Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Болтыг Бээжинд төрсөн гэлцдэг нь үнэн бололтой

Бээжин-2008 олимпийн наадам хөнгөн атлетикийн ертөнцөд Үсэйн Болт хэмээх “шижир алт”-ыг танилцуулж билээ. Тэр жилийн наадамд ямайк залуу 100метр, 200 метрийн зайнд хүний ой тойнд үл багтам амжилт үзүүлэн анхны алтан медалиудаа зүүж байсан. Түүнээс хойших он жилүүдэд Болтын ялалтууд зогсолтгүй үргэлжилж байсан ч гэлээ энэ жилийн эхнээс гацаж эхэлснийг санаж байна. Болтыг элдэв гэмтлүүд ороож дайварт нь өрсөлдөгчид нь ч чангараад байсан нь түүнийг Бээжингийн хөнгөн атлетикийн ДАШТ-д гавихгүй гэдэг таамаглалын үндэс болж байлаа. Гэтэл тэр өтлөх болоогүй байж. Хэдийгээр Гэтлин түүнтэй ширүүн үзэлцсэн ч гэлээ ганц ч удаа урд нь гишгэж чадсангүй. Болт оролцсон төрөл бүртээ манлайлж ДАШТ-ий алтан медалийнхаа нийт тоог 11-т хүргэв.

Кени улс – хөнгөн атлетикийн хаан

Зүүн Африкийн энэ улсын хөнгөн атлетикчид шинэ зуун гараад тив дэлхийн тэмцээнүүдэд гаргах амжилт нь улам ахих болсон. Дундын зайн эрэгтэйчүүдийн төрөлд гаргадаг байсан уламжлалт амжилтаа олшруулж эмэгтэйчүүдийн гүйлт, холын зайн гүйлт, жад шидэлт зэрэг наадгаануудад тэд алтан медаль авч эхэллээ. Үр дүн нь кеничүүд анх удаа долоон алтан медаль, зургаан мөнгөн медаль, гурван хүрэл медальтайгаар анх удаа ДАШТ-ийг оройлов.

Итоны шинэ амжилт

Америкийн Орегоноос гаралтай өнгөт арьст Эштон Итон жинхэнэ эрчүүдийн тэмцээн гэгддэг арван төрөлтөд 9045 оноогоор дэлхийн шинэ амжилт тогтоон аваргаллаа.

Болтыг бараг л “нухчих” шахав

200 метрийн зайд түрүүлчихээд үзэгч олонтой баяраа хуваалцаж явсан ойрын зайн гүйгч У.Болтыг Хятадын төв телевизийн зураглаач цахилгаан тэргэнцрээрээ дайрч гэмтээх шахав. Буухиа тэмцээнд оролцох дутуу байсан тул ямайк залууг баларлаа даа гэтэл хаа очиж гай холуур өнгөрсөн бололтой. Хятадууд “Эвгүй зүйл боллоо. Их сайн зураглаач байгаа юм. Анхных нь алдаа, ажлаас нь халахгүй” гээд бүх зүйл сайхнаар дуусав.

Интернэтээр жад яаж шидэхийг заалгаад аваргалав

26 настай Жулиус Йего дөрвөн жилийн өмнө жадыг яаж зөв шидэх вэ гэдгийг интернэтэд байршуулсан бичлэгийг харж суралцаж эхэлсэн гэхэд итгэх аргагүй. Уг нь жад шидэлт цэвэр “цагаан арьстан”-уудын наадам болдог байсан нь саяхан. Харин өнөөдөр 26 настай Кенийн шидэгч 92.72 метр шидэж аваргаллаа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *