Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбарынхны цалинг нэмээгүй байна

МҮЭ болон шинжлэх ухааны салбарын ажилчид мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт нэмэлт гэрээ оруулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг нэмэхээр болсон. Гэвч үүнээс хойш дөрвөн сар өнгөрсөн ч нэмэлт гэрээ хэрэгжихгүй байгаа аж. Тэдний ярьж буйгаар БСШУСЯ, Сангийн яам, ХНХЯ, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны санал дүгнэлтийг үндэслэн зургаан зүйл бүхий нэмэлт хэлэлцээрийг байгуулсан байна. Тус хэлэлцээрийн нэгдүгээр заалтад 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эрдэм шинжилгээний ажилтнууд болон багш ажилчдын цалинг долоон хувиар нэмэхээр тусгажээ. Харин энэ хэлэлцээр өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байгаа юм. Энэ нэмэгдлийг хөдөө орон нутгийн багш нар болон шинжлэх ухааны салбарынхан огт аваагүй гэдгийг Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан тодотгож хэлэв. Уг нь хийсэн хэлэлцээрээр шинжлэх ухааны салбарынханд энэ онд 270 сая төгрөгийн нэмэгдэл олгохоор болжээ. Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх гэж дөрвөн байгууллагын дунд гуйж, шаардаж хөлөө эцтэл явлаа. Энэ Монголд ажил хийдэг хүн алга. Төр, засгийнхан хэрүүл тэмцэл хийхээс төрийн албан хаагчдын амьдралыг өөд нь татъя, хийсэн гэрээ хэлэлцээрээ хэрэгжүүлье гэдэгт огт санаа тавихгүй байна. Яриа хэлэлцээрээр шийдэх гэтэл яамд хоорондоо шидсээр он гарахад хэдхэн хоног үлдлээ. Ажлаа хийдэггүй хүмүүсээс болж Монголын төр сүйрч байна” гэв. Хэрвээ хэлэлцээр хэрэгжихгүй байгаа учраас шинжлэх ухааны салбарынхан өчигдрөөс яамны гадаа жагсаал хийж эхэлсэн. Жагсаал өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд маргаашнаас Сангийн яам, ХНХЯ-ны гадаа суулт болон үргэлжлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *