Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хууль бусаар авч эмнэлэг барихаар болсон гэх асуудлыг тус дүүргийн иргэд болон “Чулуутын задгай” ТББ, “Монголын оюутан залуучуудын нэгдэл”-ийн төлөөлөл, өмгөөлөгч Ц.Монгол нар эсэргүүцэж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд “Эрх баригчид хууль хэрэгжүүлэхгүй байна, улсын өмч хөрөнгө байх газраас хууль бусаар хумсалж 8га газрыг нь худалдан авч, ямар ч тендэрт оролцоогүй гадны компанид өгч барилга бариулах шийдвэр гаргасан” гэв.
Эдгээр байгууллагууд болон дүүргийн иргэд Засгийн газар, Нийслэл, БЗД-ээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүд төр засгийн байгууллагууд шаардлага хүргүүлэх, тэднийг оролцуулсан нээлттэй олон нийтийн санал асуулга хэлэлцүүлэг өрнүүлэх, жагсах, МЗХ-тай хамтран хар цагаан жагсаалтанд нэрлүүлэх зэрэг ажлуудыг гардан өрнүүлэхээр болжээ. Эдгээр арга хэмжээг аваад асуудал шийдэгдэхгүй бол тэд залуусыг уриалан дуудаж тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ ч илэрхийлсэн юм.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 346948 м2 газрыг 2011 оны Нийслэлийн Засаг даргын 493 захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамжийг цуцалж 8га газрыг АШУҮИС-д шилжүүлэн Их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолбор барих ажил эхлүүлжээ. Үүнийг ард иргэдийн төлөөлөл нь ийнхүү эсэргүүцэж, холбогдох газруудад шаардлага хүргүүлэхээр болжээ