Categories
мэдээ улс-төр

БСШУСБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ DNN.mn

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр (2024.12.10) хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, Улсын Их Хурлаас Засгийн газарт өгсөн алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэлийн дагуу зардлыг бууруулах талаар баримталсан зарчмуудыг дурдсан юм. Үүний хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмжийг бууруулахгүй байх зарчмыг баримталсан хэмээн танилцуулав. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж зэрэг өрхийн орлогыг дэмждэг төсвийн бүхий л зардлуудыг хэвээр үлдээжээ. Гадаад зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж, ирүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхийн зарим байгууллагын урсгал зардлыг бууруулаагүй байна. Харин зардлыг бууруулах хүрээнд төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулсан гэв. Тодруулбал, салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг бууруулсан байна. Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагын үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг хассан байна. Мөн эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр, шатахууны зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулжээ.

Эдгээрээс гадна  байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын  тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг тус тус 10 хувиар бууруулахаар төсөлд тусгажээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг нь эхлүүлсэн төслүүдийг яаралтай дуусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгасан. Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулахаар төсөл санаачлагч шийдвэрлэжээ. Мөн зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар төлөвлөсөн байна. Гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулах юм байна. “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгаж байгаа аж.

Түүний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаарх танилцуулгыг  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав хийлээ. Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн боловч анхаарах асуудлыг танилцуулсан байна.

Хуулийн төсөл санаачлагчдаас Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, О.Батнайрамдал нар Боловсролын зээлийн сангийн зардал хэрхэн хасагдсан талаар, УИХ-ын гишүүн Б.Найдалаа боловсролын салбар, тэр дундаа сургууль, цэцэрлэг барих зардлыг бууруулж, соёл, спортын салбарын зардлыг танасан нь ямар эрсдэл дагуулж болох талаар асуув. Боловсролын сайд П.Наранбаяр, сургууль, цэцэрлэг барихад 580 тэрбум төгрөгийг төсөвлөсөн боловч 26 тэрбумыг хассан. Өөрөөр хэлбэл, энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар тендэр нь зарлагдаагүй 14 төсөл, хөтөлбөрийг хассан. Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөс 17,5 тэрбум төгрөг хасагдсан. Цаашид зээлийн эргэн төлөлтийг сайжруулж, тус сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэл баримтална. Үүний тулд хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллана гэсэн хариулт өгсөн. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, соёл, спортын салбарын хөтөлбөр арга хэмжээний төсвийн хөрөнгө оруулалт 12,7 хувиар буурч байна. Өөрөөр хэлбэл, манай салбарын урсгал зардал 75 тэрбумаар багассан. Тэр дундаа үндэсний шигшээ багуудын бэлтгэлийг хангах зардал 60 хувиар буурсан учир дараа, дараагийн олимп зэрэг тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд тамирчдын оролцох асуудал бэрхшээлтэй болсон гэв.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, боловсрол тэргүүлэх салбар учраас Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөлд багтааж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэн шийдвэрлэх боломж буй эсэх талаар лавлахад, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн эхний 3 нь буюу нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхлээд байна. Бусад төслүүдийг олон талт эх үүсвэрүүдээр санхүүжүүлэн хэрэгжүүлэхэр  төлөвлөсөн. Мега төсөл гэдэгт эдийн засгийг дэмжих арилжааны бүтээн байгуулалтыг оруулж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эргэлтийг шууд дэмжих бүтээн байгуулалт багтаж байгаа. Эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, төсөв тэлнэ. Тэр хэрээр хөрөнгө оруулалт нийгмийн, тэр дундаа боловсролын салбарт түлхүү чиглэдэг. Тэгэхээр нийгмийн салбарын хөрөнгө оруулалт нь энэхүү  мега төслүүдээс ялгаатай гэдгийг ойлгохыг хүсье хэмээн харулсан юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хүүхдийн хоолны зардлыг хэрхэн нэмэгдүүлж буй талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа боловсролын салбарын төсвөөс нийт хичнээн төгрөг хасагдсан талаар, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир боловсролын хувьсах зардлыг хэрхэн танасныг тус тус тодруулахыг хүслээ. Боловсролын сайд П.Наранбаяр, хоол, хүнсний зардал 2024 онд 130 тэрбум 336 сая төгрөг байсан бол 178 тэрбум 121 сая төгрөг буюу  48 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Сургуулийн өмнөх, ерөнхий, насан туршийн боловсрол, мэргэжлийн болон техникийн сургуулийн хувьсах зардал өмнө нь батлагдаж Ерөнхийлөгч хориг тавьсан төсвөөс буурсан. Гэхдээ 2024 оны төсөвтэй харьцуулахад өссөн байна. Алдагдалгүй төсөв батлах зорилгоор боловсролын салбараас анх 400 гаруй тэрбум танахаар төлөвлөж байсан боловч эцсийн дүндээ 152 тэрбум буюу 3,6 хувиар бууруулсан. Боловсролын салбарт 189 төсөвт өртөгт  арга хэмжээг 1,3 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөв өргөн барьсан. Үүнээс 2025 онд 472 тэрбум 667 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 58 цэцэрлэг, 85 сургууль, 20 дотуур байр барина хэмээн онцолсон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан ийнхүү асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Бум-Очир зарчмын зөрүүтэй санал гаргаж, Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.  Байнгын хорооны хуралдаан үргэлжлэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, Д.Бум-Очир, Д.Үүрийнтуяа нар зарчмын зөрүүтэй санал гаргасныг олонхын саналаар шийдвэрлэв.

Мөн “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *