Categories
мэдээ нийгэм

Барилгын талбайн үйл ажиллагаатай танилцах өдөрлөг зохион байгууллаа

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “Жайка” Олон улсын байгууллага болон “Хурд групп” ХХК-тай хамтран “Барилгын талбайн үйл ажиллагаатай танилцах” өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 02-нд “Хурд групп” ХХК-ийн барьж буй “Цэнгэлдэх” 796 айлын орон сууцны талбай дээр зохион байгууллаа. Өдөрлөгт ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, Газрын дарга П.Энхтайван, “Жайка” Олон улсын байгууллагын “Барилгын салбарын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийн зохион байгуулагч Окүмацү, “Хурд групп”-ын ХАБЭА-н хэлтсийн дарга Н.Даваажав болон ХАБЭА-н асуудал хариуцсан бусад инженерүүд оролцлоо. Арга хэмжээг нээж ХАБЭМТөвийн дарга М.Даваабат үг хэлэв. Тэрбээр жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг ХАБЭА-н сарын аяны ач холбогдол болоод энэ жилийн сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон ажлуудын талаар онцлон хэллээ. Харин “Жайка” Олон улсын байгууллагын төлөөлөгч Окүмацү “Монголд олон улсын жишиг, стандартад нийцсэн олон барилга баригдаж буйд баяртай байна. Япон улс сүүлийн 30 жилийн турш үйлдвэрлэлийн ослыг бууруулах чиглэлд илүү анхаарч, ажиллаж ирсэн нь үр дүнгээ өгсөн. Тиймээс Монгол улсад “Барилгын салбарын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхлээд байна” гэлээ. Мөн ХАБЭА-н газрын дарга П.Энхтайван “Төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах нь чухал гэдгийг онцлоод ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах эрхтэй, ажил олгогч эрүүл аюулгүй орчинг бий болгох үүрэгтэй гэдгийг сануулж байв. Энэ үеэр “Хурд групп” ХХК-ийн ХАБЭА-н хэлтсийн дарга Н.Даваажав ХАБЭА-н үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулсан. Тэрбээр “Бид аюулгүй ажлын байр бүрдүүлэх талд чамгүй анхаардаг, бас зүтгэдэг. Манайхаас сар болгоныг ямар нэгэн уриатайгаар эхлүүлж түүндээ чиглэсэн ажлуудыг хийдэг. Тухайлбал, энэ сард техник технологийг бүртгэх, наалт наах ажлыг зохион байгуулж байна. Барилгын талбай дээр байгаа бүх техникт таних тэмдэг наана” гэлээ.

Өдөрлөгийн төгсгөлд оролцогчид “Цэнгэлдэх” 796 айлын орон сууцны барилгын үйл явцтай танилцсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *