Categories
мэдээ нийгэм

“Бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт хөгжлийн төвөөс хамтран Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг өнгөрсөн 7 хоногт зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн 17 сумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсоны зэрэгцээ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн зохицуулагч, “Тэгш нийгэм холбоо” ТББ-ын орон нутгийн төлөөллүүд оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж Сэлэнэг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат үг хэлэхдээ “Аймгийн хэмжээнд 2015 оны дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 10-ны хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сарын аяныг зохион байгуулж, бүх сумдын Засаг дарга, удирдлагууд, ТББ-уудын төлөөлөлтэй уулзаж, аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах арга хэмжээ, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлж, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн хүрээнд болон амьдрах нөхцлийг дээшлүүлэхэд тусламж үзүүлэх талаар санал бодлоо солилцлоо. Ингэснээр ойрны хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлынхаа бодлого, чиглэлтэй болж, үүнийг аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд танилцуулж байна. Ахмадуудын Буман нарс сувилал байгуулж жилдээ 500 гаруй ахмадууд үлээн авч сувилж байна. Гэрийн нөхцөлд асаргаанд байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр сум багийн эмч сувилагч нар өрх гэрээр үзлэг хийж, хөдөлгөөн засал зааж, зөвлөгөө өгч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдттэй эцэг эхчүүдийг сургалтад хамруулж, бүлэг зохион байгуулснаар хүүхэд харах үйлчилгээг бий болгосон” гэв.
Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгийн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Батсайхан дэлгэрэнгүй илтгэл тавьж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөж байгаа зүйлсийнхээ талаар танилцууллаа. Тэрээр илтгэлдээ Италийн АИФО олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрт Сэлэнгэ аймаг хамрагдсанаар ихээхэн ололт амжилт гаргасныг дурдаад, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олгодог жижиг үйлдвэрлэлийн зээлийн эргэлтийн санд анх 70 гаруй иргэнийг хамруулж 7 сая төгрөгийн зээл олгож байсан бол одоо 10 гаруй сая төгрөг болж өссөн. Малын эргэлтийн санг гурван суманд 300 толгой хоньтэй эхэлж байсан бол одоо 1000 толгой болж өсөөд байна гэв.
Зөвлөгөөнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэршээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Италийн АИФО олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Д.Тулгамаа, тус байгууллагын Ерөнхий менежер Л.Энхбуянт, Сэргээн засалт хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, ХБИНХ-ны тэргүүн, Паралимпийн аварга Д.Баатаржав нарын зочид оролцож, үг хэлж баяр хүргэлээ.
Зөвлөгөөнөөс аймгийн удирдлага, төроийн болон төрийн бус байгууллага, иргэдэд хандсан уриалгыг батлан гаргалаа.
Зөвлөгөөний үеэр аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Паралимпийн тэмцээнийг хонхот бөмбөг,зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг шидэлт, жүдо бөх, волебол зэрэг 6 төрлөөр зохион байгуулж, 17 сумын 56 баг, нийтдээ 100 гаруй тамирчин авхаалж самбаа, хүч тамираа сорьлоо.
Түүнчлэн зөвлөгөөний үеэр аймгийн Халамжийн төв, Сэргээн засалт хөгжлийн төв хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг хийж, протез , ортопедийн хэрэгслийг газар дээр нь тааруулж, захиалга авч үйлчилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *