Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө.
Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэхэд бусад дүүрэг болон зарим хувийн хэвшлийн ТҮК-ийн хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулж, ачилт хийсэн байна.
Баянзүрх дүүрэгт тохижилт үйлчилгээний дөрвөн компани ажилладаг бөгөөд нэгт нь коронавируст халдварын тохиолдол илэрсэн учраас, тухайн байгууллагын ажилтнууд тусгаарлалтад орж, үйл ажиллагаа нь доголдох эрсдэл үүсээд байсан юм. Тиймээс тухайн компанийн хариуцсан нутаг дэвсгэрт ил задгай хог хаягдал үүсэх, хуримтлагдах нөхцөл байдал үүссэн. Захирагчийн ажлын албанаас хог тээврийн мэргэжлийн зургаан байгууллагаар үүссэн хог хаягдлыг бүрэн цэвэрлүүлжээ.
Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар тухайн жилд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг баталдаг. Энэ дагуу сар шинийн баяраас өмнө их цэвэрлэгээний ажлыг эхлүүлнэ гэдгийг Захирагчийн ажлын албаны ХХУЗХ-ийн дарга С.Аригуун хэллээ. Цар тахлын үе учраас энэ ажилд иргэд, олон нийтийг оролцуулахгүй, харин тохижилт, үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм. Мөн хог ачилтын давтамжийг нэмэгдүүлж ажиллана.
Түүнчлэн “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв”, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгох зорилготой нэг сарын болзолт уралдааныг Захирагчийн ажлын албанаас зарласан. Энэхүү болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг мэдээллийн үеэр танилцууллаа.
Нийт 17 шалгуур үзүүлэлт бүхий уг уралдааны дүнг үндэслэн байр эзлүүлнэ. Эхний 20 байранд орсон СӨХ-г өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм. Түүнчлэн тэдгээрийг Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, фасад, лифт засварлахад дэмжлэг үзүүлнэ.
Нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох, засварлахад ажилд нь дэмжлэг үзүүлэх юм.
Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс 11 СӨХ-нд халуун хэмжигч бэлэглэнэ. Монголын халдваргүйтгэл, шавьж мэрэгчидтэй тэмцэх холбооноос есөн СӨХ-ны хариуцсан байруудад нэг удаа үнэ төлбөргүй ариутгал халдваргүйжүүлэлт хийж өгнө.
Болзолт уралдаантай холбоотойгоор СӨХ-дод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх сургалт, мэдээлэл арга зүйн зөвлөгөөг Захирагчийн ажлын албанаас өгч эхэлсэн байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс