Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Монгол төрийн их баяр наадам эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Хүн бүр баяр наадмын бэлтгэл хийж, их хот маань хөл хөдөлгөөн ихтэй байна. “Би хотоо сахиж үлдэнэ, та нар явах болоогүй” гэж ч бие биенээ цаашлуулах нь энүүхэнд.
Үндэсний их баяр наадмаар бүх нийтээрээ зургаа хоног амарна. Энэ өдрүүдэд хөдөө гадаа аяллаар явахдаа ялангуяа гол усны ойр орчим аялж зугаалахдаа бага насны хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавихыг цагдаагийн байгууллагаас сануулсаар байна.
Саяхан Ховд аймагт нэг ой гурван сартай хүүхэд усанд урсаж яваад хайрганд тээглэн тогтсон байдалтай байхад нь тус нутгийн залуу уснаас гарган амь насыг нь аварч, эмнэлэгт хүргэсэн тохиолдол бий. Осол эндэгдэлгүй, гэр бүл, найз нөхдөөрөө баяр наадмын өдрүүддээ баяр хөөр, аз жаргалтайгаар амарч, аялж зугаалаарай. Хотол түмнээрээ сайхан наадаарай.