Categories
мэдээ цаг-үе

Бэлчээрийн доройтолд өлийн цагаан оготно буруугүй

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын дунд орших төрийн хамгаалалттай “Хустайн нуруу байгалийн цогцолбор газар”-ын бэлчээрийн даац даруй таваас зургаа дахин хэтэрчээ. Бидний сурвалжлах баг энэ сарын 22-ны өдөр тус цогцолбор газрын аж байдалтай танилцахаар очсон юм. Улаанбаатар хотоос баруун зүгт 90 орчим километрийн зайд орших Хустайн нуруунд ердөө 10 орчим жилийн өмнө л замын хажуугаар морьтой явахад дөрөөн таваг шүргэж байсан өвс ургамал ор сураггүй болжээ. Ой, тал хээр хосолж байгалийн үзэсгэлэн бүрдсэн тус нутаг бэлчээрийн доройтолд орчихсон байна. 50 гаруй мянган квадрат км газар нутгийг хамрах төрийн тусгай хамгаалалттай цогцолбор газрыг тойроод гурван сумын 120 гаруй өрх малчид нутагладаг гэнэ. Бүс нутгийн иргэд улсын мал тооллогоор 80 орчим мянган мал тоолуулсан ч хотын танил найз нөхөд, хамаатан садных нь тавиултай нийлээд 100 мянган орчим мал байдаг аж. Бог, бод нийлсэн 100 орчим мянган мал нь улсын тусгай хамгаалалттай газарт бэлчээрлэснээр үүдэж “Хустай нуруу байгалийн цогцолбор газар”-ын байгалийн тогтолцоо нь алдагдаж бэлчээрийн доройтолд нэрвэгдээд байгаа гэнэ.

Өнгөрсөн жилийн зуны саруудад хур бороо орсон ч хөрсөндөө шингэж амжилгүй хатчихсан аж. Хэрэгцээтэй хаврын улиралд нь хур тунадас унаагүй учраас хатсан ургамал сэргэж амжилгүй намартай золгосон талаар өдөр алгасалгүй уул хадаар явж зэрлэг амьдынхаа тоо толгойг өсгөхөөр зүтгэж буй байгаль хамгаалагчид нь ярьж байлаа. Тус бүс нутагт өнгөрсөн өвөл бараг цас унаагүй гэнэ. Шинэ жилээр л гэхэд тас хар байсан гэнэ. Ойрын 30 жил цасгүй, хар өвөл тохиолдоогүй талаар нутгийн иргэд хэлж байна лээ.

Биднийг очоод саатахад хүмүүсийн нэрлэж заншсанаар өлийн цагаан оготно тав алхаад л хэд хэдээрээ таарч байлаа. Өмнүүр гишгүүлчих шахаж гүйлдэх оготны нүх замын хажуугаар зай завсаргүй шившчихэж. Өнөөх төрийн тусгай хамгаалалттай газарт бэлчээрлэх 1000 гаруй буга, согоо устаад байхад нь эргэж нутагшуулж тоо толгой 330-ыг даваад буй зэрлэг адуу тахь зэрэг л юугаа идэж, яаж аж төрж байгаад нь санаа зовж л явлаа. Тэд устчихвал хэн юугаа харах гэж Хустай нурууг зорих билээ дээ. Манай орны хөгжлийн гурван тулгуурт бодлогын нэг нь аялал жуулчлал байдаг. Монголд зэрлэг ан амьтдыг хамгийн ойроос харах боломж нөхцөл Хустайн нуруунд л бий. Өнөөдрийн байдлаар тус цогцолбор газарт халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс, мануул, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтан бүртгэгджээ.

ХУСТАЙН НУРУУНЫ БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛД ӨЛИЙН ЦАГААН ОГОТНО БУРУУТАЙ ЮУ

Малчид хөдөлмөрчид бэлчээрийн доройтолд ороход бүх бурууг өлийн цагаан оготно руу чихдэг. Манайхны бурууг өөрөөсөө биш, өрөөлөөс хайдаг нийтлэг зан чанар л даа. Сум орон нутгийн удирдлагууд нь хүртэл өлийн цагааныг устгах ажил зохион байгуулж нүх рүү нь хийгээр үлээж арга ядахдаа ус хүртэл асгаж улсын хөрөнгө зарж, хүч зарлагаддаг аж. Малчид өлийн цагаан оготныг л дараад авбал өвс, ногоо сагсайтал ургаж, мал ахуй нь тарга тэвээрэг авч онд өнтэй орно чинээ санадаг талаар “Хустайн нуруу цогцолбор газар”-ын байгаль хамгаалагч ярьж байлаа.

Жилд дөрвөн удаа үржилд ордог, нэг удаа үржихдээ 5-9 зулзага гаргаж тоо толгой арвай будаа шиг л үрждэг өлийн цагаан оготныг устгаж бэлчээр хамгаалах нь ямар ч боломжгүй, хий дэмий хөрөнгө зарсан ажил болдог юм байна. Бэлчээрийн даац хэтэрч халцгай болсон үед нь энэ амьтны үржил хяналтаас гарч дийлдэхээ больдог гэнэ. Ганц зуны л настай өлийн цагаан оготно бэлчээрийн даац хэвийн үед бие биенийгээ харж үржилд орж чаддаггүй, хэдхэн сар болоод л тоо толгой нь өсөлгүй байгалийн жамаар устдаг талаар “Хустайн нуруу байгалийн цогцолбор” газрын ургамал судлаач, биологич н.Цэрэндолгор хэлсэн юм. Тэрбээр “Монгол орны хэмжээнд тав болон зургадугаар сарын хур тунадас илүү ач холбогдолтой байдаг. Тавдугаар сард хур тунадас унахад тухайн жилийн ургамлын гарц сайн байдаг зүй тогтолтой. Долоо болон наймдугаар сарын хур тунадас ач холбогдол багатай байдаг. Энэ нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөө үзүүлдэг” гэв. Өөр нэг томоохон хүчин зүйл нь мал. Нэг хонь өдөрт 1.5 кг хуурай өвс иддэг. Харин үхэр өдөр т л зургаан хоньтой тэнцэхүйц хэмжээний өвс иддэг юм байна. Харин нэг л морь өдөрт есөн хоньтой тэнцэх хэмжээний өвсийг бэлчээрээс иддэг. Ингээд бодоход тэжээмэл мал улсын тусгай хамгаалалттай газрын бэлчээрт ямар их хэмжээний хохирол учруулж байгаа нь тодорхой харагдаж байна гэж хэлсэн юм.

Бид ийн ярилцаад цааш хөдлөхөд 500 орчим бог малаа улсын хамгаалалттай газар хариулж буй залуутай тааралдав. Түүнээс малаа яагаад хамгаалалттай газар бэлчээрлүүлж буй талаар тодруулахад “Сурчихсан юм ч одоо яая гэхэв. Энэ хавийнхан бүгд л ийшээ л малаа туудаг. Өвсний гарц энэ хавьдаа дажгүй сайн байдаг. Өөр бэлчээр үнэндээ алга” гэж хэнэггүй хариулсан юм. Улсын тусгай хамгаалалттай газар мал амьтан бэлчүүлбэл Зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг аж. Энэ удаа тус иргэнд санамж бичиг өгөөд цааш хөдөлсөн юм. “Улсын хамгаалалтай газар малаа бэлчээрлүүллээ гээд 500 мянган төгрөгөөр торгоод байх хэцүү л дээ. Амьдрахын төлөө зүтгэж яваа улс. Тайлбарлаж ойлгуулаад л явуулдаг юм. Маргааш нь дахиад л хүрээд ирнэ. Малчид гэдэг байгаль экологитойгоо хамгийн ойр хүмүүс. Байгаль дэлхийн үр өгөөжийг хүртэж яваа улс шүү дээ.

Эд маань ойлгож, байгаль дэлхийгээ онгон дагшинаар нь хамгаалж үлдэх тал дээр хойрго хандахад гол харлах юм” гэж тус цогцолбор газрын хамгаалалтын албан дарга Г.Ууганбаяр ярилаа. Малчид иргэдийг зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгочиход өс санаж хээр хөдөө байрлуулсан үнэтэй камеруудыг нь очоод бут цохиж хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг аж. Өнөө хэдэн халиун бугыг нь ч морь мотоциклоор хөөгөөд хамгаалалттай газраас гаргачих тохиолдол байдаг гэнэ. Иргэдийн малыг байгаль хамгаалагч нар улсын тусгай хамгаалалттай газраас хөөж гаргадаг хүн хүч хүрдэггүй гэнэ. Энэ хэвээр иргэд малаа бэлчээрлүүлээд байвал хэдхэн жилийн дараа олон жил хөдөлмөрлөж нутагшуулсан дэлхийд үлдсэн цор ганц төрлийн зэрлэг адуу тахь, халиун буга зэрэг нь бэлчээргүйдэж устахад ойрхон байгаа харагдсан. Хустайн нурууны цогцолбор газраар үйлчлүүлэх иргэдийн дийлэнх нь гадаадын жуулчид байдаг. Зэрлэг ан амьтад нь устчихвал ойроос харах боломжгүй болох юм.

Малын тоо толгойг цөөлж, тооноос чанарт шилжүүлэх бодлого манайд дутагдалтай байгаа талаар тус газрын удирдлага ярьж байлаа. Захын малчин айлаар ороход “мянгат малчин болчихвол, өнөө жил алтан төлийн эзэн болчихвол” гээд өнчин ишиг өөрсдөө идэхээсээ харамлаж суудаг аж. “Малчдын олонх нь малчны зээлтэй байдаг. Малчны зээл авч байхаар малын чанараа сайжруулаад, тоо толгойг нь цөөлж банкинд хадгалаад хүүг нь аваад сууж байвал өөрсдөд нь ашигтай баймаар. Өнөөдөр кг мах ямар өндөр үнэтэй байгаа билээ. Олон малын араас явж өөрийгөө зовоохгүй, илүү амар хялбараар эдийн засаг, байгаль хор хохирол багатай амьдарч болмоор л санагдах юм. Бэлчээрийн даац ч хэвийн болчихвол мал амьтан нь тарга тэвээрэг ч хангалттай авна. Өнөө өлийн цагаан оготно ч үзэгдэхээ болино шүү дээ” гэж “Хустайн нурууны байгалийн цогцолбор газар”-ын удирдлагууд хэлж байв. Сум орон нутгийн удирдлагууд ч “Өнөө манай сум мал тооллогоор аймагтаа гуравт жагссан байна. Ирэх жил байр ахина шүү” гэх мэтээр малчдаа хөөргөчихдөг аж. Өнөө хэд нь бэлчээрээ булаацалдаад муудалцаж бие биенээ үзэхгүй зодоон нүдээндээ тулсан ч тохиолдол гарсан байна. Төв аймгийн сумдын удирдлагууд бэлчээрийн даацад тохируулсан бодлого гаргаад малчдадаа малаа цөөлөх, тооноос илүү чанарын эрхэмлэхэд ухуулга хийгээд ойлгуулчихвал бэлчээрийн даацыг хэвийн хэмжээнд байлгах боломж бүрэн байдаг аж.

Харамсалтай нь сумын удирдах албан тушаалтнууд малчдадаа “Энэ жил мянгат болно шүү, алтан унаганы эзэн болоорой” гэж “сумлаж” өгөөд жилд дөрөв үржилд ордог өлийн цагаан оготныг устгахаар малчидтай хүч хавсраад дайрч үр дүнгүй ажил хийж байгаа нь бэлчээрийн даац хэтрэхэд голлох нөлөө үзүүлж байгаа гэнэ. Бэлчээрийн даац хэтэрч хөрсний доройтолтой явахад тарга тэвээрэг аваагүй туранхай мал нэг өвлийн зуданд алга болж малчид гар мухар үлдэх том эрслэлтэй. Иймээс малын тоог цөөлж чанарт шилжүүлж бэлчээрийн даацыг тохируулах нь нэн тэргүүнд хийх ажил байна шүү, Төв аймгийн зарим судад.

БУЫН ЦУСАН ЭВЭР ТҮҮГЧИД ЦӨӨРЧЭЭ

Өнгөрсөн жил улсын хамгаалалттай “Хустайн нурууны байгалийн цогцолбор газар”-т дархан цаазтай халиун буга есийг агнасан хэрэг гарсан. Тэд бугыг хавар тарга тэвээрэг гүйцэд аваагүй үед нь морь болон мотоциклоор хөөж цуцаагаад бахардаж унахад нь эврийг хөрөөдөж юмуу, мунаар хуга цохиж авч байсан юм. Бугын эвэр унах үе эхэлсэн ч одоогоор ийм төрлийн хэрэг бүртгэгдээгүй байгаа аж. Түүнчлэн бугын унасан эврийг хууль бусаар түүхээр Хустайг зорих иргэд ч цөөрсөн гэнэ. Энэ жил хууль чангарч бугын эвэр гадагшаа гаргахаа больж, үнэ нь унасантай холбоотойг хустайн байгаль хамгаалагчид хэлж байлаа. Харин иргэд төлийг нь авч хурдлуулахаар тахийн сүрэг гүүгээ хөөсөн тохиолдол хэд хэд гарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *