Засгийн газрын тогтоол, УОК-ын шийдвэрээр өнгөрсөн оны IX, X сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн БНХАУ-ын 503 иргэнийг эх оронд нь буцаасан талаар Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ. Тэдний ажиллаж байсан бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж коронавирусийн цар тахлын улмаас түр зогссон байна. Улмаар улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан учир эх орондоо буцах боломжгүй болоод байжээ. БНХАУ-ын иргэд аливаа зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд эх орондоо буцаж байгаа аж.