Categories
гадаад мэдээ

BBC: Оросууд Израилийн дайнд барууныхныг буруутгаж байна DNN.mn

Оросын төрийн телевизүүд Израилийн дайнд аль нэг талыг баримтлахгүй байгаа ч уг явдалд барууныхныг буруутган загнаж бас занан, Украины асуудалд ч тэднийг буруутгах гэж оролдож байна.

ХАМАС-ын Израилийн хотуудад хийж буй халдлагыг Оросын төрийн телевизээр харгис хэрцгий, бүр “дээд зэргийн харгислал” гэж тодорхойлон “Олон тооны хоригдлуудыг нууж хаахгүйгээр Палестины нутаг дэвсгэрт ёслол төгөлдөр авчирч байна. Тэд дайны хоригдлуудыг хамгаалдаг НҮБ-ын конвенцуудын талаар сонсоогүй нь ойлгомжтой /Өөрсдөө Украинд юу хийж байгаа билээ?!/. Тэд израилийн цэргүүдийг ил тод барьцаалж, үүнийгээ огт нууж хаахгүй байна. ХАМАС-ын цэргүүд энгийн иргэд бүр хүүхдүүдийг хүртэл баривчилж байна” гэж нэгдүгээр сувгийн “Воскресное время”-гийн сурвалжлагч хэлээд болсон явдлыг “там” гэж нэрлэжээ.

Израил Газын зурваст хариу цохилт хийн бөмбөгдөж, олон зуун хүний амь эрсдэж, их хэмжээний сүйрэл авчирч буй тухай бичлэгийг эдгээр телевизээр шууд гаргаж “манай хуучин болон одоогийн эх орон нэгтнүүд, аль аль нь Израилд амьдардаг гэдгийг сануулж, дипломатууд хохирогчид байгаа эсэхийг шалгаж байна” гэж хэлэв. Мөн нэгдүгээр сувгийн “Вести Недели” нэвтрүүлэг ХАМАС “цусны үнэр авч”, Нетаньяхугийн засгийн газар тэдний урьхинд орсон тул их хэмжээний цус урсахгүйгээр энхийн хэлэлцээр хийхгүй” гэж дүгнэв. Уг сувгийн хөтлөгч Дмитрий Киселев Ойрхи Дорнодод болсон үйл явдлын тухай “Тийм ээ, Израил бол хамгийн хамгаалагдсан, хамгийн аюулгүй улс, Израилийн армийн хүчинд хэн ч эргэлздэггүй, Моссад бол дэлхийн хамгийн шилдэг тагнуулын байгууллага, Израилийн “Төмөр бүрхүүл” гэгддэг агаарын довтолгооноос хамгаалах систем нь нэвтэршгүй, Израилийн “Меркава” танк нь сөнөөгдөшгүй гэгддэг байсан юм. Одоо энэ бүх хэвшмэл ойлголтууд намрын салхинд тасран унасан алтан навчис шиг хийсэн алга боллоо” гэж хэлэв.

“Воскресное время” нэвтрүүлгийн сурвалжлагч “Ийм том хэмжээний халдлагыг хуурай газар, далай, тэр байтугай агаараар нэгэн зэрэг явуулсан нь Израилийн арми, тусгай албадын нэр хүндэд асар том цохилт болсон” гэдгийг онцлов. “Вести Недели” хагас зуун жилийн өмнө Израилийг тэр үеийн Арабын хамгийн хүчирхэг хоёр арми эсэргүүцэж байсан бол одоо жирийн отрядууд эсэргүүцэн тэмцэж чадаж байна” гэж онцолжээ. Оросын төрийн телевизийн нэвтрүүлгүүд АНУ-ыг байнга сөрөг байдлаар дурддаг бөгөөд энэ удаа ч эдгээр суртал ухуулагчдын тайлбараар Израилийн дайны хурцадмал байдалд АНУ буруутай, тэд нууц хүүхэлдэйн мастерууд, тэдний оролцооноос болж бүх муу зүйл болдог” гэж мэдэгдэв. “Воскресное время” гол асуулт нь орон нутгийн энэ дайн бүс нутгийн дайн болж хувирахгүй гэж үү? Украйнд цуст эмх замбараагүй байдлыг өдөөсөн хүмүүс Ойрхи Дорнодын бүс нутгийг мөргөлдөөн рүү түлхэж байна гэж хэлье гэсэн бол “Время”-гийн сурвалжлагч “Дөнгөж долоо хоногийн өмнө Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх АНУ Ойрхи Дорнодод тайван байдлыг авчирсан гэж сайрхаж байсныг санаж байна уу” гэв. Үнэхээр ч долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Жэйк Салливан Ойрхи Дорнодын бүс нутаг сүүлийн хорин жилийнхээс илүү тайван байна гэж мэдэгдсэн бөгөөд гэхдээ тэрээр үүнийг АНУ бий болгосон тухай огт дурдаагүй юм.

Оросын төрийн санхүүжилттэй “NTV” телевизийн “Ирада Зейналоватай хийсэн долоо хоногийн үр дүн” нэвтрүүлгийн сурвалжлагч “CNN аль хэдийн Байденыг туйлын хүнд байдалд орсон гэж бичиж байна. Нөхцөл байдал түүний хувьд хэтэрхий эвгүй болов. Түүний зөвлөхүүд Орос, Хятад хоёрт хэт анхаарсан тул Ойрхи Дорнодыг анзааралгүй орхив. Тэд бүх зүйл хяналтанд байгаа бөгөөд Израилийн дарамт, Моссадын бүгдийг мэддэг тусгай алба гэсэн нэр хүндэд найдаж болно гэдэгт бүрэн итгэлтэй байсан” гэв. Нэгдүгээр сувгаар цацагдсан Ням гаригийн “Время” нэвтрүүлэгт Кремлийг дэмжигч улс төр судлаач Дмитрий Саймс дахиад л “Барууны орнууд”-ыг буруутгаж, “Украины барууны ивээн тэтгэгчид Ойрхи Дорнод ч тайван байгаа гэдэгт итгэлтэй байсан.

Тэд Сирийн зэвсэгт хүчин, Ливаний “Хезболла”-д цохилт өгч, өөрөөр хэлбэл ХАМАC-ыг дэмждэг хүчинд цохилт өгч буйдаа тайвширсан нь алдаа болсон” гэж онцолж байна хэмээн BBC мэдээлэв.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *