Categories
мэдээ цаг-үе

Баруун-Уртынхаа сургуульд сэтгэл нь уяатай ангийнхан

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Манайд нэг сүрхий том пянз тоглуулагч байдаг байлаа. Аав, ээж хоёр маань дал, наяад оны Монголын эстрадын болон улс төрийн дуунуудын пянзыг авчирна. Мөн “Кругозор” сэтгүүл захиалж, тэрхүү сэтгүүлийг даган ирдэг байсан тухайн үеийн Оросын алдарт дуучдын пянзыг ч бас цуглуулна. Тэдгээр пянзнуудаас би хоёр дуунд “нугасгүй” дуртай байлаа. Нэг нь Ж.Бадраагийн үг, Ц.Намсрайжавын ая “Халуун элгэн нутаг”. Нөгөө нь Түвдэнгийн Борын тухай дуу юм. Зургадугаар ангид байхдаа өглөө хичээлдээ явахын өмнө энэ хоёр дууг амжвал хоёуланг нь, амжихгүй бол аль нэгийг нь заавал сонсдог байж билээ. Эдгээр дууг сонсмогц учиргүй их эрч хүч, урам зориг орж, эх орноороо бахархах сэтгэл минь улам дэврэх шиг санагддаг байсан байгаа юм. “Бор эгчийн хамгаалж бидэнд үлдээсэн эх нутгаа Р.Рейганд алдахгүй юм шүү” гэх ухааны юм хүртэл бодогдоно гээч. Энэ тухай одооны хүүхдүүдэд яривал итгэхгүй, итгэсэн ч шоолох биз ээ” хэмээн Эрдэнэбалын Ирэхбаяр инээмсэглэн өгүүлэв. Харин түүний хажууд сууж байсан Ж.Гантулга “Тэр яахав, цаад Зандан чинь чуулган дээр үг хэлж байна” хэмээн ангийн нөхдөө телевизийн зүг уриалаатхав. Зандан гэдэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хэлж байгаа юм. Харин тэдний үгийг жаал сонсож суусан Ш.Оюунчимэг “Зандан багадаа нэг их морь унадаг хүүхэд байж билээ. Одоо төрийн түшээ болчихсон, Төрийн ордонд суугаад ингээд ярьж суудаг” хэмээн ярианд эрч өглөө. Ангийн онц сурлагатнуудын нэг М.Энхзаяа “Цаадах чинь одоо ороод ирэх байх аа” хэмээн өгүүлнэ. Энэ үйл явдал Төрийн ордны гурван давхарт Ж.Батзандан гишүүний өрөөнд болсон юм. Бид энэ удаагийнхаа “Нэг ангийнхан” буланд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэг, хоёрдугаар сургуулийг 1992 онд төгссөн ангийнхныг урилаа. Сүүлийн үед нэг ангид сурч төгссөнөөсөө илүү нэг төгсөлтийнхнөөрөө уулздаг болсон гэдэг нь анзаарагдах болсон юм.

1982 онд Баруун-Урт сумын сургуулийн босгыг алхан орсон энэ эрхмүүд өдгөө ч амьдрал дээрээ “Нэг ангийнхан”. Тэдний яриаг ажиж байхад ангийн уулзалт, баяр ёслолын гол зохион байгуулагчид нь бололтой. Өнөөдөр ч гэсэн төгсөлтийнхнөөрөө тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа талаар ярьцгааж байлаа. Эл “том” ангийнхан том гэх болсон шалтгаан нь ганц биш нэг үеийн төгсөлтөөрөө нийлсэн болохоор ийн тодотгож байгаа хэрэг. Том ангийн сургууль төгссөний 20 жилийн ойн уулзалт 2012 онд болжээ. Ингэж нийт төгсөлтөөрөө уулздаг болсноос хойш Сүхбаатар аймгийнханд ийн шинэ жишиг тогтоож өгчээ. Уг төгсөлтийнхөн 250-иулаа бөгөөд санал бодлоо солилцож, ойр байх үүднээс фэйсбүүк хуудаснаа том ангийн групп нээж 180 гаруй гишүүнтэй ёстой л “өнөр бүл” болсон байна. Баруун-Урт хот (тухайн үед хот гэдэг байж)-д ерөнхий боловсролын гурван сургууль байдгаас нэг нь найман жилийнх. Найман жилийн сурагчид нөгөө хоёр 10 жилийн сургуульдаа дэвшин суралцдаг байж.

Сурагч нас ийм сайхан

Нэгдүгээр арван жилийн сургууль нь багшийн болон математикийн гэсэн сонгоны ангитай байсан талаар тэд ярьсан юм. Мэдээж, сонгоны ангийнхан шилэгдэж ирсэн сурагчид байж таарна. Тэднийг аравдугаар анги төгсч байхад нэг хуваарь дээр 10 хүүхэд өрсөлдөхөд, нэг нь сургууль авч, үлдсэн ес нь сургуульгүй хоцордог, нэг талаасаа харгис байсан ганц жил нь бидний төгсөлт байсан хэмээн ярьцгаав. Ийм хүнд нөхцөлд сонгоны ангийн 26 хүүхэд бүгд их, дээд сургууль авч чадсан байна. Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга Н.Ганибал мөн л энэ ангийн хүүхэд байж.

Эдний анги Монгол Улсын гавьяат багш М.Адилбиш, С.Ядамжав, Ш.Жавзмаа зэрэг багш нарын гараар дамжин өдий зэрэгтэй яваа гэдгээ хуучлав. Тэднийг бага ангид байхад хүүхдүүдийн эцэг эхчүүд нь н.Тэрбиш багшид хүүхдээ өгнө гээд анги дүүргэлт нь хэрээс хэтэрч, нэг ширээнд гуравлаж суудаг байсан тухай М.Энхзаяа ярьсан юм. Ангийнхаа жижиг биетэй хүүхдүүдийг урд суулгаад, биерхүү хүүхдүүд нь хойгуур суудаг байсан гэнэ. Урдуур суудаг хүүхдүүд нь онц сурдаг, хойгуур суудаг хүүхдүүд үймүүлчих гээд байдаг байжээ. 10д ангиас гэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Болдын Жавхлан, Сүхбаатар аймгийн Ардын намын дарга З.Энхтөр, Орхон аймгийн ХҮН-ын дарга У.Амарзаяа гээд олон улстөрч ард түмний хэзээний танил болж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс болжээ. “Хүмүүс Монголбанкны Жавхлан л гээд байдаг болохоос манай Жавхаа чинь мундаг бүжиглэдэг хүүхэд байсан. “Майкл Жексоныг дуурайж хэн хамгийн сайн бүжиглэх вэ” тэмцээнд Жавхаа маань түрүүлж байлаа шүү дээ. Б.Жавхлан, Г.Эрдэнэцогт хоёр маань хамт Дарханд яваа болохоор энэ удаа ирсэнгүй, байсан бол хамгийн түрүүнд ирэх л ёстой улс. Бүх л юманд биднийгээ удирдан манлайлж байдаг” хэмээн магтацгааж байв.

Ардчиллын партизанууд “Хонхны дуу”-гаар монгол түмнээ сэрээж байх тэр үед тэдний үеийнхэн, тэр дундаа У.Амарзаяа, Э.Ирэхбаяр, М.Урантуяа, Т.Улаан нар хэрэндээ л ардчиллыг дэмжиж, тухайн үед МХЗЭ-ийн үйл ажиллагааг шүүмжлэн, “Идэрчүүдийн холбоо”-ны салбарыг аймагтаа үүсгэн байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байж. Тэднийг бага байхад зусланд 1-8 дугаар ангийн сурагчид л амардаг байсан бөгөөд ес, аравдугаар ангийнхан амрах эрхгүй байж л дээ. Мэдээж, том хүний амралтанд амарч бүр ч болохгүй тул тэр үеийн гажиг тогтолцоо байгааг анзаарчээ. 1991 оны хавар есдүгээр анги төгсөх дөхөж, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэх тухай ярилцацгааж “Дарьганга” зусландаа яаж ийж байгаад амарна даа хэмээн ярьсны дүнд “Идэрчүүдийн холбоо”-ныхоо нөхдөд хэлж, “Ахлах ангийн сурагчид бид хүүхдийн зусланд амрах эрхгүй, том хүний амралтанд ч очих эрхгүй, бид тэгээд хэн юм бэ. Хэрэв бид хүүхэд мөн бол зусланд амрах ёстой” гэсэн шаардлагыг тухайн үеийн аймгийн удирдлага болон хүүхдийн байгууллагынхаа удирдлагуудад тавьсны үр дүнд ахлах ангийнхныгаа зусланд амраах “виз” авч байсан гэнэ. Хүүхдүүдийн хувьд энэ бол ардчиллын төлөөх томоохон тэмцэл байсан аж. Уг нь тэдний шаардсанаар аравдугаар анги төгссөн сурагчид зусланд амрах ёстой байсан ч дараа жил нь зусландаа амарч чадаагүй. Учир нь “виз” авсан тэр зун зусланд амарч байсан зарим “хөдөлгөөнтэй” хөвгүүд багш нарынхаа үгэнд орохгүй “том толгой” гаргаж, элдэв хэрэг тарьснаар хугацаанаасаа өмнө гэртээ харихаар болсон байна. Тэд тракторын чиргүүл дээр ачигдан, аймгийн төв рүү хүргэгдэж байх замдаа чиргүүл дээрээс үсрэн бууцгааж буцаж ирээд, зуслангийн хаяанд байх элсэн манхан дунд байрлаж байсан аж. Нэгэнт л нөхцөл байдал ингэж эргэсэн тул охид нь хоолноосоо илүүчилж хөвгүүддээ аваачиж өгдөг байсан юм байна. Чухам энэ л дуулиант хэргээс үүдэж, дараа дараагийн ахлах ангийнхан зусланд амрах эрхээ эргэн алдсан аж. Эдний ангийнхныг Дарьганга зуслангүйгээр төсөөлөх аргагүй гэдэгтэй бүгд санал нэг байлаа.

Ангийн найз Х.Мөнхзул нь өдгөө Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллаж байгаа аж. Тэрээр “Бидний үеийнхэнд “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн уриатай социализмын үеийн суурь хүмүүжил, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, юманд хариуцлагатай, хүний төлөө гэсэн тусч нинжин сэтгэл зэрэг олон сайхан чанар шингэсэн байдаг. Тэр үед бүх зүйл картын бараанд шилжиж, өмсөх, идэх зүйлээр одооны хүүхдүүдээс маруухан байсан. Нийгмийн шилжилтийн завсрын үед амьдралынхаа гараагаа эхлүүлсэн байсан болохоор зарим зүйл дээр нийгмээс улбаатай олон хүчин зүйл нөлөөлж хүнд хэцүү байсан ч манай үеийн ихэнх залуус үүнийг даван гарч бүгд мэргэжил боловсролтой болж, Монгол Улсынхаа төр, нийгмийн салбарт тэргүүлж амжилттай яваа олон залуус бидний дундаас төрөн гарсан. Манай аймагт ялангуяа тэр үеийн эвлэл, пионерийн байгууллагаас хүүхдийн хүмүүжилд онцгой анхаарч, урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулагддаг байсан. Тэр бүхэнд манай ангийнхан маш идэвхтэй манлайлан оролцдог байлаа. Бүрээн дуунаар сэрж, бөмбөрийн дуунаар алхаж, нэг уриатай, нэгэн зорилготой, нэгнээ гэсэн сэтгэлтэй болгож олон сайхан хүүхдийг үерхэж нөхөрлүүлж, олон сайхан арга хэмжээг зохион явуулдаг байсан Дарьганга зуслан бидний хүүхэд насны дурсамжтай салшгүй холбоотой” хэмээн дахин зуслангаа магтаад авлаа.

“Том” ангийнхнаас өдгөө 10 гаруй хос төрөн гарсан бол Ж.Батзандан гишүүний төгссөн 10д ангиас хараахан хос төрөөгүй хэмээн гишүүн өгүүлэв. Ангийнх нь охид түүнийг “Хичээлдээ ёстой гавал хүүхэд байсан ч одоогийнх шиг тийм мундаг дуу чангатай хүүхэд байгаагүй, их л даруухан хүүхэд байсан. Харин Унгар руу сургуульд явж ирээд тэс өөр Батзандан болоод ирсэн” хэмээн тодотгосон юм. Чимээгүй инээж суусан Ж.Батзандан гишүүн “Наадуул чинь мань мэтийгээ тоохгүй ээ. Сагс тоглодог, өөр сургуулийн хөвгүүдийг тоодог байсан юм. Би чинь морь их унадаг хүүхэд байсан. Зуны амралтаараа гэртээ харьж амарчихаад бов бор царайтай, үс зүс нь жигтэйхэн ургачихсан ирдэг байлаа. Ер нь тийм амьтныг хэн ч тоохов дээ” гээд ангийн охид руугаа харахад нөгөөдүүл нь “үгүй шүү” гэсэн байртай түүн рүү харна.

Ж.Гантулга, Ш.Оюунчимэг нар хоёрдугаар найман жилийн хамгийн онц сурлагатнууд байсан бөгөөд хоорондоо үерхдэг байж. Ж.Гантулгын хувьд “Үерхдэг байсаан” гээд инээхээс хэтрээгүй бол Оюунчимэг нь “Тэгэхэд нээрээ хүүхдүүд их гайхдаг байсан байх” хэмээн үг нэмнэ. Харин Э.Ирэхбаярын хувьд ангийнхаа хамгийн үймүүлдэг, хичээл номд шамдах дургүй хүүхдүүдийг онцолж найзалдаг байж л дээ. Тухайн үедээ ангийнхан нь ихэд гайхдаг байсан ч хичээлдээ тааруу хүүхдүүдэд хичээлийг нь зааж өгөх, сахилга баттай болгох асуудал дээр нь анхаарч байсныг нь сүүлд мэдсэн гээд инээлдэнэ. М.Энхзаяа харин “Загийн алим” гээд кино байдаг даа. Тэр кинон дээр Агиймаа Хүдэрийг яаж хүмүүжүүлдэг байлаа даа. Манай Ила (Ирэхбаярыг найзууд нь ийн дууддаг аж) чинь яг л тийм хүүхэд байсан байхгүй юу” хэмээн өгүүлэв. Тэдэнд гадны хүчин зүйлс гэхээсээ илүүтэй кино урлаг хүмүүжилд нь нөлөөлдөг байсан гэнэ. Сонгоны ангид тэднийг ороход Эрдэнээ багш нь Ш.Оюунчимэгийг “Чи дандаа онц сурдаг байсан юм уу. Чиний онц ч дээ” гээд хэлэх тэр үед нь “Ямар зэвүүн багш вэ” хэмээн дотроо бодоод хичээлдээ улам их шамддаг байсан гэнэ. Магадгүй тухайн үеийн багш нар сургахын тулд ийм арга хэрэглэдэг байсан байж болох.

Төгсөлтийн 20 жилийн ойн уулзалт. 2012 он

Маргааш (өнөөдөр) Сүхбаатар аймгийн 1995-1988 оны төгсөгчдийн спорт өдөрлөгтэй аж. 1996 оны төгсөгчид энэ жилийн спорт өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээнд оролцох тамирчдадаа охид нь хоол, цай бэлдэх тухай ярив. Энэ үед Э.Ирэхбаяр “Өнгөрсөн жилийн спорт өдөрлөгөөр манай доод талын буюу 93 оны төгсөлтийн “охид” гэртээ хоол, цай бэлдээд ирчихсэн байсан, манай тамирчин хөвгүүдийг бас дайлж. Тэгсэн манай хөвгүүд “Манай охид бидэнд эрхэлнэ үү л гэхээс халамжилж мэддэггүй юм ш дээ” гэж хуучилсан гэсэн. Энэ тухай бид сүүлд нь сонсоод алдаагаа сүрхий ойлгож, маргаашийн өдөрлөгт хэд хэдээрээ нийлээд хоол, цай бэлдэхээр тохиролцсон юм. Энэ үед ангийнхаа нэг охиныг их л үгүйлж дурсацгаалаа. Д.Ариунсанаа маань саяхан бурхан болсон юм л даа. Маш нийтэч, цайлган, юм бүхэнд уриалж, манлайлаад л явж байдаг нэг сайхан найз маань биднээсээ түрүүлээд явчихсан, түүний маань орон зай бидэнд их л үгүйлэгдэж байна даа” хэмээн ангийнхан нь өгүүлэв.

1992 онд тэднийг аравдугаар анги төгссөний дараа тухайн жилд нь их, дээд сургуульд элсэн орсон оюутны төлбөрийг сүүлчийн удаа дааж, 1993 оноос эхлэн аав, ээж нь төлбөрийг нь төлдөг болж эхэлсэн аж. Ямартай ч тэднийг төрийн сангийн зээлээр сургасан ч “Одоо болтол тэрийгээ өгөөгүй шүү дээ” хэмээв. Тухайн үед одоогийнх шиг гар утас байгаагүй, хичээл тарах үеийг тааруулаад дотуур байр руу очно. Цонх руу нь чулуу шидэж дохио өгдөг байсан тухай Ж.Гантулга өгүүлэв. Азгүйтээд өрөөндөө байхгүй бол дараагийнхаа ангийн хүүхэд рүү явдаг байлаа гэсэн юм. Тэд оюутан болж ирээд дөрөвдүгээр дэлгүүр, 64 дүгээр дэлгүүрээс загасан талх, архи авдаг байсан тухай ярив. Охид нь архи уудаггүй болохоор шаглаад зарчихдаг байж л дээ. Харин загасан талхаа дотуур байр руугаа алхаж явах замдаа идчихдэг байсан аж. Дотуур байрныхаа өрөөнд дөрвүүлээ байдаг болохоор нэгийгээ талханд дугаарлуулж үлдээгээд нөгөө гурав нь хичээлдээ явах маягаар ээлжилж талхтайгаа залгадаг байсан гэнэ.

Холоос хичээлдээ явдаг оюутнууд нь автобуснаасаа зүүгдээд явна. Автобус хүртэл тийм цөөхөн явдаг байж. Автобус буудал дээрээ зогсохгүй заавал хэтэрч зогсоно. Тэнд нь уралдаж суух гэж ёстой л алаан болдог байсан юм байх. Тэдний ангийн Н.Уламбаяр “Like HD” телевизийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Тэрээр “Биднийг сурагч байхад аймгийн кино театрт “Хонгилдон”, “Эхийн ач” гээд Солонгосын уран сайхны кино гарч хүүхэд залуусыг байлдан дагуулж байлаа. “Харш”, “Дурсамж”, “Шигтгээ” хамтлагийн дуунууд ид хит болж байсан. “Аялгуу” хэмээх диско клуб үүд хаалгаа нээж бидний үеийн охид, хөвгүүдийн цагаа өнгөрөөх дуртай газруудын нэг болж байлаа” гэхэд Ж.Батзандан гишүүн “Манай ангийнхан чинь “Болор” хамтлагийн “Оломгүй хөх далай” дууг дуулдаг байсан. Одоо нэг сонсгочих уу” хэмээн гар утсан дээрээ өнөөх дууг хангинуулав. Тэд оюутан байхдаа 30 төгрөгөөр фургонд суугаад Дэнжийн мянга орж захаас хувцсаа бэлддэг байж. Ш.Оюунчимэг нэг удаа зах орж жинсэн өмд авчихаад уутанд хийлгэн элгэндээ тас тэвэрчихээд автобусанд сууж. Чихэлдэн явсаар арай гэж ууттай зүйлээ тэврэн буугаад иртэл хулгайч нар аль хэдийнэ уутыг нь зүсээд өмдийг нь аваад хоосон уут тэврүүлээд явуулчихсан байж. Тэрнээс болж зөндөө уйлж билээ хэмээн инээж байсан юм.

Н.Уламбаяр “Миний хувьд Баруун-Уртын зүүн дэнжийн “Норовын мухлаг” хэмээн алдаршсан жижигхээн мухлагийн гадаа сүүн дээр ёстой үзэж тардаг байлаа. Манай тэр мухлагаас л “сүхбаатарынхан сүртэй, сүүн дээрээ зодоонтой” гэсэн үг улбаатай байх гэж боддог юм. Гэхдээ л би тэр жижигхэн мухлагаас хорвоогийн хамгийн амттай бүхнийг хүртсэн шүү. Одоо болтол би тэр мухлагаас авч иддэг байсан орос алим шиг тийм сайхан амттай, тийм анхилам үнэртэй алимыг олж амтлаагүй л байна. Ийм л хүнд хэцүү, ховор живэр, бэрх цагт бидний сурагч насны минь сүүлчийн өдрүүд өнгөрсөн ч гэлээ ёстой гуниггүй гудиггүй нас байсан болохоор хүндийг хүнд, хэцүүг хэцүү гэж бодолгүйгээр хүсэл мөрөөдлөөр дүүрэн жигүүртэй юм шиг л байж дээ” гэв. Тэдний ийн ярихыг сонсоод Баруун-Уртынхаа сургуульд сэтгэл нь уяатай сурагчид байжээ хэмээн дүгнэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *