Categories
мэдээ цаг-үе

Бид насаараа анхны төгсөгчид

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САНТ СУМЫН 10-Н ЖИЛИЙН ДУНД СУРГУУЛИЙН 80 ЖИЛ, АНХНЫ 8 ДУГААР АНГИ ТӨГССӨНИЙ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ.


1990 оны 20 жилийн уулзалт. Сант сум. Арын эгнээнд зүүн гараас Д.Гөлөгөө, Д.Аюурзана, Ж.Сумъяа, Ж.Цогзол, Т.Отгон, Д.Мягмар, С.Батмөнх, О.Буд. Өвөр эгнээнд зүүн гараас Ж.Адъяабаатар, Б.Содномдулам, Г.Нацаг-Юм, Д.Пагмажав, Ч.Цэрэнбанди нар.

Бид 1965 оны намраас хойш насаараа ахлах ангийнхан гэж дуудуулж явна.

Бид гэдэг нь Өвөрхангай аймгийн Сант сумын дунд сургуулийн анхны 8 дугаар анги төгсөгчид л дөө.

Учир нь 1940 онд Сант суманд анхны бага сургууль байгуулагдаж, сумын ард иргэдийг бичиг үсэгтэй болгох, анхан шатны боловсрол олгох чиглэлд их ажил хийгдэж иржээ.

1962 оны намар сумын төв бараг орж үзээгүй бидний хэсэг хүүхдүүд морин тэрэгтэй, аав нар нь сургуульд мориор голдуухан хүргэж өгснөөр, дөнгөж сургууль төгссөн залуухан багш А.Бямбаагийн удирдсан 1а ангид орсон минь сэтгэлд тодхон байна.

Зарим нь дотуур байранд сууж, зарим нь хөдөөнөөс 10 км орчим газраас мориор давхин ирж хичээлдээ суудаг байв.

1965 оны намар 4 дүгээр ангид дэвшин ороход сургуулийн удирдлага, анги удирдсан багш нар:

-За, та нар сургуулийн ахлах ангийнхан шүү.

-Дүү нартаа сурлага, сахилга бат, спорт болон бусад бүх зүйлээр үлгэрлэх ёстой шүү!!! гэж шаардах, ухуулах болсон тэр цагаас хойш “ахлах ангийнхан” гэдэг нэр төрийг өндөрт өргөж, хадгалж яваа юм бид.

1966 оны намар манай сургууль 8 жилийн сургууль болон өргөжиж, анхны 5 дугаар ангид бид дэвшин орж, дээрх шаардлага улам чангарч байсан билээ.

Ангийн багш Ж.Бат-Өлзийн хичээл дээр

Сантын 8 жилийн анхны захирал Авирын Төмөрбаатар гэдэг зарчимч, сайн зохион байгуулагч ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, “Сүхбаатарын одонт” мундаг захирал байлаа. Хичээлийн анхны эрхлэгч Гомбын Цэвээндэмбэрэл, биеийн тамирын багш Доржийн Нямсүрэн, манай ангийн багш, монгол хэлний багш Жагарын Бат-Өлзий, шугам зургийн багш Цэдэнгийн Буян, орос хэлний багш Долгормаа, химийн багш Самдангийн Нацагдорж, ПАУ С.Очир зэрэг олон залуу багш нар хичээл зааж, шинжлэх ухааны үндсийг мэдрүүлж байсныг эргэн санахад таатай байна.

Дөрвөөс наймдугаар анги төгстлөө ахлах анги сурлага сайн байхаас гадна тэр цагийн субботник буюу хичээлээс гадуурх аливаа ажилд биднийг их дайчилна. Бид ч тэр ажилд манлайлан идэвхтэй оролцдог байжээ.

Ялангуяа 7,8 дугаар ангид байхад хашаа хороо барих, Жороогийн хөндийд хадлан хадах, дотуур байрны өвлийн идэш хийх зэрэг ажлыг манай ангийнхан нугалж байсан юм билээ.

Техник хөдөлмөрийн багш дутагдалтай учир сургуулийн нярав Цэрэндагва гэдэг уран, нямбай нь дэндсэн хүн бидэнд зуух, яндан хийх аргыг зааж өгч байсан нь хожмоо амьдралд их хэрэг болж байсан юм.

Сантын анхны 8 дугаар анги төгсөгчид их хамт олонч, нөхөрсөг, бие биеэ хүндэтгэдэг болох нь олон зүйлээр мэдрэгддэг. Сургууль төгссөний ойн уулзалтуудад ангиараа цугларч байсан нь саяхан мэт.

Мөн 8 дугаар анги төгссөн орой кино үзэх эрх нээгдэж, сургуулийн гал тогоонд бяцхан хүлээн авалт хийж, ангийн багш С.Очир, сургуулийн захирал А.Төмөрбаатар нар хундага өргөж, ерөөлийн үг хэлж хатуу идээг багш нарынхаа дэргэд амсаж, өөрсдийгөө дөвийлгөж байснаа одоо бодоход сайхан байна.

Наймдугаар ангид орсон намар

Сантын анхны 8 дугаар анги төгсөгчдийн дундаас 1992 оны шинэ үндсэн хууль батлалцсан “Алтан гадас” одонт, Ардын их хурлын депутат, сум нэгдлийн авьяаслаг дарга, хожуу үеийн засаг дарга Ж.Отгон, Монгол Улсын 18 дахь дэслэгч генерал, БХЯ-ны дэд сайд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Ц.Тогоо, боловсролын ахмад удирдах ажилтан, “Алтан гадас” одонт, ардын боловсролын тэргүүний ажилтан миний бие, үйлчилгээний тэргүүний ажилтан, МУ-ын зөвлөх инженер Л.Батсуурь, УДБС-ийн монгол хэл-уран зохиолын ангийн төгсөгч, ардын боловсролын тэргүүний ажилтан болон худалдааны тэргүүний ажилтан Б.Содномдулам, “Алтан гадас” одонт ахмад мал зүйч, ардчиллын ахмад зүтгэлтэн Ч.Цэрэнбанди, “Алтан гадас” одонт ардчиллын төлөө анхны тууштай тэмцэгч Д.Пагмажав, ардын боловсролын тэргүүний ажилтан ахмад багш Т.Отгон, санхүүгийн тэргүүний ажилтан Ю.Нацаг, ардын боловсролын тэргүүний ажилтан, цэцэрлэгийн ахмад багш Ж.Сумъяа, төр захиргааны ахмад ажилтан, Соёлын тэргүүний ажилтан номын санч О.Бүд, Монгол Улсын онц тээвэрчин Ж.Цогзол, Г.Дамбасүрэн бид нар ажилласан салбар бүртээ тэргүүлэгч, манлайлагч болсон байгааг тэр цагийн сурлага хүмүүжилтэй холбож бахархан тэмдэглэж байна.

Мөн цэл залуугаараа тэнгэрт дэвшсэн тээвэрчин Ч.Баяраа, Д.Ганбаатар болон бусад нөхөд Д.Аюурзана, Д.Мягмар, Д.Гөлөгөө, Г.Нацаг-Юм, Г.Гончигдорж, С.Батмөнх, Ц.Сумъяа нараа хүндэтгэн дурсаж суух юм.

2020 он бол төрөлх сургуулийн маань үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож, Сантын сургуулийн хамт олон, удирдлагын баг их зүйл санаачлан хэрэгжүүлж байгааг өвгөн багш миний бие сонсож, баярлаж талархсанаа дэвшүүлэн, ажил хөдөлмөр, сурлага спортын их амжилт хүсэхийн ялдамд эрүүл энхийг ерөөж байна.

Сант сумын уугуул, ахмад багш Ж.АДЪЯАБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *