Улсын Их хурлын нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд ажиллалаа. Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан, УИХ гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар багтлаа.
Уулзалтын эхэнд АШУҮИС-ын захирал Г.Батбаатар сургуулийнхаа өнөөгийн байдал цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Манай хамт олон Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолбор байгуулах төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн нийт 12 барилга байгууламжаас бүрдэх цогцолборын сургалтын эмнэлэг 2018 оны долоодугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Цогцолбороор нь 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах юм. Энэ төсөл нийт 234,8 тэрбум төгрөг шаардлагатайгаас 176,7 тэрбум нь Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдэгдсэн. Тодорхой хувийг эмнэлэг өөрийн төсвөөс бүрдүүлж байгаа бол улсын төсвөөс сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх гарааны хөрөнгө оруулалт болох 16,9 тэрбум, сургалтын эмнэлгийн барилгад шаардагдах 14,3 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн” гэлээ.
Мөн мэдээллийн төгсгөлд хоёр хүсэлтийг байнгын хорооны гишүүд тавьсан юм. Үүнд: Нэгд улсын төсвөөс гаргах санхүүжилтийг 2018 төсөвт тусган шийдвэрлэх, хоёрт оюутны дотуур байр барих газрын зөвшөөрлийг олгохоос татгалзсан нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний орлогч дарга Ц.Тулгын гарын үсэгтэй шийдвэр гарсан тул үүнд газрын зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Дараа нь ардын багш, хүний гавьяат эмч Малчинхүү санал бодлоо хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Сургуулиа бүрэн тохитой эмнэлэгтэй, сурах боломжтой нөхцөлийг нь бүрдүүлэх тусам сайн эмч нар гарна. Сайн эмч гарах тусам эрүүл мэндийг хамгаалах ажилд өндөр амжилтай ажиллаж чадна гэж бодож байна. Монголын хүн амын өсөлтөөс эрүүл мэндийн, боловсролын бодлого хоцрогдсон. Цэцэрлэг байхгүй, гурван ээлжээр сургалт явуулж байна. Сая захирлын хэлсэн байрнууд чөлөөлөгдвөл тохитой боломжийн засвар хийгээд ашиглах боломжтой байгаа юм” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлэхдээ: “Эрүүл мэнд боловсролын салбарт УИХ, Засгийн Газар түлхүү анхаарч байгаа. Жишээлбэл 2018 оны төсөвт гэхэд 57 сургууль, 90 цэцэрлэг шинээр барих төсөл төсвийг тусгаж оруулж ирэхээр өнөөдөр бүлэг дээрээ ярьж байна. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг ДНБ-ний дэлхийн жишгээр ядахдаа дөрөв, таван хувьд хүргэх зорилтыг тавьж ажиллаж байгаа юм. Дээрх хоёр асуудлыг шийдэхэд гишүүдийг туслахыг эрдэмтэн багш нар маань хүслээ. Бид энэ асуудлыг төсөв хэлэлцэж байх үед аль болох шийдлийн олох тал дээр ажиллана” гэв.
Төгсгөлд нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Төсөл амжилтай хэрэгжсэнээр олон улсын стандарт нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэд хүргэх боломжтой болгох учир бүх талаар дэмжин хамтран ажиллана. УИХ-аас батлагдсан Эрүүл мэндийн даатгалын хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бололцоо нэмэгдэнэ. Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах түүхэн шийдвэр гаргасан эрүүл мэндийн салбарыг төрөөс дэмжиж байгаа маш том хөшүүрэг” гэсэн юм.