Categories
мэдээ цаг-үе

Балетаас бусдыг найруулсан Б.БААТАРЫНХ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарынд өнжлөө. Өнгөрсөн баасан гаригт бага үдийн хэрд утсаар холбогдтол УДЭТ-т хүрээд ирээ л гэж байна. Театрынхаа гуравдугаар давхарт Ч.Найдандорж найруулагчтай нэг өрөөнд суудаг аж. Өрөөнөөс нь “Аав” киноны зохиолыг бичсэн М.Энхдалай гарч таарлаа. Б.Баатар найруулагчийн шавь гэнэ. Тэд хамтран гавьяат жүжигчин С.Дамдин гуайн намтраар уран сайхны кино хийх гэж байгаа юм байна. Б.Баатар найруулагч “Хөх чоно Дамдины амьдралаар уран сайхны кино хийнэ гэсэн мэдээлэл л өгье дөө. Бусад нь одоохондоо нууц байг” гэв. С.Дамдин гуай ч өрөөнд нь ороод ирлээ. Тэгээд “Энэ Баатар бид хоёр жаахан насны зөрүүтэй найзууд. Бас сөрөг хүчин” гээд нүд ирмэж байна. Б.Баатар найруулагч бодсон санаснаа ил шууд хэлчихдэг, бас нэлээд хөгжөөнтэй, шооч хүн юм.

Зургаан найруулагчийн ганц туслах байжээ

Б.Баатар найруулагч “Би чинь Улаанбаатарын нэгдүгээр төрөхөд төрсөн хүн. Нутаг ус гээд ярихад дуртай биш. Бүгдээрээ л монголчууд биз дээ.

Аав ээжийн нутгаар хөөвөл Увсын улс юм. Аав инженер, ээж эмч хүн. Ээж намайг оюутан байхдаа төрүүлсэн байдаг. Тэгээд л эмээ, өвөө хоёрынхоо гар дээр очсон. Одоо энэ 17 дугаар цэцэрлэгт ажилладаг хүмүүс байлаа. Цэцэрлэгийн түлээ хөрөөднө. Зуурчихсан байхад нь ус хийх үү, ямар үед дээр нь сүх хавчуулах вэ. Далий хөрөөдвөл яах вэ гээд мэргэшиж байгаа юм. Ямар түлээний гадна талд бохь байна гэдгийг ч мэднэ шүү дээ” хэмээв. Харин кино урлагтай холбогдсон талаараа “Ер нь найруулагч, жүжигчин болъё гэж боддоггүй байсан юм. Харин аравдугаар ангиа төгссөний дараа Телекино үйлдвэрт ажилд орлоо. Дандаа пилонкоор баримтат кино хийдэг. Тухайн үеийн камерууд чинь их том бас ард талд нь бүдүүн том утас татдаг байхгүй юу. Тэр холбооснуудыг чирж явсаар байгаад туслах найруулагч болж байгаа юм. Бүр доод шатнаас эхэлсэн хэрэг” хэмээлээ.

Арван жилд байхдаа шүлэг зохиол уран уншдаг хүү байж. Үндэсний телевизэд “Болжмор” сэтгүүл уншдаг байснаа сонирхуулав. Мөн радиогийн хөгжмийн редакцад “Хөгжмийн оньс тайлагч” нэвтрүүлгийг хөтөлдөг байж. Сургуульд байхын л телевизийн талаар жаахан мэдлэгтэй болчихсон гэнэ. Ингээд сургуулиа төгссөнийхөө дараа өөрийнх нь хэлснээр бол сахилгагүйгээсээ болоод сургуульд яваагүй аж. Телекино үйлдвэрт туслах найруулагч болсон нь ийм учиртай аж. Тэнд ажиллах хугацаандаа 15 баримтат кинонд туслах найруулагч, зургийн дарга зэргийг хийсэн байна. Содном, Жамьян, Долгор, Юндэндорж, Хишигт зэрэг зургаан найруулагчийн ганц туслах байсан гэнэ. Хаана зураг авахыг шийдэх, жүжигчид олж ирэх, зохиолыг Уран сайхны зөвлөлд тараах, хар монтаж хийх, найруулагчийн шил юманд нь гүйх гээд гүйхгүй ажил байхгүй байсан аж.

Тэр үед тохиолдсон хөгтэй явдлуудаа баахан ярив. Б.Баатар найруулагч “Нэг удаа Дожоодорж гуайн “Туулсан замын эхэнд” гээд олон цуврал баримтат киног Филатова ирж үзнэ гээд Кино үйлдвэр тэр чигээрээ оволзлоо. Одоо “ХИД-2” байна шүү дээ. Тэр дөнгөж нээгдсэн. Монголд хамгийн анх бараагаа аваад бичүүлдэг болсон хэрэг. Өмнө нь эхэлж бичүүлчихээд дараа нь бараагаа авдаг байсан юм. Ажлаас нэлээд зайтай газар л даа. Тэр лүү “Ундаа аваад ир” гээд явууллаа. Зөвхөн дарга нар ганц нэг машин унадаг байсан үе. Би дэлгүүрт очоод авдар ундаа үүрээд ирсэн чинь “Үгүй ээ. Филатова ирэх гэж байгаа учраас та заавал Тэрэлж ундаа авчир” гэв. Шинээр гараад байсан газтай ундаа. Буцаад ундаагаа үүрч очоод худалдагчийг панаалдаж байгаад ундаагаа буцааж оронд нь Тэрэлж ундаанаас 20 шилийг авлаа. Тэгээд ширээн дээр өрөөд тавьчихлаа. Кино гараад дууссан чинь Филатова гуай нэг ч ундаа уугаагүй явчихсан байна. Задалсан хоёр ундааг нь тэнд байсан дарга нар ууна. Би бол амсах ч үгүй шүү дээ. Тэгээд үлдсэнийг нь буцаагаад аваачаад өг гэж байна. Ундааг хамаагүй уувал шалгалтад алуулна гэж дарга нар айсан байгаа юм. Би буцаад нөгөө ундаагаа үүрээд аваачаад өгч байгаа юм. Дахиад худалдагчтай учраа олох болно. Одоо инээдтэй юм шиг боловч тэр үедээ гурван удаа явган туучихна гэдэг дэглүүлсэн хэрэг. Тэгж ядрахгүй үнэнч гүйсний хүчинд энэ Баатар чинь юм хийж чадах нь, нэг гүрийчихвэл дажгүй эр байх нь гэсэн үнэлэлт ирж байгаа юм” хэмээв.

Мөн тэрээр “Соёл-Эрдэнэ хамтлагийн Б.Наранбаатар нарын “Учралын уянга”, “Цэнхэр залаа” зэргийг өнөө циркийн тэнд тоглодог доо. Түүнд туслах найруулагчаар явж байсан юм. Монгол телевизийн гэрэлтүүлэгч Пэрэнлэй гээд сахалтай өвгөн байлаа. Тэр үед Дружба гээд 70 кг аппарат хэрэглэдэг байсан. Томчууд өдрийн хоол идэхээр Туяа ресторан явлаа. Тэгэхдээ намайг асфальтан дээр дөрвөн хөллүүлж байгаад Дружба аппаратаа нуруун дээр тавьчихлаа. Шөрмөстэй байсан даа. Унагах юм бол насаараа төлөхгүй өрөнд орно. Тэгээд шоронд явна шүү гэчихээд яваад өгч байгаа юм. Хоол идээд иртэл нь гүрийхээс аргагүй. Доороос асфальт халаад гар түлэгдчих гээд байдаг. Тэгсэн нэг хүн хүрч ирээд хоёр уранхай даавуу алган дор тавьж өгсөн. Гэхдээ дэглүүлсэн нь сүүлд хэрэгтэй л байдаг юм даа” хэмээн хуучиллаа.

Хоёр жил орчим ажиллаж байтал нь Телекино студи, телевизэд ажиллаж байсан туслах найруулагчдын дунд конкурс зарлажээ. Түүнд нь орж шалгарсан байна. Соёлын яам, Багшийн дээд хоёр дээр шалгалт өгч байж Киевийн театр урлагийн дээд сургуульд явах эрхтэй болжээ. Б.Баатар найруулагч “Дизайнер Соёлмаа, найруулагч Биндэр, оператор Лхагвадорж бид нэг жилийнх. Тэр жил хамгийн сонин нь урлагийн улсуудаас математикийн шалгалт авсан юм. Яг тэр жил нь таараад би гайгүй үнэлгээ авчихсан. Миний тоондоо сайн гэж юу байхав. Гэхдээ тэдэн дотроо сарнай” гэв. Тухайн үед жүжигчин, судлаачдын ангид шууд элсэлт авдаг боловч найруулагчийн ангид заавал хоёроос гурван жил ажилласан хүмүүсийг авдаг байжээ.

Нүдэнд дулаахан сайхан охин харснаа марталгүй явсаар гэргийгээ болгожээ

Ийн хэсэг хөөрөлдсөний дараа гэрт нь очлоо. Тэднийх Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн ойролцоох 37 дугаар байранд амьдардаг юм байна. Биднийг очиход гэрийн эзэгтэй Н.Баярсайхан хаалга тайлж өгөөд “Манай хүний ажил нь ямар барагдах биш, та нарт ер нь яаж баригдсан юм дээ” хэмээн инээвхийлсээр угтав. Тэд 1983 онд Киевт танилцжээ. Б.Баатар найруулагч Киевийн Театр урлагийн дээд сургууль, харин Н.Баярсайхан Киевийн Хөнгөн Үйлдвэрийн Дээд Сургуулийн оюутан байж. Хоёул гуравдугаар анги. Гэхдээ Баатар найруулагч гэргийтэйгээ нүүр учирч танилцахаас өмнө эгчийгээ гаргаж өгч явсан нүдэнд дулаахан сайхан охиныг анх харснаа сүүлд нь хэлж байжээ. Б.Баатар найруулагч сургуульдаа нэр хүндтэй, тэр бүү хэл хэд хэдэн жүжиг найруулан тавьчихсан сүрхий сэргэлэн хархүү байжээ. Киевт жүжиг, кино үзэж явсаар дотнос­сон тухай гэргий Н.Баяр­сайхан нь дурсан ярилаа. Тэд 1985 онд нутагтаа ирсэн хойноо хуримаа хийж гал голомтоо бадраажээ. Ууган охин Б.Маралгоо нь 1987 онд төрж, дараа нь хүү Б.Энхжин мэндэлжээ. Б.Баатар найруулагч “Урлагийн хүний ар гэр түшиг нөмөртэй байж л сайн явдаг юм даа” хэмээн ярив.

Өдгөө хүүхдүүд нь хоёул гадаадад суралцаж байгаа юм байна. Хүү Б.Энхжин нь Солонгосын Сөүл хотын Урлагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалж байгаа бол, охин Б.Маралгоо нь МУИС-ийн Герман хэлний ангийг төгсөөд АНУ-ын Вашингтон хотод олон улсын харилцааны чиглэлээр мөн магистр хамгаалан суралцаж байгаа юм байна. Гэргий Н.Баярсайхан гурван хүү, нэг охинтой айлын отгон охин бол Б.Баатар найруулагч дөрвөн хүүхэдтэй айлын том хүү гэнэ. Гэрийн эзэгтэйн аав Ш.Нямаа гэж БХЯ-ны арын албыг хариуцсан цэргийн хүн байжээ. Харин ээж нь Цэргийн Госпитальд сувилагч байсан гэнэ. Гэрийн эзэгтэйн бага нас 14 дүгээр сургууль, Кино үйлдвэр, Офицеруудын ордон хавиар өнгөрсөн бол Б.Баатар найруулагч Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Монгол гуравдугаар сургууль, “100 айл” орчимд өсөж торнижээ.

Гэрийн хойморт өлгөөтэй нэгэн зураг нүд булаана. Тэр бол Б.Лхагвасүрэн гуайн зохиол “Атга нөж” жүжгийг найруулан тавьсных нь дараа театрын хамт олноос нь Б.Баатар найруулагчид өгсөн бэлэг гэнэ. “Атга нөж” жүжигт оролцон тоглосон бүх уран бүтээлчид театрынхаа тайзан дээр цугласан тэр гэрэл зураг гэрт үзэмж нэмэх ажээ. Мөн зочны өрөөнийх нь зүүн хоймрын авдар дээр “Гоо марал”, “Мөнгөн мод”, дөрвөн ч “Гэгээн муза” шагналын цом үзэгдэнэ. 1996 онд Б.Баатар найруулагч телевизийн нэвтрүүлэгт анх удаа “Хүннү” хэмээх теле дуурь найруулан тавьж, “Хүннү” дууриараа тухайн жилийн шилдэг бүтээлийн эзэнд олгодог “Гоо марал” шагналыг хүртэж байжээ. Харин “Мөнгөн мод” цомыг нэлээд хожуу буюу 2013 онд “Кихот ноён” жүжгийг найруулан тавьсныхаа дараа авчээ.

Энэ зуур гэргий Н.Баярсайхан “Найруулагчийн мэргэжлийг төгс эзэмшсэн хүн гэвэл Баатарыг гэж би боддог. Ажилдаа бүхий л сэтгэл зүрхээ зориулна. Би нөхрийгөө нүүрэн дээр нь магтаж байгаа ч юм биш. Баатар Киевт байхаасаа л энэ мэргэжлээр өвчилсөн, өөрийгөө хөгжүүлэх гэж хичээсээр ирсэн. Тийм ч болохоор найруулан тавьсан бүтээл бүр нь амжилт дагуулдаг. Харин зан чанарын хувьд хурц, шулуун шударга, нууж хаах юмгүй шууд хэлчихдэг зантай хүн. Маш их сэтгэлийн хаттай. Баатарыг би ер нь гутарч гуньж байхыг нь мэдэхгүй юм. Эрүүл мэнд нь хүндхэн байдалтай байхад ч нэг өдөр гутарч гуньж суухыг нь хараагүй” хэмээн ярьж байлаа. Харин хөлийнх нь гэмтлийн талаар “2013 онд Солонгост эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байхад УДЭТ хамаг хүчээрээ бидэнд тусалсан. Цэрэнсамбуу даргад талархаж явдаг даа. Театрын уран бүтээлчид ч хандивын тоглолт хийж бидэнд тусалсанд баярлаж талархаж явдаг юм” гэв. Тэднийх Б.Мөнхдорж найруулагч, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, мөн С.Дамдин гуайтай гэр бүлийн найзууд гэнэ. Харин Цагаан сараар театрынхны хөлд дарагдсан их золгуут хийдэг тухайгаа гэргий Н.Баярсайхан хуучиллаа. Гэрийн эзэгтэй өдгөө Кино урлагийн дээд сургуульд багшилдаг юм байна.

Араб оюутанд гар хүрсэн хэмээн нэг жил слесарь хийжээ

Украинд оюутан болоод очиход нь найруулагч Б.Жаргал, Г.Доржсамбуу хоёр төгсөх курст байж. Доржсамбуу агсныг гадаад оюутны нийтийн байр руу ороход гадаадын оюутнууд айгаад хана налаад зогсдог байсан гэнэ. Тэр талаараа “Элдвийн юм болно. Гадны оюутнуудтай Доржсамбуу зодолдож байхад гадаа үүдийг нь дарж зогсоно. Өөрсдөө Доржсамбуудаа шанаадуулна. Хойд дэлгүүр рүү нь гүйж өгнө. Оюутнуудын үздэг бүх л юмыг үзнэ шүү дээ. Хөрөнгөтөн орнуудаас ч манай сургуульд сурдаг байлаа. Латин америкчууд, германчууд, арабууд гээд байх­гүй юм байхгүй дээ” хэмээв.

Г.Доржсамбуу агсны талаар “Оюутны нийтийн байр 00:00 цагт хаалгаа бариад хүн оруулдаггүй байсан. Манай хүн хаагуур тэнэж явсан юм бүү мэд. Шөнө хоёр цагт ирэхгүй юу. Үүдний жижүүр Шура гээд еврей авгай байсан юм. Тэр цонхоор “Самбуу чамайг оруулахгүй” гээд орилж байна. Тэгсэн өвлийн хүйтэнд манай хүн пальтогоо дэвсээд бүх хувцсаа тайлаад захиа бичиж байгаа юм. Хэрвээ би үхэх юм бол энэ Шуратай миний амийг тооцоорой гэсэн утгатай. Нээх том хар бандааштайгаа хэвтээд өглөө. Тэгсэн нөгөө авгай чинь цонхоо онгойлгоод “Боль оо, Доржсамбуу” гэж орилоод л. Бараг Доржсамбуу найруулагчаас ч бүдүүн эмэгтэй байсан. Гараад пальтоных нь захнаас чирээд, настайвтар хүн болохоор даахгүй байгаа юм чинь. Нөгөөх нь босохгүй үхлээ гээд хэвтээд байдаг. Сүүлдээ Шура эгч оруулахгүй гэж байсан хүнээ үнсэж аргадаж байж оруулж байгаа юм. Тийм л улсуудтай цуг сурлаа шүү дээ” хэмээн ярив.

Мөн “Тэр үед жинс бүр бохь хүртэл ховор байлаа. Түүнийг авчирна. Анх очиход Доржсамбуу найруулагч биднийг хүлээж аваад сургууль, нийтийн байраа хэрхэн олох зэргийг заав. Бид бас чемодандаа юмтай. Түүнийгээ ууцгаах болтол стакан байдаггүй. Гэтэл Доржсамбуу яваад стакан аваад ир л гэж байна. Гурван копек хийгээд уудаг автомат ус байдаг. Би ч хүн харж байгаад копек хийгээд уугаад л байлаа. Хүн хараад болдоггүй дээ. Цэрийтлээ хэдэн стакан ус уугаад нэг боломж гарахаар нь стакан авчихаж байсан юм. Эрдэм сурахаасаа өмнө Доржсамбуу найруулагчийн зараалаар хулгай хийгээд үзчихэж байгаа нь тэр. Тухайн үед бас Вьетнамаас дандаа дайнд оролцсон баатрууд сургуульд явдаг байлаа. Бид өрөөндөө дөрвүүлээ байдаг бол тэд баатар болохоор нэг нэгээрээ. 33-аас дээш настай л хүмүүс байх. Нэг удаа Вьетнамын баатар “Танай Чингис хаан дэлхийг эзэлсэн мөртлөө манайхтай байлдалгүй хил дээрээс буцчихсан юм” гэтэл манай шар Хүрэлбаатар гэж нөхөр “Манайхан байлдах гээд очтол та нар модноос нэг гараараа зуураад нөгөө гар нь газар унжаад байж байсан гэсэн. Хүнтэй байлдах гэж очсон болохоор буцаад явчихсан хэрэг” гээд мад тавьчихаж. Гэтэл өнөө баатар нь Элчин сайдынхаа яаманд матаад манай хүн сургуулиас хөөгдөж ажил төрөлд ч орж чадахгүй насаараа хохирсон юм даа” хэмээн ярилаа.

Б.Баатар найруулагч ч нэлээд хөдөлгөөнтэй байсан аж. Нэг араб оюутанд гар хүрсэн хэрэгтэй бүтэн жил сургуулиас хөөгдөж байжээ. Энэ тухайгаа “Улаанбаатарт ирчихээд эмээ дээрээ очиж байгаа юм. Тэр хаалганы гадаа зогсчихоод хаалга тогших хэцүү л байгаа байхгүй юу. Яаж орохоо мэдэхгүй, хөөгдөөд ирсэн гэвэл харваад уначихна шүү дээ. Намайг хараад л хошуу дэвсээд миний хүү гээд л явчихна гэдгийг мэдэж байсан. Орцон дотор хэдэн ч цаг зогссон юм бүү мэд. Хамгийн хэцүү нь тэр. Тэгээд л амралтаараа ирсэн гээд л худлаа яриад орж байгаа юм” хэмээнэ. Тухайн үед нь хөдөлмөрөөр хүмүүжүүлэх шийтгэл авч нэг жил Кино үйлдвэрт сантехникийн слесарь хийжээ. Нэг удаа жорлонгийн суултуур бөглөрөхөд нь гал командын шаланкийг дэлгэж байгаад хүчтэй даралттай ус тавьчихсан гэнэ. Тэгтэл олон жил хэрэглээгүй хоолой нугалаасаараа ус цацруулаад хамаг юмыг нь норгочихож. Ингээд бангадуулна гэж айж байтал нь сантехникийн бөглөөс гаргасан гээд шинэ жилээр баярын бичиг 10 төгрөгөөр шагнаж байжээ.

“Б.Баатар аймаар гэсэн цуу үг тарчихсан байна лээ”

Сургуулиа төгсөж ирээд Радиод 12 жил уран сайхны удирдагч хийжээ. Дараа нь МҮОНРТ-д программын ерөнхий найруулагч, ерөнхий найруулагчаар зургаан жил ажилласан аж. Тэр үед нь УДЭТ-ын дарга Зориг, найруулагч Ч.Найдандорж хоёр ажил дээр нь очоод УДЭТ-т ажиллах санал тавьжээ. Ингээд мэргэжлийнхээ ажлыг хийхээр УДЭТ-т иржээ. Гэхдээ радио, телевизэд ажиллаж байсан ч драмын театраас хөндийрөөгүй явсан гэнэ. “Гургалдайн дуут шөнө” жүжгээр дипломынхоо ажлыг хийж байжээ. Дараа нь “Гарваа” жүжгээ тавьж байснаа хуучлав. Мөн Цэргийн театрыг байгуулалцан манаргаж явжээ. Цэргийн театрт тав зургаан ч жүжиг тавьж байсан гэнэ. Жил бүр хоёр жүжиг найруулж байсан гэнэ.

“Харшийн ёлка”-ийг найруулж, “Хүннү” теле дуурь хийж байж. Мөн наадмын нээлтийг гурван удаа найруулсан. “Халтар царайт” киноны гол дүрийн жүжигчид ирэхэд тоглолтыг нь найруулсан аж. Жүжигчнээ хэрхэн сонгодог талаар нь сонирхоход “Яг тэгнэ гэсэн найруулагчийн жор байхгүй. Баатар юм хийлээ гэхэд зохиол бүхэн өөр. Түүхэн, орчин үеийн, эмгэнэлт, сэтгэхүйн драм, детектив ч гэдэг юм уу. Түүнээс шалтгаалж жүжигчдээ сонгоно шүү дээ. Тэгэхгүй инээдмийн дүрд байсан улсууд гэнэт серьёзный дүрд орвол болохгүй болчихно. Театр гаднаас хүн авч болдоггүй. Дотоод бүрэлдэхүүн бол янз бүрийн жүжигчид байх ёстой. Жишээ нь эр зоригийн дуультай жүжигт С.Дамдин гэж хүн байхгүй бол дуусаа. Дон Кихот дээр Жаргалсайхан байгаа учраас болчихно. Өөр хүн тоглуулаад яаж ч хичээгээд үзэгчдэд хүрэхгүй. Авьяасгүйдээ биш. Жүжигчний онцлогоос болж байгаа юм. “Адууны түүх” гээд Толстойн зохиол дээр адууны дүрд тоглох хүн манай театрт байхгүй бол энэ жүжиг юу ч биш болно. Миний хувьд нэг жүжгийг сонгож авахдаа энэ намайг өвтгөж байна уу, надад харагдаж байна уу гэж өөрийгөө тольдоно. Олон зохиол уншина шүү дээ. Тэгээд үүнийг би тавьж чадах юм байна гэвэл яг үүнд тоглож чадах жүжигчин байна уу гээд эрэх нь байна. Эхний нэг хоёр нь байхад болчихно шүү дээ” хэмээн ярилаа.

Б.Баатар гэхээр айхтар, хүн загнадаг гэсэн яриа бий. Яагаад ийм яриа гараад байдгийг сонирхоход “Тийм цуу л тарчихаад байгаа юм. Өөрийгөө өмөөрч байгаа юм биш. Зарим хүмүүс найруулагчийн роль гэхээр л ааштай, өвчтэй гэж ойлгодог. Тийм юм байдаггүй байхгүй юу. Зарим жүжигчний шарыг малтаж уурыг нь хүргэж, гозойлгож байж юм гаргадаг. Тэгэхээр хөндлөнгийн хүн бол мөн аймаар загнадаг хүн байна гэж боддог байх. Найруулагч зүгээр гөлийгөөд усны тогтсон мандал шиг яваад байж болдоггүй. Заримыг нь аргадна. Заримыг нь “Чи мундаг шүү. Чамаас өөр хүн тоглохгүй дээ” гээд магтана. Түүнээс харьцахын хувьд том жижиг, гавьяатай, гавьяагүй, ардын энэ тэр гэж ялгаж болохгүй. Дүр бүтээж байгаа үед чарлаж орилох бол наагуур зүйл шүү. Манай урлаг өөр шүү дээ. Тайзан дээр гарч байгаа хүний нэг нь байхгүй бол нөгөөдүүл нь таг зогсдог. Тэр хүнийг хоцроод ирэхээр нь “Их баярлалаа. Таны зөв өө” гэх үү. Болохгүй шүү дээ. Цагийн хувьд хатуу ажил байдаг. Түүнийг нь мэргэжлийн юмтай холиод буруу ойлгоод байж болохгүй. Нэг жүжигчин оёдолчинд “Би ийм хувцас өмсөхгүй” гэж томорч байхад нь орчихлоо. Тэр хүн өөрийнхөө хувцсыг бодоод жүжгийг яагаад томоор нь харахгүй байгаа юм. Тэгэхээр нь хал, хөөж явуул гээд эхэлдэг. Энэ л намайг аймаар хүн гэсэн цуу тарахад нөлөөлсөн байх” хэмээж байв.

“Төрөл төрлөөрөө том байх ёстой л доо”

Жүжгийн зохиолч ховордож байгаа талаар “Би 1996 онд олон улсын фестивальд шүүгчээр явсан. Тэнд зөвхөн Радио жүжгийн зохиол бичдэг мэргэшсэн зохиолч байсан. Кино зохиолч гэж байна. Би бүдүүн тоймоор яриад байна. Дахиад ч нарийсна. Ингэж мэргэшсэн нь манайд алга. Яаж байна гэхээр Монголын зохиолчдын хорооны гишүүн зохиолч, Чөлөөт зохиолчдын хорооны гишүүн зохиолч гээд яваад байх юм. Нэг ч юм чадахгүй. Энэ чинь мэргэжлээ олохгүй байна гэсэн үг. Л.Ванган, Д.Намдаг гэж хүмүүс байлаа. Уул нь төрөл төрлөөрөө том байх ёстой л доо. Манайд одоо мэргэжлийн жүжгийн зохиолч байхгүй гэж хэлээд байгаа юм. Сүүлдээ “Танай театрт жүжгийн зохиол өгвөл хэдэн төгрөг өгөх вэ” гэж байна. Ийм зохиолчидтой ажиллана гэдэг хэцүүеэ” хэмээн ярих аж.

Түүхэн жүжиг олноор гардаг болсон талаар асуухад “2002 оноос эхэлсэн л дээ. Энэ нийгмийн захиалга юм. Гэнэт үндэсний үзэл, түүх сэргэсэн шүү дээ. Гэхдээ одоо анзаарвал түүхийн тухай бичнэ гэхэд дургүй хүрмээр санагдаж байгаа биз. Хүмүүс ичиж эхэлж байна. Ил дол болж эхэлсэн гэсэн үг. Хүмүүс уйдчихсан. Энэ хоолыг түмэнд түгээ гээд л. “Always”-аас бусад дээр түүхээ ашиглачихлаа даа хө. Гэхдээ сэдэв дахиад л хуучирна. Анх би түүхэн жүжиг тавих гээд хөхөл үлдээгээд үсээ хусахыг жүжигчдээсээ шаардсан юм. Яг энэ зургаар үсээ хусаарай гэсэн өнөөдүүл чинь үгэнд ордоггүй дээ. Сосорбарам энэ тэр жүжигт тоглож байсан. Тэгсэн Сосорбарам хусаад хаячихлаа. Нэг өдөр ирсэн бүгдээрээ л хусуулчихсан байна. Хүн тийм сонин. Тийм үс моодонд орж байх жишээтэй. Тэгж түүхэндээ дурлаж байсан байхгүй юу. Одоо тийм үстэй гудамжаар явбал өвчтэй хог вэ л гэнэ шүү дээ” гэлээ.

“Хөгшин чоно ульсан нь” зохиолоор хийсэн киногоо гаргаагүй

Б.Баатар найруулагч таван кино хийжээ. Тэдгээр киноны нэг нь гараагүй нь Д.Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” зохиолоор хийсэн кино аж. “Хөгшин чоно ульсан нь” нь кинондоо нэлээд хэдэн чоно тоглуулж байжээ. Тэрээр “Бид арваад чоно оруулж ирсэн. Одоо энэ Зохиомж сургуулийн захирал Цогтбаяр тэр үед санхүүжилт хийх компани олж байсан юм. Ингээд Д.Намдаг гуайн шавь Дарамын Батбаяраар кино зохиолыг бичүүллээ. Цэдэн-Иш гэж кино үйлдвэрийн бүхий л чонотой кинонд чоныг нь бэлдэж байсан өвгөн байсан. Түүнийг аваад Угтаалын сангийн аж ахуйн цаашаа гарлаа. Таван бэлтрэгэн чоно, хоёр гичий, азарган чонотой явж байгаа юм. Чоныг машин дээрээ торонд хийчихнэ. Тэр хавийн нохойнууд ачсан машиныг дагаад хуцаад давхина. Зургийг нь аваад иртэл ивээн тэтгэнэ гэсэн компанийн захирал нь солигдож ажил нь зогсчихсон байсан. Одоо киноны хальс лабораторид байгаа. Уг нь зураг нэмж авахгүй болохоор жаахан юм хийхэд л болчих кино бий” хэмээн ярилаа.

Тэрээр “Хадагтай ембүү”, “Соёо”, “Икар” зэрэг кино бүтээжээ. “Икар” киноны хувьд өөрөө зохиолоо захиалж Ш.Гүрбазараар бичүүлж байсан байна. 1960-аад онд дэлхийг Икар гэх солир мөргөж сөнөөх гэж байна гэсэн цуу тарсан үе гэнэ. Б.Баатар найруулагчийн нэг мөрдөгч найз нь гурван гэр бүл амарч байгаад Икар дэлхийг мөргөх сургаар авдар архи авч уугаад сүүлдээ үхэхийн хооронд яадаг юм гээд бие биенийхээ эхнэртэй самуурсан талаар ярьжээ. Харин дараа нь дэлхий сөнөхөө больчихлоор “Чи манай авгайг эргүүлсэн. Би танай авгайг эргүүлсэн” гэж хоорондоо муудалцаж хавтаст хэрэг хүртэл үүсгэсэн ажээ. Тэгэхээр нь кино хийхээр шийдсэн байна.

1996 онд хийсэн энэ кино­ных нь гол дүрд Л.Жамсранжав, П.Цэрэндагва, Гэлэгбаатарт тоглодог Ганболд гээд том том жүжигчид тогложээ. Тэр киногоороо олон улсын фестивальд ч оролцож байж. Мөн “Соёо” киногоороо Японд болсон фестивальд орж байсан гэнэ. Тэрээр “Тиймэрхүү кинонууд гаргаж намирч явлаа нэг хэсэг. Балетаас бусдыг хийсэн дээ” хэмээн ярив. Ингээд өдөржин хөөрөлдсөний эцэст гэрээс нь гарахад гадаа од түгсэн байв.

Ж.Баярсайхан

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *