Грек улсаас Бразилд суугаа Элчин сайдыг суугаа орны цагдаагийн офицер хөнөөжээ. Энэ цагдаа хохирогчийн эхнэртэй дотно харилцаатай байсан тухай Бразилын цагдаа нар мэдэгдэв. Элчин сайд Кириакос Амиридис нь энэ долоо хоногийн даваа гарагаас хойш сураггүй байжээ. Түүний цогцос пүрэв гарагт Рио-де-Жанейро хотын захаас шатсан машин дотроос олджээ.
Серхио Гомес Морейра Филхо гэгч цагдаа түүнийг хутгалан хөнөөсөн байна. Энэ хэрэгт холбогдуулан Филхо болон түүний үеэлээс гадна Элчин сайдын бразил эхнэр Франсуаза Амиридисыг саатуулжээ. Филхогийн үеэл болох Эдуардо Мело нь “Элчин сайдыг олоход тус дөхөм болох мэдээлэл өгсөн хүнийг 25 мянган доллароор шагнана” гэж жүжиглэж байсан аж. Гурван сэжигтнийг цагдаагийн газарт байцааж байна.
59 настай Элчин сайд эхнэр болон хадмуудын хамт Зул сарын баярын амралтыг өнгөрүүлэхээр Бразилиа хотоос Нова-Игуасу хот руу аяллаар явсан байна. Элчин сайд 2001 онд Бразилын иргэнтэй гэрлэсэн бөгөөд тэд 10 настай охинтой аж.
40 настай эхнэр Амиридис нөхрөө алга болсон тухай лхагва гарагт цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ “тэр даваа гарагт түрээсэлж авсан машинтайгаа гарсан” гэжээ.
Пүрэв гарагт Риогийн захаас нэг цогцос бүхий шатсан машин олдсон байна. Энэ шатсан цогцос нь Элчин сайд Амиридсынх мөн болохыг шинжээчид тогтоожээ.
Мөн мөрдөн шинжээчид хэлэхдээ “бид хосуудын байсан байрны буйдан дээрээс цусны толбо олж илрүүлсэн. Элчин сайд Амиридсын амь насыг энэ байранд бүрэлгэсэн гэж бид үзэж байна” гэлээ.
Ноён Амиридис нь 2001-2004 онд Рио-де-Жанейрод консулаар ажиллаж байсан бөгөөд энэ оны эхээр Грекээс Бразилд суух Элчин сайдаар томилогдсон ажээ.