гэхэд 90 гаруй хүн үзэж байсан тухай хожмоо дурсан ярьсан юм. Тэр л үедээ жинхэнэ хүсэл мөрөөдлөө олж, хөгжим болоод их тайзыг өөрийн болгохоор шийджээ. Энэ хүсэл мөрөөдлөөрөө тэрбээр насан туршдаа амьдарсан юм. Залуудаа дуу хөгжмөөс гадна сэтгүүлч болох гэж мөн сэтгүүл зүйн факультетад хоёр жил хэртэй сурсан ч төгсөж амжаагүй байна. Гэвч дуу хөгжим түүний сэтгэлийг эргүүлэн татаж, 15 настайдаа дуу бичлэгийн студитэй анхны гэрээгээ байгуулсан байна. Тэр үед Бернд Вайдунг гэдэг нэрийг нь түүний продюсер урлагт зохимжгүй гэж үзэж “Томас Андерс” гэдэг нэрээр сольжээ. Тэдний ажилладаг байсан дуу бичлэгийн компанийн тэргүүнийг Андерс гэдэг байсан учраас ийн нэрлэх болж, цомгийн бичлэгийн төсвийг нэмэх болов уу гэж тэд найдаж байлаа. Харин Томас гэдэг нэр Германд 1970-аад оны сүүлээр их түгээмэл байсан юм. Тэрбээр 1984-1987, 1998-2003 оны хооронд Алдарт “Modern Talking” хамтлагийн гоцлол дуучнаар ажилласан. Дуулахаас гадна англи хэлээр түгдрэлгүй ярьж, дуулдаг, францаар ойлголцдог бөгөөд мөн одоо испани хэл үзэж байгаа гэнэ. 1980-аад оны сүүлээр Modern Talking хамтлаг гайхам амжилт олсны дараа Андерс хэсэг хугацаанд АНУ-д амьдарсан. Тус улсад амьдрах эхэн үед Калифорнийн нар ээж, 24 цагийн турш дэлгүүр онгорхой, хоол унд сайтай, гайхалтай сайхан ааштай хүмүүс гээд түүнд их сайхан байсан гэнэ. Гэвч сүүлдээ Лос-Анжелес дахь амьдрал уйтгартай санагдаж төрөлх нутаг руугаа буцсан байна. Тэрбээр анхны эхнэр Нора Дитерээс салж улмаар 2000 онд хэлмэрч бүсгүйтэй танилцаж гэрлэжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа түүний анхны хүү Александр Мик Вайдунг мэндэлжээ.
Тэрбээр сүүлийн жилүүдэд бие даасан тоглолтоо хийхээр ОХУ-ыг үе үе зорих болсон юм. Түүнд тус улс ихээхэн таалагддаг бөгөөд Орос орон ч түүнд хайртай.
Сонирхолтой түүх дурдвал, Арабын Эмират улсын шейх 2000 онд Томас Андерсийн тусгайлан урьж зөвхөн өөртөө зориулан тоглолт хийлгэсэн байдаг.