Categories
мэдээ нийгэм

Бэртсэн ан амьтдыг асран хамгаалах түр байр байгуулагдлаа

Монголын мэргэжлийн анчдын холбоо болон Хандгайтын байгаль хамгаалах газар хамтран бэртсэн ан амьтдыг асран хамгаалах түр байр байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. Ан амьтдыг арчилж хамгаалаад эргүүлээд байгальд нь тавих зорилготой энэхүү газар нь ойролцоогоор 20 гаруй сая төгрөгийн төсвөөр сарын хугацаатай баригдаж дууссан. Энэхүү байгууламж нь зэрлэг ан амьтан байлгах гурван тасалгаатай бөгөөд нэг удаадаа дөрвөөс таван буга, хоёроос гурван чоно, арваас хорь орчим шувуу байлгах хүчин чадалтай аж. Нээлтийн үеэр “Амьтны эрх хамгаалах сан”-гаас тэдэнд араатан амьтан зөөвөрлөх тор болон 500 мянган төгрөг хандивласан юм. Мөн Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо дархчуулынхаа хийсэн бүтээлийг дуудлага худалдаанд оруулж олсон орлогоо хандивлахаар боллоо.

Бэртсэн ан амьтдыг асран хамгаалах түр байрыг санаачлагч Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэлээс энэ талаар тодруулав.


-Амьтдыг хамгаалах байрыг яагаад байгуулахаар шийдсэн бэ?

-2015 оны өвөл хоёр буганд дусал хийх үед дусал нь хөлдөөд явдаггүй. Маргааш нь очоод үзсэн өлбөн зөлбөн байж байсан. Өвч тэжээл тавьж өгсөн. Тэнд байсан хүмүүс зовлонг нь сайн мэднэ. Харин ийм газар дулаан байртай хонож өнжихөд боломжийн байна байх. Энэ бол хот суурин газар заавал байх ёстой газар. Яагаад гэвэл бид ан амьтадтайгаа хаяа зэргэлдээ амьдарч байгаа мөртлөө амьтдынхаа амьдрах орчныг өөрсдөө булаадаг. Зам талбай, хот суурин, төмөр зам тавьж, байгалийнхаа жамаар хоёр тийшээ сэлгээд явж байдаг амьтдын замыг нь хаачихдаг. Тэгээд амьтад торонд орж, нохойнд хөөгдөх тохиолдол бий. Ийм амьтдад бид туслах хэрэгтэй. Бидэнд үеийн үед хаяа зэргэлдээ амьдрах ан амьтдыг хамгаалах заншил байсан.

-Энд ямар хүмүүс ажиллах вэ?

-Голдуу мэргэжлийн хүмүүс ажиллах байх. Сайн дураараа оролцъё гэсэн манай холбооны гишүүн гөрөөчид бий. Сайн дурын баг бүрдүүлээд тэд шаардлагатай бүх юмаа хийдэг. Хэн нэгэн нь байхгүй бол орлоод хийчихдэг ийм л хүмүүстэй боломжоороо ажиллаад явна.

Б.АМАРТҮВШИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *