Categories
мэдээ нийгэм

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 424 хүн амиа алджээ

Манай улсад ус цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн улмаас сүүлийн 12 жилд 424 хүний амь эрсдэж, 24.5 сая мал хорогдож, 564 тэрбум 191 сая 420 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

Үүнээс амь насаа алдсан хүний 41.2% нь хүчтэй салхи шуурганд, 22.4% нь ширүүн аадар бороо, уруйн үерийн улмаас энджээ.

Сүүлийн хоёр жилийн дотор байгалийн онц ноцтой үзэгдэл 2013 оны долдугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд хүчтэй аадар бороо, том мөндөр, нөөлөг салхи тохиолдсон бол 2014 оны долдугаар сарын 26-нд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт 300-400 метрийн өргөнтэй, 10 км орчим урт нутгийг хамарсан догшин хар салхи, ширүүн аадар бороо, 6 см орчим голчтой том мөндөр орсон юм.

Ийм төрлийн догшин хар салхи манай улсад 40 жилийн өмнө буюу 1974 оны долдугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Хүрх бригадад ажиглагдаж байжээ.

Түүнчлэн 2014 оны салхины хурдыг тогтоох цаг уурын станц, харуул байхгүй тул салхины хурд хэдэн м/сек хүрснийг нарийн тогтоогоогүй. АНУ-ын Чикаго их сургуулиас боловсруулсан хар салхины хүчийг учруулсан хохирлын байдлаар тодорхойлох хүснэгтээр дээрх хар салхины хурдыг тодорхойлбол энэ хар салхи F4 ангилалд багтах (сайн баригдсан байшин нурах, муу суурьтай байшин бут цохигдох, машин 10 метр шидэгдэх, мод булгарч, чулуу хийсэх) тул салхины хурд нь 58-72 м/с хүрсэн гэсэн ойролцоо тоо гаргасан байна.

Дээрх байгалийн аюултай үзэгдлүүдийн улмаас Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 3 тэрбум гаруй төгрөгийн, Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт болсон хар салхины улмаас 1 хүн амиа алдаж, 9 хүн гэмтэж, 198 мал үхэж, 5 байшин, 3 машин эвдэрсэн нийт 413 сая 523 мянган төгрөгийн хохирол тус тус учирчээ.

2014 онд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 12 хүн амь насаа алдаж, 20 хүн гэмтэж, 1019 мал хорогдсон бөгөөд улс нийгэмд 1 тэрбум 466 сая 40 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *