Тайландад олон сар үргэлжилсэн улс төрийн зөрчил, хямралын эцэст арми төрийн эргэлт хийж, бүх эрхийг гартаа авсан билээ. Тайландын армийн дарга Прают Чан-Оча цэргийн дэглэмээр улс орондоо тогтвортой байдлыг эргүүлэн тогтоохоо мэдэгдсэн юм. Гэвч цэргийн дэглэмийг эсэргүүцэгчид армийн эсрэг жагсаал, цуглаан зохион байгуулсаар байна. Өчигдөр гэхэд Тайландын нийслэл Бангкок хотноо армийн эсрэг эсэргүүцлийн жагсаал болсныг олон мянган цэрэг, цагдаагийн хүчээр тараажээ. Жагсагчид хууль хяналтынхны эсрэг эсэргүүцэл үзүүлээгүй учир тэдний хооронд мөргөлдөөн гараагүй аж. Тайландын арми ням гаригт Бангкок хотноо 5700 орчим цэрэг, цагдаагаар хэв журам тогтоох арга хэмжээ авч, зарим их дэлгүүр, зах, метро, галт тэрэгний чиглэлийн үйл ажиллагааг түр зогсоожээ.
Тайландын арми төрийн эргэлт хийснээс хойш экс Ерөнхий сайд Йинглак Шинаватра, түр Ерөнхий сайд Ниваттхумронг Бунсонгпайсан тэргүүтэй олон зуун улстөрчдийг дуудан байцааж, хилийн дээс алхахыг хориглосон юм. Түүнчлэн армийн дарга Прают Чан-Оча Тайландад тогтвортой байдал бүрэн тогтох хүртэл жилийн дотор ямар нэгэн сонгууль явуулахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.