Categories
мэдээ цаг-үе

Б.Тунгалаг: Гайхалтай бишрэл хүндлэлийг алтан үеийнхэн өөрсдөө бий болгосон

“Ичээнд нь”, “Хуучин сүмийн нууц”, “Шинэ үсгийн багш” гээд олон кинонд тоглож үзэгч олны танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалагтай ярилцсан юм.


-Та Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгссөнөөсөө хойш 40 гаруй жил театрт урлагийн төлөө ажиллажээ?

-Бидний үед дөрвөн жил болоод нэг удаа драмын жүжигчин, найруулагчийн мэргэжлээр элсэлт авдаг байлаа. 1956 онд Багшийн дээд сургуулийн Кино, драмын анги анхны төгсөлтөө хийсэн. Манай ангийнхан гурав дахь төгсөлт нь. Би 1971-1981 Улсын эрдмийн театрт, 1981-2005 онд “Армийн театр” буюу “Орчин үеийн театр”-т жүжигчин, уран сайхны удирдаач, даргын ажлыг хийлээ. 2005 оноос хойш Монголын урлагийн ажилтны холбоонд ажиллаж байна. Биднийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш Багшийн дээд сургууль жил бүр элсэлт авдаг болсон учир сүүлдээ тэд дэх төгсөлт гэж ярихаа больсон.

-Жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн олшроод байна гэж та боддог уу?

-Яахав зүгээр ээ, төгсч л байг. Харин жүжигчин болж шүүрэн шанаган дээр шалгарч үлдэнэ гэдэг хэцүү. Янз бүрийн нөхцөл байдлын улмаас мэргэжлээрээ ажиллахгүй болсон ч гэсэн энэ мэргэжил хүнийг маш сайн хүмүүжүүлж өгдөг. Бид сайн багш нараар жүжиглэх, найруулах ур чадварыг заалгасан. Тэр агуу эрдмээр өнөөдрийг хүртэл буюу 40 гаруй жил их урлаг гэдэг том айлд ажиллаж амьдарч явна.

-Та сүүлийн үед нэлээд хэдэн кинонд тоглосон. Тэр дундаас “Ээжийн дайсан”-д бүтээсэн дүр үзэгчдэд нэлээд хүрсэн юм шиг санагдсан.

-Тийм ээ, хэд хэдэн кинонд тоглосон. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, инээдмийн ”Ээжийн дайсан” байна. Ийм хөнгөн инээдмийн жанрын кинонд өмнө нь тоглож байгаагүй. Намайг настай болсон хойно сайхан алдар хүнд өгсөн дүр юм гэж бодогддог. Хүнд нэр алдрыг амархан өгдөг дүр гэж байдаг даа. Хамгийн сүүлд “Бүү март” гээд улс төрийн сэдэвтэй кинонд Ж.Батмөнх гуайн эхнэр Дариймаа гуайн дүрд тоглосон. Өмнөх нийгмийн амьдралыг харуулсан бүтээл. Ардчилсан хөдөлгөөн эхлэхэд буун дуу гаргуулалгүй, залуучуудын гарт төрийн эрхийг атгуулсан Ж.Батмөнх гуайн тухай. Төрийн хүний ухааныг харуулсан бүтээл. Ер нь манай хоёр хөршийн улс төрийн нөлөө гэдэг асар хүчтэй байдаг. Миний бодоход 1921 оны ардын хувьсгал манайд маш ээлтэй үйл явдал болж, үсрэнгүй хөгжлийг авчирсан.1932 онд гэхэд Бөмбөгөр ногоон театр сайн дурын хэлбэртэй байсан. Хүмүүс нь дуу хуурыг мэдэрчихсэн тул цаашаа театр болж хөгжсөн.

-Таны уран бүтээлийн талаар ярихад “Ичээнд нь” киноны Заяа хатны дүрийн талаар ярихгүй байхын аргагүй. Түүнээс гадна “Хүний төлөө”, “Сахиул уу, сахиус уу”, “Хуучин сүмийн нууц”, “Шинэ үсгийн багш”, “Хэлтгий заяа”, “Тусгай салаа” зэрэг кинонуудад тоглосон.

-Жүжигчин хүн болгонд овоглогддог дүр гэж байдаг. Би “Ичээнд нь” киноны Заяа хатны дүрээр овоглоод явж байна. Ардын жүжигчин А.Очирбат гуай гэхэд Итгэлт баян, ардын жүжигчин Н.Сувд гэхэд “Мандухай сэцэн хатан” гэх жишээтэй. Энэ бол жүжигчний ур чадвартай холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, жүжигчин хүн сайн бүтээлээрээ алдаршдаг. Одоо бол өөр болж уран бүтээлчийн сэтгэлгээ чөлөөтэй болчихсон. Уран бүтээлчид дотроо байгаа, олон түмэнд хэлэх юмсан гэсэн юмаа хэлж нэг үгээр хэлэхэд хүслээ биелүүлж байна. Гэвч Монголын кино урлагт дорвитой, сайн, муу гэж хэлэхэд хэцүү олон бүтээл гардаг болжээ. Ийм л болчихоод байна.

-Таныг “Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрд тоглуулах гэж байсан гэж дуулсан?

-Тийм ээ. Дулмаад тоглуулах гээд пробонд орсон юм. Би 10 дугаар анги төгсөөд дөнгөж хоёр жил болж байсан. Намайг ахимаг настай харагдуулах гээд нүүрэнд маань тамхины цаас нааж үзсэн боловч болоогүй. Бас нүдэнд нь амьдрал үзсэн хүний нэг тийм гуниг байгаагүй гэсэн. Тэгээд л Дулмаагийн дүрд манай ангийн гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалыг тоглуулахаар болж билээ.

-“Ичээнд нь” кинонд хэрхэн тоглох болсон тухайгаа яриач?

-Пробонд ороод тэнцсэн. Би “Кинонд шалгуулахаар тэнцдэггүй юм аа” гээд инээгээд гарахад найруулагч маань “Энэ бол Заяа хатны инээд байна” гээд сонгож авсан юм.

-Таныг дөнгөж жүжигчин болох гэж байх үед кинонд тоглох, одоо тоглохоос өөр болсон биз?

-Тэгэлгүй яахав. Тэр үед Кино үйлдвэр жилдээ хоёрхон кино хийнэ. Бүр үйлдвэрээрээ хөдөлж байж шүү. Тиймээс чанаргүй уран бүтээл хийх эрх байдаггүй байсан. Кино гэдэг өөрөө их хүртээмжтэй урлаг. Бид нар бригадаар Баянхонгор аймагт очоод жүжигт тоглоод явж байхад бидний тоглосон шинэ кинонууд тэнд гарч байх жишээтэй. Таван айл байсан ч цагаан даавуугаа татаад л киногоо гаргадаг байлаа шүү дээ. Ер нь кино урлаг гэдэг их хүртээмжтэй. Урлаг нэг цаг мөчид, нэг юманд олон хүнийг төвлөрүүлж чиглүүлж чаддагаараа их хүчирхэг. Одоо бол урлагийн хүч суларчихаад байна. Энэ нь алдаа, оноотой хоёр талтай. Нэг талдаа нээлттэй болсон хэдий ч, нөгөө талдаа чанарын асуудал тавигдаж, үнэлж цэгнэх цензургүй болсон. Ингэхээрээ уран бүтээлийн чанарын цаана, жүжигчин хүний дүр бүтээх гэдэг асуудлыг ярихад хүнд болчихдог.

-Ингэхэд та шинээр хийгдэж байгаа кинонуудыг хэр үзэж байна?

-Үзнэ. Шинэ уран бүтээлийн нээлтэд урилга өгдөг. Шинээр хийгдэж байгаа киног ч тэр, жүжгийг ч тэр үзэхэд найруулагчийн орон зай ямар их дутагдаж байна вэ гэж бодогддог. Сайн операторууд гарч ирж байна. Кино гэрэл сүүдрийн урлаг, түүнийгээ тавьчихдаг операторууд, шинэ залуу жүжигчид байна, уламжлал байна. Ганцхан найруулагч гэдэг тэр ид шидтэй хүн алга. Сүүлийн үеийн кинонуудыг үзэх болгондоо энэ яагаад найруулагчгүй юм бол гэж бодогддог. Оролдоод хийх гээд зүтгэж байгаа хүмүүс бий. Гэвч тэдний хамгийн гол алдаа нь юмыг гүехэн бодож байна. Хүний амьдрал, дотоод сэтгэл гүехэн байж болохгүй, бидний хийж байгаа ажил гүехэн байж болохгүй. Яагаад гэхээр хүн кино, театрын урлагаас маш их юмыг авдаг, сайныг ч, мууг ч дуурайдаг. Тэр битгий хэл жүжигчдийнх нь хувцаслалтыг хүртэл дуурайдаг шүү дээ. Урлаг олон түмнийг дагуулж явдаг иш шидтэй. Ялангуяа залуучууд кинонд хошуураад байна гэдэг үүнийг харуулж байгаа гэж боддог.

-Та бол манай урлагийн алтан үеийнхэнтэй цуг ажиллаж байсан жүжигчин. Тухайн үедээ залуу үеийн жүжигчид гэгдэж байсан та нар тэднээс хэрхэн суралцаж байсан талаараа дурсаач?

-Намайг театрт очиход алтан үеийнхэн бүгд байсан, театр бүтэн байлаа. Ахмад, дунд, залуу үе гээд бүгд цуг ажиллаж байсан. Тиймээс л энэ уламжлалаа бидэнд өвлүүлсэн. Жүжигчний уран чадвар, уран бүтээл, театрын ёс зүй гэдэг нийгэмд ямар хэрэгтэй, театрын жүжигчин гэж ямар хүнийг хэлдгийг биеэрээ, ухаанаараа, авьяасаараа үлгэрлэсэн. Үүнийг зөвхөн өнөөдөр энд бус зуунаас зуун дамжуулан ярих болно.

-Та нар ахмад үеийнхээ жүжигчдийн зааж сургасныг их сайн сурсан гэсэн үг үү?

-Бид их даруулгатай байлаа. Хоёрдугаарт, хүндлэл гэж байсан. Аргагүй л сүрддэг байсан. Жүжигчин Цэвээнжав гуайн хажууд дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн би юу вэ, хэн бэ. Энэ хоёрын хооронд том зааг байгаа биз. Тийм учраас бид коридороор явж байхад нь хүртэл зогсоод өнгөрөөдөг байлаа. Явж байвал заавал мэндэлнэ. Урдуур нь гүйж гарна гэсэн ойлголт байгаагүй, араас нь явна. Тийм бишрэл, хүндлэлийг тэр алтан үеийнхэн өөрсдөө бий болгосон. Одоо бол бидний үе театрт байхгүй байна. Би дээр хэлсэн бидний үед театр бүтэн байсан гэж. Одоо бол задарчихсан. Театр гэдэг маань 70, 60, 50, 40 настан гээд бүгд байж дэг жаягтай байдаг, ёс зүйгээ сахина. Ийм байж уламжлал хадгалагдана. Түүнээс гадна ахмад үеэсээ суралцана, би залуу үеэсээ сурна. Энэ бүхэн одоо байхгүй болчихсон. Хүүхэд залуучуудын театр байхгүй болсон. Энэ нь жүжигчин хүн бүтээлээ туурвих орон зайгүй болсон гэсэн үг. Кино үйлдвэрийг хар даа, одоо юу болоод байгааг бүү мэд. Эргээд эмх цэгцэндээ орохгүй байна. Эдийн засаг л гээд байдаг. Нийгмийн салбарын гол хүч болсон соёл урлагийнхан эвлэлдэж өгөхгүй байна. Удирдах боловсон хүчний бодлого алдагдаад байна. Орон нутагт гэхэд ямар байна. Найруулагч, хөгжмийн, бүжгийн, дууны багш, зураач, концертмейстер гээд удирдах боловсон хүчнүүд алга. Эдгээр мэргэжил байж удирдах ажилтан байна. Бид бол гүйцэтгэх уран бүтээлчид. Соёл, урлагийнхан нийгмийнхээ өмнө алхаж байх ёстой байтал өнөөдөр араас нь дагаж явна. Авьяас бол дундарч алга болно гэж байхгүй. Эмх замбараагүй болчихоод байна гэдгийг л хэлэх гээд байна.

-Танд кинонд тоглох урилга их ирж байна уу?

-Ирдэг. Би зав чөлөөгөө хардаг. Хоёрдугаарт, за даа гэж бодсон бол хэрэггүй л дээ. Надад мөнгө нь бол хэрэгтэй л дээ. Бидний үе өөрийгөө хуурах шаардлагагүй. Залуучууд хорхойгоо дараад юмаа хийж л байг. Харин үзэгчдийн өмнө очоод юу болох вэ гэдэг хамгийн аймаар.

-Сүүлийн үеийн кинонуудаас гайгүй бүтээлүүд байна уу?

-“Зэрлэг цэцгийн хүлэмж” кино гайгүй болчихсон юм уу гэж би боддог. Би өөрөө тоглосондоо биш л дээ. “Аав”, “Ээж” гээд кино байна. Жүжигчин Урнаагийн хийсэн кино байна. Жүжигчин Амраагийн тоглосон хоёр ч кино байна. Сүүлийн үеийн кинонуудын хэлэх гэсэн санаа нь хүчтэй орж ирээд байгаа боловч цаанаа л нэг дутагдалтай. Энэ нь нөгөө л найруулагчийн асуудалтай холбоотой.

-Соёл урлагийн их сургуульд найруулагчийн анги байдаг биз дээ?

-Байдаг, төгсч чадахгүй байна. Өнөөдөр Монголд гарын таван хуруунд багтах хэдхэн найруулагч л байна.Хөгжмийн удирдаач нь мөн л гарын таван хуруунд багтана. Орон нутгийн театр бол миний зүрхийг хамгийн их өвтгөдөг газар.

-Театр, киноны талаар ярихад танай ангийнхныг дурдахгүй байхын аргагүй. Багшийн дээд сургуулийг цуг төгссөн ангийнхныхаа тухай яриач?

-Манай ангиас Драмын театрт дөрвөн хүн очиж байлаа. Нэг нь жүжигчин Ё.Гантөмөр. Одоо цэргийн хурандаа цолтой. Б.Цэцэгбалжид гээд “Анхны алхам” киноны гол дүрд тоглосон сайхан жүжигчин байсан. Дөнгөж 49-хөн настайдаа өөд болсон нь их харамсалтай. Нэг нь би бас нэвтрүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр. Бид дөрөв очиж байлаа. “Сүхбаатар” киноны Янжмаа “Тунгалаг Тамир” киноны Гэрэл хатны дүрийг үнэхээр сайн бүтээсэн Нямаа гэдэг жүжигчин байлаа. “Тунгалаг Тамир”-ын Дулмаад тоглосон Ш.Дэлгэржаргал, Чойн. Хүрэл гээд мундаг жүжигчин байна. Киноны мастер гэгддэг Ш.Цэцэг гэж бий. Найруулагч Ж.Доржсамбуугийн эхнэр Цолмон гэж Хүүхэд, залуучуудын театрын гол жүжигчдийн нэг байсан. Манай ангиас олон сайхан уран бүтээлчид төрсөн.

-Багш нарынхаа талаар дурсаач?

-Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн, гавьяат жүжигчин Уртнасан, Огоон, Хар Раднаа гэж нэртэй багш, найруулагч, сайхан жүжигчин байсан. “Үер” кинонд хошуу ноёны дүрд тоглосон хүн. Л.Ванган С.Гэндэн гуайн дараа Орост ГИТИС буюу Театр урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн. Эдгээр хүмүүс бидэнд жүжигчний ур чадвар гэдэг юмыг маш сайн суулгаж өгсөн. Бид чинь тэр заасан эрдмээр нь урлагт 40 жил амьдарч байна. Сайн багштай байсан тул ангийнхан маань ч их сайн явсан. Тэр битгий хэл манай ангиас Ч.Ломбо гээд мундаг хүндэт дипломатч төрсөн шүү дээ. Тиймээс бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж би боддог.

Ю.Дэлгэрмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *