Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц цаг-үе

Бөгтөр бөхөнгийн мөхөл ирсэн үү

Казахстаны тэнэгэр уудамтал нутагт соргог бөхөн үй олноороо үхэж үрэгдэн хиарч байгаа гэнэ. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс эхлэн хөндий тал бүхэлдээ дэлхийд нэн ховордоод байгаа соргог бөхөнгийн сэг зэмээр дүүрчээ. Урин дулааны цагт юунаас болоод сүргээрээ үхэх болсныг дэлхийн амьтан судлаачид судалж байгаа аж. Гэвч одоогоор юунаас болж үхэж үрэгдээд байгааг тогтоож чадаагүй байна. Дэлхий дээр таван төрлийн бөхөн байснаас өдгөө хоёр төрөл болох соргог бөхөн, монгол бөхөн үлдээд байгаа. Соргог бөхөн Дундад Ази, Казахстан, Халимагийн нутагт бий. Өнгөрсөн оны тооллогоор дэлхийд 180 мянга орчим бөхөн тоологдсон байна. Казахстан улсын зүүн хойд тал нутагт 176 мянга буюуихэнх соргог бөхөн байгаа аж. Соргог бөхөн идээшилж байснаа гэнэт биеийн байдал эвгүйрхэж, чацга алдаж, амнаас нь цагаан хөөс сахарч байснаа тэрий хадаж унаад шууд үхэх болжээ. Тавдугаар сарын сүүлч бол соргог бөхөнгийн ид төллөдөг үе. Яг энэ үеэр үл мэдэгдэх халдварт өвчин гарснаас болж өнөө маргаашгүй янзага­лах дөхсөн хэрэгчин олноор үхжээ. Мөн эхээс төрсөн янзага 2-3 хоноод үхэж байгаа гэнэ. www.saiga-conservation.com сайтад гарсан албан ёсны мэдээгээр 120 гаруй мянган соргог бөхөн үрэгджээ.Энэ нь Казахстаны нийт бөхөнгийн 80 хувь нь үхсэн гэдгийг тус улсын Био­логийн төрөл зүйлийг хамгаа­лах нийгэмлэгийн тэргүүн Стефан Зүтер хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр мэдэгдсэн байна. Үхсэн соргог бөхөн­гөөс авсан шинжил­гээгээр пастерюрелосис (pasteurelosis), клострида (clostridia) хэмээх хоёр төрлийн бактери илэрсэн гэнэ. Гэхдээ тус бак­тери нь амьтны хоол боловс­руулах эрхтэнд энгийн үед ч байдаг аж. Пастерюрелосис (pasteurelosis), клострида (clostridia) зэрэг бак­терийн бага зэргийн өөрчлөлтөөс соргог бөхөнгийн дархлаа сулрахад хүргэсэн байж болзошгүй. Эсвэл Казахстанд өнгөрсөн өвөл маш хүйтэн байснаа хавар чийглэг уур амьсгалтай байгаа нь амьтдын дархлаа суларч, ямар нэгэн бактерт тэсвэртэй байх чадварыг унагаснаас болж соргог бөхөн үй олноороо хорогдсон байж магадгүй хэмээн таамаглаж байна.

ӨВС ӨНДӨР УРГАСАН ЖИЛ ЦАГААН ЗЭЭР ҮЙ ОЛНООРОО ҮХДЭГ, СОРГОГ БӨХӨН Ч ГЭСЭН ТЭГСЭН БАЙЖ МАГАДГҮЙ

Энэ талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач, доктор Л.Амгалан “Соргог бөхөн үй олноор үхэж үрэг­дэж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Гэхдээ юунаас болж сүргээрээ үхэж байгаа нь одоо болтол тодорхойгүй байна. Соргог бөхөнгийн хувьд тэсвэр тэвчээр муутай амьтан гэхэд болно. Монгол бөхөнгийн хувьд гэхэд зуд тэсвэрлэх чадвар их тааруу байдаг. Ер нь бөхөн их эмзэг амьтан. Казахстанд их хүйтэн өвөл болсон гэсэн. Мөн бороо хур элбэгтэй, өвс ногооны гарц их сайн байгаа гэж байна лээ. Манай орны зүүн аймгуудад хур бороо ихтэй, өвс өндөр ургасан жил цагаан зээр үй олноороо үхэж үрэгддэг. Тэрэн шиг зүйл соргог бөхөнд тохиолд­сон байж магадгүй” гэв.

ХАЛИМАГИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН 86 СОРГОГ БӨХӨН ҮХЖЭЭ

Дэлхийн байгаль хамгаа­­лах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Мөнхнаст “Манай орны баруун хэсэгтМонгол бөхөн 13 мянган толгой байна гэх тоог гаргасан байгаа.Соргог бөхөн Дундад Ази, Казахстан, Халимагийн нутагт олноороо байдаг. Казахстанд хамгийн олон соргог бөхөн байдаг. Харамсалтай нь Казахс­танд соргог бөхөн маш олноороо үхэж үрэгдэж байгаа гэх мэдээллээс өөр нарийн мэдээлэл бидэнд алга байна. Манай оронд соргог бөхөн 1960 оноос хойш нэг ч харагдахаа больж, устаж үгүй болчихсон. www.saiga-conservation.com сайтад тавигдсан мэдээлэлтэй сууж байна” гэлээ. ОХУ-ын Халимагийн Зэрлэг амьтан судлалын төв соргог бөхөн хамгаалал, судалгаагаараа олон улсад ихээхэн нэр хүндтэй гэнэ. Сүүлийн жилүү­дэд тус судлалын төвийн эрдэмтэн судлаач нар соргог бөхөнг нарийвчлан судалж, үржүүлэн тэжээдэг байна. Гэтэл Халимагийн Зэрлэг амьтан судлалын төвийнсоргог бөхөн дунд халдварт өвчин гарч олноороо үхжээ. Одоогийн байдлаар 90 соргог бөхөн байснаас дөрөв нь амьд үлджээ.Нэг эр хэржин, гурван хэрэгчин амьд үлдсэн юм байна. Харин бөхөн ямар өвчнөөр өвчилж хорогдсон нь тодорхойгүй байгаа ажээ.

МОНГОЛ БӨХӨН ХАЧИГ ГУУРАНД БАРИГДАЖ, ЭРГҮҮТЭЖ ҮХДЭГ АМЬТАН

Говь-Алтай аймгийн Дарви сумын иргэн Н.Буянбаттай холбогдож монгол бөхөн ямар төрлийн өвчнөөр үхэж үрэгддэг талаар асууж тодрууллаа. Тэрбээр сүүлийн арав гаруй жилийн турш Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийнхөнтэй хамт Монгол бөхөн судалгааны ажилд явсан нэгэн юм. “Монгол бөхөнгийн хувьд ямар нэгэн халдварт өвчин тусч үхээд байдаггүй амьтан. Харин зуд болохоор үхдэг, хачиг, гуурандаа баригдаад үхсэн тохиолдол гардаг. Мөн бог мал эргүүтэх өвчин тусдаг шиг бөхөн ч гэсэн эргүүтчихдэг. Манай нутгийн настай хүмүүс соргог бөхөн байсан талаар ярьдаг юм. Монгол бөхөнгөөс илүү том биетэй, нарийн тоос татуулаад хөндий талаар давхи­даг байсан гэж хуучилдаг юм. Казахс­тан, Халимагт соргог бөхөн олноор үхсэн гэдгийг сонссон. Уг нь Шарга, Хүйсийн говиор авчрах юм бол нутагшиж, идээших амьтан гэж манай судлаач нар ярьдаг юм” гэлээ. Устаж үгүй болох дээрээ тулаад байгаа бөхөн ямар онцлогтой амьтан болохыг талаар уншигч та бүхэнд хүргэе.

БӨХӨН ХҮЙТНИЙГ ТЭСВЭРЛЭЖ ЧАДДАГГҮЙ

Бөгтөр бөхөн жил бүророо нь ордог ч тэр бүрт хээлтэх нь үгүй. Соргог бөхөн, ер нь монгол бөхөн ч тэр үржил муутай амьтан. Бөхөнгийн эмийг ихэвчлэн шарагчин гэдэг ч зарим ном, тэмдэглэлд хэрэгчин гэсэн нь таардаг. Эрийг ооно, хэржин хэмээнэ. Шаргачин ховор тохиолдолд ихэрлэж, эс бөгөөс нэг янзага төрүүлнэ. Турь муутай энэ амьтны хувьд төл цөөтэй байх нь дээр ч, жил ирэх тусам тоо толгой нь цөөрч байгаа бодгалийн хувьд олуулаа байх нь хэрэгтэй. Ихэнх амьтан зун, намар, хаврын урин дулаан цагт үржилд ордог байхад хүйтэнд тэсвэргүй хөөрхий бөхөн дүн өвлөөр буюу арваннэг, арванхоёрдугаар сард ороогоо тайлна. Хээлтэй үлдэж чадсан шаргачин 5-6 сар үр төлөө хэвлийдээ тээгээд янзагаа төрүүлнэ. Янзага мэндлэх гэж эхийгээ тэгтэл зовоохгүй. Харин эх нь төрүүлэхээсээ илүүтэй төрсний дараахыг “бодож”, тооцоолж зовно. Нялх биетэй эх, янзага хоёрт дайсан мундахгүй. Үнэг, хярс, чононоос эхлээд махчин шувууд хүртэл янзага төрөх мөчийг бөхөнгийн ижил сүрэгтэй хамт хүлээнэ. Бөхөнгийн сүрэг бүл нэмэх гэж хүлээнэ. Бөөцгөр махчид ходоодоо баярлуулах гэж отно. Сүргээрээ манаж, эх нь нуугдаж төрөөд ч нэмэргүй алдчих тохиол байхад сүүдэр­тэйхэн газар бараадаж төрөөд эсэн мэнд торниулах нь бий. Гөрөөсний янзагыг бодвол тамир тэнхээ муутай ч дэлхийд ховордсон бүлийн тоог нэгээр нэмж байгаагаараа нэр төртэй янзага удалгүй биеэ даачихна. Хөхөлтийн ая даахгүй мөөмөө бусад сүүн тэжээлтний үр зулзага шиг тэгтэл үлгэж зовоохгүй. Эх нь ч эрхлүүлж, наалдаад байхгүй. Янзагаа бутны ард, хонхор гүдгэр газарт хэвтүүлж нуугаад бэлчээрт гарна. Гэвч зарим янзага ээжийнхээ үгэнд орж дуулгавартай хэвтэхгүй, дагаж дэнчигнэх нь бий. Ийм тохиолдолд ээж нь хэвтүүлэх гэж хэд хэд оролдсоны эцэст орхиод зугтаачихдаг. Янзага мэдээж ээжийнхээ араас хэд харайх боловч удалгүй ээжээсээ хоцорно. Тэгээд хоцорсноо мэдэхээрээ нугдай­тал хэвтчихнэ. Дагаж гүйсэн янзагаа эх нь алсханаас хараад зогсоно. Өөрийг нь явсан гэж бодоод хэвтээд өгөхөөр нь тайвширч, идээшилнэ. Үрээсээ зугтан байж ирсэн хэрнээ идэж шалихгүй. Тэр хэрээрээ байгаль, дэлхийд ч хор хөнөөлгүй. Таана, хөмүүлхэн зулгааж харагдана. Тэгсэн хэрнээ 80-90 төрлийн ургамлыг сорчлоод идчихдэг гэж байгаа. Тэр нь үлдэж хоцорсон янзаганд нь юугаар ч орлуулахгүй шим, тэжээл болно. Нам гүмхэн, тайван гэгч нь идээшилж зогссон бөхөнгийн сүрэг дундаас аль нэг нь юу болов гэмээр давхиад явчихвал гайхах хэрэггүй. Бургасны мөчир шиг турь муутай хөлтэйгээ мэдэхгүй хурд мэдэн хатирах нь тэдний зан. Зан гэхээсээ илүү тэд маш үргэмтгий, сонор. Бусдаасаа түрүүлж ямар нэг дуу чимээ сонссон нь тэр. Хатирч өгнө. Оононууд нь түрүүнд нь л харагдана. Туурайтны багийн амьтан гэсэн шиг таваргаж гарна. Бүр цагт 80-90 километр хурдтай давхидаг ч гэдэг. Гөрөөсийг бодвол царай муутай, бөгтөр ч хөлний шандсаараа бол дутаад байхааргүй. Ганц нэгээ­рээ үргэж цахилсан бөхөнг өмнө нь харж байгаагүй хүн нарийн тоос яваад байна гэж гайхаж харахаар.

Аюул занал үнэхээр тулаагүй л бол янзагаа орхисон шаргачин тэгтлээ зугтахгүй. Хэсэг дав­хиад эргэнэ. Амьсгаа дарангаа орчноо ажна. Аюул үгүй бол буцаад шогшчихно. Хэн нэг нь сүргээсээ үлдэхийг сүрэг андахгүй. Учиргүй зугтаж, үргэж давхиж байсан амьтад эргээд нам жим болно. Янзагаадаа эргэсэн шаргачингаа бараадацгаана. Хань болж байгаа нь тэр. Ахиад ямар нэг чимээ гарвал бултаараа буцаад үргэчихнэ. Ахиад л оононууд нь түрүүчид нь л үзэгдэнэ. Өөрөөр хэлбэл, шарагчингууддаа аюулгүй зам зааж байгаа нь тэр. Гэхдээ бас аюулаас өөрийгөө аврах гэж байгаа нь энэ. Судлаачдын тэмдэглснээр сүрэгт эмээсээ эрэгчин нь олон байдаг нь үүнтэй ч холбоотой байж мэднэ. Урин дулаан цаг бөхөнгийн хувьд аюул ихтэй ч амьдрахад таатай, амар амгалан өдөр хоногууд. Хүйтний улирал бол тэдний ихэнхийг ертөнцөөс авч одох хяслант сар, өдрүүд. Юуны тулд хахир хүйтэн хэчнээн өвлийг шазуур зуун эдүгээг хүрснийг нь хэн ч мэдэхгүй. Ингэж хэлсний учир нь хөхтөн амьтад дундаас гарал үүслээрээ хамгийн балар эртнийхэд тооцогддог энэ амьтны тоо толгой өвлийн улиралд эрс цөөрдөг байна. Учир нь бөхөнгийн шилбэ шандастай ч гэлээ хүйтэнд тэсвэргүй. 35 хэмээс дээш хүйтрээд ирвэл бургасны мөчир шиг шилбэнийх нь чөмөг нь тас хөлдчихдөг бай­на. Хөдөлж чадахгүй бөөций­төл бөмбөгнөж зогссоор босоогоороо хөлддөг гэнэ лээ. Ихэвчлэн нас биед хүрсэн нь амь мэнд үлдэж, тэдний биеийн илч, нөмрийг бараадсан залуу ооно, шараг­чин онд орно. Өвөл өвлөөс үлдсэн бөхөнгүүд бие биесээ бараадаж сүрэглэнэ. Ийм маягаар дэлхийд хоёрхон зүйл үлдсэний нэг нь 13 мянга орчим монгол бөхөн юм. Уг нь манай улсад соргог, монгол гээд хоёр төрлийн бөхөн хоёулаа байсан. Алтайн нурууны араар Шаргын говь, Үүдийн говь, Чандманийн хүрэн талаар байсан. Гэвч 1960 он гэхэд соргог бөхөн Монголд ор мөргүй утсаж үгүй болсон байдаг. 1930 онд Соргог бөхөн агнахыг хориглосон тогтоол гаргаж байсан ч бүгд үхэж үрэгдсэн гэдэг. Соргог бөхөн урт эвэр, том биетэйгээрээ монгол бөхөнгөөс ялгаатай. 2001 оны зуднаар монгол бөхөн үй олноороо үхэж 700 орчим болтлоо тоо толгой нь буурч байсан. Харин сүүлийн жилүү­дэд өсч үржин 13 мянгад хүрээд байгаа. Гэхдээ “Энэ бол Монгол Улс бөхөнтэй гэж хэлэх тоо биш. Нэг өвөл бүгдээрээ “яваад өгчихөж” болох эрсдэлтэй, маш эмзэг амьтан. Хамгаалалт, үржилд нь тодорхой хэмжээгээр анхаарч байгаа ч байгалийн гамшиг, үзэгдлийг бид яаж ч чадахгүй” хэмээн судлаачид нь дурджээ. Мөн соргог бөхөнгийн эрлэг номун хаан нь хууль бус анчид. Хэдэн жилийн өмнө Казахстан, Халимагийн соргог бөхөнг хууль ангийн эд эрхтний наймаачид зөвхөн эврийг нь авахаар үй олноор нь хядаж байсан. Бүр 50 мянга болтлоо тоо толгой нь буурч байжээ. Түүний эвэр БНХАУ-д маш ховор эмийн түүхий эд болж, өндөр үнэд хүрдэг гэсэн. Хүн төрөлхтний нүдийг баясгаж, байгаль дэлхийн тэнцвэрийг хадгалахын тулд, өөрсөдтэй нь адил царай муутай ч өчүүхэн жаахан янзагаа төрүүлж, эсэн мэнд өсгөхийн төлөө тэвчээр заан өнөөдрийг хүртэл амьдарч буй соргог бөхөнд аюул тулгараад байна. Хэрэв дэлхийн байгаль хам­гаалах байгууллагууд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол соргог бөхөн устаж үгүй болох аюул ойрхон байгаа юм.

Тэмдэглэсэн Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *