Categories
мэдээ эдийн-засаг

Баялагтаа эзэн байя гэсэн үү дээ DNN.mn

“Монгол хүн баялгийнхаа эзэн байх ёстой” гэж уурлаж “Наад баялаг чинь уг нь минийх шүү дээ” гэж гомдоллож, энэ сэдвээр ээ мөн ч олон жил хашхирцгаалаа даа, хэдүүлээ. Эцэст нь тэгээд эзэн нь боллоо, боллоо.
Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аар баталсан. Ингэснээр “заяагдмал баялаг” гэж тодотгоод буй том, жижиг олон орд газруудын ашгаас Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, үүнээс Монголын 3 сая иргэн бүрд хувь хүртээхээр болсон. Эхнээсээ хүртэв.
Баялгийн сан 3 төрөлтэй. Үүнд:
Ирээдүйн өв сан;
Хуримтлалын сан;
Хөгжлийн сан.
Энэ гурваас “Хуримтлалын сан”-г сонгон авч тайлбарлая. Хууль батлагдсан хугацаанаас хойш буюу 2024 оны жилийн эцсээр энэ санд 497.5 тэрбум төгрөг хуримтлагджээ. Үүнийг 3 сая иргэнд хуваахад нэг хүнд 135,000 төгрөг ногдож байна. Бэлнээр нь, яг одоо л авахгүй бол юман чинээ тоодоггүй манайхны хандлага ажиглагдаж л байна, шилний цаанаас чихэр долоолголоо л гэнэ. Үгүй ер өгчхөөр бас өглөө, өгснөөр чинь уугаад байна гэж уурлана, яалтай вэ нээрэн.
Маш энгийндээ, банк ороод хадгаламжийн данс нээсэн. Түүндээ 135,000 төгрөг байршуулчихсан гэж ойлгох хэрэгтэй. Энэ мөнгө маань банкны хадгаламжтай адил арвижаад явах зохицуулалт бий. Тэгвэл энэ мөнгийг хэзээ авч ашиглах боломжтой юм бэ гэдэг асуулт ургана. Үүнээс өмнө хүн яах гэж мөнгө хадгалдаг юм бэ гэдэгт хариулах нь зөв. Ирээдүйд учрах гэнэтийн эрсдэл, эсвэл ирээдүйд бий болгох хөрөнгө, эзэмших боловсролдоо, энгийн сайхан, аз жаргалын төлөө л мөнгө хадгалдаг. Энэ мөнгийг ч мөн орон сууц авахдаа, боловсрол эзэмшихдээ, эрүүл мэнддээ бэлэн бус хэлбэрээр зарцуулах боломжтой юм байна.
Баялгийн сангаас яаж баяжуулах юм бэ гэдэг сэдэв чухал. Энд 34 хувь гэдэг тоо анхаарал татна. Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу уул уурхай, ашигт малтмал гээд стратегийн орд бүрийн 34 хувийг төр эзэмшинэ. Жишээ нь, Оюутолгой төслийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Тэгвэл 2022 онд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн. Өргүй болсноор гүний уурхай ашиглалтад орсон.
Одоо бидэнд өөр хэн 34 хувь өгөх ёстой вэ? Төр мөнгийг нь гаргаад нөөцийг нь тогтоосон орд газруудыг хувьдаа эзэмшээд авчихсан компаниуд бий. Бас хэлцэл хийгээд төр 34 хувийг нь авах ёстой тодорхой шаардлага бүхий компаниуд ч байгаа. “Цагаан суварга, “Ачит эх”, “Бадрах энержи” гэх зэрэг нэр дурдагдана. Энэ компаниудын 34 хувийг төр буцаан авахаар ажиллаж буй. Ингээд төр 34 хувиа хуулийнхаа дагуу аваад л байвал иргэдийн хуримтлалын дансан дахь мөнгө өсөөд л байна гэсэн үг. 2040 онд зөвхөн Хуримтлалын санд төвлөрөх орлого багадаа 38 их наяд төгрөг болно гэж тооцоолжээ. Эцэстээ иргэн нь, улс нь баян болоход бид өнөөдрийнх шиг ингэтлээ стресстээч үү, үгүй ч үү.
Энд зөвхөн Хуримтлалын санг тодотгон бичив. Үүнээс гадна утаа, түгжрэл гэх хоолойд тулсан, дэд бүтэц, зам харгуй гэх хөгжлийн олон асуудлаа шийдэхэд хэрэгтэй Хөгжлийн сан, Ирээдүйн өв сангийн тухай сэдэв бий.
Засгийн газрын зоригтой шийдвэр бүрийн ард том эсэргүүцэл байх нь гарцаагүй. Гэвч галыг өөр дээрээ аваад зоримог урагшилж буй Ерөнхий сайд ухарч, нугарчихгүй л бол бид цаашид ч баялагтаа эзэн байж чадах итгэл төрж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *