Categories
мэдээ цаг-үе

Биотехнологиор “Юрийн галавын цэцэрлэг”-ийг ч бодитоор бий болгох боломжтой

Биотехнологийн шинжлэх ухааны өнөөгийн хөгжлийн талаар МУИС-ийн Байгалийн ухааны салбар сургуулийн Биологийн тэнхимийн багш профессор Б.Очирхуягтай ярилцлаа.

Биотехнологич хүн юу хийдэг вэ?

-Бид амьтан, ургамал, бактери, мөөгөнцөр гэх мэт ямар нэгэн амьд организмын ферментийн системийг ашиглан технологийн аргаар бүтээгдэхүүн гаргаж ирдэг. Хоол, эм, хувцас, компьютер гээд ямар ч бүтээгдэхүүн байж болно. Үйлдвэрт сүүг том тогоонд халааж ээдүүлж бүтээгдэхүүн хийдэг. Тэгвэл бид тэр нүсэр төхөөрөмжийн оронд сүүний бүрэлдэхүүн дэх ямар нэг уургийг нь аваад бактериа түүндээ үржүүлж бүтээгдэхүүн гаргаж авч байна. Биотехнологич микробиологи генетикийн шинжлэх ухаан, технологи, инженерчлэл гээд олон талын шинжлэх ухааныг судлах шаардлагатай болдог. Мөн мэргэшлийн чиглэл, чиглэлээрээ ялгардаг.

Биотехнологи хүн тө­рөлх­төн хоол боловсруулан үйлдвэрлэж эхэлснээс хөгжиж эхэлсэн гэдэг. Гэ­тэл биотехнологи гэх ойл­голтыг хүмүүс шинэ юм шиг ойлгодог. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд одоо л эрэлт хэрэгцээтэй болж байна. Өмнө нь биотех­нологийн талаар яагаад тэгтэл сонирхож байсангүй вэ?

-Өнөөдөр дэлхийн хүн ам маш хурдацтай өсч байна. Цаашдаа ч хэдэн миллиард хүртлээ өснө. Ингэхээр хүн төрөлхтнийг хоол хүнсээр хангах асуудал нэгдүгээрт тулгарна. Энэ олон хүнийг ядуурал өлсгөлөнгөөс аврах гарц бол биотехнологийн шинжлэх ухаан. Биотехнологи гэдэг маань ерөөсөө хүнд хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг аль болохоор их хэмжээгээр хямдхан гаргах зорилготой. Жишээ нь, тос гаргаж авахын тулд хэдэн мянган га талбайд тосны ургамал тариалдаг. Хэрвээ тэрхүү тосыг нийлэгжүүлж бичил биет ургуулах юм бол арван метр квадрат дотор тосныхоо хэрэгцээг хангаж чадна. Хоёрдугаарт биотехнологийн үйлдвэрлэл анх өндөр өртгөөр босдог ч гаргасан бүтээгдэхүүний үнэ жил ирэх тусам хямдраад явдаг. Өөр технологиор барьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь өртөг гайгүй байх ч жил ирэх тусам бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг.

Манайд биотехнологийн үйлдвэрлэл байна уу?

-Энд нам даралтын биотех­нологи, өндөр биотехнологи гэсэн хоёр ойлголт яригдана. Цэвэр генийн түвшинд, генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан биотехнологийг өндөр биотехнологи гэдэг. Энэ чиглэлийн үйлдвэр мэр сэр гарч ирж байна. Тухайлбал, анагаахын чиглэлд эмч нар өвчнийг түргэн оношлох технологийг судлан гаргаж байна. Ерөнхийдөө Монголд хөгжиж ирсэн нь нам түвшний буюу бичил биет, фермент ашиглан талх барих, ногоо даршлах, исгэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт хуучны биотехнологийн арга барил байна.

Биотехнологийн эсрэг зогсох хүмүүс бас байдаг. Тэд ямар учраас эсэргүүцдэг юм бэ?

-Биотехнологиор хийсэн бүх юм зөв зохистой гэж хэлж болохгүй. Өнөөдөр энэ салбарыг эсэргүүцэгчид генийн өөрчлөлттэй ногоо, бүтээгдэхүүн, амьтан, ургамал гарч байгааг таашаадаггүй. Биотехнологийн үйл явцад өмнө нь хэзээ ч байгаль дээр байгаагүй юмыг үйлд­вэрлэж байна. Генийн өөрчлөл­төд орсон хүнсний бүтээгдэхүүнүүд алгуур хүний биед сөргөөр нөлөөлж болзошгүй гэж хүмүүс айдаг. Энэ нь биотехнологи хөгжихөд саад болж байна.

Олон өнгийн дэлбээтэй, элдэв сонин хэлбэртэй цэ­цэг, эсвэл найман хөл­тэй тахиа гэдэг ч юм уу янз бүрийн гаж амьтан, ургамал гарах болж. Энэ бүгд биотехнологийн үр дүн үү?

-Тийм. Гэхдээ үүнийг хамаагүй хэрэглэж болдоггүй. Анх биотехнологчдын гаргасан GNT компани тодорхой хугацаанд ажиллаж байгаад өөрсдөө компаниа хаасан. Хүн, амьтныг хувилж болохгүй гээд дэлхий нийтэд олон улсын хуулиар хорьчихсон. Гэхдээ ямар нэгэн эрхтнийг тусад нь ургуулаад шилжүүлэн суулгахыг хүлээн зөвшөөрнө. Жишээлбэл, ямар нэг хүний элэгний эрүүл эсийг авч хадгалаад биотехнологиор эсийг нь ургуулж эргээд элэг шилжүүлэн суулгах байдлаар ашиглаж болно.

Колониор хүн амьтан хувилж байсан түүх байдаг уу?

-“Доли” гээд анхны коло­ниор гаргасан амьтан байсан ш дээ. Нэг хонины гень аваад яг адилхан хонь хийсэн. Зур­гаан жил амьдраад үхсэн байдаг.

Амьд амьтныг аваад хувилчихаж болж байгаа юм чинь эрт дээр амьдарч байсан үлэг гүрвэлийг хувилж чадах уу. “Юрийн галавын цэцэрлэг”-ийг бодитоор бий болгох боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Эрт дээр үеийн амьтдаас хувилах туршилт явуулаагүй хэдий ч өнөөдөр техник, шинжлэх ухааны хувьд чадах түвшинд очсон. Өнөөдөр биотехнологийн арга зүйг хэрэглээд эртний хүмүүсийн ясанд шинжилгээ хийж хэдий үед, яаж амьдарч байсан ямар өвчнөөр үхсэнийг нь ч тогтоож болно.

Тэгвэл “Помпей”-н сүйрэл ч юм уу “Хирошима”-гийн бөмбөгдөлтөд өртөөд чулуужаад үлдчихсэн хүмүүсийн цогцос байдаг. Тийм хүмүүсийн ясанд шинжилгээ хийж болох уу?

-Шатчихаараа генийнх нь мэдээлэл алга болчихдог. Өөрөөр хэлбэл органик биш болчихсон гэсэн үг. Ген нь бэртэлгүй үлдсэн яс юм уу, ямар нэгэн эд анги байвал судалгаа хийж болно. Нэг сонирхолтой баримт дурдахад англид нэг биотехнологийн эрдэмтэн эртний хүний яс олсон байгаа юм. Генийн судалгааг нь хийгээд ерөнхий төлөвийг нь гаргачихаад хотынхоо бараг бүх хүний гений дээжийг аваад судлаад явсан чинь өөрөө тэр эртний хүний удам болж таарсан. Тэгээд тэр хүн өөрөө жил бүр тэр эртний хүний дурсгалд очиж хүндэтгэл үзүүлдэг болсон гэдэг.

Манайд эртний хүний генийн судалгаа хийж байна уу?

-Манайд эртний Түрэгийн үеийн булшнаас олдсон хүний ясан дээр геномийн судалгаанууд хийж байна. Ямар удмын хүн байсан, Түрэг үү Монгол гаралтай хүн үү гэх мэтээр судалдаг.

Хэдий үеийн олдвор юм бол, судалгааны дүн гарсан уу?

-Энэ төсөл ноднин жилээс эхэлсэн. Олдворуудаа цуглуулаад ажиллаж байгаа. Би дотор нь орж ажиллаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор хүрэл зэвсэг, зарим нь Түрэгийн үеийн олдвор гэсэн.

Өнгөрсөн үеийн амьтдыг амьдруулах боломжтой юм бол устаж байгаа амьтдыг авран хамгаалж болно биз дээ?

-Ховор амьтдыг хамгаалах зорилготой дэлхийн генефонд гэж байгууллага байдаг. Ус­таж байгаа амьтдын генийг нь аваад шингэн азотод, -200 градустай саванд хадгал­чихдаг. Энд амьтнаас гадна устаж байгаа ургамал ч орно.

Биосинтезийн аргаар түлш гаргана гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Тосноос нүүрстөрөгчийн хий юм уу спирт гаргаж түлш бэлтгэдэг. Түүнийгээ хий болон спиртэн хөдөлгүүрт машинд хийнэ. Үүнийг манайд нэлээд хэдэн жилийн өмнөөс судалж эхэлсэн. Тосноос биосинтезийн аргаар түлш үйлдвэрлэхэд хаягдал тос хангалттай байх хэрэгтэй. Гэтэл манай мах комбинатын үйлдвэрүүд улирлын чанартай тос гаргадаг.

Ямар тос вэ?

-Цайны газруудын хаягдал тос, өөхөн тос гээд ямар ч тос байж болно

Нано технологи, биотех­нологи юугаараа ялгаатай юм?

-Бараг адилхан. Бид молекулын түвшинд ажиллаад ирэхээр нано түвшинд орж байна гэсэн үг. Нано технологи маш өндөр өртөгтэй учраас имфирматикийн шинжлэх ухаан, анагаах ухааны шинжлэх ухаанд гол төлөв ашигладаг. Алсдаа нано технологи илүү сайжраад, бүтээгдэхүүн нь хямдраад ирэхээр бусад салбар руу орж болно. Хүнсний бүтээгдэхүүн аль болох хямд байж зарагдана, анагаахын бүтээгдэхүүн өндөр үнэтэй байсан ч зарагдана.

Биотехнологийн аргаар гаргасан сүүлийн үеийн ямар шинэ, сонин бүтээгдэхүүн байна. Та жишээ дурдаач?

-Цаг тутамд маш олон бүтээгдэхүүн гарч байгаа учраас тэр бүгдийг хэлж мэдэхгүй. Жишээ дурдахад хоол хүнсний муудсан үгүйг өнгөө хувиргаад тогтоодог сав, баглаа боодол хийсэн байна. Хөшсөн, шохойжсон ясанд нь тариа тариад ургуул­­чихдаг эм бэлдмэл, шүднийх нь суурин дээр ясыг нь төлжүүлж ургуулах гээд маш олон технологиуд байна л даа.

Монголын уламжлалт биотехнологи гэж байна уу?

-Уламжлалт сүүн бүтээг­дэхүүн болох айраг, тараг, хоормог, аарц, ааруул, бяслаг эд бүгд манай уламжлалт биотехнологи гэж хэлж болно.

Дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа бас нэг том асуудал бол агаар болон хөрсний бохирдол. Үүнийг биотехнологиор хэрхэн шийдвэрлэж болох вэ?

-Агаарын бохирдлоосоо хамааруулж агаар цэвэр­шүү­­лэх процессоо хийнэ. Био­технологийн аргаар мөхсөн хөрс, усыг сэргээхдээ байгальд байсан сайн бичил биетнийг сэргээж, нөхөн төлжүүлэх ажил хийдэг. Нөхөн төлжүүлэх ажил гэхээр бид хөрсөн дээр нь очоод мод тарьж, цэцэг суулгана гэж ойлгодог. Харин хөрсөн дээрх бичил биетнийг сэргээснээр цааш ургамал ургах, мод ургах орчин нөхцөлийг нь сайжруулж өгдөг. Ингэж биотехнологийн аргаар тэнцүүлэхэд байгалийн хамгийн хурднаар сэргээх бололцоотой болдог. Тийм ч учраас энэ чиглэлээр байгаль орчны биотехнологи гээд биеэ даасан салбар гарч ирж байна.

Био аргаар гэрэл, цахил­гаан хэрхэн гаргадаг вэ?

-Хүн төрөлхтөнд тул­гарч байгаа бас нэг том асуудал нь хаягдал. Бид органик хаягдлыг аваад бичил биетнийг задлахаар метаны хий үүсдэг. Метаны хийг цахилгаан станцад нүүрсний оронд хэрэглэж болно. Эсвэл метан хийгээр ажилладаг машины хөдөлгүүр ч хийж болно. Метаны хийг биотехнологиор мал амьтны бааснаас, хаягдал хогноос гарган авч болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *