Харахын заяа байхаас хазахын заяа үгүй гэдэг хуучны яриа байдаг сан. Хичнээн хүсэл байвч барьж, хүрч, эдэлж чадахгүй, зөвхөн нүдээ баясгаж л өөрийгөө хуурдаг гэсэн агуулга болохыг хүн бүр мэднэ. Тэгвэл Богд уулыг харахаар яг ийм зүйр үг санаанд бууж байна. Байсхийгээд л “Богд ууланд тэр, тэр сайд, дарга байхдаа газар эзэмших гэрчилгээ олгожээ” гэж шүлсээ үсчүүлэн зүхэх масс их байх юм. Байгалийн цогцолбор бүхий энэ сайхан газрыг эзэмшиж, ашиглахгүй юм бол харж баяслаа гээд юу нэмэгдэх вэ дээ. Тэгээд ч Богд уулыг хэндээ хадгалах гэсэн юм бэ.
Манайханд социализмаас хойш явж ирсэн нэг хэвшмэл ойлголт байдаг. Тэр нь дархан цаазтай газар гэхээр л хүн хар ойртож болохгүй, тусдаа байх ёстой юм шиг, хашаалчихдаг. Манай улс нутаг дэвсгэрийнхээ 14 сая га газрыг яг ийм байдлаар олны хөлөөс тусгаарлачихсан. Тийм болохоор аймаг, сумд дандаа хувхай цагаан, зэлүүд талд байрлачихсан байдаг шүү дээ. Монголын 330 сумаас хуруу дарам цөөхөн хэд нь л байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт төвхнөсөн байх жишээний. Тухайлбал, Хэнтийн Дадал, Биндэр, Булганы Хутагт-Өндөр, Тэшиг зэрэг сумд бол ярих юм байхгүй сайхан нутаг. Дээрээс нь Хөвгөлийн ганц нэгхэн сум л нэмэгдэнэ. Бусад сумд нь үзэж, харах ч юмгүй шороо манарсан байдаг нь худлаа биш.
Монголчууд бид өөрсдийгөө уул, ус, ургамал, ан амьтан хосолсон хосгүй сайхан үзэсгэлэнт байгалтай гэж дэлхий дахинд зарладаг хэрнээ тэрийгээ ашиглаж чаддаггүй. Байгалийнхаа энэ сайхан цогцолбор газрууддаа нүдээ хужирлаж, сэтгэлээ хуурч байхаар тэр тансаг орчныг биеэрээ мэдэрч, дотор нь орж амьдаръя л даа.
Тийм болохоор Богд уулынхаа ам бүрт хотхон бий болгоё. Тойруулаад хот байгуулж яагаад болохгүй гэж. Галт тэрэг, метро, дугуй, мотоцикль, явган хүн, хурдны зам гээд дэд бүтцээ цогцоор шийдэж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр амьдарч яагаад болохгүй гэж. Олон орон байгалийн чамин тансаг тогтоц дээрээ түшиглэн хотуудаа босгосон л байдаг шүү дээ. Бидний сайн мэдэх Австрали, Швейцарь байна. Үнэхээр очсон хүн бүр аз жаргал мэдэрдэг диваажингийн орнууд гэж шагшдаг. Тэгвэл яг тэдэнтэй адилхан манайд ч бас диваажин болсон энэ сайхан газар нутгаа эдлэх ёстой байтал хүмүүсээ ойртуулдаггүй. Очсон нэгэн рүүгээ шороо цацан үхэлддэг. Тэгэхээр одоо хэдүүлээ социализмын үеийн хуучинсаг сэтгэлгээнээсээ салцгаая. Ардчилсан чөлөөт, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. Шинэ мянганд амьдарч байж алийн болгон хуучинсаг арга барилаар аливаад хандах гэсэн юм бэ. Тиймээс Богд ууландаа хотхон төлөвлөж байгуулъя. Тэгээд ч Богд ууланд газар эзэмших нь гэмт хэрэг огтоос биш юм шүү