Энэ сарын эхээр “Bloomberg” Хятадын цэргийн тагнуулынхан АНУ-ын “Apple”, “Amazon” зэрэг технологийн томоохон компанийн сервер компьютерт суулгасан чипээрээ дамжуулан мэдээлэл авч байсан талаар мэдээлсэн юм. Тагнуулын зорилготой чипийг Хятад улс угсарсан компьютер болоод сэлбэгтээ суурилуулаад гадагшаа гаргадаг гэх хардлага гардаг байсан ч энэ удаагийнх шиг ингэж баримт нотолгоотой нь дэлгэсэн нь үгүй.
“Bloomberg”-ийн мэдээлснээр уг жижиг эд ангийг хяналтын багаж, төхөөрөмж, программаар шалгахад илрэхгүй байхаар зохион бүтээж Хятадад үйлдвэрлэгдсэн, угсарсан компьютерүүдийн эх хавтанд суулгадаг байжээ. Ийм шуугиан гарсны дараа Хятадын IT, технологийн чиглэлийн Lenovo, ZTE зэрэг томоохон компани, корпорациудын хувьцаа 14-23 хувиар унасан бөгөөд Хятадын технологийн зах зээлд донсолгоо мэдрэгджээ. Үзүүрлэсэн харандааны үзүүр гэхээр хэдэн мм-ийн хэмжээтэй эд байх вэ. Өчүүхэн тэр чип нь суусан компьютерийн бүх мэдээллийг нь дэлгээд хаанаас яаж ч холбогдоход саадгүй нэвтрэх боломжийг “эздэд”-ээ олгодог гэсэн үг. Супер чип, тагнуулч чип гэж нэрлэгдээд байгаа уг зүйлийг Хятадын Ардын чөлөөлөх армийн кибер халдлагын мэргэжилтнүүд бүтээжээ. Одоогоос гурван жилийн өмнө Хятадаас оруулж ирсэн компьютер, компьютерийн эх хавтанд ямар үүрэг гүйцэтгэдэг нь тодорхойгүй, цагаан будааны ширхгээс ч жижиг хэмжээтэй цагаан, тунгалаг өнгийн чип байгааг олж илрүүлж, технологийн томоохон компаниуд, банк санхүүгийн болон Засгийн газрын харьяаллын бүхий л газрын мэдээлэлд нэвтэрч байгааг зарлаж байжээ. Компьютер, мэдээлэл хангамжийн алдартай компаниудын дийлэнх нь гол эд ангиудаа Хятадад захиалж хийлгэдэг нь тагнуулч чипийг найр тавиад оруулсан явдал гэж тухайн үедээ шүүмжилж байжээ. “Bloomberg”-ийн энэ мэдээллээс үүдэж Хятадын технологийн зах зээлд аравдугаар сарын эхний долоо хоногт бага зэргийн донсолгоо мэдрэгдэж, болсон явдалтай холбогдуулж тус улсын тал няцаасан мэдэгдэл хийсэн бол нэр нь дурдагдсан Apple, Amazon, Super Micro Computer зэрэг компани ийм төрлийн чип байхгүй гэж эрс няцаагаад байгаа юм.
Хэрвээ тагнуулч чип гэж байдаг бол дэлхийн суурин компьютерийн 90 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг Хятад улс хамгийн ихээр хардуулах нь ойлгомжтой юм. Хятадын тал болон Хятад улсаас эд ангиа захиалгаар авдаг АНУ-ын технологийн компаниуд “Bloomberg”-ийн мэдээллийг нэгэн дуугаар эсэргүүцээд байгаа ч уг мэдээллийг дэлхий нийтэд цацсан “Bloomberg”-ийнхэн баттай эх сурвалжийн нотолгоотой нийтлэл гэж тайлбарлаж байна.
Тагнуулч чипийг зоостой харьцуулсан байдал
2015 онд серверүүдийн эх хавтан дээр суурилуулсан жижиг хэмжээний зүйлийг анх хараад “Дизайнтай холбоотой болов уу гэж бодоод гайхсан. Цагаан будааг бодвол том биш байсан” гэж мэргэжлийн хүмүүс ярилцаад тагнуулын газрынханд энэ талаар дуулгаж байжээ. Гурван жилийн турш нарийвчлан судлаад уг цагаан эд сүлжээнд гаднаас саадгүй нэвтрэх хаалгыг нээж өгөх даалгавартай тагнуулын зорилготой төхөөрөмж гэдэг дээр санал нэгдсэн байна. Бичил чипүүдийн гарал үүслийг судлахад АНУ-ын компаниудтай гэрээтэй ажилладаг Хятадын компаниудынх болохыг мэджээ.
Тагнуулч чипийг илрүүлснийг дуулсан зарим мэргэжлийн хүмүүс “Олон улсын түвшинд өндрөөр үнэлэгддэг хамгаалалтад ийм чипийг сэм шургуулсан гэвэл “Солонгон дээгүүр ганц эвэрт морь үсэрч байгааг харсантай адил үйл явдал болно” гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тагнуулуудад компьютерээс мэдээлэл авах хоёр арга бий. Эхнийх нь мэдээлэл дамжуулах эд анги, тоног төхөөрөмжийг сэлбэг маягаар компьютерт суулгах. Хоёр дахь арга нь үрээр тарих арга. Анхнаас нь үр суулгаж тариа тарьдаг шиг Хятад улс дэлхийн гар утасны 75 хувь, суурин компьютерийн 90 хувийг дангаараа үйлдвэрлэдэг учраас үйлдвэрийн угсралтын шат дамжлаганы үед л чипээ суулгаад орхичихно. Худалдан авагч компьютерээ асаагаад сүлжээнд холбогдох үеэс л тагнуулч чип ажиллагаанд орж “тарьсан” эзэндээ тариаг шуудай шуудайгаар хурааж өгөх зарчимтай. Гэхдээ энэ бүхэн бол АНУ-ын мөрдөгчдийн олж мэдсэн зүйл гэдгийг санаарай. Тэд Хятадын Ардын чөлөөлөх армийн ажилчдаас энэ талаарх зарим мэдээлэл олж авсан гэж тайлбарлажээ. Хятад улсын хувьд технологийн салбарт АНУ гэлтгүй бүхий л улстай гинжин холбоо үүсгэсэн бөгөөд үүнийг шогч үзэлтнүүд “Бид нэг дэлхийн иргэд. Нэгнээсээ юм хэзээ ч нууж болохгүй. Сайхан сэтгэлийн үүднээс нэгнийнхээ тухай мэдээллийг хөршөөсөө сонсдог биз дээ. Хөрш бодит үйл явдлыг давсалдаг талтай. Харин ийм чипээр бол тухайн мэдээллийг ямар ч хачиргүйгээр, үнэн бодитоор, дамжлагагүй хүлээн авч байгаа нь сайшаалтай” гэжээ.
Хурууныхаа өндгөн дээр тавихад
Тагнуулч чип ингэж харагдана
Мөрдлөгийн явцад Хятадын тагнуулч чип дэлхийн томоохон 30 гаруй компани, байгууллагын төв серверийн компьютерт орж “ажилласан”-ыг тогтоожээ. Улмаар ийм чип суурилуулагдсан 30 мянган компьютерийг Хятадад захиалахаар төлөвлөж байсныг нийтэд дэлгэсэн байна.
Обамагийн засаглалын үеэс эхэлж Трампын удирлага дор үргэлжилж байгаа энэ тагнуулын ажиллагаа, мөрдөн байцаалтыг технологийн компаниуд эсэргүүцсээр байгаа ч “Apple”-ын ажилтнуудын дунд явуулсан мөрдөлтийн явцад ийм чип байх талтай гэдгийг үгүйсгээгүй байна.
Тагнуулч чипнүүд алдартай корпорациудын нууцлал, АНУ-ын Засгийн газрын холбоотой сүлжээнүүдийг урт хугацааны турш тагнаж байхдаа ямар ч мэдээлэл хулгайлаагүй нь өдий олон жил хүмүүст мэдэгдээгүй байх талтай гэж АНУ-ын Засгийн газрын нэгэн албан тушаалтан ярьжээ.
Бичил чип хэрхэн ажилладаг вэ. Хятадын армид өндөр нууцлалын дор үйлдвэрлэсэн уг чипийг эхлээд харахад дохиолол юм уу, агааржуулалтын холбоос мэт харагдана. Асар өндөр санах ойтой, сүлжээнд өндөр чадлаар ажиллах бөгөөд довтолгооны хувьд хангалттай боловсруулагдсан эд юм.
АНУ-ын тагнуулын албаныхан Хятадын тагнуулчид сүлжээнд хортой бичил чипийг цаашид ч нийлүүлэх төлөвлөгөөтэй байгааг анхааруулах үүднээс мөрдөн байцаалтын явцад олж илрүүлсэн зарим мэдээллээ ил гаргасан нь энэ юм байна.