Categories
мэдээ спорт

“Бээжин-2022” Өвлийн XXIV oлимпын наадмын урилга иржээ

“Бээжин-2022” Өвлийн XXIV oлимпын наадам 2022 оны 2 дугаар сарын 4-20-нд Бээжин хотноо мөсний төрлүүд, Жанчхүү/Жан-зя-коу/-д цасны төрлийн спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд тус олимпын албан ёсны урилга Монгол үндэсний олимпын хороонд ирсэн байна.

Ийнхүү хөрш БНХАУ-ын нийслэл хотноо Зун /2008 он/ болон Өвлийн олимпын наадмыг хүлээн авсан дэлхийн цорын ганц хот болж байна. Монголын баг тамирчид түүхэндээ анх удаа Иннсбрук-1964 өвлийн олимпод цана, биатлон, тэшүүрийн төрлөөр оролцож байсан билээ. Түүнээс хойш 14 удаагийн цагаан олимпод /1976 оноос бусад/ Монгол Улсын төрийн далбаа намирсан юм.

“Бээжин-2022” Өвлийн олимпод 7 төрлөөр 109 багц медалийн төлөө дэлхийн 90 шахам улсын тамирчид өрсөлдөх илэрхийлээд байгаа аж. “Пёнчан-2018” Өвлийн олимпод 92 орны 2922 тамирчин оролцсон.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсаас 57 жилийн өмнө эх орноо төлөөлөн тэшүүрийн Л.Цэнд (Тугч), Л.Дашням, Ц.Лхамжав, гүйлтийн цаначин Д.Баадай, С.Нацагдорж, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Пүрэвлоов, Ж.Жавзандулам, биатлончин Ц.Данзан, Т.Лхамсүрэн, Б.Дашгай, Б.Дамдинжав нар “Инсбрук-1964” олимпын наадамд оролцож, олимпын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг анх удаа мандуулсан түүхтэй.

Бээжингийн дараагийн буюу XXV цагаан олимпын наадам 2026 онд Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудад болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *