Categories
мэдээ нийгэм

Б.Ууганбаяр: Гэр бүл дэх хүүхдийн хүчирхийллийг олон улсад маш сайн тулж ажиллан зогсоодог DNN.mn

Хүний эрхийн “Далд хүн” төрийн бус байгууллагаас энэ сарын 31-нд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус байгууллагын тэргүүн Б.Ууганбаяртай ярилцлаа.

-Хүүхдийн хүчирхийллийн эсрэг энэ жагсаалыг анх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгуулж байсан гэсэн. Тэнд нөхцөл байдал хүнд байдаг хэрэг үү?

-Тийм ээ. Замын-Үүд суманд 2018 оны гуравдугаар сарын 31-нд анх хүүхдийн эрхийг хамгаалсан том хэмжээний жагсаалыг зохион байгуулж байлаа. Учир нь тэр жил Замын-Үүд суманд долоо хоногийн зайтай дөрвөн настай охин болон нэг ой найман сартай хүү хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон ноцтой хэрэг гарсан юм. Тиймээс дахин ийм ноцтой хэрэг гаргахгүйн тулд олон нийтийг хамарсан жагсаалыг зохион байгуулсан.

Замын-Үүд сум хилийн бүсэд байдаг учраас нөхцөл байдал хүнд. Хүн худалдаалах, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэг гарах эрсдэлтэй. Томчууд нь хил даваад худалдаа наймаа хийгээд явчихдаг. Ард нь хүүхдүүд хараа хяналтгүй үлддэг. Энэ үед янз бүрийн хүчирхийлэл, халдлагад өртөх асуудал гардаг. Замын-Үүд 25.000 хүн амтай маш том сум. Гэвч зөвхөн бараа таваар наймаа эрхэлж байгаа хүмүүсийг л анхаараад байдаг. Тэнд суурьшсан ард иргэд, хүүхэд залуус руу чиглэсэн бодлого маш дутмаг явж ирсэн. Үүнийг л эсэргүүцэж өнгөрсөн хугацаанд олон нийтийн жагсаал цуглаан болон нөлөөллийн ажлыг хийж ирсэн.

-Тэгвэл энэ жилээс Улаанбаатар хотод хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал хийх гэж байгаа юм байна. Хүүхдийн хүчирхийллийн нөхцөл байдал улсын хэмжээнд ямар байдгийг судалж үзсэн үү?

-Хүүхдийн хүчирхийлэл бол зөвхөн Замын-Үүдээр тогтохгүй улсын хэмжээний асуудал болсон байна. Хүүхдийн бие махбод болон бэлгийн хүчирхийлэл, амиа хорлолт гээд маш ноцтой хэргүүд гарч байна. Энэ бүгд хүчирхийлэлтэй холбоотой. Эцэг эхийн дарамт, хэн нэгний хүчирхийлэлд өртчихсөн, түүнийгээ хэлж чадахгүй байсаар сэтгэлийн шархаа дийлэхгүй амиа хорлох тохиолдол байдаг. Манайд хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг тодорхой тогтоож, стандартчилаад төрөөс чиглэсэн үйл ажиллагааг чанаржуулах ёстой. Одоо бол сэтгэлзүйч, сэтгэл засалч гэж байдаг. Гэхдээ маш өндөр үнэтэй. Сургууль бүр, байгууллага бүр сэтгэлзүйчтэй байна гэдэг. Тэр бүр ажил хэрэг болохгүй байна. Үүнийг л шаардаж, төр зөв зохистой бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлээч гэж жагсаал зохион байгуулж байгаа юм.

Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой тоон үзүүлэлтийг сүүлийн гурван жилээр харахад 8-13 насны хүүхдүүдийн дунд өссөн байдаг. Тэр дундаа 0-7 насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг өссөн. 8-13 насны дунд ч бас өссөн. 2020 онд энэ төрлийн гэмт хэрэг 98 бүртгэгдсэн бол 2022 онд 130 болж өссөн байгаа юм. Бэлгийн эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг 8-13 насанд 103-аас 137 болж өссөн. Үүнээс харахад хүчингийн гэмт хэрэг өссөөр байгаа нь харагдаж байна. Бага хувиар биш бүр олон тоогоор нэмэгдэж байгаа нь харамсалтай. Мөн бие махбодын эсрэг гэмт хэрэг, 13-аас дээш насны охидын үр хөндөлт нэмэгдэж байгаа судалгаа ч байна. Энэ бол хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа дутмаг байгаагийн тод илрэл. Тиймээс бид жагсаал зохион байгуулаад зогсохгүй Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд шаардлага хүргүүлнэ. Хууль тогтоомжийн хэрэгжилт дээр анхаарч, цаашид шийдэлд хүрэх хэмжээнд шахаж ажиллах болно.

-Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэж үндэсний хэмжээний агентлаг байгаа. Бас аймаг дүүрэг, сум хорооны Засаг даргаар ахлуулсан баг ажилласаар байдаг. Үр дүнтэй ажиллаж чадахгүй байна уу. Олон улсад энэ төрлийн байгууллагууд яаж ажилладаг юм бэ?

-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, түүнээс салбарласан хэлтсүүд бий. Хамгийн доод шатанд хамтарсан багийг хороо дүүрэг, сумын Засаг дарга ахалсан олон хүний бүрэлдэхүүнтэй хүчтэй баг бүрддэг. Энэ багаараа хамтраад хүүхэд хамгааллын ажлыг маш сайн хийх боломжтой. Хүүхэд хамгааллын байр ч байна.

Гэтэл яг бодит байдал дээрээ маш хүрэлцээ муутай. Хүүхэд хамгааллын байр гэхэд орон нутагт ганц, хоёр хүүхэд аваад тухайн жилийн санхүүжилт дуусчихлаа гэдэг. Жишээ нь, Замын-Үүд суманд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байранд байрлуулах гэтэл хүүхдийн байцаагч нь “Яана аа, манайх авах боломжгүй. Хоолны төсөв дуусчихсан” гэж байсан удаатай. Он гараад эхний улиралдаа тэгж байсан шүү. Гэтэл Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар жилдээ 8.3 тэрбум төгрөгийн төсөвтэй ажилладаг. Асар их хөрөнгө шүү дээ. Сэтгэл байвал сахлын хутгаар ч өвс хадаж болно. Гэтэл тэдэнд ийм хөрөнгөөр үр дүнтэй ажиллах сэтгэл алга.

-Олон улсын жишгийг тодруулъя?

-Олон улсын жишгийг харахад Швед гэхэд төрийн байгууллага нь хүүхэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа нь маш нарийн. Айл болгоны хаалгыг тогшиж, тулж ажилладаг. Мэргэжлийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн байцаагч багаараа явж судалгаа авдаг. Тогтмол хугацаанд тухайн айлыг үнэлдэг. Тэр айлд хүчирхийлэл байж болзошгүй юу, байвал ямар түвшинд байна вэ гэдгийг хэдэн тест бөглүүлээд л авчихна. Түүн дээрээсээ үнэлгээ хийгээд л тэр айлыг хянаад явчихдаг. Сургалт зохион байгуулна. Гэхдээ тэр айлыг хүндрүүлж, ямар нэгэн сэтгэлзүйн дарамт үүсгэхгүй. Маш мэргэжлийн ажилладаг. Тухайн улс орны хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн хууль маш чанга. Хүүхдийг нэгд тавьдаг. Ядаж цэцэрлэгт анх ороход тухайн хүүхдийг ээж, аавынх нь аль нэгэнтэй нь зургаан сарын турш хамт явуулдаг.

Энд хүүхдийн эрхийг яаж хамгаалах вэ, эцэг эхчүүд хүүхдээ яаж зөв өсгөж хүмүүжүүлэх, боловсруулах, цаашлаад хүчирхийллээс яаж хамгаалах зэргээр бүхий л талын мэдлэг боловсролыг суулгаж явдаг юм билээ. Төрийн бодлого нь тийм. Манайд бол эсрэгээрээ. Цэцэрлэг, сургуульд хүүхдээ хүргээд л эд хөрөнгө тушааж байгаа юм шиг л өгчихдөг. Манай төрөөс хүн төвтэй чиглэсэн бодлого алга байгаагийн жишээ л дээ. Уг нь манайд хууль дүрэм олон байдаг ч хөрсөн дээр буухгүй байгаа юм. Хууль хэрэгжүүлдэг агентлаг, газрууд нь ажлаа хийдэггүй. Дор бүрнээ шуналтай, сэтгэлгүй хүмүүс ажиллаж байна. Мэргэжлийн боловсон хүчин дутмаг, үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын салбар маань доголдолтой. Биднийг хүн рүү чиглэсэн хөгжил дээрээ олон улстай харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай. Тиймээс Монгол Улсын хувьд хүн рүүгээ, хүүхэд рүүгээ чиглэсэн бодлогыг зөв зарчимтай хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Тогтолцооны хувьд тийм байж. Хүчирхийллийн золиос болсон гуравхан настай хүү эмнэлгийн орон дээр шаналж байгааг нийгмээрээ шимшрээд хараад сууж байна. Нийгэм яагаад ийм харгис балмад болоод байна вэ?

-Бид суурин иргэншлийг 1990-ээд оноос эхлүүлэн хөгжиж яваа ард түмэн. Суурин иргэншлийн ард түмэн тухайн газар нутагтаа олноороо бөөгнөрч амьдарч эхлэхээр нэг нь нөгөөгөөсөө шалтгаалсан маш олон хүчин зүйлүүд нөлөөлж, стресс үүсдэг. Тэр стресс бухимдлаа гаргаж, тайлах, түүнтэй нь уялдаа холбоотой бодлого байхгүйгээс сөрөг зүйлс бий болж байгаа юм.

Ялангуяа, Улаанбаатар хот 500.000 хүн амьдрах төлөвлөлттэй баригдсан. Гэтэл 1.5 сая хүн амьдарч байна шүү дээ. Үүнийг зохицуулах бодлого маш хомс байна. Түгжрэлээс үүдэлтэй хүмүүсийн уур бухимдал, гэмт хэргийн өсөлт маш өндөр түвшинд хүрч байна. Хүмүүст айдас түгшүүр сандрал сэтгэл зүйн бухимдал бий болсоор байна. Үүнийгээ ойр тойрны хүмүүстээ, ялангуяа гэр бүлдээ, хүүхдэдээ гаргадаг. Хүүхэд өөрийгөө хамгаалах чадамжгүй. Сэтгэл зүйн талаас харвал хүн уур бухимдлаа хамгийн хүчгүй хүнд гаргадаг судалгаа байдаг.

Нөгөө талаар хамгийн ноцтой нь эрчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа дутмаг байдгаас өнөөдрийн асуудал үүсэх нэг төрлийн нөхцөл бүрдсэн гэж харж болно. Монголчуудын уламжлалт хандлага байдаг шүү дээ. Эрэгтэй хүүхэд тэгсхийгээд болно доо гэдэг. Гэтэл том болоод тэд хүчирхийлэгч болж байна. Мэдлэггүй, боловсролгүй, хүмүүжилгүй хүн яаж гэр бүл зохиох вэ. Өөрийгөө хянаж авч явж чадахгүй хүн бусдыг хамгаалж, хайрлаж чадах уу. Тиймээс эрэгтэй гээд хаяж болохгүй. Хөгжүүлж, давхар хамгаалж, хайрлах ёстой. Ингээд багаасаа хайрлагдаад, анхааралд өртөөд ирэхээр гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн хүчирхийлэл багасна. Нэг жишээ дурдахад 2018 онд Замын-Үүдэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал хийсэн гэсэн шүү дээ. 2019 онд дахин жагсаал хийхдээ тоо баримт харьцуулж үзэхэд хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг 26 хувиар багассан байсан. Тэгэхээр нөлөөлөл маш үр дүнтэй гэдэг нь харагдсан. Тиймээс энэ сарын 31-нд болох хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Одоо болно” жагсаалд оролцож дуу хоолойгоо өргөхийг олон нийтээс хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *