70 сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг манай улсаас хууль бусаар гаргаж, АНУ-д сая гаруй ам.доллараар худалдах гэж байсан Эрик Прокопид НьюЙорк мужийн шүүхээс гурван сар хорих ял оноосон байна. Э.Прокопиг 2012 оны аравдугаар сард баривчилсан юм. Тэрээр хоёр сарын дараа хэргээ хүлээжээ. Э.Прокопи шүүх хуралдааны үеэр “Буруу зүйл хийснээ хүлээж байна. Хийсэн хэргээ хэчнээн муу үр дагавартайг тооцоолоогүй нь миний буруу” гэжээ. Америк эр Батаараас гадна Тиранозаврын төрлийн өөр нэг үлэг гүрвэлийн бүрэн шахам арга яс, нисдэг үлэг гүрвэлийн чулуужсан яс зэрэг палеонтологийн 18 үнэт олдворыг хууль бусаар зөөвөрлөж, дамлан худалдсан байна.