Categories
мэдээ нийгэм

Б.Соёлмаа: Мансууруулах бодисын донтолт бүрэн эдгэрэхгүй

Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.Он гарсаар хар тамхины гэмт хэрэгт 18 нас хүртэлх насны найм, 19-25 насны 92, 26-35 насны 77, 36-аас дээш насны 28 хүн холбогдсон байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 40,9 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 76,3 хувь нь 18-35 насны залуучууд байдаг аж. Эдгээр хүмүүс ихэнхдээ гэр бүлтэй, тогтсон амьдралтай байдаг төдийгүй найз нөхдөөрөө дамжуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис худалдан авдаг байна. Ингэхдээ хувийн бизнес эсвэл эцэг, эхийн мөнгө, хөрөнгөөр мансууруулах бодисыг худалдан авдаг гэсэн судалгаа гарчээ.Үүнтэй холбогдуулан “Хар тамхи, мансуурлын төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөн боллоо. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэхүү зөвлөгөөнийг зохиож байна.

Зөвлөгөөнд БСШУСЯ, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн тагнуулын газар, СЭМҮТ, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын төлөөллүүд оролцоо. Энэ үеэр хар тамхи, мансууруулах бодистой холбоотой судалгаа, түүнээс сэргийлэх, тэмцэх, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдлөө.

Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодист донтох эмгэг сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа ажээ. Дэлхий нийтэд энэ өвчнийг эмчлэх эмчилгээний үр дүн 5-8 хувьтай байдаг байна. Өөрөөр хэлбэл, 100 хүнээс 5-8 хүн бүрэн эмчлэгддэг гэсэн үг.Тиймээсурьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй гэж эмч мэргэжилтнүүд үзжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн их эмч Б.Соёлмаа “Сүүлийн гурван жилийн хугацаанд мансууруулах бодисоос болж манайд хандах өвчтөний тоо нэмэгдсээр байна. Энэ төрлийн донтох эмгэгтэй хүмүүс бусад өвчтөн шиг өөрийн хүслээр эмчилгээ хийлгэе гэж эмнэлэгт ханддаггүй. Хуулийн өндөр шалгууртай байдгаас болж өвчнөө нуух, эмнэлэгт хандахгүй байх, илэрсэн тохиолдолд эмчээс бүх асуудлаа нуудаг. Манай төвийн донтох эмгэгийг эмчлэх тасаг нийт 30 ортой, өдрийн эмчилгээ, амбулаторийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, эмийн эмчилгээ хийж байна.Мансууруулах бодис тархинд нөлөөлдөг. Мөн дархлааг сулруулж, ДОХ, сүрьеэ, элэгний өвчлөл, бусад халдваруудыг авах нөхцөл болдог. Донтолт нэг удаа эмчилгээнд хандахад бүрэн эдгэхгүй. Ямар нэгэн стресс, таагүй зүйлээс болж дахин мансууруулах бодис хэрэглэж эхэлдэг” гэлээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн ихэнх нь 19-25 насныхан байгааг залуучуудын дунд хууль эрх зүй, мансууруулах бодисын хор хөнөөлийн мэдээлэл бага байгаатай холбон тайлбарлаж байлаа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар хүүхдүүд мансууруулах бодисын талаар ойлголттой байгаа боловч бие сэтгэхүй, нийгмийн хувьд ямар хор хөнөөлтэйг мэдэхгүй байгааг тогтоожээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хүүхэд, залуучуудыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн сургалт, хууль сахиулах болон хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан ажиллаж байна. Улсын хэмжээнд насны ангиллаар нь авч үзвэл 25-35 насны залуус гэмт хэрэгт холбогдох нь өссөөр байна. Тиймээс шат шатны байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж, анхаарал хандуулах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэл хаагдмал байснаар иргэд хохирох тохиолдол байсан. Тиймээс өсвөр үе гэлтгүй эцэг эхчүүдийг бүх талын мэдээ мэдээллээр хангах нь зүйтэй” хэмээн ярилаа.

Нийгэмд чимээгүй тахал болоод байгаа энэ асуудлын хор хөнөөлийг бусдад ойлгуулах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнд тавигдах хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгааг уг зөвлөгөөнөөр онцолж байв.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *