Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын Оакландын нисэх буудлын гааль дээр нэгэн монгол эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал, тухайн эмэгтэйн тээшнээс тугалган цаасанд боосон борц болон бяслаг гарч ирэхэд Шинэ Зеландын гаалиар нэвтрүүлэхгүй хэмээн саатуулсан аж. Хэл нэвтрэлцэхгүй ч гэсэн тэр тугалган цаасанд ороосон хонины махан борц, бяслагийг охиндоо өгөхөөр авч явсан гэдгээ ойлгуулсан хэмээн Шинэ Зеландын талаас мэдээлжээ.
“Тухайн саатуулагдсан эмэгтэй Монголоос эдгээр хүнсний зүйлийг тээвэрлэж авчирсан нь тогтоогдсон. Гэвч эдгээр нь Шинэ Зеландын хилээр оруулах ямар ч зөвшөөрлийн бичиггүй байгаа учраас бид нэвтрүүлж чадахгүй. Монголын мал ихэнхдээ халдварт өвчтэй байдаг. Ийм өвчлөлийг Шинэ Зеланд улсад нэвтрүүлмээргүй байна. Хэрвээ ийм өвчин дэлгэрвэл Шинэ Зеландын эдийн засагт 16 тэрбум ам. долларын хохирол учрах болно” гэж Шинэ Зеландын Оакландын нисэх буудлын менежер Дэйв Симс өгүүлжээ. Энэ асуудлыг тус улсын анхан шатны аж үйлдвэрийн яам хэлэлцсэн юм байна. “Тэд Шинэ Зеландын хил хамгааллын дүрэм журмыг хангалттай мэдэх ёстой. Ийм эрсдэлтэй зүйлс тээвэрлэж яваагаа бидэнд мэдэгдэх ёстой байсан. Энэ үйл явдал нь манай улсын био хамгаалал ямар өндөр түвшинд байдаг вэ гэдгийг монголчуудад, дэлхий дахинд харуулах үйл явдал боллоо” гэж анхан шатны аж үйлдвэрийн яам мэдээлжээ.