Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт Хагт уулын хадны оршуулгаас илэрсэн эсгий онго

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын “Хагт уул”-ын хөндийд эртний хүний шарил олдсон мэдээллийн дагуу ЦЕГ-с 13д/6377 тоот албан бичгийг тус хүрээлэнд илгээн авран хамгаалах малтлага судалгаа хийлгэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу Хагт уулнаас илэрсэн хадны оршуулганд авран хамгаалах малтлага судалгааг хийж гүйцэтгэжээ. Дурсгалаас олон сонирхолтой эд өлгийн зүйлс илэрсэнээс эсгий онгийг онцлон танилцуулж байна.

Хүний дүрст эсгий онго: Хүний толгой, хөл, гарыг тодорхой гаргаж дүрсэлсэн бөгөөд ташаа өргөнтэй эмэгтэй хүнийг төлөөлүүлэн хийсэн бололтой. Эсгийг хүний хэлбэрт оруулан исгэж хоёр давхарлан оёж хийсэн, онгоны гадна ирмэгээр бүтэн тойруулан оёжээ. Нэг талын гарны үзүүрт гурван нарийн дээсийг хооронд нь эрчилж хийсэн унжлага байх ба үүнийг анх хийхдээ хоёр эсгийний голд оруулан оёж гарны үзүүрт илүү гарган унжуулжээ. Хоёр хөлийг өсгийгөөр нь нийлүүлэн өлмийг гадагш харуулан дүрсэлжээ. Онгоны толгойн нүүрэн хэсгийн хоёр захдуу газар хар өнгийн жижиг чулуун сувсыг утсаар сүвлэн нэвт хатгаж тогтоосон ба утасны үзүүрийг ар талд нь нийлүүлэн зангиджээ. Энэ нь нүдийг төлөөлүүлсэн бололтой. Онгоны өндөр 24.2 см. Онгоны дээр хувцас бололтой зүймэл даавууны тасархай болон дээр нь бүтээн тавьсан гурвалжин эсгий тавьжээ.

Судлаачид хадны оршуулгыг дагалдуулан тавьсан эд өлгийн зүйлс дээр тулгуурлан урьдчилсан байдлаар XII-XIII зууны үед хамруулан авч үзжээ. Эсгий онго ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *