БНХАУ Канадаас цэвэр агаар худалдан авч эхэлсэн байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол өнөө жил урьд онуудынхаас илүү байгаа. Өнгөрсөн долоо хоногт Бээжингийн удирдлагууд зарим бага сургууль болон цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаасан юм. Мөн иргэдийг шаардлагатайгүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан. Тус улсын удирдлагууд агаарын бохирдлын улмаас эрүүл мэндээрээ хохирогч болж буй иргэдээ хамгаалахын тулд хилийн чандаас цэвэр агаар худалдан авч эхэлсэн гэнэ. Канадын “Vitality Air” компани өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Бээжин хотноо цэвэр агаар худалдах болжээ. Энэ компанийн ажилчид цэвэр агаараа тусгай баллон дотор ууталж, Хятад руу түгээх болсон байна. Тодруулбал, 4000 баллон цэвэр агаар худалдаалжээ. Ингэхдээ Хятад руу тусгай хамгаалалт дор зөөвөрлөдөг байна. 7.7 литр цэвэр агаар бүхий баллон 100 юань буюу 15 ам.долларын үнэтэй байдаг аж.
Харин Бээжин хотноо агаарын бохирдлоос хамгаалах хүнсний бүтээгдэхүүн, эм зэрэг нь дээрх цэвэр агаараас 50 дахин хямдаар зарагдаж байгаа ч иргэд энэхүү цэвэр агаарыг худалдан авахын тулд урт дараалал үүсгэх болжээ. Дөрөвхөн хоногт гэхэд 500 баллон цэвэр агаар худалдсан байна.
Тус компанийн гол бүтээгдэхүүн болох цэвэр агаарыг химийн аргаар гаргаж авсан хэмээн хэвлэлүүд бичиж эхэлжээ. Энэ асуудалд тус компани “Бид хэрэглэгчийнхээ итгэлийг хэзээ ч алдахгүй. Бид цэвэр агаар л гэсэн бол энэ баллон дотор цэвэр агаар бий. Тус баллон дотор савласан цэвэр агаарыг компанийн ажилчид Канадын хамгийн өндөр уул, өргөн гол мөрөнтэй онгон дагшин байгалийн цогцолбортой бүс нутгаас савладаг. Бид цэвэр агаарыг хэрэглэгчдэд хүргэхээсээ өмнө сайтар судалгаа шинжилгээ явуулдаг. Баллон дотор цэвэр агаар ууталдаг ажилчдынхаа эрүүл мэндийг байнга шалгаж, судалгаа явуулдаг” гэж тайлбарлажээ.